| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00182/И |
| Дугаар | 315/ШШ2025/00255 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 315/ШШ2025/00255
2025 07 31 315/ШШ2025/00255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Онгон сумын 3-р баг, Бор хужир гэх газарт нутаглах, утасны дугаар *******, ******* овогт *******ийн *******ын,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: С.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Онгон сумын Хөгжил нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Ингээд 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал мөн нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад 1992 оны 10 дугаар сарын эхээр цэргийн албанд татагдан 1993 оны намар халагдаж ирсэн. Цэргийн албыг Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангид хаасан. Иймд 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, 1991 оны 03 дугаар сарын 14-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбарууд болон бусад нотлох баримтыг үндэслэн 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Онгон сумын Хөгжил нэгдэлд барилгачнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 1991 оны 03 дугаар сарын 14-ний өдөр, 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус тус олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11/264 тоот цалингийн цэсийн лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжил нэгдэлд барилгачнаар, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч С.******* нь 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжил нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Онгон сумын Хөгжил нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн... гэх тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11/264 тоот С.*******ын ажиллаж байх үеийн цалингийн цэсийн лавлагаа, 1989 оноос 1990 оныг дуустал хөдөлмөрийн хөлсний хөлс олгосон бичилт бүхий 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-5, 8х),
5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: С.******* нь1988 оноос 1991 он хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжил нэгдэлд барилгын бригадад туслах ажилчнаар ажиллаж байгаад 1991-1992 он хүртэл малчнаар тус тус ажилласан. 1992 оны намар цэргийн албанд татагдаж 1993 онд халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд хөдөө мал дээр гарч мал малласан. Хамт тус нэгдэлд ажиллаж байсан тул С.*******ын ажиллаж байсан талаар сайн мэдэж байна гэх мэдүүлэг (хх-19х),
6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: 1988 оноос 1991 он хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжил нэгдэлд барилгын бригадад хамт ажиллаж байсан. С.******* нь тухайн үед тус бригадад барилгын туслах ажилчнаар ажиллаж байсан. 1991 оноос цэрэг татагдах хүртлээ тус нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1992 оны 10 сард шиг санаж байна цэргийн албанд татагдаж 1993 онд цэргээс халагдаж ирсэн. Би 1991 онд нэгдлээс өөрийн хүсэлтээр гарсан. Хамт ажиллаж байсан болохоор С.*******ын ажиллаж байсан талаар сайн мэдэж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-20х)
7. Иймд С.*******ыг Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжил нэгдэлд 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал барилгын бригадад барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Харин нэхэмжлэгчийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус нэгдэлд малчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хугацааны ажилласан байдлыг хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын *******ын Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжил нэгдэлд 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч С.******* нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус нэгдэлд малчнаар ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА