| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2018/0074/Э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2018-06-15 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,
Хохирогч Н.Самбуудорж,
Иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайхан
Шүүгдэгч: Д.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон хул хонгор адуут овогт Доржготовын Пд холбогдох 1829000910064 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар агуулга /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.П нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газар 1607 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий 17-09 УНЦ улсын дугаартай Нордбенз маркийн хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь хэсэгт заасан” бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэl хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж иргэн Н.Самбуубатын амь насыг хохироож хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П: Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсонд харамсаж байна. Гэмшиж байна. Хохирогч тухайн үед согтуу байгаагүй байсан бол ийм зүйл болохгүй байсан байх гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Самбуудорж: Би 2010 оноос хойш том тэрэгтэй нүүрс тээвэрт явж байгаа болохоор Пд 100% буруу өгч чадахгүй байна. Би ч гэсэн машин бариад ухрахдаа анхаарал муутай ухардаг. Том тэрэгний жолооч болгон тиймэрхүү байдалтай ухардагийг би мэднэ. Тэгэхээр би түүнийг санаатай дайрсан гэж бодохгүй байна. Бид нарын дунд ямар нэгэн өс хонзонгийн зүйл байхгүй. Бие биенээ танихгүй. Тийм болохоор би одоо юу хэлэх вэ дээ. Хүний амийг үнэлж болох биш. Пд 100% буруу өгч чадахгүй байна. Хэдий хүний амь хохирсон ч гэсэн жолооч хүн ослыг гаргая гэж гаргадаггүй болохоор нэмж хэлэх зүйлгүй. Манай аав, ээж хоёр тахир дутуу хүмүүс байдаг. Ээж маань цус харвалт өгөөд 20 жил болж байна. 100 хувь хүний асаргаанд байдаг. Аав маань цус харвалт өгөөд 11 жил болж байгаа. Дүү маань аав, ээж хоёрт байшин барих гээд материалыг нь цуглуулаад бэлдэж байсан. Тэрийгээ хийж амжилгүй нас барчихлаа. Тэнд байшингийн материалууд нь ил байгаад байхаар сэтгэл санаа нь хямраад байдаг. Шүүгдэгч нь нэхэмжилсэн 30 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрвөл эцэг эх хоёрынхоо байшинг нь гүйцээж барьж өгч, сэтгэл санааг нь жоохон тайвшруулж өгье гэж бодож байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхбат: Би Птэй хамтарч ажиллаад 7, 8 жил болж байна. П бол үг дуу цөөтэй, манай компанийн тэргүүний жолооч нарын нэг. Болсон явдалд их харамсаж байгаа. Тухайн үед би ослын газарт очсон. Анхны дуудлагыг өгсөн. Уурхайн кемпийн эмчийг дуудаж, талийгаачид анхны тусламж үзүүлсэн. Нэхэмжилж байгаа мөнгийг шүүх яаж шийднэ, түүнийг нь л дагаж мөрдөнө гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Самбуудоржийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-41-р хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.Сүхбатын өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-54-р хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Даваанямын өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-57-р хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч М.Нямжавын өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №8 дугаартай цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-71-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №3835 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №3836 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд ирүүлсэн Н.Самбуубатын гэх цус нь О /l/ бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт /хх-ийн 75-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №4130 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №4129 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-р хуудас/
Автотээврийн үндэсний төв Өмнөговь аймгийн автотээврийхн төвийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №04/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 83-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 06-19-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/
Цогцос болон түүний өмсөж явсан хувцасанд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-30-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 34-р хуудас/,
Зам тээврийн ослыг бүрэлдэхүүнтэй тогтоосон дүгнэлт /хх-ийн 86-87-р хуудас/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 88-р хуудас/
Шүүгдэгч .Пийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106-р хуудас/
Шүүгдэгч Д.Пийн Монгол Улсын “Онц тээвэрчин” тэмдгийн үнэмлэх /хх-ийн 113-р хуудас/
Шүүгдэгч Д.Пийн нийгмийн даатгалын дэвтрийн болон хөдөлмөрийн гэрээ, ажилтны анкетын хуулбар, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний маягт /хх-ийн 115-122-р хуудас/
Хохирогч Н.Самбуудоржоос гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 141-209-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.П нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газар 1607 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий 17-09 УНЦ улсын дугаартай Нордбенз маркийн хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь хэсэгт заасан” бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж иргэн Н.Самбуубатын амь насыг хохироосон болох нь:
- гэрч Т.Сүхбатын: “... Дэмбээгийн машины ард байх хаягдсан дугуйн дээр нэг хүн хэвтэж байгаа харагдсан. Тэр үед Дэмбээ чиргүүлээ буруу талруугаа даялуулж машинаа ухрааж эхэлсэн. Би түүнийг харангуутаа өөрийнхөө машинаас буугаад Дэмбээд анхааруулж хэлэхээр наанаас нь гүйгээд машиных нь зөв талаар очиж явтал Дэмбээгийн машины чирэгчийн зөв талын хойд тэнхлэгийн давхар дугуй нь дугуйн дээр хээвтэж байсан хүний толгойн хэсэгт хүрч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54-р хуудас/
- гэрч А.Даваанямын: “...Ухарч байгаа машины жолооч ардаа байгаа дугуйн дээр хэвтэж байгаа хүнийг харахгүй байх шиг байхаар нь сигналаа хэд хэдэн удаа өгсөн боловч сонсоогүй бололтой ухарсан чигтээ явахаар нь би урдуур нь орох үед нөгөө машин гэнэт зогсонгоо эргээд урагшаа бага зэрэг хөдөлгөөн хийгээд зогссон. Нөгөө дугуйн дээр хэвтэж байсан хүн нөгөө л өмнөх байдлаараа дугуйн дээрээ хэвтэж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57-р хуудас/
- гэрч М.Нямжавын: “...Нас барсан хүн том машины хаягдсан дугуйн дээр хэвтээд унтаж байгаа мэт байсан. Дугуйны гол руу бөгсөн биеэ хийж, толгойгоороо дугуйг дэрлэсэн, нэг хөлөө нөгөө хөл дээгүүрээ давуулаад ачсан байдалтай дугуйн дээр байсан. Анх согтуу хүн унтаж байна гэж бодсон. Тэр хүнээс зүүн хойд чигт Пийн жолооддог манай компаний эзэмшлийн 17-09 УНЦ улсын дугаартай машин хойшоо чиглэж хараад зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/
- гэрч Н.Бат-Эрдэнийн: “...Мөнхбат менежер болон Нямжав бид 3 кемпийн гуанзны баруун талд очиход нэг хүн хаягдмал дугуйн дээр дээшээ хараад хэвтэж байсан. Тэр хүний хуйх, баруун чихнээс дагзруугаа, мөн оройн хэсэгрүүгээ урагдаж язран гавлын яс ил гарсан харагдаж байсан. Тэр хүний гарын хурууны үзүүрт пульс оксометрээ залгаж үзэхэд зүрхний цохилт мэдрэгдээгүй. Харин артерийн судсыг барьж үзэхэд маш бүдэг цохилох боловч амин үзүүлэлтүүд нь унасан, асуулт асуух, биед нь хүрэхэд ямар нэгэн хариу урвал үзүүлэхгүй, амьсгалахгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №8 дугаартай цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн: “Талийгаачид хоёр талын олон хавирганы хугарал, өвчүү, хамар, хоншоор, эрүү ясны хугарал, баруун хацар, шанаа, баруун мөр, бугалга, шуу, зүүн мөр, бугалга, шуу, цээж, ар нурууны зулгаралт. Цээж, хэвлий, зүүн бугалга, шуунд цус хуралт, баруун зулайн хуйхны шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын улмаас хэвтээ байрлалд автомашины дугуйнд дайрагдах үед үүссэн байх боломжтой. Талийгаач нь авто ослын улмаас хамар, хоншоор яс хугарч, амьсгалын зам цусаар бөглөрснөөс амьсгал бүтэж нас баржээ. Талийгаач нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шинжилгээнд ороход нас бараад 24 цагаас дээш болсон байна” гэх дүгнэлт /хх-ийн 70-71-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №3835 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд ирүүлсэн “Насанбаярын Самбуубат 33/эр 26/lll” гэж хаягласан цусанд 3.9 промилли, цөсөнд 4.2 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3,9 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 73-р хуудас/,
Автотээврийн үндэсний төв Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №04/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 83-р хуудас/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 06-19-р хуудас/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/
- Цогцос болон түүний өмсөж явсан хувцасанд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-30-р хуудас/
- Зам тээврийн ослыг бүрэлдэхүүнтэй тогтоосон дүгнэлт /хх-ийн 86-87-р хуудас/
- Хохирогч Н.Самбуудоржоос гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 141-209-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Энэхүү гэмт хэргийг үйлдсэн этгээд нь хохирол хор уршиг учрахыг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлддэг, гэм буруугийн болгоомжгүйн хэлбэртэй байдаг бөгөөд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам буюу шүүгдэгч Д.Пийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь хэсэгт заасан” бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөр гэмт хэргийн үйлдлийн шинж бүрдэх юм.
Хохирогчийн зүгээс талийгаач Н.Самбуубатын цусны бүлэг шинжилсэн дүгнэлтүүд зөрүүтэй байна гэх боловч хэрэгт авагдсан бусад баримтуудаар болон шүүгчдэгч өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлгээр гэмт үйлдэл, хохирол хор уршгийн шалтгаант холбоо хангалттай нотлогдоно гэж үзэв.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Д.П нь хохирогч Н.Самбуудоржид хавтаст хэргийн хүрээнд баримтаар нэхэмжилсэн 9 800 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогч сэтгэл санааны хохирол буюу талийгаач Н.Самбуубатын барьж байсан байшинд зарцуулах 30 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж байна.
Гэвч шүүхээс дээрх нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахад шаардах үндэслэлд хамаарахгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч Н.Самбуудорж нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг тайлбарлавал зохино.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Пд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохиргчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд уг гэмт хэргийн хариуцлага болох хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон бөгөөд шүүгдэгч тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн бөгөөд хохирогч ял шийтгэлийн хувьд гомдол саналгүй гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Пийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх буюу тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 17-09 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйнаас илрүүлж бэхжүүлж авсан 1 ширхэг арчдас, 3 ширхэг үсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон хул хонгор адуут овогт Доржготовын Пийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жил жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4, 4-т зааснаар ялтан Д.Пийг тэнссэн хугацаанд зан үйлээ засаж хөдөлмөрлөх дадал авах үүргийг тогтоож, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Пийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Самбуудорж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг арчдас, 3 ширхэг үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шүүгдэгч Д.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ялтанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА