Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 146/ШШ2025/00072

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ***** хүсэлттэй,

“Цэргийн алба хааж байсан болохоо тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ***** нь “Цэргийн алба хааж байсан болохоо тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...**** миний бие Өвөрхангай аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар тушаалаар **** дугаар ангид цэргийн албанд татагдаж, УЦСЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн *** дүгээр тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон хугацаат цэргийн албанаас халагдсан. Гэвч тухайн үед олгогдсон цэргийн батлахаа гээгдүүлж үрэгдүүлсэн бөгөөд Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа болон Цагдаагийн ерөнхий газрын төв архивын лавлагаа дээрх миний нэр **** гэж буруу бүртгэгдэж олгогдсоноор миний цэргийн алба хаасан хугацаа маань тооцогдохгүй болж өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хүндрэл учраад байна. Иймд намайг 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл УЦСЕГ-ын **** дугаар ангид хугацаат цэргийн алба хаасныг тогтоож өгнө үү....” гэв.

2. Хүсэлт гаргагч **** нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3/, Тагнуулын ерөнхий газрын Тагнуулын тусгай архивын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн **** дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн **** дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4/, цэргийн үүрэгтний 1238 дугаартай үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5/ зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтуудаар гаргаж өгсөн байна.

3. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр **** нарын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

            1.  Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

           2. Онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох ажиллагаа юм.

           2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.” гэж заажээ.

           2.2. Уг зохицуулалтаар ...эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах... үйл явдал байх шинжийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангасан өөрөөр хэлбэл ***** цэргийн алба хааж байсан болохыг тогтоох нь нэхэмжлэгчийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой буюу түүний нийгмийн даатгалын байгууллагад тэтгэвэр тогтоолгоход хамрагдахад шууд хамаарах үйл явдал байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           3. Хүсэлт гаргагч **** нь 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дотоодын цэргийн **** дугаар ангид цэргийн алба хааж байсан болохоо тогтоолгох гэж хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон.

            4. Хүсэлт гаргагч **** нь 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дотоодын цэргийн **** дугаар ангид цэргийн алба хааж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Тагнуулын ерөнхий газрын Тагнуулын тусгай архивын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн **** дугаартай Архивын лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн **** дугаартай Архивын лавлагаа /хх-ийн 4/, **** дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэх /хх-ийн 5/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

.           5. Түүнчлэн, шүүх иргэн **** нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч ****** гэж тус тус мэдүүлжээ. (хх-ийн 20, 21)

           6.  Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ***** 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дотоодын цэргийн **** дугаар ангид цэргийн алба хааж байсан болохыг тогтоож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

                     7. Хүсэлт гаргагч **** нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан **** овгийн ***** 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дотоодын цэргийн **** дугаар ангид цэргийн алба хааж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ***** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14  хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЭНХ-АМГАЛАН