Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Долоо овогт Бат-Эрдэнийн Аөд холбогдох 1829001070072 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2018 оны 04 дүгээр сард 54-58 УНБ улсын дугаартай Хово маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н  5 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-н 9-10 дугаар хуудас/,

Хохирогч Б.Хүрэлхүүгийн /РД:КЮ80113012/: ”...Зоригбаатараас хураан авсан 00666302 дугаартай гэрчилгээ  нь манай байгууллагаас олгодог албан ёсны гэрчилгээ мөн байна. Тус гэрчилгээ нь  “Мөнхийн үсэг” ХХК-иас хэвлэж гаргадаг нууцлал болон мөнгөн ялтас нь тодорхой байна. Мөн бүртгэлийн программаас хайж үзэхэд он, сар, өдөр нь 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр олгосон нь таарч байна. А гэх хүнээс хураан авсан 00666302 дугаартай гэрчилгээ нь хуурамч байна. Тухайн гэрчилгээг олгосон он, сар, өдөр зөрүүтэй буюу 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэсэн бичигтэй байгаа нь хугацаанаас буюу 2018 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр болоогүй байхад техник хяналтын үзлэгт орсон тэмдэглэгээ хийлгэсэн байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч М.Зоригбаатарын: ”...2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн 54-58 УНБ улсын дугаартай Хово маркийн Самосвал өөрөө буулгагч машиныг зүс таних Тамир, А нарт үнэ тохиролцож наймаа хийсэн. Тэгээд надад урьдчилгаа мөнгө гэж миний дансаар 15,000,000 төгрөг хийсэн. Түүнээс хойш бага хэмжээгээр мөнгө төлж байсан ба 2017 оны 02 дугаар сараас хойш надтай холбоо барихгүй утасны дугаараа өөрчлөөд сураггүй алга болсон. Тухайн худалдсан 54-58 УНБ улсын дугаартай Хово маркийн Самосвал өөрөө буулгагч машин нь миний өөрийн эзэмшилд бүртгэлтэй ба нэрээ шилжүүлээгүй байсан. Тухайн машины гэрчилгээ надад өөрт байсан ба надаас худалдаж авсан А тухайн машинаар Тавантолгойн уурхайд ажил хийж байгаа сураг сонсоод гэрчилгээгүй машинаар яаж ажил хийдэг талаар судлахад тухайн машины гэрчилгээг хуурамчаар эсвэл Авто тээврийн үндэсний төвд танил талтай болоод гаргуулж авсан байх гэж бодоод  Цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч М.Өлзийтогтохын: “...би тэр гэрчилгээг хуурамч гэдгийг мэдээгүй. Тухайн үед үзээд ямар бүдэг юм бэ гэж харж байсан ба өөрөөс нь асуухад “гэрчилгээгээ хаячхаад шинээр нь гаргуулан авсан” гэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 24 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай шинжээчийн: ”...шинжилгээнд ирүүлсэн №00666302 дугаартай, 54-58 УНБ улсын дугаартай Б.А, М.Зоригбаатар нараас хураан авсан хоёр ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харьцуулан шинжилж буй М.Зоригбаатараас хураан авсан гэх №00666302 гэсэн дугаартай, дугаар нь өнгийн будагч бодис ашигласан бичвэр бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээнд байх 8 эгнээ цайвар мөнгөлөг өнгийн саа мэт зүйлүүд дээр Монгол үсгээр: “Мөнхийн үсэг үйлдвэр”, Латинаар: “Mongolia”, “Munkhiin useg”-гэсэн нууцлал бүхий бичвэр, гэрчилгээний гадна тал, дотор талын дээд хэсгээр Монгол үсгээр “Авто тээврийн газар”-гэсэн бичвэр бүхий нууцлалууд тус тус илэрч байх тул жинхэнэ гэрчилгээ байна. Б.Аөөс хураан авсан гэх №00666302 гэсэн дугаартай, дугаар нь улаан өнгийн будагч бодис ашигласан бичвэр бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээнд байх 8 эгнээ шар өнгийн будагч бодис мэт зүйл дээр болон гэрчилгээний гадна тал, дотор талын дээд хэсгээр ямар нэгэн бичвэр болон нууцлал илрэхгүй байх тул хуурамч байна. Б.Аөөс хураан авсан гэх №00666302 дугаартай, дугаар нь улаан өнгийн будагч бодис ашигласан бичвэр бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэх зүйлд ямар нэгэн нууцлал илрээгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэх зүйл нь хэвлэн олшруулах төрөөрөмж ашиглан хэвлэсэн байх боломжтой байна ” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Аийн яллагдагчаар өгсөн: “...би 2016 онд танил ах М.Зоригбаатар гэх хүнээс амаар гэрээ хийж Хово маркийн 54-58 УНБ улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг 62,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож мөнгийг нь 12 сарын дотор төлж барагдуулахаар болсон ба машиныг анх авахдаа 23,000,000 төгрөгийг бэлнээр өгч дараа нь цувуулан өгсөөр нийт 44,000,000 төгрөгийг өгсөн. 2017 оны 07 дугаар сараас Завхан аймагт ажиллаж байтал Зоригтбаатар ирж машины төлбөрөө хийхгүй удаад байгаа талаар хэлээд “төлбөрөө хийж дуусгаад тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ аваарай” гээд машины бичиг баримтыг аваад явсан. 2018 оны 02 дугаар сарын сүүлээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах од өгөөж” ХХК-нд ажилд орохоор бүртгүүлсэн боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээ шаардсан. Надад тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй учир ажилд орж чадаагүй. Цагаан хадны нэг гэр гуанзанд хоол идэхээр ороод тэнд хэсэг хүмүүс юм ярьж байгааг нь сонстол “машины бичиг баримт олдох уу, олдоно” гэх зүйл ярилцаж байхаар нь тэр хүмүүсийн хамт явж байсан өвөр монгол хүнтэй уулзаад бичиг баримт хэрэгтэй талаар хэлсэн. ...түүнээс хойш 7 хоногийн дараа олон дугаартай утаснаас  нөгөө өвөр монгол хүн ярьж “бичиг баримтаа Цагаан хаднаас ав” гэсэн. Тэгээд нөгөө өвөр монгол хүнд 150,000 төгрөг өгсөн. Тэр шөнөдөө Тавантолгой уурхай дээр ирж маргааш нь “Бадрах од өгөөж” ХХК-ийн захирал Өлзийбаярт үзүүлэн машинаа бүртгүүлэн ажилд орсон. Би машины гэрчилгээг хуурамч гэдгийг мэдэж байсан болов ч ажилгүй хэцүү байсан учир гэрчилгээг хуурамчаар хийлгэн ашиглаж байсан.” гэх мэдүүлэг /хх 36-39 дүгээр хуудас/,

Б.Аийн жолоочийн лавлагаа, иргэний үнэмлэх болон гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-н 45-48 дугаар хуудас/,

Б.Аийн арван хурууны дардас, гэрэл зураг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Б.Аийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 52-55 дугар хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 52-55 дугар хуудас/,

Дундговь аймгийн Өлзийт  сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 59 дүгээр хуудас/,

М.Зоригбаатарын гар бичвэр, Хас банкны орлогын маягт /хх-н 71-72 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.А нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2018 оны 04 дүгээр сард 54-58 УНБ улсын дугаартай Хово маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Зам, тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу Авто тээврийн Үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс  нь авто тээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээг олгох, шинэчлэн солих үндсэн үйл ажиллагааг улсын хэмжээнд эрхлэн гүйцэтгэх эрхтэй байгууллага байна.

Шүүгдэгч Б.А нь 54-58 УНБ улсын дугаартай Хово маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар, хууль бусаар бусдаар хийлгүүлсэн, ашигласан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Хүрэлхүү,  гэрч М.Зоригбаатар нарын мэдүүлэг болон Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-31 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Аийг гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Шүүгдэгч Б.Аийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийн тусгай зөвшөөрөл, эрхийг олгож буй байгууллагын эрх, ашигт хохирол учруулж буй үйлдэл бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Авто тээврийн Үндэсний төвийн Цогтцэций салбарын тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтэн Б.Хүрэлхүү нь мэдүүлэгтээ “...Манай байгууллагын зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 /нэг мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялын саналыг хөнгөрүүлж, шүүгдэгч Б.Аөд 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдал болон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хянаад торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоолоор хурааж, ирүүлсэн 00666302 дугаартай, 54-58 УНБ гэсэн улсын дугаартай, Синотрак маркийн, гадна талын хэсэгтээ хэсэг газрыг скочоор наасан тээврийн хэрэгслийн гэрчилгээг Мунан овогт Зоригбаатарт буцаан олгож, 00666302 дугаартай, 54-58 УНБ гэсэн улсын дугаартай, Синотрак маркийн, Мунан овогтой Зоригбаатар УБ, СХД 14 Өнөроолол 12171 гэсэн өмчлөгч эзэмшигчтэй тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Аөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Долоо овогт Бат-Эрдэнийн Аийг хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/-н  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд тус бүр 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоолоор хурааж, ирүүлсэн 00666302 дугаартай, 54-58 УНБ гэсэн улсын дугаартай, Синотрак маркийн, гадна талын хэсэгтээ хэсэг газрыг скочоор наасан тээврийн хэрэгслийн гэрчилгээг Мунан овогт Зоригбаатарт буцаан олгож, 00666302 дугаартай, 54-58 УНБ гэсэн улсын дугаартай, Синотрак маркийн, Мунан овогтой Зоригбаатар УБ, СХД 14 Өнөроолол 12171 гэсэн өмчлөгч эзэмшигчтэй тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Аийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Аөд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Аөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ӨЛЗИЙ-ОТГОН