Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 474

 

 

 

 

 

 

 

 

  2018           6          13                                     474

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,

шүүгдэгч: Г.”У”,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаяр /2283/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж “У”т холбогдох эрүүгийн 1805 0102 00109 тоот дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “У”.

 

             Шүүгдэгч Г.”У” нь 2017 оны 8 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамал 10 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49 дүгээр байрны 118 тоот дахь гэртээ болон биедээ худалдаалах зорилогогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.”У” мэдүүлэхдээ:

Намайг Сэлэнгэ аймагт барилга дээр ажиллаж байхад тэнд ажиллаж  байсан хүмүүс хурааж тавьсан шарилжнаас ороож татдаг байсан. Би хөдөө тамхи олдохгүйгээс тэднийг туулайн баас татаж байна гэж боддог байсан. Тэгээд ажлын сүүлийн өдөр юм яриад сууж байтал Баагий гэж дууддаг залуу надад нөгөө зүйлээсээ тасдаж “үүнийг сонирхоод үзээрэй” гээд өгсөн. Өгсөн зүйл нь юу болох талаар би тодруулж асуугаагүй. Түүнээс хойш авчирсан тэр зүйлээ мартсан байсан. Тэгээд 12 дугаар сарын сүүлээр ээжийн бие муудаад 1 дүгээр сарын эхээр эмнэлэгт хэвтэхэд нь харанхуй өрөөнөөс цүнх гаргах гэж байгаад ажилд явахдаа авч явсан цүнхнээсээ өнөөх зүйлээ олсон. Тухайн үед ээжийн бие их муу байсан. Би амьдралдаа хүний бие тэгж муудахыг харж байгаагүй. Би тухайн үед юу болоод байгааг ойлгох сөхөөгүй байсан бөгөөд 2 найзтайгаа уулзсан. Тэгээд тухайн өвсийг хэрэглэхдээ усны сав аваад, саваа цоолж, цаас хуйлаад цоолсон нүх рүү хийж, Сэлэнгэ аймагт ажиллаж байхад ажилчдын хэрэглэж байсан аргаар татах гэж оролдсон. Би дуурайлгаж хийхдээ болж байгаа эсэхийг мэдэхгүй байсан. Хэрэгт холбогдсоны дараа миний хэрэглэсэн өвс хориотой гэдгийг мэдсэн. Урьд кино, зурагт, интернетээс мансууруулах бодисын талаар мэдээлэл сонсож байсан. Ямар зүйл байдаг талаар сайн мэдэхгүй байсан боловч энэ явдал тохиолдсоноос хойш мансууруулах бодисын талаар судалсан. Хүний амьдралыг муугаар эргүүлж болох зүйл гэдгийг ойлгосон. Миний амьдралд хар толбо үлдэж байгаа учраас ойр тойрны хүмүүстээ мансууруулах бодисын хор уршгийг ойлгуулах гэж хичээж байгаа. Би энэ оны 12 дугаар сард сургуулиа төгсөнө. Анх энэ хэрэгт холбогдсоноос хойш насанд хүрсэн эрэгтэй хүн ямар том хариуцлагатай, нэг удаа хазгай гишгэхэд өөрийн болон гэр бүлийнхээ амьдралыг яаж өөрчилж болохыг ойлгосон. Би ээжийнхээ санаа сэтгэлийг дордуулахгүй гэсэндээ дотроо ямар байгаагаа хэлж байгаагүй. Өөрийн бодолгүй хийсэн зүйлээс болж сургуулиа төгсөж, амьдралд хөл тавих мөчдөө ийм зүйл хийсэндээ харамсаж байна. Дахиж ийм хариуцлагагүй болчимгүй алдаа гаргахгүй. Ялыг хөнгөлж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч- С.”А” мэдүүлэхдээ:

2018 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө найз “У”тай уулзах гээд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 10а байрны орчимд ирсэн. Тэгэхэд “У” ганцаараа байсан бөгөөд миний араас Дөлгөөн ирсэн. Тухайн үед “У”ын ээжийнх нь бие тааруу байна гээд сэтгэл санаа нь муу байсан бөгөөд ойр зуурын зүйл ярьж байсан. Тэгээд тамхи татах гээд 10а байрны 11 давхар руу гарсан. 11 давхарт гарсны дараа “У” цагаан савтай ургамал шиг зүйл гаргаж ирээд “хэрэглэж үзэх үү” гэж асуусан. Тухайн үед би зөвшөөрөөгүй, харин хажуу талаас нь сонирхож харсан. Тэгээд дэлгүүрээс “У” усны сав аваад, савыг цоолж байгаад чихрийн цаас нугалж, цоолсон хэсэг рүүгээ хийсэн. Тухайн чихрийн цаасан дээр “У” гаргаж ирсэн ургамал шиг зүйлээ тавиад дээрээс нь шатааж асаах гэсэн боловч огт асахгүй байсан. Тэгээд “У” усны савны амсараас сорсон боловч утаа нь гарахгүй байсан. Тэгж байтал 10 давхараас нэг хүн гарч ирээд “У”ыг дагуулаад дээд талын давхар руу гарсан. Харин Дөлгөөн бид хоёр тэндээ үлдээд усны савтай зүйлийг хаях гээд аваад орцноос гарсан. Би тухайн ургамал нь ямар төрлийн ургамал болохыг сайн мэдээгүй. Дотроо “У”ыг усны сав авч, цоолоод чихрийн цаас нугалж хийгээд байхаар нь мансууруулах ургамал байна гэж ойлгосон гэжээ. (хэргийн 23-24 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Э.Цолмон мэдүүлэхдээ: 

2018 оны 1 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Нилээн орой болсон байхад Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 10а байрны 10 давхарын 1 айлд очиж найзтайгаа уулзах гэж байсан. Лифтэнд суугаад 10 давхарт буухад 10-11 давхарын голд хэдэн залуу муухай үнэр ханхалуулчихсан, сэжигтэй зогсож байхаар нь хар төрөөд “та нар юу хийж байгаа юм, юу хийгээд байгааг чинь мэдэж байна шүү, болиорой” гэж хэлэхэд нэг өндөр бор залуу нь над руу дөхөж ирээд “ахаа уучлаарай, хориотой зүйл гэдгийг мэдэхгүй. Сонирхож үзэх гэж байсан юм аа, ээжийн бие ойрд тааруу, сэтгэл санаа хэцүү болохоор болчимгүй үйлдэл хийчихлээ, одоо болилоо” гэж хэлэхэд хамт байсан хүүхдүүд нь доошоо шатаар буугаад явчихсан. Би тэр хүүхдүүдийг шалгуулъя гэж бодоод цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирэхээр нь би тэндээс явсан гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Н.Ганбаяр мэдүүлэхдээ:

Би 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өглөөний 8 цаг 30 минутаас 30-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хугацаанд жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж, тухайн цаг хугацаанд гарсан гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг материалжуулан шалгасан. Энэ хугацаанд 2018 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнийн 00 цаг 10 минутын орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 10а байрны орцонд хүмүүс хар тамхи татаад байна гэсэн дуудлага мэдээллийг Тайшир 10-аас өгсний дагуу жижүүрийн бүрэлдэхүүний хамт очиж шалгахад 10а байранд оршин суудаг эрэгтэй 10а байрны 11 дүгээр давхарын коридорт нэг залууг барьчихсан “энэ залуутай хамт байсан хоёр залуу нь зугтсан, харин үүнийг нь барьчихлаа” гээд зогсож байхаар нь тухайн баригдсан залуу болох Г.”У”аар хаана мансууруулах бодис хэрэглэсэн талаар асуухад 10а байрны 10-11 дүгээр давхарын хооронд байх, шатны хэсгийг заасан. Үүний дагуу тухайн заасан 10 дугаар байрны 10 болон 11 дүгээр давхарыг шалгахад ямар нэгэн сэжигтэй, хэрэгт ач холбогдолтой зүйл байгаагүй тул давхар хооронд байрлах коридорын цонх онгойсон байдалтай байхаар нь цонхоор доош харж гэрэл тусгахад хоёр давхарын өргөтгөлийн байрны дээвэр дээр хэрэгт ач холбогдолтой зүйл харагдаагүй тул “У”аас хэрэглэсэн мансууруулах бодисоо хэрхэн яасан талаар асуухад “хоосон усны савын дунд хэсэгт нь жижиг цоолоод шоколадны гялгар цаас ороож, цоолсон нүх рүүгээ хийгээд гялгар мөнгөлөг цаасан дээрээ өвс гэх зүйлээ тавьж шатаагаад усныхаа савны амсраар утааг нь би нэг удаа сорж хэрэглээд эхлэж байтал энэ ах дуудсан” гээд түүнийг барьсан ахыг заасан ба тэгэхээр нь дуудсан ах дээр очихдоо бэлдсэн усны сав болох хуйлсан шоколадны цаасаа хамт явсан Дөлгөөн, “А” гэх хоёр найздаа үлдээгээд очтол намайг дуудсан ах намайг бариад авсан. Харин хоёр найз айгаад зугтах үедээ усны сав, хуйлсан шоколадны цаасыг аваад явсан гэж хэлж байсан. Ингээд тухайн “У” гэх залууг дагуулж 10а байрны 11 давхараас 1 давхар хүртэл шатаар бууж шалгахад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй тул мөрдөгчийн тэмдэглэл үйлдэж анх “У”ын заасан газрыг 3 кадр гэрэл зургаар бэхжүүлэн авсан. “У”ыг цагдаагийн хэлтэс дээр дагуулж очиж, биед нь үзлэг хийх үед “У” нь сайн дураараа өөрийнхөө өмсөж явсан куртикны халааснаас цагаан өнгийн жижиг саванд хийсэн хатсан өвс, ургамал мэт зүйлийг гаргаж, “үүнийг хэрэглэж байсан юм аа” гэж хэлээд өгснийг тэмдэглэлд тусгаж, гэрчийн мэдүүлэг авч дараагийн дуудлагандаа явсан. Тухайн өдөр жижүүрт хамт гарч байсан эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Цагаанбаяр нь “У”аас биологийн дээж болох шээсийг тестийн саванд авч шалгаж, тэмдэглэл үйлдэж, материалд хавсаргасан гэжээ. (хэргийн 31-32 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1799  тоот дүгнэлтэд:

1 дүгээр асуултанд: Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.

2 болон 5 дугаар асуултанд: Ирүүлсэн “Ганбатын “У” РД:УУ95051935 гаргаж өгсөн өвс, 2018.01.30 00:40 цагт” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрч байна. “Ганбатын “У” РД:УУ95051935 гаргаж өгсөн өвс, 2018.01.30 00:40 цагт” гэсэн хаягтай шээснээс дельта 9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” –ийн жагсаалтанд багтдаг болно.

3 дугаар асуултанд: Шээснээс бүлгийн харьяалал тогтоох боломжгүй.

6 дугаар асуултанд: “Ганбатын “У” РД:УУ95051935 гаргаж өгсөн өвс, 2018.01.30 00:40 цагт” гэсэн хаягтай цагаан өнгийн хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин 33,0522 гр, цэвэр жин 10.5332 гр байна.

5 дугаар асуултанд. Энэ асуулт нь манай лабораторын тодорхойлох хүрээнд хамаарахгүй   гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас)

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 401  тоот дүгнэлтэд:

1. Г.”У” нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Г.”У” сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

3. Г.”У” нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Г.”У” нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэдэг нь утга нэг ойлголт бөгөөд Г.”У” нь сэтгэцэд нөлөөт эм, бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

6. Г.”У” нь сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Хэрвээ сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэж оношлогдвол Монгол улсад СЭМҮТ энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой болно.

7. Г.”У”т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ. (хэргийн 95-96 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасанд:

Г.”У” нь урьд ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 58 дугаар хуудас)

 

             ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.”У” нь 2017 оны 8 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамал 10 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж,

2017 оны 8 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49 дүгээр байрны 118 тоот гэртээ болон биедээ худалдаалах зорилогогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч С.”А”, Э.Цолмон, Н.Баярсайхан нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1799  тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан, Нийслэлийн прокурорын газраас Г.”У”т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

Иймд шүүгдэгчийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй. 

 

Гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын хүмүүнлэгийн сургуулийн санхүүгийн менежментийн 3 дугаар дамжаанд суралцдаг, гэртээ өвчний учир хөдөлмөрийн чадвараа алдсан ээжийгээ асардаг зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул уг бодисыг устгах нь зүйтэй.

 

Г.”У” нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч “У”ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.”У”ыг хорих ялыг оногдуулахгүйгээр  01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

            3. Г.”У”т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож,

    7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох  хязгаарлалтыг тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Г.”У” нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял  оногдуулахыг дурдсугай.

 

            5. Шүүгдэгч Г.”У” нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8.5 х 4.4 см хэмжээтэй хуванцар савтай, савны хамт 32.5 грамм /цэвэр жин 10 грамм/ бодис зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.”У”т хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН