| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0110/Э |
| Дугаар | 114 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 21.6.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгч Ө.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ошхууз овогт Өлзийбаярын Энхтөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002170064 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Клоун Ах ХХК-ны шоколадны үйлдвэрт ажилладаг, ам бүл 5, хойд эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ганц мод 1 тоотод оршин суух, регистрийн АЗ99042218, Ошхууз овогт Өлзийбаярын Энхтөр /яллах дүгнэлтэд дурдсанаар/ эрүүгийн 201701080221 дугаартай хэрэгт шалгагдаж байсан хамт ажилладаг Б.Бат-Ирээдүйн нөлөөнд автаж түүнийг ятгасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчид Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн танилцуулж үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг гэм буруу, эрүүгийн хариуцлага гэсэн үе шаттай явуулан талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт Ө.Энхтөрийн өгсөн: “Би цагдаа болон хуулийн байгууллагад анх удаа орж байна. Өөрийн найз Бат-Ирээдүйн ятгал үгэнд орж, худал мэдүүлэг өгсөндөө харамсаж байна” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хавтас хэргээс нотлох баримт судлуулахгүй гэсэн бөгөөд улсын яллагчийн:
Мөрдөн байцаалтад гэрч З.Мөнхтуяагийн өгсөн: “Мөнгөнтуяа, Халиунаа, Энхтөр нар гадаа салхилаад сууж байхад Бат-Ирээдүй Энхбаатар ахын хохирлыг нь барагдуулна асуудалгүй гээд та нар хараагүй гээд мэдүүлгээ өгчихөөрэй гээд гуйгаад байхаар нь худлаа мэдүүлэг өгчихсөн гээд хэлж байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 3 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Бат-Ирээдүйгийн өгсөн: “Би Халиун, Энхтөр, Мөнгөнтуяа нарт 2017 оны 07 дугаар сарын үед /өдрийг нь тодорхой санахгүй байна/ болсон явдлыг хараагүй гээд хэлээд өгөөч би хохирогчийн хохирлын асуудлыг барагдуулна гэж найзын хувиар гуйсан юм” гэх мэдүүлэг,
/хх-ийн 6 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Э.Халиунаагийн өгсөн: “Бат-Ирээдүй 2017 оны 07 сарын үеэр Энхбаатар ахын хохирлыг асуудалгүй барагдуулна та нар л миний хэлснээр мэдүүлэг өгөөч гээд нэлээн олон удаа гуйсан. Тэгэхээр нь Бат-Ирээдүйгээс чи яг хохирлыг нь барагдуулах юм уу гэж асуухад тэгнээ гээд гуйсан. Тэгээд Энхтөр, Мөнгөнтуяа бид гурав ерөнхийдөө болсон үйл явдлыг хараагүй хол очиж тамхи татчихаад ирэхэд зодоон болоод дууссан байсан гэж худал мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Т.Мөнгөнтуяагийн өгсөн: “болсон үйл явдлын талаар хараагүй гээд хэлээд өгөөч гээд гуйгаад бид нарт нөлөөлөөд байсан. Тийм учраас найзыгаа бодоод болсон үйл явдлыг хараагүй гээд мэдүүлэг өгчихсөн юм.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 22 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад Ө.Энхтөрийн яллагдагчаар өгсөн: “Би Бат-Ирээдүйгээс ямар нэгэн шан харамж авсан зүйл байхгүй, гуйгаад байхаар нь залуу хүнийг хэрэгт орчихов гэж бодсон, басхохирогчдоо хохирлыг нь барагдуулчихаар аль ч талдаа хэрэгтэй юм болов уу гэж бодоод л худлаа мэдүүлэг өгсөн. Худал мэдүүлэг өгсөн үйлдлээ буруу үйлдэл гэж бодож байна, тийм ч учраас үүнийг дахиж залруулах хэрэгтэй гэж бодоод дахин болсон зүйлийг үнэн зөвөөр өгч байгаа юм” гэх мэдүүлэг зэргийг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Энхтөрийн өгсөн мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан баримтуудыг дүгнэхэд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх боломжгүй байна.
Тухайлбал: 1. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ө.Энхтөрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны орой Бат-Ирээдүй, Мөнхтуяагийн нөхрийг зодсон эсэх үйл явдлыг тодруулалгүй гэрчээр мэдүүлэг авсан гэх /хх-ийн 13 дугаар хуудас/ тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна”, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/96 тоот тушаалаар баталсан Мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан зааврйн АРВАНХОЁРДУГААР БҮЛГИЙН 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Прокурор нь Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/57 тоот тушаалаар баталсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-ыг хангасан прокурорын зөвшөөрөлтэй өрөөнд мэдүүлэг авах эсэхийг хянана гэсэн хууль тогтоомжийн шаардлага хангаагүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэсэн бөгөөд энэ /25.1 дүгээр зүйлийн 2/ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрч Э.Халиунаас /хх-ийн 8 дугаар хуудас/,2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрч Т.Мөнгөнтуяагаас /хх-ийн 19 дугаар хуудас/ тус тус гэрчээр авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боломжгүй байна.
2. Гэрч Ө.Энхтөрийн “бид дөрөв М клубын ард очиж тамхи татаагүй, болсон үйл явдлыг хараагүй гэж мэдүүлсэн нь худлаа” гэж 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр цагдаагийн хэлтсийн уулзалт мэдүүлгийн өрөөнд гэх 10 цаг 27 минутанд өгсөн мэдүүлгээс хэн нэгний эрх ашиг нь хөндөгдөж, эрх зүйн байдал дээрдсэн эсхүл доордон хохирч байгаа хүний хууль ёсны эрх ашиг сонирхол, эрх, эрх чөлөөнд хохирол, хор уршиг учирсан талаарх нотлох баримт энэ хэрэгт авагдаагүй энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж шүүх үзлээ.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ө.Энхтөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002170064 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож Ө.Энхтөрийг цагаатгаж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 1807002170064 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шийдвэрлэсэн зохих хохирол байхгүй, Ө.Энхтөр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 36.6, 36.9, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ошхууз овогт Өлзийбаярын Энхтөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002170064 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Ө.Энхтөрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
3. Эрүүгийн 1807002170064 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, уг хэргийг прокурорт буцаасугай.
4. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ