Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024ДШМ/1002

 

 

 

 

    *****            9              03                                        *****/ДШМ/1002

 

С.*****ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аззаяа,

шүүгдэгч С.*****ын өмгөөлөгч Д.Оргил,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч М.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны ***** оны 7 дугаар сарын 03-ны өдрийн *****/ШЦТ/769 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.*****ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2406 00000 0136 дугаартай эрүүгийн хэргийг ***** оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

***** овгийн *****ын *****, ***** оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт *****тоотод оршин суух бүргэлтэй боловч *****тоотод оршин суух, /РД:*****/,

  • Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
  • Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ХМШЗ/66 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 564 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 70 хоногийн хорих ялаар сольсон;

С.***** нь ***** оны 01 дүгээр сарын *****-ний өдөр үүрийн 04 цагаас 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” нэртэй зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Б.*****той “Миний эмэгтэйг оролдлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр, цээж, биеийн бусад хэсэгт өшиглөх, дэвсэх, шулуун гэдэс рүү нь гадны биет чихэж оруулах зэргээр онц харгис хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь хэвлийн хөндий, аарцгийн хөндийн эрхтний ил гэмтэл, хэвлийн хөндий дэх цусан хураа, бүдүүн гэдэсний шарх, шулуун гэдэсний задрал, шулуун гэдэсний амсарт шарх, бага аарцгийн хөндий дэх гадны биет /хар өнгийн хуванцар/, дух, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, эрүү, цээж, баруун өвдөгт зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, зүүн бугалга, зүүн дал, баруун шуу, сарвуунд цус хуралт бүхий олон тооны гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: С.*****ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***** овогт *****ын *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “онц харгис хэрцгийгээр хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.*****ын цагдан хоригдсон 163 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолохоор,

Иргэний хуулийн 497.1 дэх 508 дугаар зүйлийн 508.1 дүгээр зүйл, 511 дүгээр зүйлийн 511.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*****аас 105.096.089 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*****д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэргийн газрын үзлэгээр хураан авсан цайвар ногоон өнгийн сойз -1 ширхэг, бариул хэсгийг шатааж, хайлуулсан сойз-1 ширхэг, хар өнгийн үүргэвчтэй цүнх-1 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, тамхины иш-5 ширхэг, “Jilette” гэсэн бичиглэлтэй, таггүй сахлын хөөс 1 ширхэг, саарал өнгөтэй дотуур өмд 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, ногоон өнгийн таг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

шүүгдэгч С.*****ад урьд авсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялын хугацааг ***** оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.***** давж заалдах гомдолдоо: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж, цаашид хорих ял эдэлж байх хугацаандаа ажил хөдөлмөр хийж, өөрийн нөөц бололцоо болон бусад байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүхээс тогтоосон 105.096.089 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Иймд би хорих ялын хугацаа биш зөвхөн дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгөөч гэж хүсэж байна. Учир нь би 36 настай, анх 2014 оноос элэгний “В” вирус, 2016-2017 оноос “D” вирус хавсарч, 2020 онд элэгний хатууралтай гэж оношлогдсон бөгөөд эм тарианы хэрэглээг тогтсон цаг хугацаанд эрэглэдэг. Мөн бага насны гурван охинтойгоо уулзаж, охидууддаа мартагдмааргүй байна. Иймд миний ял эдлэх хаалттай дэглэмийг нээлттэй болгож өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч С.*****ын өмгөөлөгч Д.Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.***** нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй. Хувийн байдлын хувьд, эрүүл мэндийн байдалы муу, элэгний В, C, D вирустэй, бага насны 3 охин хүүхэдтэй, төлбөрийн чадваргүй иргэн боловч өөрийн нөөц бололцоог ашиглан хохирол төлбөрт 7.000.000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс 15 жилийн хорих ял оногдуулж өгөхийг хүссэн ч анхан шатны шүүх 17 жилийн хорих ял оногдуулсан. Прокурор ялын саналдаа тус  ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр дурдсан. Хорих ялын дэглэмийг өөрчлөх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр бичсэн үйлчлүүлэгчийнхээ давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

Прокурор Д.Аззаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж, 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин таван жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ.” гэж тус тус заасан. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн,  мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгож оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгтний хувийн байдал, зүй зохистой байдалд нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно. Шүүгдэгч нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 17 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.***** нь ***** оны 01 дүгээр сарын *****-ний шөнийн 04 цагаас 06 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” нэртэй зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Б.*****той “Миний эмэгтэйг оролдлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр, цээж, биеийн бусад хэсэгт өшиглөх, дэвсэх, шулуун гэдэс рүү нь гадны биет чихэж оруулах зэргээр онц харгис хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь хэвлийн хөндий, аарцгийн хөндийн эрхтний ил гэмтэл, хэвлийн хөндий дэх цусан хураа, бүдүүн гэдэсний шарх, шулуун гэдэсний задрал, шулуун гэдэсний амсарт шарх, бага аарцгийн хөндий дэх гадны биет /хар өнгийн хуванцар/, дух, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, эрүү, цээж, баруун өвдөгт зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, зүүн бугалга, зүүн дал, баруун шуу, сарвуунд цус хуралт бүхий олон тооны гэмтэл учруулж алсан болох нь:

гэрч Ц.*****зовдын "...Би нэг ухаан орсон чинь нөгөө гурав гаднаас дахиад нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад ороод ирсэн. Тэр үед би өөрийнхөө гар утсыг хайсан чинь олдохгүй болохоор нь *****аас асуусан чинь чамайг өөрөө хүнтэй ярьж байгаад аваад үлдсэн гэж надад хэлсэн. Улмаар авч орж ирсэн архинаас дахиад ууж байгаад тасраад унтсан байсан. Тэгээд шөнө хэдэн цагийг нь мэдэхгүй, сэрсэн чинь “Болжмор” хоёр орны голд шалан дээр нуруу хэсэг нь цус болчихсон хэвтэж байсан, тэгэхээр нь би *****аас юу болсон талаар асуухад “Миний эхнэрээр оролдвол ийм л зүйл болно” гэж надад хэлсэн. Тэр үед Болжмор нь газар хэвтчихсэн, гар, хөл нь хөдөлж байсан юм. Гэхдээ надтай юм яриагүй. Тэгсэн чинь *****, ***** хоёр “Манай эгч залгаж байна очъё” гэж хэлэхээр нь би хамт буудлаас гарч явсан. Яг цагийг хэлж мэдэхгүй байна.

Бид гурав Хүнсний 4-н тэнд байдаг зочид буудалд очсон чинь нэг үл таних эмэгтэй байсан, бид нар тэнд 0.5 литрийн архи уусан, ямар архи байсныг мэдэхгүй байна. Тэгээд буцаад таксинд уугаад унтаж байсан буудалдаа очсон, буудал руу орохоос өмнө Цайзын автобусны ард талд байдаг Ванхүү гэх нэртэй хүнсний дэлгүүр орж 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад зочид буудал руу орсон. Тэр үед Болжмор анх гарахад хэвтэж байсан байрлалдаа хэвээрээ байж байсан. Бид гурав худалдаж авсан архиа ууж дуусгачхаад буцаад гарч яваад автобусанд суугаад явж байсан, би автобуснаас хэзээ, хэнтэй буусан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан хамгийн сүүлд Офицерын буудлаас автобусанд суугаад Хужирбуланд байдаг эгчийнд очсон. Тэрнээс хойш гэрээсээ гараагүй бөгөөд өнөөдөр Цагдаагийн алба хаагч нар очиж намайг авчирсан...” гэсэн /1хх 50-51/,

 

гэрч Ц.*****зовдын дахин өгсөн “...Бид нарыг буудлын өрөөндөө ороход талийгаач ***** яг урдын байдалтай хоёр орны дунд газарт хэвтсэн хэвээрээ байж байсан. Худалдаж авсан архийг *****, ***** бид гурав ууж байхад ***** аяганд архи хийгээд *****ийн ам руу бага, багаар хийсэн, би харахдаа талийгаач *****ийг бага зэрэг амьсгаатай өгсөн архийг нь ууж байна гэж харсан. Архи дуусаж унтахаар болоод *****, ***** хоёр том өргөн орон дээр би ганцаараа цонхон талын орон дээр унтахаар болоод би талийгаач ***** руу очоод “Орон дээр гараад унт” гэж хэлээд толгой хэсгээс нь өргөх гэтэл босохгүй, ямар нэгэн юм дугарахгүй болохоор нь тасарчихсан байна гэж бодоод өөрөө орон дээр очиж хэвтэж байгаад *****, ***** бид гурав гарч яваад "Асайт" худалдааны төвийн урд талаас автобусанд суугаад 2-3 буудал яваад *****, ***** хоёр буусан, би тэндээс Хужирбулан руу эгчийнхээ гэр лүү явсан...” гэсэн /1хх 146-148/,

Э.*****гийн сэжигтнээр өгсөн “...Би шөнө /цагийг нь огт хэлж мэдэхгүй байна гэх/ сэрэхэд миний өмдийг өвдөг хүртэл тайлаад Болжмор нь өөрийнхөө өмдийг бас хагас тайлчихсан миний дээр гарчихсан байхаар нь *****ыг сэрээгээд “Болжмор миний өмдийг тайлаад дээр гарчихсан байна, хажуудахаа харж чаддаггүй юм уу” гэж хэлсэн чинь Болжмор миний дээрээс босоод газар хэвтэж ***** нь Болжмор руу уурлаад “Миний эмэгтэйг яагаад оролддог юм бэ” гэж хэлээд хоорондоо маргалдсан, Болжморыг газар хэвтчихсэн өмд нь хагас тайлагдсан байсан чинь ***** бид нарын уусан Хараа архины шилний амсар хэсгийг бөгс рүү нь хийгээд архины шилний ардаас нь 2-3 удаа өшиглөөд тамхи асаагаад татаж байгаад Болжморын нүүрэн дээр нь унтраасан мөн дээрээс нь хөлөөрөө дэвсээд өшиглөөд байсан, тэр үед ***** хар өнгийн үдээстэй гуталтай байсан юм. Архины шилийг буцаж сугалж авсан талаар бол би мэдэхгүй байна. Би дундуур нь орж салгаад *****ыг хажуудаа хэвтүүлсэн...” гэсэн /1хх 94-95/,

Э.*****гийн гэрчээр өгсөн “...Бид 3-ыг өрөөнд ороход амь хохирогч газарт хэвтэж байсан, бид нар шууд унтаад өглөө 09 цаг болж байхад сэрээд С.*****, Ц.*****зовд бид 3 хамт буудлаас гарч автобусанд суугаад С.***** бид хоёр замдаа бууж Монтел орж үргэлжлүүлэн архи уусан, Ц.*****зовд автобуснаас буугаагүй тэр чигтээ явсан. ...С.***** архины шил аваад амь хохирогч *****ийн бөгс рүү чихээд нэг удаа өшиглөхөөр нь би цаашаа хараад хувцсаа өмсөөд бие засах өрөө орсон Мөн С.***** тамхи татаж байгаад би тамхиа нүүрэн дээр чинь унтраана гэж хэлж байсан, гэхдээ яг унтраасан эсэхийг нь хараагүй. Тэр үед Ц.*****зовд унтаж байсан сэрээгүй. ...1 удаа өшиглөж байхыг нь харсан, дараа нь өшиглөх чимээ 2 удаа сонсогдсон болохоор эхний мэдүүлэгтээ 2-3 гэж хэлсэн. ...Тэр хоёр хоорондоо маргалдаж, зодолдоогүй...” гэсэн мэдүүлгүүд /1хх 155-156/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын ***** оны 02 дугаар сарын 15-ны өдрийн цогцост хийсэн 583 дугаар “...талийгаач Б.*****ийн цогцост хэвлийн хөндий, аарцгийн хөндийн эрхтний ил гэмтэл, хэвлийн хөндий дэх цусан хураа, бүдүүн гэдэсний шарх, шулуун гэдэсний задрал, шулуун гэдэсний амсарт шарх, бага аарцгийн хөндий дэх гадны биет/хар өнгийн хуванцар/, дух, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, эрүү, цээж, баруун өвдөгт зулгаралт. Зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, зүүн дал, баруун шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн унах, цохих, цохигдох чихэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна, дух, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, эрүү, цээж, баруун өвдөгт зулгаралт. Зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, зүүн дал, баруун шуу, сарвуунд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид үүссэн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.Талийгаач Б.***** нь ходоодны архаг үрэвсэл өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргэхгүй. Талийгаачийн цусанд 3,4 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байна. Талийгаач нь хэвлийн хөндий, аарцгийн хөндийн эрхтний ил гэмтэл, хэвлийн хөндий дэх цусан хураа, бүдүүн гэдэсний шарх, шулуун гэдэсний задрал, шулуун гэдэсний амсарт шарх хавсарсан хүнд гэмтлээр нас баржээ. Талийгаачийн цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна. Талийгаач Б.*****ийн шулуун гэдэснээс авсан арчдас наалдацнаас эр бэлгийн эс илрээгүй. Талийгаачийн цогцост ***** оны 01 дүгээр сарын *****-ний өдрийн 15 цаг 40 минутад үзлэг хийхэд нас бараад 9-11 цаг орчим болсон байна...” гэсэн дүгнэлт /1хх 185-186/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн ***** оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 1855, 1857, ***** оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/045, ***** оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1140, ***** оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 583, ***** оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1556 дугаартай дүгнэлтүүд /1хх 60-68, 87, 69-83, 170, 186, 2хх 195-197/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн ДНХ-ийн шинжээчийн дүгнэлт /1хх 161/, Шүүх сэтгэц эмгэг судлалын ***** оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 232 дугаартай дүгнэлт /1хх 197/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 8-15/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 16-22/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 57-63/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч С.*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.*****ын “Миний эмэгтэйг оролдлоо” гэх шалтгаанаар Б.*****той маргалдаж, улмаар түүний нүүр, цээж, биеийн бусад хэсэгт өшиглөх, дэвсэх, шулуун гэдэс рүү нь гадны биет чихэж оруулах зэргээр онц харгис хэрцгийгээр зодож, олон тооны гэмтэл учруулж алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч С.***** “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлыг бүрэн төлж барагдуулах болно. Эрүүл мэндийн байдлыг минь харгалзан, хүүхдүүдтэйгээ уулзах боломжоор хангаж хорих байгууллагын дэглэмийг нээлттэй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх С.*****ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнд 17 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорих байгууллагын дэглэмийг өөрчлөх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “Иргэний хуулийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дүгээр зүйл” гэж тус тус техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх дурдсан өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч С.*****ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч С.*****ыг шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***** оны 7 дугаар сарын 03-ны өдрийн *****/ШЦТ/769 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Иргэний хуулийн 497.1 дэх...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг...” гэж өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.*****ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*****ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ