| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00266/И |
| Дугаар | 315/ШШ2025/00232 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 315/ШШ2025/00232
2025 07 24 315/ШШ2025/00232
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 7 дугаар хороо, ******* холдингийн байр ******* тоотод байрлах, утас *******2, ******* ХХК-ийн
Хариуцагч: ******* аймгийн Баруун-Урт сум, (РД:*******) утас *******, ******* ******* холбогдох
ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 12,466,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ******* эмнэлэг зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал хүргүүлснийг үндэслэн "******* эмнэлгийн их засварын хэмжилтийн зураг, төсөв боловсруулах гэрээ"-г 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан. Тус гэрээний дагуу дээврийн ажлыг гүйцэтгэх зардлын төсвийг боловсруулж 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаар тушаалаар батлагдсан жишиг үнийг үндэслэн 12,000,000 төгрөгийн хөлстэй байхаар тохирсон.
Иймд гэрээний 4.3-т заасны дагуу алданги тооцохоор тохирсон. Энэхүү заалтаар хариуцагч ажлын үр дүнг хүлээн авснаас хойш 389 хоног хэтэрсэн бөгөөд хоног тутамд 0.1 хувиар тооцож (өдрийн 1,200 төгрөг) 466,800 төгрөгийн алданги тооцож байна. Гэрээний үндсэн үүрэгт 12,000,000 төгрөг, алданги 466,800 төгрөг, нийт 12,466,800 төгрөгийг ******* аймгийн ******* эмнэлгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* эмнэлэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* эмнэлгийн их засварын хэмжилтийн зураг төсөв боловсруулах гэрээг 2024 оны 04 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан. Зураг төсөв хийлгэсний дараа Аймгийн засаг даргын тамгын газрын барилга хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн холбогдож зураг төслийг давхардуулан хийлгэсэн гэх шалтгаанаар дээрх зураг төсвийг хүлээж авахгүй гэсэн. ******* эмнэлгийн хувьд зураг төсөв давхардсан эсэхийг мэдээгүй, хэрэв урьд нь зураг төсөв хийгдсэн байсан бол зураг төсвийг давхардуулан хийлгэхгүй байсан. Иймээс тус компанитай хийгдсэн гэрээний дагуу зураг төсвийн мөнгийг төлөхийг зөвшөөрч байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 12,466,800 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,419 төгрөгийн тал хувь 107,209.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 107,209.5 төгрөгийг хариуцагч ******* эмнэлгээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 12,466,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* эмнэлэг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,419 төгрөгийн тал хувь 107,209.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 107,209.5 төгрөгийг хариуцагч ******* эмнэлгээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА