| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00179/И |
| Дугаар | 315/ШШ2025/00244 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 315/ШШ2025/00244
2025 07 28 315/ШШ2025/00244
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багт оршин суух, утас *******, ******* *******,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод байрлах, утас *******, ******* ******* ХХК-д холбогдох
үлдэгдэл цалин 2,600,000 (хоёр сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05-р сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс ачаанд орж, тээвэр хийж эхэлсэн бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр машиныг нь хүлээлгэн өгч ажлаас гарсан байдаг. Энэ хугацаанд нийт 10 ресс хийсэн, 10 рессийн нийт 4,000,000 төгрөг, 20 хоног ажилласны 1,000,000 төгрөгийг тухайн компаниас авах байтал надад нийт 2,400,000 төгрөг олгосон. Үлдэгдэл цалин болох 2,600,000 төгрөгийг удахгүй өгнө гэсээр одоог хүртэл өгөөгүй. Иймд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу тус хороо 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, "******* *******" ХХК нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж, иргэн ******* амласан цалин хөлсийг нь олгоогүй хохироосон нь тогтоогдож байна. Ажлын 10 хоногт багтааж олгох ёстой ажилласан хоногийн цалинг бүрэн барагдуулж гомдолгүй болгох шийдвэрийг гаргасан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл дээрх төлбөрийг төлөөгүй тул ******* ******* ХХК-аас үлдэгдэл цалин 2,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ******* ХХК-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан үлдэгдэл цалин 2,600,000 (хоёр сая зургаан зуун мянга) төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,550 төгрөгийн тал хувь 28,275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 28,275 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* үлдэгдэл цалин 2,600,000 (хоёр сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ХХК нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,550 төгрөгийн тал хувь 28,275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 28,275 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА