Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 315/ШШ2025/00212

 

2025 07 02 315/ШШ2025/00212

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р багт оршин суух ******* овогт******* *******ын,

 

цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: М.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.******* нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1965 онд төрсөн, одоо 60 настай. Би 1985-1988 онуудад Хилийн Цэргийн 0151 дүгээр ангид 3 жилийн цэргийн алба хаасан. Цэргийн албаа хааж ирээд аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтан хийж байсан. Одоо би тэтгэвэрт гарах нас болж өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл цэргийн алба хааж байсан хугацааны баримт олдохгүй байгаа тул цэргийн алба хаасан хугацаагаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Намайг цэргийн алба хааж байхад цэргийн батлах өгсөн байсан боловч тэрийгээ гээгдүүлсэн байна. Миний хувьд цэргийн алба хаасан баримтаа Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архиваас лавлагаа гаргуулах гэсэн боловч 1985-1988 оны цэрэгт татагдсан болон халагдсан цэргийн бүртгэлийг тус архивд шилжүүлж өгөөгүй гэсэн хариу ирсэн. Иймд намайг 1985 оны 06 дугаар сарын 28-аас 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Хилийн Цэргийн 0151 дүгээр ангид 3 жилийн цэргийн алба хааж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, фото зураг, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 08/936 дугаартай тодорхойлолт, нотлох баримт гаргуулан авах тухай хүсэлт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/113 тоот тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт /хэргийн 2-7, 28-29 тал/

 

3. Шүүхийн журмаар Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 331 дугаартай албан тоот, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 08/1711 дугаартай албан тоот-ыг /хэргийг 32, 35 тал/ тус тус бүрдүүлсэн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.******* нь 1985-1988 онуудад Хилийн цэргийн холбооны 0151 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* овогт******* ******* нь 1988 оны 06 сарын 28-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Хилийн цэргийн холбооны 0151 дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан болох нь нэхэмжлэгчийн ...Би 1985-1988 онуудад Хилийн Цэргийн холбооний 0151 дүгээр ангид 3 жилийн цэргийн алба хаасан. Би харуулын салаанд хуваарилагдсан. цэргийн алба хааж байхад цэргийн батлах өгсөн байсан боловч тэрийгээ гээгдүүлсэн. Батлан хамгаалахын төв архив, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архиваас цэргийн алба хаасан талаарх лавлагаа гаргуулах гэсэн боловч 1985-1988 оны цэрэгт татагдсан болон халагдсан цэргийн бүртгэлийг тус архивуудад шилжүүлж ирүүлээгүй гэсэн хариу ирсэн.. гэх тайлбар, М.*******ын цэргийн алба хааж байхдаа авахуулж байсан фото зураг, М.*******ын хөдөлмөрийн дэвтэрт-Худалдааны трестийн даргын 1985 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 184 дугаартай тушаалаар ардын цэргийн албанд тэнцсэн тул үүрэгт ажлаас чөлөөлөв Батлан хамгаалах яамны сайдын 1985 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 186 дугаартай тушаалаар 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ардын армид хугацаат цэргийн жинхэнэ алба хаахаар татав Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/308 дугаартай тушаалаар 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ардын армийн жинхэнэ цэргийн алба хааж дууссан тул бэлтгэлээр халав гэж бичсэн бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

 

5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: ...1985-1988 онуудад Улаанбаатар хотод Хилийн Цэргийн 0151 дүгээр Сүхбаатар аймгаас 22 хүн очиж 3 жилийн цэргийн алба хаасан. Үүний нэг нь******* ******* юм. Би 1985-1988 онуудад Улаанбаатар хотод Хилийн Цэргийн 0151 дүгээр ангийн холбоо ротын салаанд 3 жилийн цэргийн алба хаасан. Бид хоёр нэг ангид 3 жил цэргийн алба хаасан он жавууд юм гэх мэдүүлэг,

 

6. Гэрч ******* шүүхэд өгсөн: ...1985-1988 онуудад Улаанбаатар хотод Хилийн Цэргийн 0151 дүгээр ангийн харуулын салаанд 3 жилийн цэргийн алба хаасан. Би 1985-1988 онуудад Улаанбаатар хотод Хилийн Цэргийн 0151 дүгээр ангийн хөгжмийн салаанд 3 жилийн цэргийн алба хаасан. Бид хоёр нэг ангид 3 жил цэргийн алба хаасан он жавууд юм. Сүхбаатар аймгаас тус ангид 22 хүн цэргийн алба хааж байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

7. Иймд М.*******ын 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Хилийн цэргийн 0151 дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч******* *******ыг 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Хилийн цэргийн 0151 дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА