Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 315/ШШ2025/00322

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

 

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ******* 1 дүгээр хэсэг, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй, 

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1985-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдэлд барилгын бригадад барилгачнаар, 1990-1991 оныг дуустал Барилга угсралтын конторт нормчноор, 1991 оны 01 дүгээр сараас 04 сар хүртэлх хугацаанд Шарга пүүсийн барилгын нэгдүгээр ангид ажилчнаар ажиллаж байсан. Иймд миний 1985-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдэлд барилгын бригадад барилгачнаар, 1990-1991 оныг дуустал Барилга угсралтын конторт нормчноор, 1991 оны 01 дүгээр сараас 04 сар хүртэлх хугацаанд Шарга пүүсийн барилгын нэгдүгээр ангид ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11/195 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11/194 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1990 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 144 дугаартай “ажилд томилох” тухай тушаал, Г.******* 1987 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нээлгэсэн 184651 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн барилгын бригадад барилгачнаар, 1990 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Барилга угсралтын конторт нормчноор, 1991 оны 02 дугаар сараас 17-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Шарга пүүсийн барилгын нэгдүгээр ангид ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

           2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч овогт ******* нь 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн барилгын бригадад барилгачнаар, 1990 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Барилга угсралтын конторт нормчноор, 1991 оны 02 дугаар сараас 17-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Шарга пүүсийн барилгын нэгдүгээр ангид ажилчнаар тус тус ажиллаж болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Би 1985-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдэлд барилгын бригадад барилгачнаар, 1990-1991 оныг дуустал Барилга угсралтын конторт нормчноор, 1991 оны 01 дүгээр сараас 04 сарыг хүртэлх хугацаанд Шарга пүүсийн барилгын нэгдүгээр ангид ажилчнаар ажиллаж байсан.” гэх тайлбар, *******ийг Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт нормчноор ажилд томилсон 144 дугаартай тушаал, (хх-6х), Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11/194 дугаартай Г.******* Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн барилгын бригадад барилгачнаар, Барилга угсралтын конторт нормчноор тус  тус ажиллаж байхдаа 1988-1987, 1990-1993 онуудад авч байсан цалингийн бичиглэл бүхий лавлагаа, (хх-5х), *******ийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, (хх-7-12х),

 

5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “...******* нь Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн барилгын бригадад 1985-1990 оныг хүртэл барилгачнаар, 1990-1991 онуудад Барилга угсралтын конторт нормчин, Шарга пүүсэд барилгачин зэрэг ажлыг хийж байсан. *******ийг багаас нь танина. Бид нэг ангид хамт суралцаж 8-р анги төгссөн. Би Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн мал эмнэлэгт мал зүйчээр 1985-2005 оныг хүртэл ажиллаж байсан.  Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор Г.*******  ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ.” гэх мэдүүлэг,

 

 6. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “....******* бид хоёр 1-8-р анги хүртлээ нэг ангид хамт сурч байсан. Бид хоёр 8-р ангиа төгсөөд илгээлтээр гарч нэгдлийн туслах бригадад хамт орсон. ******* нь Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн барилгын бригадад 1985-1990 оныг хүртэл барилгачнаар, 1990-1991 онуудад Барилга угсралтын конторт нормчин, Шарга пүүсэд барилгачин зэрэг ажлыг хийж байсан. Би Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн барилгын бригадад 1985-1987 оныг хүртэл барилгачнаар, 1987-1990 оныг хүртэл бичээчээр тус тус ажиллаж байсан. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 7. Иймд овогт ******* ******* 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн барилгын бригадад барилгачнаар, 1990 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Барилга угсралтын конторт нормчноор, 1991 оны 02 дугаар сараас 17-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Шарга пүүсийн барилгын нэгдүгээр ангид ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

             8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч овогт ******* ******* 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн барилгын бригадад барилгачнаар, 1990 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Барилга угсралтын конторт нормчноор, 1991 оны 02 дугаар сараас 17-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Шарга пүүсийн барилгын нэгдүгээр ангид ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН