Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/996

 

 

 

 

   2024           08             29                                        2024/ДШМ/996

 

Д.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1241 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Шагдарын бичсэн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 78 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.А-д холбогдох эрүүгийн 2402000000227 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овогт Д.А, 1984 оны 05 дугаар сарын 20-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хилийн шалгагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн … дугаар хороо, … дугаар байрны … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ……………/;

Шүүгдэгч Д.А нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалд буюу Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн …… дүгээр ангид тээврийн хэрэгслийн шалгагчаар ажиллаж байх хугацаандаа: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, үзүүлэх” гэж заасныг, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/131 дугаартай тушаалаар баталсан “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх журам”-ын 3 дахь хэсгмйн 3.2-т “Тээврийн хэрэгслийг зориулалтын талбайд зогсоосны үзлэгийг хил зөрчигч нуугдаж болзошгүй орон зай, овор ихтэй ачаа, бараанд зохих журмын дагуу тогтоосон хугацаанд хийж илэрсэн зөрчлийг шуурхай шийдвэрлэнэ” гэж заасныг, Хилийн цэргийн …. дүгээр ангийн тээврийн хэрэгслийн шалгагчийн “Албан тушаалын тодорхойлолт”-ын Албан тушаалын зорилтод “Зорчигч тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэх, хилийн зөрчлийг илрүүлэх” гэж заасныг тус тус зөрчиж “И” ХХК-ийн “Норд бенз” маркийн …… ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Г.З-г “Хилийн боомтод хяналт шалгалтын тогтоосон дарааллыг зөрчсөн” гэх үндэслэлээр холбогдох баримт бичгийг түр хураан авч, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгч Зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авахуулахгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ……. аймгийн ….. сумын …….. дахь боомтод байрлах Хилийн цэргийн …… дүгээр ангийн ажлын байранд байхдаа иргэн Г.З-оос 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг 45 минутын орчимд шилжүүлсэн 100.000 төгрөгийн хахуулийн мөнгийг өөрийн Хаан банканд эзэшдэг 5595……….. дугаарын дансаар дамжуулан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бэлэн мөнгөний машинаас гаргуулан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд Шүүхийн харьяаллыг тодорхой хуульчилжээ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар эрүүгийн хэргийг анхан шатны шүүх нутаг дэвсгэрийн зарчмаар хүлээн авч шийдвэрлэж байгаа билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ” гэж туйлын тодорхой зааж өгсөн байна. Энэхүү заалт нь эрүүгийн хэргийг ердийн болоод хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх аль ч тохиолдолд үйлчлэх учиртай. Шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсэгт “Анхан шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гэсний 30.6.1 дэх заалтад “хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх” гэж мөн заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонхи байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно гэж нутаг дэвсгэрийн зарчмыг баримтлахгүйгээр эрүүгийн хэргийг өөр нутаг дэвсгэрт байрлах шүүхээр шийдвэрлэх цор ганц боломжийг хуульчилсан байна. Шүүгдэгч Д.А-д холбогдох эрүүгийн 2402 00000 0227 дугаартай хэрэгтэй танилцахад: Д.А-ын эзэмшлийн Хаан банк дахь төгрөгийн 5595…….. тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга “...2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Г.З эзэмшигчтэй 5007……… дугаартай данснаас 100.000 төгрөг 4350….. гэсэн гүйлгээний утгатайгаар орсон” (1хх 25, 26-111), Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн №2- 4в/2977 албан тоот, хавсралтын хамт “...Г.З нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “……… боомтоор хил гарсан” (1хх 211- 212), гэрч Г.З мэдүүлсэн “...Би тухайн үед “У” ХХК-ийн 43-.. тээврийн хэрэгслийг жолооддог байсан ба тухайн үед хилийн цэргийн ажилтан Д.А нь зөрчил гаргасан гэх үндэслэлээр миний бичиг баримтыг хураан авсан. Тэгээд би бичиг баримтаа авъя гэхэд миний данс руу 100.000 төгрөг шилжүүлээд бичиг баримтаа ав гэхээр нь би тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь бичээд түүний өгсөн данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн юм ...Д.А нь тухайн үед намайг хилийн оочир дараалал дайрсан гэдэг үндэслэлээр зөрчил гаргалаа гэж бичиг баримт хураан аваад надаас 100.000 төгрөг шаардаж өөрийн дансаар авсан юм” гэх мэдүүлэг (1хх 113-114), Шүүгдэгч Д.А яллагдагчаар мэдүүлсэн “... боомтын тээврийн хэрэгслийн шалгагч нь зөрчил илрүүлсэн тохиолдолд Заставын дарга, орлогчид танилцуулж шийдвэрлүүлэх ёстой. Тухайн үед Г.З-оос мөнгө авсан нь үнэн” гэх мэдүүлэг (1хх 145-146) зэрэг нотлох баримтуудтай танилцахад гэрч Г.З нь шүүгдэгч Д.А-д 100.000 төгрөгийг …… аймгийн нутаг дэвсгэрт шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хахууль өгөхийг шаардсан, авсан бол бүрдэл төгсөх гэмт хэрэг юм. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудтай танилцахад 100.000 төгрөгийг дансаар шилжүүлснээр Г.З-ын эзэмшил, өмчлөлөөс гарч Д.А-ын дансанд шилжиж орсноор эзэмшил, өмчлөл шилжсэн байна. Гэтэл хахуулийн мөнгийг өөрийн Хаан банканд эзэшдэг 5595……. дугаарын дансаар дамжуулан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бэлэн мөнгөний машинаас гаргуулан авсан гэж дүгнэн хэргийн шүүхийн харьяаллыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож ирүүлсэн нь ойлгомжгүй байна. Хэрэв хахууль авах, өгөх гэмт хэргийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж төгссөн гэж үзвэл түүнийг нотлох холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх, эсхүл шүүхийн харьяаллыг Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүнээр тогтоолгох нь зүйтэй. Дээрх ажиллагаа хийгдээгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ эрүүгийн хэргийг хянан щийдвэрлэх, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан илэрхий ойлгомжтой заалтыг зөрчсөн ноцтой зөрчил болно. Мөн шүүхээс хэргийг харьяалах шүүхэд нь хүргүүлэх тухай шийдвэр гаргах тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлах ёстой бөгөөд энэ нь зөвхөн ердийн журмаар шийдвэрлэж буй хэрэгт хамааралтай зохицуулалт билээ. Гэтэл хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн хэргийн хувьд харьяаллын асуудлаар хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр шүүх шийдэх нь оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулна гэж үзэж, шүүгдэгч Д.А-д холбогдох эрүүгийн 2402 00000 0227 дугаар хэрэг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг маргаан мөн эсэх, шүүхийн харьяаллыг эсхүл тус шүүхэд тогтоосон эсэх зэргийг тогтоох ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлд хамаарч буйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д холбогдох эрүүгийн 2402 00000 0227 дугаар хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Д.А-д Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ЦХШЗ/49 дүгээр захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Ц.Шагдар бичсэн эсэргүүцэлдээ: “... Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 207 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд шүүхийн харьяаллыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож ирүүлсэн нь ойлгомжгүй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг маргаан мөн эсэх, шүүхийн харьяаллыг тус шүүхэд тогтоосон эсэх зэргийг тогтоох ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангид хахууль өгөх, хахууль авах гэмт хэргийг тус тусад нь зүйлчилсэн ба ингэж зүйлчлэхдээ хэргийн объектив талын шинжийг харгалзан үзжээ. Хахууль өгөх гэмт хэрэг нь хахууль өгөгч этгээд өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан тодорхой эд зүйл өгөх, үнэ төлбөргүй, хөндөлттэй үйлчилгээ үзүүлэх, эсхүл эдгээрийг амлаж, санал болгосноор буюу тодорхой үйлдэл, эс үйлдэхүй хийснээр уг гэмт хэрэг төгсөхөөр хуульчилсан. Хахууль авах гэмт хэргийн тухайд хахууль авагч этгээд хахууль өгөгчөөс хахууль өгөхийг шаардах, эсхүл хахуулийн эд зүйл, аливаа үйлчилгээг үнэ төлбөргүй хүлээн авснаар уг гэмт хэрэг илэрч, гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдохоор хуульчилжээ. Тодруулбал, эрх бүхий албан тушаалтан нь хахууль өгөгчийн зүгээс хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй, хүлээн аваагүй тохиолдолд, эсхүл хахууль өгөгч этгээд хахууль өгөхөөр тохиролцсон боловч өөрийн хүсэл зоригоор хахууль өгөхөөс татгалзсан тохиолдолд хахууль авах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэхээр байна. Хэрэгт тусгагдсан бичгийн нотлох баримтуудаар хахууль өгөгч /хөөн хэлэлцэх хугацаа дууссан/ Г.З нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Д.А-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүнийг албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль өгөхөөр тохиролцон, улмаар хахуулийн эд зүйлийг Д.А-д шилжүүлсэн ба хахууль авагч Д.А нь дээрх хахуулийг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бэлэн мөнгөний машинаас гарган авсан болох нь энэ тухайгаа илэрхийлсэн түүний хүсэлт, тайлбар болон холбогдох дансны хуулгаар нотлогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.А-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэх явцад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх харьяалан шийдвэрлэх маргаан бус гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэргийг прокурорт буцаалгүйгээр эцэслэн шийдвэрлэх боломжтой байжээ. Гэвч шүүх Д.А-д холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг маргаан мөн эсэх, шүүхийн харьяаллыг тус шүүхэд тогтоосон эсэх зэргийг тогтоох ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн газар нутгийг тогтоох нь хахууль авах гэмт хэргийг сэргээн дүрсэлсэн үйл баримтад өөрчлөлт орохгүй буюу хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөхөөргүй байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.А нь өөрийн холбогдсон гэмт хэргийг сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдэж олсон ашгийг Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын Төрийн банк дахь дансанд байршуулсан ба хахууль өгөгч Г.З нь хахууль өгсөн тухайгаа мэдүүлсэн бөгөөд дээрх нөхцөл байдал нь хэрэгт тусгагдсан бичгийн баримтуудаар давхар нотлогдсон буюу шүүгдэгч Д.А-ын холбогдсон хэргийн бодит байдал нэгэнт тогтоогдсон байжээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зохицуулсан төдийгүй Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам болон шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай" тогтоол, хавсралтад дурдсанаар хэргийн харьяаллыг зөрчсөн үндэслэлээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байхад шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1241 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт авагдсан яллагдагч Д.А болон гэрч Г.З нарын мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтуудаар хахууль авах гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэж хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Прокурорын зүгээс хяналтын прокурор Ц.Шагдарын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.А-д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Прокуророос Д.А-ын хууль, журам зөрчиж “И” ХХК-ийн “Норд бенз” маркийн  …. ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Г.З-ыг “Хилийн боомтод хяналт шалгалтын тогтоосон дарааллыг зөрчсөн” гэх үндэслэлээр холбогдох баримт бичгийг түр хураан авч, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгч Зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авахуулахгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ….. аймгийн ….. сумын …… дахь боомтод байрлах Хилийн цэргийн …. дүгээр ангийн ажлын байранд байхдаа иргэн Г.З-с 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг 45 минутын орчимд шилжүүлсэн 100.000 төгрөгийн хахуулийн мөнгийг өөрийн Хаан банканд эзэшдэг 5595……. дугаарын дансаар дамжуулан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бэлэн мөнгөний машинаас гаргуулан авсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг маргаан мөн эсэх, шүүхийн харьяаллыг эсхүл тус шүүхэд тогтоосон эсэх зэргийг тогтоох ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлд хамаарч байна гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д холбогдох эрүүгийн 2402 00000 0227 дугаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд тусгайлан зааснаас бусад хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Д.А нь албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ……. аймгийн ….. сумын …….. дахь боомтод байрлах Хилийн цэргийн ….. дүгээр ангийн ажлын байранд байхдаа иргэн Г.З-с 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг 45 минутын орчимд шилжүүлсэн 100.000 төгрөгийн хахуулийн мөнгийг өөрийн Хаан банканд эзэшдэг 5595……. дугаарын дансанд авсан үйлдэл нь  …….. аймгийн нутаг дэвсгэрт болсон болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хахууль өгөхийг шаардсан, авсан бол бүрдэл төгсдөг гэмт хэрэг ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь хуульд нийцэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1241 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Шүүгдэгч Д.А-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1241 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Шагдарын бичсэн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 78 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.А-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТСАЙХАН

                     ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ  

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ