Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/00089

 

                                                                 Б.Пүрэв-Очирын нэхэмжлэлтэй                                                                                        

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2016/00647 дугаар шийдвэр,

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр магадлалтай,

           Б.Пүрэв-Очирын нэхэмжлэлтэй,

           С.Сандагсүрэнд холбогдох         

           Зээлийн гэрээний үүрэгт 33.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Би С.Сандагсүрэнтэй 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч С.Сандагсүрэн зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн зээл 20.000.000 төгрөг зээлийн хүү, алданги 13.000.000 төгрөг нийт 33.000.000 төгрөгийг хариуцагч С.Сандагсүрэнгээс гаргуулж өгнө үү.” гэжээ.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлага 33.000.000 төгрөгөөс 28.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөхөөр эвлэрэх хүсэлттэй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эвлэрэх саналыг хүлээн авахгүй байна. Хүүний төлбөр 3.450.000 төгрөг өгсөн. Хүүний хугацаа дууссан, гэрээ сунгаагүй учраас алдангийг төлөхгүй. Эвлэрээгүй учраас үндсэн зээл 20.000.000 төгрөгийг төлнө. Хүү алдангийг төлөхгүй.” гэжээ.

        Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2016/00647 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С.Сандагсүрэнгээс 29.825.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Пүрэв-Очирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.175.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Пүрэв-Очирын төлсөн 322.950 төгрөгийн 307.075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Сандагсүрэнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 307.075 төгрөгийг, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 15.875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Пүрэв-Очирт олгож шийдвэрлэжээ.

         Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр магадлалаар Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2016/00647 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын ...29.825.000 төгрөгийг... гэснийг ...29.325.000 төгрөгийг... гэж, ...3.175.000 төгрөгийг... гэснийг ...3.675.000 төгрөгийг... гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Пүрэв-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Сандагсүрэнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 304.575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Пүрэв-Очирт олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Энэ хэргийн хариуцагч С.Сандагсүрэн нь өнөөгийн монгол хүний амьдралд байгаа хүний нутагт ажил хөдөлмөр эрхэлж хөлс хүчээ гарган байж хэдэн төгрөгтэй ирсэн хүүгээ ирээд орон байртай болгох зорилгоор дутсан мөнгийг зээлж авсан асуудал. Харамсалтай нь зээлийг нь төлөлцөж өгөхөөр тохиролцсон С.Сандагсүрэнгийн төрсөн дүү С.Мөнхбаяр нь нас барсны улмаас төлбөр төлөх асуудал доголдож эхэлсэн. Мөн манай хуулийн зарим заалт нь ард иргэдийн эрх ашигт хохиролтой байдлаар тусгагдсан заалттай. Энэ нь хот суурин газрын мөнгөтэй хүмүүсийг өөгшүүлж хөдөөгийн хууль эрх зүйн мэдлэг сул хүмүүс өөрсдөө эрх зүйн хохиролтой гэрээ хэлэлцээрт оролцсон байдал нь шүүхийн ийм шийдвэр гаргахад нөлөөлдөг жишээ нь энэ хэргээс харагдаж байна. Иймд Улсын Дээд шүүх нь шүүхийн хэрэг шийдвэрлэх практик судалдаг, хуульд тайлбар гаргадаг байгууллагын хувьд иргэдэд хохиролтой энэ хуулийн заалтанд анхаарах хэрэгтэй байна. 2. Мөн Иргэний хуулийн 282.2-т заасныг баримтлан энэ хэргийн нэхэмжлэгч Пүрэв- Очирт хариуцагч С.Сандагсүрэнгийн төлөх төлбөрийг илт хохиролтой байдлаар төлөхөөр шүүх шийдвэрлэсэн тул төлбөрийг багасгаж шийдвэрлэх замаар Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр магадлалд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч С.Сандагсүрэн нь нэхэмжлэгч Б.Пүрэв-Очироос 20.000.000 төгрөг зээлж авснаас хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 5.500.000 төгрөгийг төлөөд байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөв хэрэгжүүлжээ.

         Нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир нь хариуцагч С.Сандагсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч хүүгийн хугацаа дуссан, гэрээ сунгагдаагүй тул хүү болон алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

         2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Пүрэв-Очир, С.Сандагсүрэн нарын хооронд 20.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн тухай зээлийн гэрээг бичгээр байгуулагдаж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан ба үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон гэрээний хуулбар хэрэгт авагдсан байна. Энэхүү гэрээнд талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн, хэлцэл Иргэний хуульд  заасан шаардлагад нийцсэн байна. Ийм учраас нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу гэрээний үндсэн зээл болон гэрээний хугацааны хүү, хариуцлага буюу үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг шаардах эрхтэй байна гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын дүгнэлт зөв байна.

          Харин анхан шатны шүүх зээлийн гэрээний үндсэн үүрэг, хариуцлагыг тооцохдоо нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцжээ.

          Талуудын  хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр үндсэн зээл 20.000.000 төгрөг, түүний хүү 3.000.000 төгрөг, нийт 23.000.000 төгрөгийн үүрэг үүссэн бөгөөд хариуцагч үүнээс 3.450.000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж, зохигчид энэ тухайд маргаагүй байна.

           Иймээс үндсэн гүйцэтгэх ёстой үүргээс хариуцагчийн гүйцэтгэсэн үүргийг хасч, гүйцэтгэвэл зохих үүргийг 19.550.000 төгрөг гэж тооцон, үүнээс алданги тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул хүү, алдангийг төлөхгүй гэсэн үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Хариуцагч С.Сандагсүрэнгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 164.150 /нэг зуун жаран дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                                  ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН