Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/1008

 

 

 

 

   2024           09             05                                       2024/ДШМ/1008

 

Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дамбадаржаа,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Г,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/619 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Гын нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2409005370567 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Б.Г, 1995 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Т” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, эхийн хамт …..дүүргийн  … дугаар хороо, “Р” хотхон, ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ……………/;

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн … дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” нэртэй компанид нягтлан бодогчоор ажиллаж байхдаа ажил үүргийн дагуу өөрт олгогдсон гэрээ, төлбөрийн баримтын мэдээллийг авч, төлбөр гүйцэтгэх зөвшөөрлийн хуудсыг онлайнаар үүсгэлгүй, төлбөр авагчийн нэр, дансны мэдээллийг засаж хэвлэн гүйлгээг хийж, 4,821,600 төгрөгийг “Хаан” банкин дахь Ц.Н-ийн нэр дээрх 5749……… данс руу шилжүүлэн авч 4,821,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Г-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хэрэг бүртгэлтийн шатнаас өөрийн ажиллаж байсан байгууллагын данснаас 4,821,600 төгрөгийг ээжийн эмчилгээ болон байрны түрээсийн төлбөрт хэрэглэхээр дур мэдэн хувьдаа зарцуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, надаас хамааралтай бүх баримт сэлтийг гарган өгсөн бөгөөд хамгийн ойрын боломжит хугацаанд байгууллагыг хохиролгүй болгохоо илэрхийлсэн билээ. Тухайн үед би ажлаасаа халагдсан, миний нэр дээр ямар нэгэн зээл гарах боломжгүй байсан тул ээж Ц.Н-ийн тэтгэврийн зээлийг 24 сараар авч хохирлыг барагдуулах гэхэд тэтгэврийн 24 сарын зээлийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс олгож эхэлнэ гэж банкнаас хариу өгсөн. Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг хүнээс зээлж, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3,821,600 төгрөгийг ээжийнхээ тэтгэврийн зээлээс тус тус төлж, байгууллагыг бүрэн хохиролгүй болгосон бөгөөд компаниас надад ямар нэгэн гомдолгүй гэж мэдүүлсэн билээ. Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлагын зорилгыг "Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино." гэж заасан байсан. Миний бие өмнө нь дээрхээс өөр ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, 2018 оноос хойш нийгмийн даатгал төлж, ажил эрхэлж байгаа ба өөрийн хийсэн үйлдлийн хор уршгийг бүрэн ухамсарлаж, маш их гэмшиж байна. Одоо өндөр настай, эмчийн хяналтанд байдаг ээжийн хамт ам бүл хоёул байр түрээслэж амьдардаг. Ээж маань 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэс засалд орсон, одоо эмчийн хяналтанд байдаг, тэтгэврийн зээлтэй, миний бие амжиргаагаа дангаар залгуулж байгаа тул их хэмжээний торгууль нь надад хүнд тусаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно" гэж, 1.3 дахь хэсэгт "энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуүлах" гэж тус тус заасныг анхан шатны шүүх хэрэглэх боломжгүй гэж дүгнэснийг дахин авч хэлэлцэж, надад оногдуулсан торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.        

            Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Д.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 619 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэнийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Г нь өөрийн гэм буруутай үйлдлийг хэрэг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрч, маргаж байгаагүй бөгөөд бусдад учруулсан хохирлыг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулсан. Хохирогчоос мөн хохирол барагдсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ мөрдөн шалгах шатанд албан бичгээр хүсэлт гаргаж байсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр буюу сонгох санкц байхаар хууль тогтоогчоос хуульчилсан. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч эхнээсээ маргадаггүй нөхцөл байдал, бусдад учруулсан. хохирлын хэмжээ, хохирол төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүссэн. Гэвч шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн хэдий боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих л оногдуулалгүйгээр торгох ял оногдуулсан. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулсан тохиолдолд хэрэглэх боломжгүй гэж үзсэнийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Сонгох санкцтай гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг сонгон хэрэглэх нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлнэ гэсэн агуулга хуульд тусгагдаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан. Энэ нь “хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг”-ийн бусад гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас ялгамжтай байдлаар ойлгохоор илэрхийлсэн байх бөгөөд “ял оногдуулахдаа” гэсэн нь хорихоос бусад ял оногдуулахад хэрэглэж болохоор ойлгогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болон 1.2 дахь заалт нь хөнгөн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх асуудлыг хөндөж байх бөгөөд 2-8 жилийн хорих ял оногдуулах гэмт хэрэгт хуулиар торгох ял оногдуулж болохоор заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй байна гэж үзсэн нь иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, ялгаварлан гадуурхагдахгүй байх, шударга шүүхээр шүүлгэх гэсэн ардчилалын үнэт зүйлсээс ухарсан үйлдэл гэж харагдаж байна. Дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 619 дугаартай шийтгэх тогтоолд тусгагдсан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хэрэглэх боломжгүй” гэж үзснийг эс зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлнэ гэх хууль зүйн ойлголт нь шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хуульд заасан ялыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг барагдуулсан, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан хөнгөрүүлэх, чөлөөлөх буюу тодорхой хэмжээгээр ял бууруулахад чиглэсэн эрх зүйн ойлголт юм. Шүүгдэгч Б.Г-ийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо өөрт бий болсон боломж, бололцоог бүрдмэгц буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр барагдуулсан, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг ээжийнхээ эрүүл мэндэд зарцуулсан, ээжтэйгээ хамт байр түрээслэдэг, ажлаасаа халагдснаас хойш зүгээр суулгүйгээр дахин мэргэжлээрээ ажиллах болсон байдаг. Иймд гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгөхийг хүсье. ...” гэв.

            Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан торгох ялыг сонгож оногдуулсан нь хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамааруулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасныг шүүх хэрэглээгүй нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” нэртэй компанид нягтлан бодогчоор ажиллаж байхдаа ажил үүргийн дагуу өөрт олгогдсон гэрээ, төлбөрийн баримтын мэдээллийг авч, төлбөр гүйцэтгэх зөвшөөрлийн хуудсыг онлайнаар үүсгэлгүй, төлбөр авагчийн нэр, дансны мэдээллийг засаж хэвлэн гүйлгээг хийж, 4,821,600 төгрөгийг “Хаан” банкин дахь Ц.Н-ийн нэр дээрх 5749……. данс руу шилжүүлэн авч 4,821,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Э.А-ийн “...Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр санхүү хариуцсан захирал Д.М болон ерөнхий нягтлан бодогч Ц.Л нартай уулзахад Б.Г-ийн ажлыг ямар байдлаар сайжруулах вэ, ямар байдлаар ажлаас чөлөөлөх вэ гэж ярилцаад салсан. Тэгээд үдээс хойш ерөнхий нягтлан орж ирээд “Б.Г мөнгө завшсан байна, энийг яах вэ” гэхэд нь би баримтуудыг авч үзэхэд төлбөрийн хүсэлтийн баримт хуурамчаар үйлдсэн байсан. Учир нь, үхэр худалдан авалтын гэрээ байгаагүй. Тэр өдрөө мөнгө олж ир гээд Б.Г-ийг явуулсан. Тэгээд маргаашаас нь эхлээд 2024 оны 01 дүгээр сарын 12-ныг хүртэл гар утсаа авахгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандаж байна. Б.Г нь тодорхой зүйл хэлээгүй. Би төлнө гээд байсан. Тэгээд бид нар Б.Г-ийг тухайн өдрөө ажлаас чөлөөлсөн.” /хх 21-22/,

гэрч Ц.Л-ын “...Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн …. дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С-ын 8 дугаар давхарт байрлах “М” гэх нэртэй компанид ажлаа хийгээд байж байх үед дотоод санхүүгийн системд бүртгэгдээгүй төлбөр гарсан байхыг харсан. Тэгээд цааш үзэхэд хуурамч материал бүрдүүлээд, төлбөр компанийн данснаас гарсан байхыг олж мэдсэн. Тэгээд би хүний нөөцдөө хэлээд Б.Г гэх нягтлан бодогчийн хувийн байдлыг нь авъя гэсэн. Тэгээд удалгүй Б.Г-ийн хувийн байдал нь ирээд, төлбөрийг ямар хүний данс руу шилжүүлснийг харахад Ц.Н гэх хүний “Хаан” банкны данс руу 4,861,600 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд лавшруулж үзэхэд Б.Г-ийн ээж байсан. Тэгээд би худалдан авалтын мэргэжилтэн Б.Түвшин гэх хүний ашиглаж байсан зөөврийн компьютер дээр очоод төлбөрийн хүсэлтийг нь үзэхэд Ц.Н гэх хүний хүсэлт байхгүй байсан. Тэгээд би Б.Г-ийг дуудаад “Ц.Н гэх хүний гэрээ байна уу” гэхэд “олохгүй байна” гэсэн. Тэгэхээр нь “энэ хүнийг таних уу” гэхэд Б.Г “манай ээж” гэж шууд хэлсэн. Тэгээд би Б.Г-д “яагаад энэ үйлдлийг хийсэн бэ” гэхэд “надад харин мөнгө хэрэгтэй байсан юм аа, би бага багаар өгчихнө гэж бодож байсан. Би ямартаа ч компанийн данснаас 4,861,600 төгрөг авсан” гэж хэлсэн. Эхлээд Б.Г гүйлгээ шивнэ, тэгээд ерөнхий нягтлан бодогч батлаад, дараа нь санхүү эрхэлсэн захирал батлаад харилцагчийн дансанд төлбөр шилжинэ. Тухайн үед төлбөр гаргах анхан шатны баримт бүрэн баталгаажсан байсан.” /хх 33-34/,

гэрч Б.Т-ийн “...Манай байгууллага нь Б.А-тай бараа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байсан. Тухайн гэрээнд банз модны мөнгө 42,277,500 төгрөг нэхэмжилсэн байсан. Би 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр MAC 23…. дугаартай гэрээгээр З гэх хүнтэй “үхэр худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан. Би тухайн үед Золзаяатай үхэр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тооцооны нягтлан бодогч Б.Г-д өгч, төлбөрийн шилжүүлэг хийхийг хүссэн. Тухайн гэрээг ашиглан Б.Г нь гэрээний дугаар болон овог нэр, дансны дугаарыг өөрчилж, өөр хүнд давхар шилжүүлсэн байсан. Би төлбөрийн гүйцэтгэх зөвшөөрлийн хуудсыг үйлддэггүй, харин манай тооцооны нягтлан бодогч Б.Г үйлддэг байсан.” /хх 64/,

Б.Г-ийн яллагдагчаар өгсөн “...“М” ХХК-д нягтлан бодогч хийдэг байсан. 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлбөрийн хүсэлт гэх нэртэй баримтыг хуурамчаар үйлдэж, тухайн байгууллагын “Голомт” банкны 8125……..тоот данснаас ээж Ц.Н-ийн “Хаан” банкны 5749……… тоот данс руу 4,821,600 төгрөг шилжүүлэн авсан. Тэгээд дараа нь ээжийн “Л” гэх нэртэй ББСБ-ын 5176………  тоот данс руу аваад, өөрийн "Л”-ийн 1166……….. тоот данс руу 5 хувааж хийсэн. Тэгээд би тухайн мөнгөөр байрны түрээсэнд 4,000,000 төгрөгийг нь төлөөд, 821.600 төгрөгийг нь ээжийнхээ болон өөрийнхөө эмчилгээнд хэрэглэсэн.” /хх 5-6/ гэсэн мэдүүлгүүд,

Б.Г-ийг жинхлэн ажиллуулах тухай захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөр эрхлэлтийг цуцалсан тушаал /хх 40-47/,

Б.Г-ийн мэдээллийг засаж хэвлэсэн “Төлбөр гүйцэтгэх зөвшөөрлийн хуудас”, Үхэр худалдах, худалдан авах гэрээ”, зөвшөөрлийн хуудасны хуулбар /хх 48, 66-70/,

“М” ХХК-ийн 2023.12.08-ны өдрийн төлбөрийн баримтын хуулбар, “Голомт” банкны 5749…….. дугаартай дансны гүйлгээний баримт, Б.Г-ийн эх Ц.Н-ийн 5749……….. данс руу хуурамч төлбөрийн баримт бүрдүүлэн 4,821,600 төгрөгийг шилжүүлэн авсан хуулбар, Л аппликэйшнээр дамжуулан шилжүүлэн авсан баримт /хх 12-26/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Гийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, улмаар шүүгдэгч Б.Г-ийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Г нараас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, торгох ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохоор заасан.

  Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах...”, 1.2 дахь заалтад “...хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах...” гэсэн зэргээс үзвэл мөн зүйл, хэсгийн 1.3 дахь заалт нь зөвхөн хорих ялыг хөнгөрүүлэх агуулгатай гэж дүгнээд Б.Г-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай зохицуулалт нь шүүгдэгч бүрт заавал хэрэглэх агуулгатай заалт биш бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шийдвэрлэдэг учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн бол ...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөл, хэмжээтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-д тухайн зүйл, хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, хэмжээг хамгийн багаар буюу арван мянган нэгжээр тогтоож, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгуулийг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэснийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн боломжгүй байна. 

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/619 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/619 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ГАНБААТАР

 

                       ШҮҮГЧ                                         Д.ОЧМАНДАХ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ