Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар   2024/ДШМ/1007

 

 

 

 

    2024            9              04                                        2024/ДШМ/1007

 

С.********т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

шүүгдэгч С.********, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, О.Оюунчимэг,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/391 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.********, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, О.Оюунчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн С.********т холбогдох эрүүгийн 2410 00000 0293 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

******** овгийн ********ийн ********, 1991 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ******** аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ******** аймгийн ********гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч ******** дүүргийн ******** дугаар хороо, ********тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:********;

С.******** нь хохирогч Ц.********өд “********” ХХК-аас үйлдвэрийн үнээр малын хивэг аваад хамтран ашиг олъё гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо В8 авто засварын газарт байхад нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 135.000.000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөг, нийт 185.000.000 төгрөг өөрийн Хаан банкны ******** тоот дансанд шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: С.********ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******** овогт ********ийн ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.********ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.********аас 141.150.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.********өд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.******** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.******** гомдолтой гэснийг тус тус дурдаж,

шүүгдэгч С.********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.******** давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хэрэг учралын талаар мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт зан үйлээ ухамсарлан ойлгож, бусдад учруулсан гэх 185.000.000 төгрөгийн хохирол төлбөрөөс 43.850.000 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид хохирлоо богино хугацаанд төлж дуусгахаа илэрхийлсэн. Иймд шүүх бүрэлдэхүүн хэргийн нөхцөл байдал, хохирлоо бүрэн төлье гэсэн хүсэл эрмэлзэл, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 2 жилийн хорих ялыг торгох ялаар сольж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.********ын өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.******** анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, одоогийн байдлаар хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн байдлыг харгалзан С.********т оногдуулсан хорих ялыг өөрчилж, торгуулийн ялаар сольж өгнө үү.

Миний бие С.********т холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давж заалдах шатны шүүх хуралдаанаас оролцож, шүүгдэгч С.********, хохирогч Ц.******** нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилготойгоор давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч нь хохирогчид анхан шатны шүүх хуралдааны явцад 43,856,000 төгрөг, цагдан хоригдсоноосоо хойш 17,000,000 төгрөг, нийт 60,856,000 төгрөг төлсөн. Иймээс “С.********т оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргасан. С.********т торгох ял оногдуулах нь хохирогчийн эрх зүйн байдалд нөлөөтэй. Мөн С.********ын эрүүл мэндийн нөхцөл байдал нэлээд өндөр байгаа. Үүний талаар эмчийн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэх тухай асуудлыг зохицуулсан байдаг. С.******** нь хохирол нөхөн төлөхөө бодитойгоор илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, хөөрөг, 10 ширхэг мөнгөн аяга, шинэ монгол гутал зэргийг үнэлүүлж, өгсөн. Өчигдөр миний бие хохирогчтой уулзахад тэрээр “тус эд зүйлсийн үнэлгээг захаар яваад судалсан, шүүх хуралдаанд оролцож саналаа хэлнэ” гэж байсан боловч шүүх хуралдаанд оролцоогүй байна. Иймээс С.******** хохирогчид учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилттой нийцнэ гэж үзэж байна. С.******** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлөх боломжтой зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү гэв.” гэв.

Шүүгдэгч С.********ын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өмгөөлөгч О.Оюунчимэгтэй санал нэг, “шүүгдэгч С.********т оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн хүсэлтэй байна. С.******** нь хохирогчид анхан шатны шүүх хуралдааны явцад 43,856,000 төгрөг, дараа нь 17,000,000 төгрөг төлсөн. Одоо 120,000,000 төгрөг үлдсэн. Бидний зүгээс хохирогч Ц.********тэй удаа дараа уулзсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаас өмнө ч уулзаж байсан. Эдгээр хүмүүс хоорондоо мал өгч, авахаар тохирсон байсан. Тухайн үед мал нь туранхай, үнэ нь хямд байсан тул хохирогч “намар 11 дүгээр сард авъя” гэсэн байдаг. Хохирогч энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарласан. Мөн С.******** хохирол, төлбөрийн зөрүүнд нь “удам дамжсан үнэт эдлэл өгье” гэж байсан. Иймэрхүү байдлаар хохирогч, шүүгдэгч нар ойлголцолд хүрсэн. Иймээс С.******** нь хохирол төлөх чадамжгүй хүн биш юм. Түүнчлэн, С.******** нь сэтгэцийн өөрчлөлт бүхий ховор тохиолдлын өвчнөөр өвчилсөн. Энэ талаарх баримтыг анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн ба түүний өвчний талаар эмчлэгч эмчээс нь тодруулахад “эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэж тайлбарлаж байсан.” гэв.

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.******** нь хохирогч Ц.********өд анхан шатны шүүх хуралдааны явцад 43,850,000 төгрөг, давж заалдах шүүх хуралдаанаас өмнө 17,000,000 төгрөг, нийт 60,850,000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд нийт хохирлоос 124,150,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. С.******** нь  хохирогч Ц.********ийн урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүнээс 185,000,000 төгрөгийг авч, тус мөнгөөр “1xbet” гэх цахим мөрийтэй тоглоомын сайтаар мөрийтэй тоглоом тоглосон. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “С.******** нь хохирогчид 50,000,000-60,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн аяга, хөөрөг, монгол гутал өгсөн. Мөн С.********ын эцэг, эхэд мал байгаа, тэрийгээ өгнө” гэж тайлбарлаж байсан ба давж заалдах шатны шүүх хуралдаанд ижил тайлбар хэлж байна. Хохирогч Ц.******** “би шүүгдэгч С.********ын монгол гутал, хөөрөг, мөнгөн аяга зэргийг авахгүй, мөнгөө авмаар байна. Мөнгийг минь өгчихвөл эдгээр зүйлсээ буцааж ав” гэж хэлдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчид учирсан хохирол, төлбөрт “мал өгнө” гэж тайлбарлаж байна. Гэтэл шүүгдэгч С.********ын нэр дээр мал шилжүүлсэн тухай баримт байхгүй байна. Иймээс 124,150,000 төгрөг буюу хохирогчид учирсан хохирол хэрхэн төлөгдөх нь ойлгомжгүй, хэрэв С.********т оногдуулсан ялыг өөрчилж, торгох ял шийтгэвэл түүний биелэлт нь хэрхэн, ямар эх үүсвэрээр хангагдах нь тодорхойгүй байна. Анхан шатны шүүх С.********т түүний үйлдсэн хэрэг, хохирогчид учирсан хохирол, төлбөр, түүнийг төлсөн байдал зэргийг харгалзан үзэж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.******** нь хохирогч Ц.********өд “********” ХХК-аас үйлдвэрийн үнээр малын хивэг аваад хамтран ашиг олъё гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо В8 авто засварын газарт байхад нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 135.000.000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөг, нийт 185.000.000 төгрөг өөрийн Хаан банкны дансанд шилжүүлэн авч, залилсан болох нь:

хохирогч Ц.********ийн: “...Одоогоос хоёр жилийн өмнө танилцаж урьд өмнө хамт бизнес хийж байсан С.******** гэх залуу 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр над руу утсаар яриад ******** ХХК-иас үйлдвэрийн үнээр малын хивэг гарч байна би эхлээд аваад ашгаа хоёулаа хуваая гэсэн, үнэн үү, найдвартай юу гэхэд асуудалгүй, ...надаа итгэж болно ...гэхээр нь ********ын Хаан банкны ******** тоот данс руу 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Хаан банкны ******** тоот данс руу өөрийн ажиллаж байгаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, В8 авто засварын газарт байхдаа 30,000,000 төгрөг шилжүүлсэн, хэсэг хугацааны дараа над руу залгаад нийт 150 тонн тэжээл авахаар боллоо хүмүүст өгөхөөр боллоо эхний ачааг ачиж байна дахиад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би тухайн өдрөө 25,000,000 төгрөг, 40,000,000 төгрөг, мөн дахиад 40.000. 000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл дахиад яриад унаанд тавьчихлаа энд хүнд өгөхөөр боллоо дараагийн ачааг нь Булган аймгийн Дашинчилэн суманд хүргэж өгнө тэнд авах хүн байгаа мөнгө шилжүүлээрэй гэж хэлэхээр нь би зургийг нь явуулчих гэхэд надаа итгэхгүй байгаа юм уу гэхээр нь үнэн юм байна гэж бодоод 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 30,000,000 төгрөг шилжүүлсэн. ...********тай Дашинчилэн дээр байна гэхээр нь уулзсан чинь одоо хивэг ачсан машин араас ирж байгаа дахиад мөнгө хэрэгтэй ашигтай бизнес гэхээр нь ...2024 оны 02 дугаар сарын 28-ны орой өөрийн ажлын байр болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах В8 авто засварын газарт байхдаа 20.000. 000 төгрөг шилжүүлсэн. ...Ингээд мөнгө шилжүүлчхээд утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. ...ажлын байр дээрээ уулзахад надаас авсан 185,000,00 төгрөгөөр 1xbet нэртэй тоглоом тоглоод бүгдийг нь алдсан гэж надад хэлсэн. ...Өмнө нь хамт бизнес хийж байсан тэр үед ийм зүйл болж байгаагүй..." /хх 9-10, 14/ гэсэн,

гэрч Д.********гийн: “...Би нөхрөөсөө яагаад 185,000,000 төгрөг авсан юм гэхэд 1xbet нэртэй тоглоом тоглоод өмнө өөр хүмүүст өртэй байсан өрөө дарах санаатай тоглоод алдсан гэж надад хэлсэн...” /хх 18-19/ гэсэн,

гэрч О.********ын: “...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд миний хаан банкны 530хххх621 тоот данс руу Хаан банкны ******** тоот данснаас 34 удаагийн гүйлгээгээр 250,305,000 төгрөг орж ирсэн. ...энэ мөнгөнөөс буцаагаад 21 удаагийн 77,700,000 төгрөгийн татан авалт хийсэн. ...1xbet бооцоот тоглоомд мөнгө байршуулах гэж миний данс руу шилжүүлж би тухайн мөнгийг 1xbet аккаунтыг 381218845 кодоор цэнэглэж өгсөн байгаа...” /хх 22-23/ гэсэн,

шүүгдэгч С.********ын: “...Би ******** гэдэг хүнд “********” ХХК-аас малын хивэг үйлдвэрийн үнээр зарна гэж байна хоёулаа хамтарч авах уу надаас хивэг авна гэсэн хүн байна чи хивэг авахгүй юм уу гэж худлаа хэлээд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөг аваад тухайн мөнгөө 1xbet нэртэй тоглоом тоглоод тухайн мөнгийг алдсан. ...би дахин худлаа хэлж мөнгийг нь олж өгөх зорилгоор 2024 оны 02 дугаар сарын 23-аас 28-ны хооронд ********өөс өөрийнхөө Хаан банкны ******** тоот дансаараа нийт 185,000,000 төгрөгийг авсан, ...мөнгөөрөө 1xbet тоглоод бүгдийг нь алдсан. Надаас хивэг юу болсон хэлээд хугацаа авсан. ...******** ХХК дээр очоод хивэг байгаа юу гээд асуухад байхгүй гэхээр нь би ********өд хивэг байгаа юм байна гэж худлаа хэлсэн....” /хх 31-32, 39-40/ гэсэн мэдүүлгүүд,

гэрч О.********оос гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулга, чатны хуулбар, мөнгө шилжүүлсэн кодтой хуулга /хх 63-70/, хохирогч Ц.********ийн Хаан банкны дансны хуулга /хх 72/, Ц.********ийн Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 73/, С.********ын Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 79/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч С.********ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.********ын хохирогч Ц.********өд “********” ХХК-аас үйлдвэрийн үнээр малын хивэг аваад хамтран ашиг олъё гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 3 удаагийн үйлдлээр нийт 185.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансанд шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч С.********т “...Би хэрэг учралын талаар мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт зан үйлээ ухамсарлан ойлгож, бусдад учруулсан гэх 185.000.000 төгрөгийн хохирол төлбөрөөс 43.850.000 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид хохирлыг бүрэн төлөхөөр илэрхийлж байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч С.********ын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, О.Оюунчимэг нар хамтран “...миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж зааж, энэ гэмт хэргийг бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд дээрх байдлаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн, шүүгдэгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогчид 17.000.000 төгрөгийг төлсөн, үлдсэн хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлсэн боловч одоог хүртэл хохирлыг бүрэн барагдуулаагүй, хэрхэн төлөх нь бодитоор нотлогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч С.********ын гаргасан, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, О.Оюунчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч С.********ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 98 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/391 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.********ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 98 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч С.******** нь хохирогч Ц.********өд 17.000.000 төгрөг төлснийг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ