Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 309/ШШ2025/00953

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.******* даргалж, шүүгч Г.Намуунтуяа, Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******ы *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ын *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Сэтгэцэд учирсан хохиролд 15,173,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Наранбаяр

Хариуцагч Б.*******

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Иргэдийн төлөөлөгч Т.Отгонгэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан сэтгэцэд учирсан хохиролд 15,173,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Дорнод аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд номын санч, бичиг хэргийн ажилтнаар ажилладаг. 2024 оны 05 сарын 03-ны орой ажил тараад хамт ажилладаг багш Д.Цэгмэдийн нөхөр *******ийн жолоодож явсан машинд сууж ******* сумаас Чойбалсан хот руу явах замд Хэрлэн сумын 3 дугаар багийн нутагт автын осолд өртсөн. Тухайн үед бид төв замаар баруунаас зүүн тийш зорчиж явсан бөгөөд туслах замаас төв замд нийлсэн ******* ДОУ улсын дугаартай, приус-30 маркийн авто машинтай мөргөлдөж осол гарсан. Ослын хэрэг эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж, туслах замаас нийлсэн машины жолооч Б.*******ын буруугаас зам тээврийн осол гарсныг тогтоож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Шинжээчийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 259 тоот дүгнэлтээр миний биед сээрний 7,8-р нугаламын шахагдсан хугарал, тархи доргилт, дух, эрүүний зүүн булангийн зулгаралт, зүүн зулайн оройн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун шилбэний цус хуралт болон зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон. Ослын дараа БОЭТөвд анхны тусламж авч гэртээ буцсан боловч өглөө нь бие муудаж түргэн тусламжаар эмнэлэгт ирсэн. 2024 оны 05 сарын 04-ний өдрөөс БОЭтөвд хэвтсэн. Улаанбаатар хотод томограф хийлгэх шаардлагатай гэсэн учир Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2024 оны 05 сарын 09-өөс 2024 оны 05 сарын 13-ны өдрийн хооронд 5 хоног хэвтсэн. Энэ үед сээр нурууны 7,8-р үе хугарсныг мэдсэн. Азаар хугарал нь нугас руугаа биш гадагшаа учир хагалгаанд орох шаардлагагүй, хэвтрийн дэглэм барьж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн хариутай ирсэн. Нийтдээ сар орчим хэвтрийн байдалтай байсан. Энэ хугацаанд босож бие засаж чадахгүй, байнгын огилттой, хоолны дуршилгүй, байнгын нойргүйдэлтэй маш хүнд нөхцөлтэй байсан. Одоог хүртэл гадуур эмчлүүлж байгаа. Арай гэж хөл дээрээ босоод Шони мед эмнэлэгт нурууны зураг авахуулахад нуруу бүрэн бороолоогүй гам барих шаардлагатай болсон. Дээрх зовуурь хэвээр байсан учир Итгэлт Ивээлт эмнэлэгт 2024 оны 06 сарын 12-оос 2024 оны 06 сарын 19-ний хооронд 7 хоног орчим хэвтэн эмчлүүлсэн боловч нойргүйдэл, хүний асаргаанд хэвээр байсан. Эм тарианы хордлоготой байсан учир хэсэг хугацаанд эмчилгээг завсарласны дараа 2024 оны 07 сарын 30-нд дахин Шони мед эмнэлэгт үзүүлж, ослын улмаас үүдсэн архаг нойргүйдэл, архаг стресс, сэтгэл санааны хямралын эсрэг өдрийн эмчилгээ хийлгэсэн. 2024 оны 08 сарын 22-нд Улаанбаатар хот руу явж ГССҮТөвд хяналтын үзлэг, шинжилгээнд орсон. Үзлэг шинжилгээгээр гэмтэл бороолсон, цаашид үргэлжлүүлэн гам барих, хэсэг хугацааны дараа сэргээн засах эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн. Одоо ч гэсэн нойр муутай, ажлын ачаалал даах чадваргүй, хүнд юм өргөж болохгүй, нойргүйдлийн эсрэг эм уусан байдалтай байна.

Надад 2024 оны 04 сарын 18-ны өдөр БНСУ-ын виз гарсан. Би 05 дугаар сард ажлаа хүлээлгэн өгөхөөр төлөвлөж, 06 дугаар сарын 07-нд БНСУ руу нисэхээр онгоцны тийзээ авсан байсан. БНСУ руу явах зорилгоор 9,500,000 төгрөгийн цалингийн зээл авсан байсан. Гэвч осолд орсноор зээлээ төлөвлөгөөний дагуу өөртөө эдийн засгийн ашигтай байдлаар зарцуулах боломжгүй болж эмчилгээний зардал, зээлийн эргэн төлөлт, ахуйн хэрэглээндээ зарцуулж дуусгасан. 2024 оны 05 сарын 04-өөс 2024 оны 09 сарын 01-ийг хүртэл ажлаа хийх боломжгүй хүний асаргаа сувилгаанд байсан. Энэ хугацаанд байгууллагаас 2024 оны 06 сарын 03-аас ээлжийн амралт олгож, 07 сарын 23-аас 09 сарын 01-ийг хүртэл цалингүй чөлөө олгосон. Мөнгөгүй болж цалингийн зээлээ төлөхийн тулд 09 сарын 01-ээс ажилдаа орсон боловч нойргүйдлийн улмаас байнга ажлаасаа хоцордог болсон. Дээрх бүх эмчилгээ, замын зардал, хоол хүнс, бөө лам гээд маш их зардал гарсан. Өөрийн дансанд байсан мөнгөнөөс 5,192,290 төгрөгийг зарцуулсан. БНСУ руу явах онгоцны тийзээ 2 удаа сунгаж, визний хугацаа дууссан учир бүр мөсөн цуцалсан. Би 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Энэ бүхэн бидний амьдралд маш их хүнд тусаж байна.

2024 оны 05 сарын 03-ны өглөө би Солонгос явж ажил амьдралаа дээшлүүлэх төлөвлөгөөтэй, эрүүл саруул, ажил хөдөлмөр эрхлэх чадвартай, сэтгэл дүүрэн аз жаргалтай хүн байсан бол орой нь осолд орсноор нуруундаа гэмтэлтэй, байнга өвдөлт мэдэрсэн, эмнэлгээр явсан, өр зээлийн дарамттай, ар гэр үр хүүхдээ ч анхаарч чадахгүй, ажил төрлөө хийж чадахгүй, амьдралын баяр баясгалангүй нэгэн болж хувираад байна. Б.******* нь гэм буруугаа ухамсарлан ойлгоогүй, миний хохирлыг бүрэн төлөөгүй. Надад 1,000,000 төгрөг өгснөөс өөрөөр тусалсан зүйл байхгүй. Анхан шатны шүүхээс “шинжээчийн дүгнэлтээр сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагатай” гэх шалтгаанаар сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний журмаар жич шийдвэрлүүлэхээр орхисон. Иймд миний сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497.1, 511.3, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 сарын 31-нйи өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад заасан хүснэгт, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 тоот тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын хүснэгт 1-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлж 15,173,400 төгрөгөөр тогтоон гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ******* сумаас аймгийн төв рүү орох замдаа машины осолд орсон. Нурууны 7,8 дугаар үеийн хугаралтай гэж оношлогдон 1 сар дэглэм барьж хэвтсэн. Энэ үед миний биеийн байдал маш хүнд гуурсаар хоол иддэг, бие засах чадваргүй, өөрөө хоолоо идэх чадваргүй байнгын хүний асаргаанд байсан. 2025 оны 9 дүгээр сарын 01-ээс ажлын байрандаа очсон ба ажиллах чадвар маань өмнөхөөсөө буурсан. Энэ ослын улмаас үүссэн гэмтэл, эрүүл мэндийн асуудлаас болж ажлаа хэвийн гүйцэтгэхэд хүндрэлтэй буюу маш их ядралтай, ажил хийх чадвар муудаж ажлаасаа байнга чөлөө авах зэрэг асуудлууд үүсэж байгууллагын зүгээс байнга чөлөө авч, төрийн ажил алдууллаа гэх болсон учир ажлаасаа гарах болсон. Нэг хүний буруутай үйлдлээс болж би эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирсон. Хэрэв би эрүүл мэндээрээ хохироогүй байсан бол Солонгос руу явж миний амьдралын нөхцөл сайжирсан байх байлаа. Хариуцагчийн хувьд миний эрүүл мэндэд ийм хохирол учруулсан байж миний биеийн байдлыг асууж байгаагүй бөгөөд энэ үйлдэлдээ харамссан зүйл ажиглагдаагүй. Харин ч миний хаагуур юу хийж явааг судалж зураг дарж цуглуулсан байна. Намайг энэ хугацаанд хөл дээрээ босохын тулд юу туулж, ямар хүнд байсныг ойлгохгүй байна. Нэг л удаа намайг ослын дараа эмнэлэгт ямар байдалтай байсныг өөрөө очиж харж байсан. Миний нэхэмжлэл гаргах болсон шалтгаан бол би эрүүл мэнд, эдийн засгаар маш их хохирсон бөгөөд өнөөдөр ч гэсэн би мэдрэлд үзүүлэх гээд цаг авчихаад байж байна. Сүүлийн үед 1 сар шилэн хүзүүгээр хөшиж өвдөж эхэлсэн учир өнөөдөр хүртэл мэдрэлд үзүүлэх гээд цаг авчихаад байж байна. Би өөрөө физик эмчилгээний арга зүйч мэргэжилтэй бөгөөд нурууны хугаралаас үүдэлтэй байх магадлалтай. Долоо хоногт 2 удаа толгой асар их өвдөж 1-3 эм ууж байж намддаг. Би өвдлөө гээд хэвтээд байдаггүй өөрийгөө ялан дийлж нийгэмших гээд явж байгааа гэдгийг хэлмээр байна. Сэтгэл санааны хохирол тогтоолгохоор Улаанбаатар хот руу шинжилгээнд яваад ирэх үед замдаа маш их айдастай явсан. Хэдий ослоос хойш цаг хугацаа өнгөрсөн боловч бас л айдастай байдаг. Цаашдаа ямар үр дагавар гарахыг хэлж мэдэхгүй байна. Дахин ажил хийлээ гэхэд бас л хүнд зүйл өргөж болохгүй маш их ядралтай байна. Ослоос шалтгаалсан эмгэг бол ханиадтай адил биш бөгөөд бага багаар цаг хугацааны эрхээр эдгэх магадлалтай гэж эмч хэлсэн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Наранбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ж.******* нь 2024 оны 05 сарын 03-ны өдөр Мөнгөнсүх гэх хүний машинд дайгдан аймгийн төв рүү явж байх замд хариуцагч Б.*******ын жолоодож явсан машинтай мөргөлдөж осол гарсан байдаг. Энэ хэргийг эрүүгийн журмаар шалгаж Б.*******ыг гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол гарсан. Ж.*******т сээрний 7, 8 дугаар нугалмын үе шахагдаж хугарсан гол гэмтэл учирсан байсан. Үүнээс үүдэн тархи доргилт, няцрал, цус хуралт гэх зэрэг жижиг хэмжээний гэмтлүүд гарсан. Монгол Улсын Дээд шүүхийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8-д шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, гэм буруу учруулагчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдлыг харгалзан үзнэ гэсэн албан ёсны тайлбар байдаг. Үүнтэй хамааралтай нөхцөл байдлуудыг харвал эрүүл мэндийн хохирлын хувьд тухайн өдрөө эмнэлэгт хүргэгдээд гэртээ ажиглаж бай гэж буцаасан боловч бөөлжиж биеийн байдал нь хүндэрсэн учир онош тодруулах шаардлагатай болж томограф хийлгэхээр эмчийн бичигтэй гэмтэл согог руу явуулсан байдаг. Ингээд гэмтлийн эмнэлэг дээр нийт 5 хоног хэвтсэн бөгөөд энд сээрний 7, 8 дугаар үе хугарсныг оношлуулсан. Эмнэлгийн зүгээс хэвтрийн дэглэм барьж бороолуулах шаардлагатай гэсэн хариутай ирсэн. Ингээд энэ хүн бүтэн 1 сарын хугацаанд ээжээрээ асруулж хэвтрийн дэглэмтэй байсан. Энэ үед нэхэмжлэгчид хамгийн хүнд үе байсан бөгөөд үүнийг хариуцагч нь төдийлөн ойлгохгүй байна. Үүний дараа хэвтрийн дэглэм дуусаад урт хугацаанд гадуур эмчилгээ хийлгэсэн. Эмчийн зүгээс бороолуулах шаардлагатай гэсэн зөвлөгөө өгсөн учраас нэхэмжлэгч нь “Итгэл- ивээлт” эмнэлэгт 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн. Дараа нь 07 дугаар сарын 30-ны өдөр дахин SHONY MED эмнэлэгтархаг нойргүйдэл, сстресс, сэтгэл санааны хямралын өдрийн эмчилгээ, 2025 оны 8 сарын 22-нд Улаанбаатар хот руу явж Гэмтлийн эмнэлгийн хяналтын үзлэгт орсон. Сэтгэцийн хор уршгийн хувьд гэмтлээс үүдсэн өвдөлт, зовлонг мэдрэх гэдэг хамгийн хүнд юм. Осол болохын өмнө ажил хийхээр Солонгос руу явах виз нь гарчихсан, тийзээ захиалчихсан байсан боловч хариуцагчийн буруугаас болж нэхэмжлэгчийн амьдрал орвонгоороо эргэсэн. Өр зээлийн дарамттай, хүүхдүүддээ ч анхаарал тавьж, ажил хийж чадахгүй болсон. Нэгдүгээрт, Солонгос явах боломжгүй болсон учир онгоцны тийзээ буцааж, Солонгос явахын тулд 9,500,000 төгрөгийн цалингийн зээл авсан байсан боловч ослын улмаас авсан зээлээ эмчилгээндээ зарцуулаад дууссан. Ингэснээр Ж.*******ийн хувьд эдийн засгийн маш том дарамтад орсон. Нөгөө талаар 2024 оны 05 сарын 04-ний өдрөөс 2024 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл ажлаа хийх боломжгүй байсан. Ажилдаа орсноос хойш ажиллаж байх хугацаанд хуулийн байгууллагаар явах, эмнэлэгт үзүүлэх, лам бөө зэрэг шалтгаанаар аймгийн төв рүү байнга явж байсан учир маш их зардал гарсан. Өөрийн дансанд байсан мөнгөнөөс 5,192,000 төгрөг зарцуулсан байдаг. Мөн нэхэмжлэгч нь 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй учир энэ бүх асуудлыг зохицуулахад нөхрийн дэмжлэг байхгүй маш хүндээр туссан гэдэг. Хариуцагч Б.*******ын гаргаж байгаа хандлагад нэхэмжлэгчийн зүгээс маш гомдолтой байдаг юм билээ. Тухайн осол болох үед Ж.*******ийг ослын газар дээр машинаас гарч чадахгүй байхад Б.******* болон эхнэр нь энэ хүнийг загнаад байсан гэдэг. Мөн осолд орсноос хойш 1 сарын хугацаанд хэвтрийн дэглэмтэй, олон сараар эмнэлгээр явж байхад ямар ч мөнгө өгөөгүй байж шүүх хурал нь болох үед ял бага авахын тулд 1,000,000 төгрөг өгсөнд нь их гомдолтой байдаг. Хариуцагч нь хариу тайлбартаа төлбөрийн чадваргүй гэсэн тайлбар гаргадаг боловч үүнийг нотлох баримт байхгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч нь 3,000,000 төгрөгөөр торгуулсан байдаг ба үүнийгээ 5 сарын хугацаанд хувааж буюу сард 300,000 төгрөгөөр төлдөг. Шийтгэх тогтоолоор хохирогч нарт нийт 2,286,362 төгрөгийг төлөөд, үүнээс Ж.*******т 784,900 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байгаа зэргийг харахад энэ хүний ажил амьдрал нь хэвийн харагдаж байна. Үүнийг хохирогчийн амьдралтай харьцуулж үзэхэд энэ хэргээс болж үүссэн өөрчлөлт нөхцөл байдал хохирогчийн хувьд хамаагүй хүнд байгаа юм.  Эцэст нь энэ хүний ажлаас гарсан нь шууд холбоогүй ч гэсэн эрүүл мэндийн байдлаас болж байнгын чөлөө авах ажилдаа төвлөрч чадахгүй байх байдалтай дам холбоотой юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас багасгах боломжгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн боловч тухайн гэмтэл учрах үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нэхэмжилж байгаа гэв.

2. Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн материалд шүүхийн шийтгэх тогтоолоос өөр баримт ирээгүй байна. Миний гол буруутай үйлдэл байдаг ч өөрийнх нь сууж явсан машины жолооч хэт анхаарал болгоомжгүй явж, аюул тохиолдсон үед хурдыг хасах, зогсох хүртэл арга хэмжээ авах байтал аваагүй буруутай байсныг цагдаагийн газар хэрэг шалгах явцдаа тогтоосон байсан. Гэвч гол буруутай гэсэн учир би буруугаа зөвшөөрсөн. Нэгэнт анхан шатны эрүүгийн шүүх хурлаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн учир дүгнэлтийг гаргуулах ёстой болов уу гэж бодож байна.

Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Осол гарсны улмаас хохирогч нарт хохирол төлбөртэй, торгуулийн ялаа төлдөг. Гэрийн дотор ажил хийдэг хүн би ганцаараа. 2-4 насны хүүхдүүдтэй, эхнэр хүүхдүүдээ хараад ажилгүй байдаг. Мөн их хэмжээний зээл, зээлийн хүү гээд сард 1,083,000 төгрөг төлдөг. Ажлын байрны түрээсэнд сард 510,000 төгрөг төлдөг. Хохирол төлбөр барагдуулахын тулд хувь хүнээс мөнгө зээлсэн ба хүүтэй төлдөг. Миний амьдралын нөхцөл байдлыг харгалзан сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг багаар тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.   

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь бас хэтэрхий нэг талыг барьж намайг гүтгээд байна. Тухайн үед би машиндаа ганцаараа явж байсан. Тэр үед бүгд л тулгамдаж сандарсан байсан учир жолооч нь Ж.*******ийг гаргасан байсан. Цагдаа, эмнэлэгийг би дуудсан. Ослын дараа гэртээ хэвтэж байхад нь нэг удаа очиж эргэж уулзсан.  Энэ хүнтэй 2-3 удаа уулзсан. Хохирол төлбөр төлөөгүй шалтгаан бол шийдэгдээгүй маргаантай буюу миний буруу мөн эсэх нь тогтоогдоогүй байсан учир шууд мөнгө төгрөг өгөх боломжгүй байсан. Нөгөө жолоочийн буруутай үйлдэл бас байсан ч гэсэн гол буруутай үйлдэл гаргасан нь би байсан учир хариуцлагаа хүлээсэн. Миний хувьд энэ ослын улмаас санхүүгийн хувьд хүндрэлтэй болсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын дүнг багасгах хүсэлтэй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлага бол хохирогч гэмт хэргийн улмаас сэтгэл санаанд учирсан хохирлоо нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор гаргуулсан шинжээчийн дүгнэлт нь анхан шатны шүүх хурал дээр ярьж байсан тэр л хэмжээний байгаа. Би энэ хүний эрх ашгийг хамгаалж байгаа өмгөөлөгчийн хувьд сая ярьсан зүйлд үнэн зүйл байна гэж үзэж байна. Хариуцагчийн хувьд 2 хүүхэдтэй, өндөр настай хүмүүстэй амьдардаг, үсчингээр ажиллахад орлого орох үедээ ордог, орохгүй үед түрээсээ ч төлөх боломжгүй үе байдаг. Хохирогчийн хувьд гомдолтой байгааг ойлгож байгаа. Гэхдээ эдгэрлийн хувьд залуу хүн учраас хурдан түргэн эдгэрэх боломж байгаа. Үнэхээр хүнд байсан бол тухайн үедээ гэртээ хэвтрийн дэглэм барихаас илүүтэй эмнэлэгт эмчилгээ хийх шаардлага гарах байх. Их ноцтой биш учраас гэртээ дэглэм барихыг зөвлөсөн гэж бодож байна. Ж.*******ийн эрүүгийн шүүх хурал дээр гаргаж байсан зардлын тооцоог харахад нийтдээ 3,000,000 арай хүрэхгүй тооцоо гаргаж өгч байсан ба шүүхээс зарим хасах зардлуудыг хасаж шийдвэрлэж байсан. Хариуцагчийн хувьд ганц Ж.*******т хохирол учруулаагүй бөгөөд түүнээс гадна 3 хүнд хохирол учруулсан учраас өөрт нь мөн сэтгэл санааны хувьд хэцүү байгаа. Ж.*******ээс илүү бэртэл авсан Цэгмэд гэх хүнд зохих хэмжээгээр анхаарал тавьж байсан. Гэвч энэ бүхэн гэм буруугаа цайруулах үндэслэл болохгүй ч боломжоороо хохирол төлбөр төлсөн. 2025 оны 8 сард шүүх хурал болсны дараа Ж.*******ийн гар бөмбөгийн тэмцээнд орж байсныг харахад сээр нурууны хугаралаас болоод хөдөлж чадахгүй байсан нь харьцангуй гайгүй болсон байна гэж харагдсан. Хүндэвтэр гэмтлийн хувьд тодорхой хугацааны дараа эдгэрдэг бөгөөд бөөлжих асуудал бол тархины доргилтоос болдог гэдгийг хүн бүр мэднэ. Нэхэмжлэгчийн хувьд нэг удаа улсын эмнэлэгт хэвтсэн ба бусад тохиолдолд хувийн эмнэлгээр эмчлүүлсэн зэргийг харахаар хувийн эмнэлэгт ямар оношоор хэвтсэн гэдгийг мэдэхгүй байна. Энэ хооронд хариуцагчийн хувьд хохирол, машин засварлахад зарцуулсан төлбөрөө төлсөн. Ажиллаж байж орлого олдог ба түрээсийн төлбөрт 500,000 төгрөг төлөөд орлого нь 1,000,000 төгрөг хүрэхгүй байдаг. Хариуцагчийн хувьд цалингаас өөр орлого байхгүй гэдэг нь тодорхой байна.  Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж сэтгэл санааны хохирлыг хуульд заасан боломжийн хэмжээгээр багасгаж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохирлыг үгүйсгэх арга байхгүй ч зарим зүйл дээр бодитой биш байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд хэргийн нөхцөл байдал, хариуцагчийн нөхцөл байдал, олон хүнд төлбөр төлж байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж өгнө үү гэв.

3. Иргэдийн төлөөлөгч Т.Отгонгэрэл дүгнэлтдээ: Б.*******ын “Ж.*******ийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг бууруулж өгье” гэсэн хүсэлтийг нь  хүлээн авах нь зөв гэж үзэж байна гэв.

4. Нэхэмжлэгч талаас: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/11 дугаар шийтгэх тогтоол, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 259 дугаар дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгчийн карт, эмнэлгээс гарах үеийн эпикриз, Итгэл ивээлт эмнэлгийн төлбөр төлсөн баримт, энгийн эмийн жор зэрэг баримтыг,

Хариуцагч талаас: Голомт банкны төлбөрийн баримт, ХААН банк дахь өөрийн 5405598323, 5422741331 тоот данснуудын хуулга, Төрийн банкны орлогын мэдүүлгийн баримт, иргэнээс мөнгө зээлсэн тухай зээлийн гэрээ, фото зураг зэрэг баримтыг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт /Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1349 дугаар/ гаргуулах ажиллагааг явуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь тус шүүхэд хариуцагч Б.*******т холбогдуулан “Сэтгэцэд учирсан хохиролд 15,173,400 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 11,880,000 төгрөгийг  хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ж.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,293,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв

1. Нэхэмжлэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Л.Наранбаяр нар “...Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2024 оны 05 дугаар сарын 09-өөс 2024 оны 05 сарын 13-ны өдрийн хооронд 5 хоног хэвтсэн. 2024 оны 05 сарын 04-өөс 2024 оны 09 сарын 01-ийг хүртэл ажлаа хийх боломжгүй хүний асаргаа сувилгаанд байсан. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр БНСУ-ын виз гарсан ба 06 дугаар сарын 07-нд БНСУ руу нисэхээр онгоцны тийзээ авсан, БНСУ руу явах зорилгоор 9,500,000 төгрөгийн цалингийн зээл авсан, осолд орсноор зээлээ төлөвлөгөөний дагуу өөртөө эдийн засгийн ашигтай байдлаар зарцуулах боломжгүй болж эмчилгээний зардал, зээлийн эргэн төлөлт, ахуйн хэрэглээндээ зарцуулж дуусгасан. Цалингийн зээлээ төлөхийн тулд 09 сарын 01-ээс ажилдаа орсон боловч нойргүйдлийн улмаас байнга ажлаасаа хоцордог болсон гэх шалтгаанаар ажлаас гарсан. ...Монгол Улсын Дээд шүүхийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8-д шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, гэм буруу учруулагчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдлыг харгалзан үзнэ гэсэн албан ёсны тайлбар байдаг. Сэтгэцийн хор уршгийн хувьд гэмтлээс үүдсэн өвдөлт, зовлонг мэдрэх гэдэг хамгийн хүнд юм. Осол болохын өмнө ажил хийхээр Солонгос руу явах виз нь гарчихсан, тийзээ захиалчихсан байсан боловч хариуцагчийн буруугаас болж нэхэмжлэгчийн амьдрал орвонгоороо эргэсэн. Өр зээлийн дарамттай, хүүхдүүддээ ч анхаарал тавьж, ажил хийж чадахгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгах боломжгүй” гэж,

Хариуцагч Б.*******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар “...нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Осол гарсны улмаас хохирогч нарт хохирол төлбөртэй, торгуулийн ялаа төлдөг. Гэрийн дотор ажил хийдэг хүн би ганцаараа, 2-4 насны хүүхдүүдтэй, эхнэр маань хүүхдүүдээ хараад ажилгүй байдаг. Мөн их хэмжээний зээл, зээлийн хүү гээд сард 1,083,000 төгрөг, ажлын байрны түрээсэнд сард 510,000 төгрөг төлдөг. Миний амьдралын эдгээр нөхцөл байдлыг харгалзан сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг багаар тогтоож өгөхийг хүсэж байна. ...Хохирогчийн хувьд гомдолтой байгааг нь ойлгож байгаа. Гэхдээ залуу хүн учраас хурдан түргэн эдгэрэх боломж байгаа. 2025 оны 8 сард шүүх хурал болсны дараа Ж.*******ийн гар бөмбөгийн тэмцээнд орж байсныг харахад сээр нурууны хугаралаас болоод хөдөлж чадахгүй байсан нь харьцангуй гайгүй болсон байна гэж харагдсан. Хариуцагчийн хувьд үсчингээр ажилладаг ба орлого орох үедээ ордог, орохгүй үед түрээсээ ч төлөх боломжгүй үе байдаг. Өөр орлого байхгүй гэдэг нь тодорхой байна. Иймд хэргийн болон хариуцагчийн нөхцөл байдал, олон хүнд төлбөр төлж байгаа байдал зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж өгнө үү” гэж тус тус тайлбарлан маргадаг.

2. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоол, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 259 дугаар дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 сарын 17-ны өдрийн ЕГО825/1349 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

- Нэхэмжлэгч Ж.******* нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны орой иргэн *******ийн жолоодож явсан машинд сууж ******* сумаас Чойбалсан хот руу явах замд Хэрлэн сумын 3 дугаар багийн нутагт автын осолд өртсөн байх бөгөөд тус ослын хэрэг эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж, туслах замаас нийлсэн машины жолооч Б.*******ын буруугаас зам тээврийн осол гарсныг тогтоон, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

- дээрх ослын улмаас нэхэмжлэгч Ж.*******т сээрний 7,8-р нугаламын шахагдсан хугарал, тархи доргилт, дух, эрүүний зүүн булангийн зулгаралт, зүүн зулайн оройн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун шилбэний цус хуралт болон зулгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, мөн нэхэмжлэгч Ж.*******ийн сэтгэцэд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлд хамаарч байна.  

3. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дөрөвт зааснаар сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоож өгсөн байна.

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн “...2024 оны 05 сарын 04-ний өдрөөс БОЭтөвд хэвтсэн ба Улаанбаатар хотод томограф хийлгэх шаардлагатай гэсэн учир Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2024 оны 05 дугаар сарын 09-өөс 2024 оны 05 сарын 13-ны өдрийн хооронд 5 хоног хэвтсэн. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр БНСУ-ын виз гарсан ба 06 дугаар сарын 07-нд БНСУ руу нисэхээр онгоцны тийзээ авсан, БНСУ руу явах зорилгоор 9,500,000 төгрөгийн цалингийн зээл авсан, осолд орсноор зээлээ төлөвлөгөөний дагуу өөртөө эдийн засгийн ашигтай байдлаар зарцуулах боломжгүй болж эмчилгээний зардал, зээлийн эргэн төлөлт, ахуйн хэрэглээндээ зарцуулж дуусгасан” гэсэн мэдүүлэг,  хариуцагчийн “...миний амьдралын нөхцөл байдлыг харгалзан сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг багаар тогтоож өгөхийг хүсэж байна” гэсэн  мэдүүлэг, өмгөөлөгч нарын тайлбар, шүүхийн иргэдийн төлөөлөгч Т.Отгонгэрэлийн “... Ж.*******ийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг бууруулж өгөх нь зөв гэж үзэж байна” гэсэн дүгнэлт зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хариуцагч Б.*******аас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 11,880,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,293,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилсэн ба хэрэгт цугларсан баримт болон шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар  нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлгүй гэж дүгнэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлж олгохоор шийдвэрлэлээ. Мөн хариуцагч талын гаргаж байгаа хамгийн бага хэмжээгээр олгох боломжгүй буюу энэ гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчид учирсан зовиур шаналал, хөдөлмөр эрхлэлт зэргийг харгалзан үзсэн болно.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба шүүхээс хариуцагч Б.*******аас 11,880,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******т олгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагчаас 11,880,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 205,030 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хариуцагч Б.*******аас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 11,880,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,293,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 205,030 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.   

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ                                                   

                                            ШҮҮГЧИД                            Г.НАМУУНТУЯА                                                                                                                 

                                                                      Х.ОТГОНЖАРГАЛ