| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2018/0081/Э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Ү.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Бад холбогдох 1829001130078 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ү.Б нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнө Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг нүүрс тээврийн засмал замын 45 дахь км-т гэр гуанзанд В.Должинсүрэнтэй хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Б хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч В.Должинсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Уранбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №295 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
- Шүүгдэгч Ү.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33, 48-р хуудас/,
- Шүүгдэгч Ү.Бын оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 50, 51-р хуудас/,
- Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолт /хх-ийн 53-р хуудас/ ,
- Шүүгдэгч Ү.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р хуудас/,
- Шүүгдэгч Ү.Бын хохирол төлсөн баримт /хх-ийн 57-р хуудас/,
- Хохирогч В.Должинсүрэнгийн “Миний нэхэмжилсэн 250 000 төгрөгийг өгч, хохирол барагдуулсан нь үнэн” гэх хүсэлт /хх-ийн 59-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Ү.Бад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, ердийн журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Ү.Б нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнө Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг нүүрс тээврийн засмал замын 45 дахь км-т гэр гуанзанд В.Должинсүрэнтэй хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч В.Должинсүрэнгийн: “..Би машиныг нь тойрч очоод чи өөрийнхөө эх шиг хүнийг юу гээд байгаа юм гэж хэлээд мөр рүү нь цохиод авсан чинь нөгөө хүүхэн машинаас бууж ирээд намайг үсдэж дараад чирээд гэр рүү оруулсан. Тэгээд гэрт ороод үснээс зулгаагаад байж байтал араас нь хамт явсан хүүхэн орж ирээд боль чи арай дэндэж байна гэсэн чинь нөгөө хүүхэн миний үснээс тавьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
Гэрч Л.Уранбаярын: “...Тэгээд бид 2 цаашаа хөдлөөд гэрийнх нь урдуур эргэсэн чинь шуудуу байхаар нь буцаад гэрийнх нь үүдээр гарахад нөгөө эмэгтэй хаалгаар шагайгаад утсаар ярьж гарч ирээд чи пизда согтуу юм уу гэхэд нь Б “солиороод бай авгай минь, чи өөрөө согтуу юм уу” гээд Бын машины цонхон дээр 2 цохиод авах шиг болсон. Б машинаас буугаад нөгөө хүүхнийг үсдэж чирээд гэр лүү нь орохоор нь би араас нь Быг боль гээд болиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №295 дугаартай шинжээчийн: В.Должинсүрэнгийн биед тархины доргилт, баруун бугалга, нурууны баруун, зүүн хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/,
- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирогч В.Должинсүрэн нь Миний нэхэмжилсэн 250 000 төгрөгийг өгч, хохирол барагдуулсан нь үнэн” гэх хүсэлт /хх-ийн 59-р хуудас/ гэсэн тул шүүгдэгч Ү.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Ү.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Мөн түүнчлэн тухайн хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогчийн зүй бус үйлдлээс буюу хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэсэн үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу хөнгөрүүлэн үзэх нөхцөлд тооцлоо.
Шүүгдэгч Ү.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзаад прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.
Шүүгдэгч Ү.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжууд овогт Үүрийнтуяагийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Быг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Бад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын төлөхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ү.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.37 дугаар зүйлийн 37.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА