Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 329

 

Ш.Т-ийн нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн

Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                         Л.Атарцэцэг

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ш.Т-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцыг өмчлөх эрх сэргэсэн байхад улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, Ш.Т-ийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”, 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0311 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0416 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х, гуравдагч этгээд Ч.Б нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0311 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.4, 30.5 дахь хэсгүүдийг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Ш.Т-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцыг өмчлөх эрх сэргэсэн байхад улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, Ш.Т-ийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий Ш.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0416 дугаар магадлалаар:  нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0311 дүгээр  шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, ...5 дугаар зүйлийн 5.1, 5.3... гэснийг хасч өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... нэхэмжлэгч Ш.Туяа нь түүний өмчлөх эрх шүүхийн шийдвэрээр сэргэсэн учир өмчлөх эрхийн гэрчилгээг дахин олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруу ойлгож, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан бүртгэл хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй холбогдох хуулийн заалтыг хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

5. Тодруулбал, Ш.Т нь С.Ц-той 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө байрыг худалдан авахад уг байрны хууль ёсны өмчлөгчөөр С.Ц улсын бүртгэлд бүртгэлтэй, хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байсан.

6. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хууль /2003 оны/-д 4 дүгээр зүйлийн 4.2-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус зааснаар улсын бүртгэлийн байгууллага С.Цолмонгийн өмчлөх эрх хууль ёсны бөгөөд тэрхүү эрхийг хязгаарласан эрх бүхийн байгууллага, албан тушаалтны тодорхой шийдвэр байхгүй байсан тул өмчлөх эрхийг Ш.Т-д шилжүүлэн бүртгэж, С.Ц-ийн өмчлөх эрх дуусгавар болсон.

7. Харин Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1019/0010 дугаартай байр, орон сууцнаас албадан гаргах тогтоол болон Баянзүрх дүүргийн 6-р хороо 13 дугаар хороолол 2-29 байрны 44 тоот орон сууцны анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгожээ. Уг шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх явцаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явуулсны улмаас дээрх маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч Ш.Т-ийн эрхийг зөрчсөн.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 84 дүгээр зүйлийн 84.1-д гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон бүх зүйлийг гаргуулж төлбөр төлөгчид буцаан олгох буюу тийм боломжгүй бол буцаан олгох үеийн ханшаар үнийг төлнө” гэж заасны дагуу орон сууц нь хуулийн дагуу Ш.Т-ийн өмчлөлд шилжсэн, бодит байдалд С.Ц-оос Ч.Б-т буцаах боломжгүй байсан учир Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ орон сууцны үнийг С.Ц-оор төлүүлэх ажиллагааг хийх ёстой байсан.

9. Нөгөөтэйгүүр, Улсын бүртгэлийн байгууллага хуульд заасны дагуу өмчлөх эрхийг шүүх, арбитрын шийдвэрээр шилжүүлэн бүртгэх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан үндэслэл бүрдээгүй буюу Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 1425 дугаар шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй, Ш.Т-ийн өмчлөх эрхийн бүртгэл хуулийн дагуу хийгдсэн байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус ажиллагааны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн нь мөн хууль бус байсан.

10. Энэ нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолд “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн болон уг орон сууцны өмчлөх эрхийг Ч.Батцэцэгт шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэснээр тогтоогдож, Ч.Б-ийн нэр дээрх өмчлөх эрхийг бүртгэж, 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн гэрчилгээ гаргасан ажиллагааг хүчингүй болгосноор Ш.Т-ийн өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэл сэргэсэн.

11. Харин Ч.Б-т өмчлөх эрхийн гэрчилгээг 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргаснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.11-д зааснаар Ш.Т-ийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 626 дугаар тушаалаар хүчингүй болгосон байдаг.

12. Дээр дурдснаар нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн бүртгэл шүүхийн шийдвэрээр сэргэсэн, нэхэмжлэгчийн өмчлөх эрх үүсэх үндэслэл болсон худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, өмчлөх эрхийн асуудлаар хэн нэгэн шүүхэд маргаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх хэмжээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/- ийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар хязгаарлагдаж байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоогдоогүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусаагүй байхад өмчлөгчөөр бүртгэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж байгаа юм.

13. Мөн анхан шатны шүүх уг дүгнэлтийг гаргахдаа “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2636/с шийдвэрт “...Ч.Б-ийн өмчлөлд шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй...”, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 641 дүгээр магадлалд “...Ш.Т-г шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй...” Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийи шүүх хуралдааны 2014 оны 514 дүгээр тогтоолд “Харин байрны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ гэж дүгнэсэн гэжээ.

14. Гэтэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2014 оны 514 дүгээр тогтоолын хянавал хэсэгт “... Ч.Б-ийн өмчлөлд шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн нь буруу болжээ” гэж, “... анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүйгээс гадна Ш.Т-г шударга өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхгүй гэж дүгнэсэн нь буруу” гэж тус тус дүгнэсэн.

15. Үүнээс гадна хяналтын шатны шүүх байрны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ гэж дүгнэхдээ давж заалдах шатны шүүхийн 2014 оны 641 дүгээр магадлалын хянавал хэсэгт “...сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, гуравдагч этгээд Ч.Б нарт холбогдох үндэслэлгүй байна” гэжээ. Энэ нь өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хариуцагч биш гэсэн агуулгаар өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

16. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          17. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            18. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т “... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан... /тохиолдолд эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийх/”-ээр, 29 дүгээр зүйлийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “...бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь ... тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа... /бол улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаах/”-аар тус тус заасан, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэс (тухайн үеийн нэрээр)-т хандаж, 3/15938 дугаар албан бичгээр “...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Энхтайваны өргөн чөлөө 29 дүгээр байрны 44 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, хариу ирүүлэх”-ийг мэдэгдсэн, үүний дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд “захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн” тусгай тэмдэглэл хийгдсэн, талууд уг үйл баримтуудтай маргаагүй тул нэхэмжлэгч Ш.Т-аас 20018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “... Ч.Б-т олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, ... /маргаан бүхий орон сууцны/ өмчлөх эрхийг Ш.Т-ийн нэр дээр сэргээж, бүртгүүлэх”-ээр гаргасан хүсэлт, мэдүүлгийг буцааж, эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

            19. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “улсын бүртгэлийн байгууллага ... өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж зааснаас үзэхэд, улсын бүртгэлийн гэрчилгээ олгох үндэслэл нь тухайн эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүснэ, нэхэмжлэгчээс “Ш.Т-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцыг өмчлөх эрх сэргэсэн байхад улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, Ш.Т-ийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх шийдвэрлэхдээ “гэрчилгээ олгох үндэслэл” буюу өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь зөв, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х-ийн “.. анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруу ойлгож, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан бүртгэл хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй холбогдох хуулийн заалтыг хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” гэх гомдол үндэслэлгүй.

            20. Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан “... нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явуулсны улмаас дээрх маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч Ш.Т-ийн эрхийг зөрчсөн”, “... орон сууц нь хуулийн дагуу Ш.Т-ийн өмчлөлд шилжсэн, бодит байдалд С.Ц-оос Ч.Б-т буцаах боломжгүй байсан учир нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ орон сууцны үнийг С.Ц-оор төлүүлэх ажиллагааг хийх ёстой байсан”, “... нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус ажиллагааны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн нь мөн хууль бус байсан” гэх зэрэг үндэслэл нь “.. улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохоос татгалзсан”-тай холбоотой маргааны үйл баримт,  улсын бүртгэлийн байгууллагын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, “өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагын агуулгад хамааралгүй тул гомдлын эдгээр үндэслэлд хяналтын шатны шүүх дүгнэлт хийхгүй.

            21. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзвэл, маргаан бүхий бүртгэлд холбогдох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Энхтайваны өргөн чөлөө 29 дүгээр байрны 44 тоот, 2 өрөө орон сууцны “өмчлөх эрх”-тэй холбоотой асуудлаар иргэн Ч.Б, С.Ц, Ш.Т нар иргэний хэргийн шүүхэд тус тус маргасан, одоо бодит байдал дээр уг орон сууцны өмчлөх эрх нь Ч.Б-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа, нэхэмжлэгч Ш.Т-аас “... өмчлөх эрхийн гэрчилгээг дахин олгох үндэслэл болсон” гэх Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 514 дүгээр тогтоолоор “... шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан ... орон сууцыг албадан чөлөөлсөн болон уг орон сууцны өмчлөх эрхийг Ч.Б-т шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс “тухайн орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байх тул тухайн “орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ш.Т-г шүүх тогтоосон” гэж дүгнэх боломжгүй, энэ үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг Ч.Б-ээс Ш.Т-д шилжүүлэн бүртгэх, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Ш.Т-д олгохыг хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах боломжгүй болно.

             22. Иймд, хариуцагчаас нэхэмжлэгч Ш.Т-ийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахдаа “... /өмчлөгч мөн болохыг нотлосон/ шүүхийн шийдвэр, ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгосон албан бичиг авчир гэж шаардсан”-ын буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн талаар болон “Шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явуулсан” гэх зэрэг асуудлаар харьяалах шүүхэд хандаж, гомдол, нэхэмжлэл гаргах замаар маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

            23. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х-ийн “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх гомдлыг хангах боломжгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0416 дугаар магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Т-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА