Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/1009

 

 

 

 

    2024           09             05                                       2024/ДШМ/1009

 

Д.Ш-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Төмөртулга,

яллагдагч Д.Ш,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1783 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Мөнхсайханы бичсэн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Д.Ш-д холбогдох эрүүгийн 2408000000788 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д.Ш, 1994 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ……… дүүрэг, … дугаар хороо, Мандал овоо, ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: …………… /;

Яллагдагч Д.Ш нь Сонгинохайрхан дүүргийн …. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХК-д 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарын хооронд борлуулагчаар ажиллах хугацаандаа байгууллагын итгэмжлэн хариуцуулж өгсөн хөрөнгөнөөс завшиж 26,368,696 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор “...хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно..." гэж, 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар хянах прокурорын үүргийг хуульчилсан. Гэтэл, мөрдөгч, прокурор Д.Ш-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдал болох гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоож чадаагүй гэж дүгнэлээ. Нэг. Хохирол, хор уршгийн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б "...талх, нарийн боовны мөнгийг өдөр, өдөрт нь аваад бараагаа нийлүүлдэг, харин хэвийн боорцгийг байгууллагуудад зээлээр өгч 1 сарын дараа мөнгийг нь авдаг. Буцаалтыг сардаа нэг удаа авдаг ба ер нь хугацаа дууссан тохиолдолд буцаалтаар авдаг. Буцаалтаар авахдаа тодорхой хэмжээний лимит буюу хэмжээ тогтоосон байдаг. Талхан дээр огт буцаалт авдаггүй, нарийн боов, хэвийн боовонд өгсөн барааны 0,6 хувиар буцаалт авдаг. Ш-ийн борлуулсан нарийн боов, хэвийн боовыг нэг бүрчлэн салгаж үзээгүй. Тооцоо нийлсэн актнаас харахад 28,407,340 төгрөгийн хохирол учирсан...” гэж, шүүгдэгч Д.Ш “...12 дугаар сард тортыг зарагдахгүй болохоор нь дэлгүүрүүд нь буцаадаг юм. Тухайн үед дэлгүүрүүд нь зарагдахгүй тортоо буцаахад Т ХХК буцаалтын хязгаартай тул авахгүй гэдэг шаардлагыг тавьж байсан. Ингээд би дэлгүүрүүдийн тортны буцаалтыг хэтрүүлээд 4,000,000-5,000,000 төгрөгийн өрөнд орсон. ...2 сард cap шинийн үеэр хэвийн боовыг дэлгүүрүүдэд тарааж мөнгийг нь дараа авахаар болоод тараасан. Тэгтэл дэлгүүрүүд мөнгөө өгөөгүй байсан учраас надаас хэвийн боовны мөнгө нэхсэн...надад хэдэн төрлийн, ямар үнэтэй, хэдэн ширхэг бүтээгдэхүүн авч борлуулсан нарийн тоо байхгүй... би өөрөө өмнөх өдөр нь борлуулалт хийгээд маргааш нь ямар ямар төрлийн талх, нарийн боов, боорцог, бялуу зэргийг борлуулахаа өөрөө сонгон авч маргаашийн хүргэлтээ хийдэг. ...би өөртөө ерөөсөө мөнгө аваагүй. Нэг мэдэхэд л борлуулаптын их хэмжээний өрөнд орсон байсан..." гэх мэдүүлэг, нягтлан бодогч, гэрч Ц.О "...Буцаалтыг тодорхой мэдэхгүй байна. Яг нэг төрлийн бараанаас хэдэн хувийг буцаалтаар авна, үлдсэнийг нь авахгүй гэсэн зүйл байхгүй. Гэрээт бус бэлэнгийн дэлгүүрүүдэд бараа материал тоо ширхгээр нь тэр дороо мөнгийг нь тооцож авах ёстой. Харин гэрээт буюу падаанаар бараа өгдөг дэлгүүрүүдийн мөнгийг борлуулагч авахгүй. Харин байгууллагын авлагын нягтлан бодогч авдаг...” гэсэн мэдүүлгүүд хэрэгт авагджээ.  Дээрх мэдүүлгүүдэд дурдсанаар “Т” ХК-д бүтээгдэхүүний борлуулалт, түгээлт хэрхэн явагддаг, бэлнээр болон зээлээр борлуулалт хийх, тооцоо хүлээн авах, буцаалт хийх журам үйлчилдэг нь харагдах боловч яг ямар журмаар дээрх ажиллагааг явуулдаг нь тодорхойгүй, энэ талаар нотлох ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзнэ. Энэхүү журам тодорхой бус нөхцөлд хохирлын хэр хэмжээг тогтооход эргэлзээ үүсэх ба дутагдал бүрийг гэмт хэрэг, түүний хохирол гэж тооцох уу, борлуулагчийн аль үйлдэл журмаар хүлээн зөвшөөрөгдсөн, аль үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг тогтооход ач холбогдолтой бөгөөд борлуулагч хэдэн төгрөгийн барааг гарын үсэг зурж хүлээн авсан, үүнээс хэдэн төгрөгийн барааг бэлнээр борлуулж, байгууллагад мөнгийг тушаасан, хэдэн төгрөгийн барааг зээлээр борлуулж, авлагатай байгаа, хэдэн төгрөгийн бараа буцаалтаар байгууллагадаа буцааж тушаасныг нотлох нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт хэрэгт авагдаагүй байхад аудит хийх эрхтэй эсэх, тайлан гаргасан аудиторуудын мэргэшлийн талаарх мэдээлэл тодорхойгүй “С” ХХК-ийн хараат бус аудиторын тайлан гэх дүгнэлтэд үндэслэн хохирлыг 26,368,696 төгрөг гэж тогтоон яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэл муутай болжээ. Өөрөөр хэлбэл, аливаа санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар давхар тогтоогдож байж үндэслэл бүхий болох ба тухайн тайлан нь ямар, ямар санхүүгийн баримтад үндэслэн гарсан нь тодорхойгүй, баримтуудыг хэрэгт хавсаргаагүй, дутуу байгаа нь шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ үүсэж байна. Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.2 дахь заалтад зааснаар эдийн засгийн шинжилгээ хийж, байгууллагад учирсан хохирол, хор уршгийг бодитой, эргэлзээгүй тогтоосны эцэст шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй. Хоёр. Шүүгдэгчийн хувьд “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх боловч “надад ямар ч бүртгэл, тооцоо байхгүй нэг мэдэхэд их хэмжээний өрөнд орсон” талаар мэдүүлсэн ба байгууллагын эд хөрөнгөөс хувийн хэрэгцээндээ зарцуулах, ашиглан шамшигдуулах шунахайн сэдэлт анхнаасаа үүсэж санаатайгаар уг үйлдлийг хийж хохирол, хор уршигт хүргэсэн үү, эсхүл өөрийн хайхрамжгүй, тооцоогүй нөхцөл байдлын улмаас дутагдал, хорогдол гаргасан уу гэх завших гэмт хэргийн субьектив шинж болох сэдэл, санаа зорилгыг нарийвчлан тогтоолгүйгээр гэм буруугийн асуудлыг шүүх хэлэлцэх боломжгүй байна. Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан ба эд хөрөнгийн хохирол хүлээсэн гэх хуулийн этгээд “Т” ХК-г хохирогчоор тогтоох ажиллагаа хийгдээгүй, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б-ыг хохирогчоор тогтоосон ажиллагааг зөвтгөх шаардлагатайг тэмдэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Д.Ш-д холбогдох хэргийг прокурорт буцааж, захирамжид дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхааруулж, хэргийг прокурорт очтол Д.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор Д.Мөнхсайхан бичсэн эсэргүүцэлдээ: “... захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: шүүгчийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдэж, шүүхээс гэмт хэргийн хохирлыг бүрэн тогтоогоогүй, яллагдагчийн үйлдэл гэмт хэрэг мөн эсэх, дээрх үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг бүрэн тогтоогоогүй гэх дүгнэлтийг хийж буцаасан боловч дээрх дүгнэлт нь мөрдөн шалгах ажиллагаагаар хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хохирол тодорхойлсон дүгнэлт, санхүүгийн өглөг авлагын тооцоо гэх баримтуудаар яллагдагч Д.Ш-ийн өгсөн мэдүүлэг давхар нотлогдож, болсон үйл баримт сэргээн дүрслэгдэж байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Хэдийгээр аудитын дүгнэлт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар давхар нотлогдохгүй байна гэж дүгнэх боловч тухайн байгууллагын нягтлан бодогч Ц.О-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, тухайн байгууллагын авлагын тайлан, барааны бүртгэл, тооцоо нийлсэн акт зэрэг санхүүгийн баримтууд, “С” ХХК-ийн дүгнэлтийг шинжлэн судлах замаар хэлэлцэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасанчлан шүүх хохирлыг тогтоох боломжтой. Завших гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг тухайн компанийн санхүүгийн анхан шатны тооцооны баримтуудад үндэслэн эрх бүхий байгууллага аудитын дүгнэлт гаргасан боловч энэ дүгнэлттэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд ч хэргийн оролцогч нараас хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал илэрсэн тохиолдолд эдийн засгийн шинжилгээг заавал хийлгэхээр тусгаж зохицуулсан ба мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж зааснаар хэрэв шүүх эрх бүхий байгууллагын дүгнэлтэд эргэлзэх нөхцөл байдал бий болоход шүүхийн шатанд хуульд заасан зохих шийдвэрээр шинжээчийн дүгнэлт гаргуулж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг шийдвэрлэх боломжтой юм. Шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар яллах, цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судпах замаар талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр хөндлөнгийн байр суурьнаас хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хэлэлцэх явцад гэм бурууг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тохиолдолд шүүх хуралдааныг хуульд заасан 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж, прокурорт даалгаж шийдвэрлүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан заалттай нийцнэ. Гэтэл шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр, урьдчилсан хэлэлцүүлгээр гэмт хэргийн хохирол, хор уршиг, гэмт хэрэг мөн эсэхийг тогтоолгохоор дүгнэсэн нь яллагдагчийн гэм буруугийн талаар урьдчилсан дүгнэлт хийж буй байдал харагдаж байхаас гадна, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамааруулан буцаасан нь үндэслэлгүй, хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх хүлээн авснаас хойш хуульд заасан үндэслэлээр л урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, уг хуралдаанаар хуульд заасан хэлэлцэх асуудлуудыг л хэлэлцэж шийдвэрлэхээс гадна, шүүхийн буцааж байгаа дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцаах “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” гэж заасан үндэслэлд хамаарахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасанчлан шүүх аливаа хэрэг, маргааныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хуульд зааснаар нөхөн гүйцэтгэх боломжтой тохиолдолд хэргийг буцаахгүйгээр, шүүхийн шатанд эрх олгосон заалтыг хэрэгжүүлэх байдлаар шүүх хуралдаанаар хойшлуулж шийдвэрлэх юм. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой. Иймд анхан шатны шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1783 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.     

            Прокурор Д.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Яллагдагч Д.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад бүртгэл, тооцооны дэвтэр байхгүй. Аппликэйшн ашиглаж ажлаа хийдэг. Яг хэдэн төгрөг авснаа санахгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч Д.Ш-д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Прокуророос яллагдагч Д.Ш-ийн “Т” ХК-д 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарын хооронд борлуулагчаар ажиллах хугацаандаа байгууллагын итгэмжлэн хариуцуулж өгсөн хөрөнгөнөөс завшиж 26,368,696 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдал болох гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоож чадаагүй үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр яллагдагч Д.Ш-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж

16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлоно” гэж тус тус заасан ба ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

“Т” ХК-д бүтээгдэхүүний борлуулалт, түгээлт хэрхэн явагддаг, бэлнээр болон зээлээр борлуулалт хийх, тооцоо хүлээн авах, буцаалт хийх ямар дүрэм, журам үйлчилдэг нь тодорхойгүй, энэ талаар нотлох ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тодруулбал, яллагдагч Д.Ш нь “Т” ХК-д 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарын хооронд борлуулагчаар ажилласан гэх бөгөөд уг хугацаанд тэрээр хэдэн төгрөгийн барааг компаниас гарын үсэг зурж хүлээн авсан, үүнээс хэдэн төгрөгийн барааг бэлнээр борлуулж, байгууллагад мөнгийг тушаасан, хэдэн төгрөгийн барааг зээлээр борлуулж авлагатай үлдсэн, хэдэн төгрөгийн бараа буцаалтаар байгууллагадаа буцааж тушаасан, буцааж тушаасан бараанаас хэдэн төгрөгийг барааны буцаалтыг компани хүлээж аваагүй талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн мөрдөгч шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол гаргаж, ямар эрх бүхий шинжилгээний байгууллагаар, хэн гэдэг шинжээчээр шинжилгээ хийлгэх талаар заагаагүй атлаа “С” ХХК-иар аудитын тайлан гаргуулж, хохирлыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болно.

Яллагдагч Д.Ш-ийн гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа зорилго, хохирлыг нарийвчлан тогтоох болон бусад ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь хэргийн шийдвэрлэлтэд онцгой ач холбогдолтой байх тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх ажиллагаануудыг хийснээр гэмт хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн бодит хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоох зэрэг нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан, нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар бүрэлдсэн байх шаардлагатай ба түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах суурь нөхцөл болсон байх ёстой.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1783 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Д.Мөнхсайханы бичсэн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Яллагдагч Д.Ш-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1783 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Д.Мөнхсайханы бичсэн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ГАНБААТАР

 

                       ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ