Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/1010

 

 

 

 

    2024           09            05                                        2024/ДШМ/1010

 

И.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч И.Х, түүний өмгөөлөгч Б.Э,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/581 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Хгийн өмгөөлөгч Б.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн И.Х-д холбогдох эрүүгийн 2402000070081 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А халх овгийн И.Х, 1976 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ……….. дүүргийн татварын хэлтэст …… татварын тасагт татварын улсын байцаагч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ….. дүүргийн …. дүгээр хороо, ….. хотхон …. байр … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ………………../;

Шүүгдэгч И.Х нь Нийтийн албан тушаалтнаар буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж албаны ёс зүйг сахина...’’, 6.3-т “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 6.4-т “...Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ..”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “...Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана...’’, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах хориглоно...”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгаас 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Х " ХХК-д холбогдуулан албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулах 2523…………… тоот томилолт олгогдсоны дагуу албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ “Х” ХХК-ийн захирал М.Ц “...ярилцлага хийсэн мэтээр баримт бичиг бүрдүүлэх, татварын хяналт шалгалтыг хойшлуулах тухай хүсэлт бичгээр өгөх...” зэргээр урьдчилан зааварчилгаа өгч, тус компаниас 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03/02 дугаартай албан бичгийг гаргуулан авч “...“Х” ХХК-ийн захирал хөдөө томилолтоор ажиллаж байгаа шалтгаанаар хойшлуулах хүсэлт ирүүлсэн үндэслэлээр томилолтыг цуцалж өгнө үү...” гэх хууль бус хүсэлтийг Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газарт хүргүүлэн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр томилолтыг цуцлуулж, мөн “Х” ХХК-д дахин татварын хяналт шалгалт хийгдэх талаар М.Ц-нд урьдчилан утсаар мэдэгдэх зэргээр албан тушаалын байдлыг албаны эсрэг урвуулан ашиглаж М.Ц-нд татвараас зайлсхийхэд тусалж давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: И.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И.Х-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч И.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Х-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Улаанбаатар хотын Баянгол дүүргээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш зорчихийг хориглож, ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч И.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч И.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч И.Х-ийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын байгууллагаас И.Х-д эрүүгийн хэрэг үүсгэж түүнийг буруутгахдаа хэт үндэслэл муутай дүгнэлт хийсэн, шүүх прокурорын үндэслэл муутай дүгнэлтийг хүлээн авч шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгон бичиж И.Х-г гэм буруутайд тооцон яллаж байгаа нь хүний эрх, эрх чөлөөнд хэтэрхий хайнга хандаж байна гэж үзэхээр байна. Гэтэл И.Х нь өөрийн хувийн эрх ашгийн төлөө эрхэлж буй албан тушаалын эрх мэдэл болон байгууллагын эрх ашгийн эсрэг ашигласан ямар үйлдэл болон төр нийгэм иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх хууль ёсны ашиг сонирхолд ямар хохирол учруулсан үр дагавар байгаа эсэх, үйлдэл ба үр дагавар 2-ын хооронд шууд шалтгаант холбоо байгаа эсэх тал дээр хэн аль нь хуульчийн зүгээс үндэслэлтэй дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Хорлоог зориуд шалгалт хийлгүйгээр томилолтыг цуцлуулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллаж байгаа нь өөрөө учир дутагдалтай юм. Гэтэл 2019, 2020, 2022 онуудад "Х " ХХК нь "X" тайлан өгсөн, 2022 оны тайлангаар 932.000 төгрөгийн өртэй гарсан байдаг юм. Тэгээд ч 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус компани нь Татварын улсын нэгдсэн сан дахь хөндлөнгийн мэдээллийн санд 6%-ийн мэдээлэлтэйгээр бүртгэгдсэн байна, энэ талаар дээд байгууллагаас судалгаа явуул гэхэд нь Хорлоо, Болормаа нар нь журмын дагуу бүртгэж нийт 25 байгууллагыг явуулсанаас 12 байгууллага нь цуцлагдсан тухай хариуг Татварын ерөнхий газрын ХШАЗГазраас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн байдаг. Нэгэнт мэдээллийн санд "Х " ХХК нь 6%-ийн эрсдэлтэй байсан учир шалгах шаардлагагүй түвшинд байна гэж үзсэн байна. Урьд нь бүртгэгдсэн 6%-ийн эрсдэлтэй байдал нь И.Х-д огтхон ч хамааралгүй бөгөөд түүнд цуцлах эрх нь байдаггүй юм. Нөгөө талаар И.Х нь тухайн үедээ ажил ихтэй байсан ч гэсэн тухайн томилолтыг хүлээж аваад тодорхой ажиллагаануудыг хийсэн байна тухайлбал бэлтгэл үе шатны төлөвлөгөөний дагуу 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Татварын улсын нэгдсэн санд бүртгэлтэй 9919…… дугаарлуу залгахад холбогдох боломжгүй байсан учир оффис ибаримтаас нь 9906…… дугаарыг олж холбогдон томилолт олгогдсон тухай мэдэгдэж Улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрөл, дансны хуулгууд, анхан шатны баримтуудтай ирэх талаар мэдэгдсэн ба 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус утас нь холбогдохоо болисон талаар Татварын улсын нэгдсэн сан дахь өдөр тутмын тэмдэглэлд тэмдэглэж, удаа дараа залгахад холбогдохгүй байсан учир цахим шуудангаар нь анхан шатны баримт, ня-бо бүртгэл хөтлөлт, зохион байгуулалтын мэдээлэл лавлагааны баримт бичгүүдийг ирүүлэх талаар хүсэлтийг явуулсан байдаг юм. И.Х-д Тасгийн дарга нь эрсдэлд суурилсан төлөвлөгөөт хяналт шалгалттай газруудын мэдээлэл авахаар 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эрсдэлийн удирдах газарт хүргүүлсэн байгаа уг мэдээлэл ирэхийг хүлээе гэж зөвлөсний дагуу И.Х мэдээлэл ирэхийг хүлээсэн. 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий газрын ХШАЗГ-с "X" тайлантай үйл ажиллагаа явуулаагүй татвар төлөгчийн судалгааг ирүүл гэсний дагуу дээрх судалгааг бүртгэж явуулсан учир дээд газраас цуцлахыг зөвшөөрч хариу ирсэн байдаг юм. Түүнээс И.Х-д цуцлах ямарч эрх мэдэл байхгүй юм. Энэ талаар гэрч Н, Б, Х нар мэдүүлсэн байна. Гэтэл гэрч Б-ийн мэдүүлэг, гэрч Н-гийн мэдүүлэгтэй эрс зөрүүтэй байдаг юм. Гэрч Б “...Татварын улсын байцаагч нь шалгагдаж байгаа аж ахуйн нэгжийн захирал, ня-бо-той процессийн ажиллагаанаас өөр чиглэлээр харилцах, зөвлөгөө өгөх нь хориотой байдаг.” гэжээ. Гэтэл И.Х-ийн харилцсан харьцаа мессежийг нь уншихад... ярилцлага тэмдэглэл дээр гарын үсэг тамга дараад файлаар буцаагаад явуулаарай, хойшлуулах хүсэлтээ хурдан өгөөрэй гэх мессеж нь харин ч процессийн ажиллагаа байна өөр чиглэлээр гэж үзэх үндэслэлгүй байна. Нөгөө талаар Татварын ерөнхий газрын дарга уг асуудлыг зөрчил гэж үзэж 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/632-p тушаалаар И.Х-ийн албан тушаал, цалинг бууруулж Хяналт шалгалтын тасгаас Дүүргийн бичил татвар төлөгчтэй харилцах татварын улсын байцаагчаар томилон арга хэмжээ тооцон ажиллуулж байсан байдаг. Гэтэл гомдол гаргагч И-ийн талд, уг хэргийг шалгахдаа нэг талыг баримтлан шалгасан байж болохоор нөхцөл байдал харагдаж байгаа юм. Шүүхээс ч энэ бүх анхаарч үзэх нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэнд харамсаж байна. И.Х нь Татварын байгууллагад тасралтгүй 24 жил ажиллахдаа ямарч зөрчил гаргаж байгаагүй ,өрх толгойлсон эмэгтэй, сургуулийн насны 2 охины хамт одоо ипотекийн зээлийн байранд амьдарч байна энэ нөхцөл байдлыг ч анхаарч үзсэнгүй. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 581 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, И.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү. И.Х нь Хан-Уул дүүрэгт дэлгүүрт ажилд орсон байгаа. Гэтэл шүүхээс зорчих эрхийг Баянгол дүүргээр хязгаарласан нь ажил хийхэд хүндрэлтэй байна. Хэрэв давж заалдах шатны шүүх И.Х-г гэм буруутай гэж үзвэл Улаанбаатар хотын хэмжээгээр зорчих эрх хязгаарлахаар өөрчилж өгнө үү. ...” гэв.        

            Шүүгдэгч И.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... "Х " ХХК-д албан тушаалын байдлаа ашиглаж давуу байдал олгосон гэж байгаа. Би тэр компанид давуу байдал олгоогүй, ажил хэргийн хувиар процессын үйл ажиллагаа явуулсан. Татвар төлөгчийг дуудаж бэлтгэл шатны үйл ажиллагааны дагуу санхүүгийн тайлан, бусад холбогдох бичиг баримтуудыг авах гэж татвар төлөгчтэй холбогдсон. Татвар төлөгч шаардаад ирэхгүй болохоор хойшлуулах хүсэлтээ өг гэж шаардсан. Энэ үйлдэл нь давуу байдал бий болгосон гэж прокурор, шүүх үзээд байгаа. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр намайг хяналт шалгалтын тасгаас албан тушаал бууруулж бичил тасагт шилжүүлсэн. Татварын томилолт олгох, цуцлах эрх нь татварын байцаагчид хуулиараа байхгүй. “Татварын ерөнхий Газар”, “Хяналт шалгалтын удирдах нэгж, Тасгийн дарга, эрх бүхий албан тушаалтнуудад эрх мэдлийн дагуу томилолт олгох, цуцлах эрх байдаг. “Х" ХХК-ийн томилолтыг цуцалсан давуу эрх олгосон гэж намайг буруутгаж байгаад гомдолтой байна. ...” гэв.

            Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч гэм бураагаа хүлээн зөвшөөрөхгүй, хэргийн зүйлчлэлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. И.Х, Б нар “Х " ХХК-д шалгалт оруулахаар томилогдсон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад утсаар мессеж бичиж урьдчилан мэдэгдээд хойшлуулах хүсэлтийг авсан нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэж зөрчил гаргаж, албан тушаалаа урвуулан ашигласан” гэж буруутгаж байгаа. Энэ утсаар мессеж бичсэн үйлдлийг ямар баримтаар нотолж тогтоогоод шүүгдэгч И.Х-г буруутгаж байна гэхээр “Татварын Ерөнхий Газар”-ын “Эрсдэлийн Үнэлгээний Газар”-т шүүгдэгч И.Х-ийн явуулсан хүсэлтээр нотлогдоод байгаа. Хуульд заагаагүй үндэслэлээр татварын томилолтыг цуцалсан үйл баримт тогтоогдсон. Хэрэв уг татварыг цуцлах процесс хуулийн дагуу үндэслэлтэй явагдсан бол 2 хүн томилогдсоноос яагаад ганц И.Х гэж хүн гарын үсэг зурж хүсэлт илгээсэн асуудлаар хэрэгт буруутгаж байгаа. Шүүгдэгч И.Х дахин шалгалт орох талаар ““Х " ХХК-тай холбогдож мэдээлээд байгууллагын дотоод асуудлыг задруулсан үйл баримт нь “шалгалтыг хойшлуулж өгнө үү гэсэн албан бичиг ирүүлнэ үү” гэж “Х" ХХК-ийн захиралд мессеж илгээж байгаа үйлдэл нь хуулиараа ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа. Татварын ярилцлага хийсэн мэтээр баримт бүрдүүлж байгаа үйлдэл нь ашиг сонирхлын зөрчил үүссэнийг нотолж байна. Шүүгдэгч И.Х төрд 20 жил ажилласан гэж байна төрд 20 жил ажилласан хүн татварын хяналт шалгалт яаж явагддаг талаар мэдэж байгаа. Гэнэтийн шалгалт ирдэг, хуульд байхгүй үндэслэлийг нэхээд тэрийгээ цаашаа “Эрсдэлийн Үнэлгээний Газар”-т хүргүүлдэг. Прокуророос буруутгаад байгаа үндэслэл хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хуульд байхгүй үндэслэлийг “Эрсдэлийн Үнэлгээний Газар”-т илгээгээд байгаа үйлдэл нь бусдад давуу байдал олгох буюу татвар төлөхөөс зайлсхийх, хяналт шалгалтын ажил явуулахгүй байх зорилготой, шууд цуцлуулж байгаа үйлдэл нь бусдад давуу байдал олгосон гэж тогтоогдоод байгаа. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч И.Х нь Нийтийн албан тушаалтнаар буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж албаны ёс зүйг сахина...’’, 6.3-т “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 6.4-т “...Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ..”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “...Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана...’’, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлахыг хориглоно...”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгаас 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Х" ХХК-д холбогдуулан албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулах 2523………. тоот томилолт олгогдсоны дагуу албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ “Х” ХХК-ийн захирал М.Ц-нд “...ярилцлага хийсэн мэтээр баримт бичиг бүрдүүлэх, татварын хяналт шалгалтыг хойшлуулах тухай хүсэлт бичгээр өгөх...” зэргээр урьдчилан зааварчилгаа өгч, тус компаниас 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03/02 дугаартай албан бичгийг гаргуулан авч “...“Х” ХХК-ийн захирал хөдөө томилолтоор ажиллаж байгаа шалтгаанаар хойшлуулах хүсэлт ирүүлсэн үндэслэлээр томилолтыг цуцалж өгнө үү...” гэх хууль бус хүсэлтийг Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газарт хүргүүлэн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр томилолтыг цуцлуулж, мөн “Х” ХХК-д дахин татварын хяналт шалгалт хийгдэх талаар М.Ц-нд урьдчилан утсаар мэдэгдэх зэргээр албан тушаалын байдлыг албаны эсрэг урвуулан ашиглаж М.Ц-нд татвараас зайлсхийхэд тусалж давуу байдал бий болгосон болох нь:

гэрч С.И-ийн “...“Х” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаа явуулж байгаа боловч жил бүр “X” тайлан гаргаж, ашиг орлогоо хувийн болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийнхээ дансаар авч, татвараас жил болгон зугтаж ирсэн байдаг. Үүнийг нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээр шалгуулахаар хүсэлт гаргасан боловч М.Ц нь хууль бус аргаар өөртөө давуу байдлыг бий болгож Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын байцаагч Б, И.Х нараар “Х " ХХК-ийн татварын шалгалтыг М.Ц нь өөрөө олдохгүй байна гэх үндэслэлээр бүр мөсөн хаалгуулсан байсан. Би Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст хүсэлт өгөхдөө хөөн хэлэлцэх хугацааны хүрээнд буюу сүүлийн 5 жилийн шалгалтыг оруулахаар хүсэлтдээ тусгасан байсан. Хэдэн жилийн өмнө Татварын хуульд орсон өөрчлөлтөөр аж ахуй нэгжүүдийн эзэмшигчийн хувийн данс болон хамаарал бүхий этгээдүүдийн дансыг нь хөөж шалгадаг хуультай болсон байдаг. Татварын байцаагч нар нь М.Ц-г олдохгүй байна гэх үндэслэлээр татварын шалгалтыг хаасан байсан боловч татварын байцаагч Хорлоо нь С.И миний утасны дугаар луу андуурч зурвас бичсэнээр татварын байцаагч нар нь М.Ц-той уулзаж ярилцлага хийсэн, холбоо тогтоодог байсан нь тодорхой болсон. Татварын байцаагч Хорлоо нь миний утасны дугаарыг “Х” ХХК-ийн нэрийг оруулж хадгалсны улмаас андуурч М.Ц луу бичих зурвасыг над руу явуулсан байсан. Тус шалтгаанаар Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын байцаагч И.Х болон Б нар нь авлига авч М.Ц-нд хууль бусаар давуу байдал бий болгож татварын шалгалтыг бүр мөсөн хаасан байна гэж үзэж байгаа. Би Татварын Ерөнхий газрын удирдлагаас тодруулахад Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн нэр бүхий байцаагч нар нь татварын шалгалтыг үндэслэлгүйгээр хаасан болох нь тодорхой болж байгууллагынхаа дотоод журмаар тус байцаагч нарт арга хэмжээ авч, татварын шалгалтыг дахин эхлүүлсэн байгаа гэсэн хариуг өгсөн...” /1хх 79-80/,

гэрч Д.Н-ийн “...“Х” ХХК-д 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн татварын хяналт, шалгалт хийх 2523301149 тоот томилолт олгогдсон байсан. Тухайн үед Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газраас олдохгүй байгаа татвар төлөгчдийн татварын хяналт, шалгалтыг цуцлуулах жагсаалт гаргаж ирүүлнэ үү гэсний дагуу тухайн үед хяналт, шалгалт хийх татварын улсын байцаагч И.Х, Д.Б нар нь “Х” ХХК-ийн нэрийг цуцуулах аж ахуй нэгжүүдийн жагсаалтад оруулж, Татварын Ерөнхий газарт хүргүүлсний улмаас тухайн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр олгогдсон татварын хяналт, шалгалт хийх томилолт 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр цуцлагдсан. “Х” ХХК-тай холбоотой татварын хяналт, шалгалт хийх томилолтыг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Татварын Ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.Х болон Д.Б дахин 2523……… тоот томилолт олгуулахаар программд оруулж өгсөн байсан. Тухайн оруулсан томилолтыг би холбогдох татварын улсын байцаагч нарын нэрийг нь сонгоод томилолтыг үүсгэж зөвшөөрөл олгосон. Идэр гэх иргэнээс “Х” ХХК-ийг их хэмжээний алт худалдаж борлуулсан, үйл ажиллагаа явуулсан тул татварын хяналт шалгалт хийлгэхээр хүсэлт ирүүлж, тухайн хүсэлтийн хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр татварын хяналт, шалгалт хийх томилолтыг олгосон байсан. Тухайн үед тус томилолтыг хүлээн авсан татварын улсын байцаагч И.Х, Д.Б нар нь “Х” ХХК-ийн захирлыг олдохгүй байна гэх шалтгаанаар татварын хяналт, шалгалт хийх явцад олдохгүй байгаа гэх жагсаалтад оруулж томилолтыг цуцлуулсан байсан. Олдохгүй байгаа гэх шалтгаанаа нотлох баримтаар хавсаргаж жагсаалтад оруулсан байх Татварын Ерөнхий Газраас Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийг хариуцсан татварын улсын байцаагч Г.Бурмаа нь надтай холбогдоод “Х” ХХК-ийн хяналт, шалгалтын томилолтыг яаралтай үүсгэ гэх үүргийг Эрсдэлийн удирдлагын газрын дарга Батсайхан өгч байна гэсний үндсэн дээр миний бие “Х” ХХК-ийн татварын хяналт, шалгалтын томилолтыг үүсгэсэн. Тухайн үөд “Х” ХХК-ийн захирал олдохоор байхад цуцлуулах жагсаалтад оруулж ирүүлсэн байна. Тус компанийн захирлыг олоод татварын Татварын ерөнхий хууль болон хяналт, шалгалтын үйл ажиллагааны журмаар зохицуулагддаг. Татвар төлөгчтэй татварын улсын байцаагч холбогдож болно. Татвар төлөгч нь ямар шалтгаанаар хойшлуулах гээд байгаа талаар холбогдох нотлох баримтыг гаргуулан авч болно...” /1хх 82-83/,

гэрч Б.Б-ийн “...“Х” ХХК-д татварын хяналт, шалгалт хийхэд хамгийн анх иргэний гомдол гаргасан. Тухайн иргэн нь “Х” ХХК нь маш их хэмжээний татвараас зайлсхийсэн, компанийнхаа орлогыг хувийн данс ашиглаж авдаг гэх гомдлыг Эрсдэлийн удирдлагын газарт гаргасан байсан. Тус гомдлын дагуу Эрсдэлийн удирдлагын газраас тухайн компанид хяналт, шалгалт хийх томилолтыг үүсгэж өгсөн. Эрсдэлийн удирдлагын газраас Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст татварын хяналт, шалгалт хийлгэхээр холбогдох материал гомдлыг хүргүүлсэн байсан. Татварын хяналт, шалгалт явуулах томилолт үүссэний дараа татварын улсын байцаагч И.Х, Д.Б нар хяналт, шалгалтыг эхлүүлсэн байсан. Хяналт, шалгалтын явцад Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.Х, Д.Б нар хяналт шалгалтыг цуцлахаар 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Наранчимэг даргадаа хүсэлтийг хүргүүлсэн байсан. Тухайн үед И.Х, Д.Б нараас томилолт цуцлуулах болсон үндэслэлийг сонсоход “Х” ХХК-ийн захирал нь Дорнод аймагт ажиллаж байгаа болохоор хяналт, шалгалтыг цуцлуулахаар хүсэлтийг хүргүүлсэн байсан. Наранчимэг дарга нь И.Х, Д.Б нараас хүсэлтийг хүлээж аваад Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалт арга зүйн газарт томилолт цуцлах саналыг ирүүлсний үндсэн дээр томилолт цуцлагдсан. Татварын ерөнхий газраас төлөвлөгөөт хяналт шалгалтаар Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаантай шалтгаанаар татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтийн жагсаалтыг буюу томилолтыг цуцлуулах аж ахуй нэгжийн жагсаалтыг ирүүлэх талаар чиглэл хүргүүлсэн байсан. Тухайн жагсаалт дотор “Х” ХХК-ийн нэрийг татварын улсын байцаагч И.Х, Д.Б нар тусгаж ирүүлсэн байсан. Тус аж ахуй нэгжид хийж байгаа хяналт, шалгалт нь төлөвлөгөөт шалгалт биш иргэнээс гаргасан гомдлын дагуу хийгдэж байсан шалгалт байсан. “Х” ХХК-тай холбоотой гомдол гаргасан иргэн Татварын ерөнхий газраас өөрийнхөө гаргасан гомдлын шийдвэрлэлтийн талаар хариуг авах гээд 2023 оны 05 дугаар сарын үед ирэхэд “Х” ХХК-ийн татварын хяналт, шалгалтыг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр цуцалсан байсан. Тийм болохоор Эрсдэлийн удирдлагын газрын ажилтнуудтай “Х” ХХК-д татварын хяналт, шалгалтыг хийхээр дахин томилолт үүсгэх нь зөв байна, хөндлөнгийн мэдээллээр маш их хэмжээний татвараас зайлсхийсэн үйлдлийг нотлохын тулд зайлшгүй хяналт, шалгалт хийх шаардлагатай байна гэх хурлыг хийсэн. Тухайн хуралд И.Х болон Д.Б нар сууж байсан. Тус өдөр хурлын дараа И.Х нь “Х” ХХК-ийн захиралтай холбогдож хурал дээр болсон яриа өгүүллэг болон дахин хяналт, шалгалт хийх томилолтыг үүсгэх талаар хэлсэн байсан. Гэтэл тухайн өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Х” ХХК-иас 23/04, 23/05, 23/06 гэх дугааруудтай албан бичгүүдийг Татварын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс, Төрийн байгууллагын талаарх гомдол хүлээн авах 1111 төвд хүргүүлсэн байсан. “Х” ХХК-д хяналт, шалгалт хийх албан ёсны томилолт үүсээгүй байх үед татварын улсын байцаагч И.Х нь татвар төлөгчтэй холбогдож хийгдэх гэж байгаа татварын хяналт, шалгалтын талаар мэдээлэх нь ажил мэргэжлийн чиг үүргийн дагуу ажиллаагүй, маш том зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Энэ асуудлын талаар би Төрийн захиргаа удирдлагын газарт 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр албан бичгээр мэдэгдсэн. Үүний дараа гомдлын мэдээлэлд үндэслэн Эрсдэлийн үнэлгээг дахин тооцож хөндлөнгийн мэдээллүүдийг цуглуулж эхэлсэн. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Х” ХХК-д, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн М.Ц-нд тус тусад нь татварын хяналт шалгалт хийх томилолтууд үүссэн. Одоогийн байдлаар “Х” ХХК-д хийгдэх татварын хяналт, шалгалтыг татварын улсын байцаагч Н.Д, Б.О, иргэн М.Ц-нд хийгдэх хяналт, шалгалтыг татварын улсын байцаагч Б.Т, Ж.Э нар хийж гүйцэтгэж байгаа. Татварын хяналт, шалгалт хийх томилолт олгогдохоос өмнө бол аж ахуй нэгжийн захиралтай болон нягтлан бодогчтой нь холбогдох, харилцаанд орох, мөн хяналт шалгалтыг хойшлуулах талаар чиглэл өгөх, заавар зөвлөгөө өгөхийг хатуу хориглодог. Татварын ерөнхий хуульд Татварын улсын байцаагчид үйл ажиллагаандаа хориглох заалтад зааж өгсөн байдаг. Хэрэв дээрх асуудлуудыг гаргах юм бол хууль зөрчсөн асуудал болно. ...Албан ёсоор бол хурал зохион байгуулаагүй. Харин 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гомдлоор үүссэн томилолтыг яагаад цуцалсан талаар хариуцсан байсан татварын байцаагч И.Х, Н.Б нарыг өрөөндөө дуудаж уулзаж байсан. Тэгэхэд И.Х нь татвар төлөгч нь Дорнод аймагт ажилладаг, энэ зун Улаанбаатар хотод ирэхгүй, хөдөө уурхайд ажилладаг, утас нь холбогдохгүй байсан гэх шалтгаанаар томилолтыг цуцлуулахаар хүргүүлсэн гэх тайлбар хэлж байсан. Тухайн томилолттой холбоотой ямар ажиллагаа хийсэн бэ гэдгийг асуухад ямар ч ажиллагаа хийж гүйцэтгээгүй байсан, тэгэхээр нь ямар ч ажиллагаа хийгээгүй байна, яагаад цуцлуулсан юм бэ гэх мэтээр татварын улсын байцаагч нараас асууж тодруулж, дахин хяналт, шалгалт хийхээр томилолт үүсгэх талаар Эрсдэлийн удирдлагын газартай зөвлөлдөж ярилцъя гэдэг байдлаар уулзаж байсан. Тэгэхэд тэр өдрөө буюу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Х” ХХК-иас албан бичиг ирсэн. Тухайн албан бичиг дээр И.Х болон Н.Б нартай ярилцсан асуудлын талаар бүх мэдээллийг М.Ц нь мэдэж байсан. Тэгэхээр нь би И.Х болон Н.Б нарыг дахин дуудаж 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ярилцсан зүйлийг М.Ц гэх хүнд хэлсэн байна, хэн хэлсэн бэ гэхэд И.Х нь М.Ц луу залгаж “Х” ХХК-ийг дахин шалгах юм байна гэх утгатай зүйлийг хэлсэн гэж өөрөө хэлж байсан. “Х” ХХК-иас ирүүлсэн албан бичгийн хариуг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн. Одоогийн байдлаар бол “Х” ХХК болон М.Ц-той холбоотой татварын хяналт, шалгалт хийгдсэн. “Х” ХХК-ийн нэр дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, мөн ТЭЗҮ хийх тусгай зөвшөөрөл байдаг байсан. Мөн иргэн М.Ц-ийн дансаар алтны мөнгө, ТЭЗҮ-ийн хөлс гэх мөнгөнүүд орж ирсэн байсан. Тийм учраас хувь хүн тусгай зөвшөөрлөөр орлого олох нь хуульд хүлээн зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа эрхэлсэн тул гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзээд танилцуулга бичиж, цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байгаа. Ерөнхийдөө бол “Х” ХХК болон М.Ц-той холбоотой татварын хяналт, шалгалтаар зөрчил илэрсэн...” /1хх 88-89, 122-123/,

гэрч Д.Б-ийн “...”Х” ХХК-д татварын хяналт, шалгалт хийхээр 2023 оны 03 дугаар сард хяналт, шалгалт хийх аж ахуй нэгжийн нэрсийн жагсаалтад орж ирээд И.Х болон миний нэр дээр тухайн компанид хяналт, шалгалт хийх томилолт үүссэн байсан. Үүний дагуу татварын улсын байцаагч И.Х нь хамгийн эхний процессын ажиллагааг буюу “Х” ХХК-ийн захирал М.Ц-той утсаар холбогдсон. Тэгэхэд М.Цнь И.Х-д би Дорнод аймагт ажилладаг очих боломж байхгүй гэж хэлээд албан тоот хүргүүлсэн байсан. Үүнээс хэсэг хугацааны дараа буюу 2023 оны 04 дүгээр сарын эхээр Татварын ерөнхий газраас үйл ажиллагаа явуулаагүй, X тайлантай, эрсдэлд суурилсан цуцлах аж ахуй нэгжүүдийнхээ нэрсийг өгөх талаар албаны емэйл хаягаар ирүүлсэн байсан. Үүнд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс нийт 25 аж ахуй нэгжийн нэрсийг гарган өгч Татварын ерөнхий газарт албан томилолтын цуцлуулахаар хүргүүлсэн. Тухайн нэрс дунд “Х” ХХК-ийн нэрийг И.Х оруулсан байсан. Тухайн үедээ надад хэлсэн байж магадгүй. Татварын ерөнхий газарт хүргүүлсэн 25 аж ахуй нэгжээс 10 аж ахуй нэгжид үүссэн хяналт, шалгалт хийх томилолт цуцлагдаад, 15 аж ахуй нэгжид хяналт, шалгалт хийх томилолт цуцлагдаагүй хүрч ирсэн. Ямар нэг аж ахуй нэгжид хийгдэх хяналт, шалгалтын томилолтыг цуцлах эрх нь дүүргийн татварын улсын байцаагч нарт байдаггүй. “Х” ХХК-ийн татварын хяналт, шалгалт цуцлагдсаны дараа 2023 оны 05-06 сарын үед Татварын ерөнхий газрын татварын хяналт, шалгалтын арга зүйн газрын дарга Бадамцэцэг нь И.Х, тасгийн дарга Н бид гурвыг өрөөндөө дуудсан. Б даргын өрөөнд ортол “Х” ХХК-ийн татварын хяналт, шалгалт хийх томилолтыг ямар шалтгааны улмаас цуцлахаар болсон, яагаад цуцалсан, хэн цуцалсан талаар уурлаад загнаад байсан. Тэр үед би “Х” ХХК-ийн захирал болох М.Цолмонтой огт яриагүй, харилцаанд ороогүй байх үед И.Х нь М.Ц-той уулзсан, утсаар ярьсан болох нь тодорхой болсон. Яагаад гэвэл И.Х-ийн тайлбарлаж байгаагаар 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үүссэн хяналт, шалгалт хийх томилолттой байх үед М.Ц нь ажлын байранд нь хүрээд ирчихсэн өрөөнд ороод сууж байсан гэсэн, тэгээд И.Х нь М.Ц-той уулзаад ямар нэгэн байдлаар ярилцлага аваагүй ажиллагаа хийгээгүй байсан. Тухайн үед би М.Ц-г ирсэн үгүйг огт мэдээгүй бөгөөд Бадамцэцэг даргын өрөөнөөс гараад Н даргын өрөөнд И.Х дарга бид гурав байж байх үедээ М.Ц нь И.Х-той уулзсан талаар мэдсэн. Н дарга тухайн үед би та хоёрын хэнд чинь билээ, энэ компанийн талаар иргэний гомдолтой, алтны олборлолттой гэдэг талаар чиглэл өгч байсан хэнд нь хэлж байлаа гэж асууж байсан, тэгэхэд Наранчимэг дарга И.Х-д урд өмнө ярьж байсан болж таарсан. Тэгээд тухайн үед буюу Наранчимэг даргын өрөөнд би И.Х-д М.Ц-той уулзсан бол надад хэлэхгүй яасан юм гэж хэлэхэд И.Х нь чи тэр үед байхгүй байсан билүү, юу билээ би бас санахгүй байна гэж хэлж байсан. Үүний дараа Наранчимэг дарга, И.Х бид гурав Татварын ерөнхий газарт тайлбар бичиг бичиж өгсөн. Тэгээд “Х” ХХК-д хийх хяналт, шалгалтын томилолт үүсээгүй байх үед би ээлжийн амралтаа 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж аваад 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа орсон. Ажилдаа орох үед “Х” ХХК-д хяналт, шалгалт хийх томилолт И.Х бид хоёр дээр 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дахин үүссэн. Үүний дараа миний бие тэтгэвэртээ гарах хүсэлтээ өгчихсөн байсан ба процесс ажиллагааны дагуу “Х” ХХК-ийн захирал М.Ц-ийн цахим емэйл хаяг руу томилолт дахин үүссэн тухай албан бичгийг И.Х-ийн хаягаас хүргүүлсэн. Би “Х” ХХК-ийн хяналт, шалгалттай холбоотойгоор М.Ц-той ямар нэгэн байдлаар утсаар ярьж, зурвас бичиж, харилцаанд орсон асуудал огт байхгүй, тухайн компанид хийх хяналт, шалгалттай холбоотой томилолт үүссэн боловч тодорхой биечлэн оролцоогүй. М.Ц-той уулзаж байгаагүй. Татварын улсын байцаагч И.Х-ийн хувьд М.Ц-той уулзаж байсан болон утсаар ярьж байсан. Гэхдээ М.Ц-г татварын улсын байцаагч И.Х-той ирж уулзсан талаар нь би бүр сүүлд нь мэдсэн. Татварын улсын байцаагч И.Х болон М.Ц нарын хооронд ямар төрлийм харилцаа холбоо байсан талаар нь би мэдэхгүй байна. Татварын Ерөнхий хуулийн татварын улсын байцаагчид хориглох зүйл заалт дээр тухайн асуудлыг зааж өгсөн байдаг. Татварын улсын байцаагч нь шалгагдаж байгаа аж ахуй нэгжийн захирал, нягтлан бодогчтой процессын ажиллагаанаас өөр чиглэлээр харилцах, чиглэл, зөвлөгөө өгөх нь хориотой байдаг. Ажлын байрны тодорхойлолтод ч гэсэн тусгаж өгсөн байдаг. Тиймээс би М.Ц-нд хяналт, шалгалттай холбоотойгоор ямар нэгэн зөвлөгөө, чиглэл өгөх, уулзаж, харилцаанд орж үзээгүй...” /1хх 100-101/,

гэрч М.Ц-ийн “...2023 оны 04 дүгээр сарын үед Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.Х-той ажлын байранд нь нэг удаа уулзаж байсан. Тухайн үед бол “Х” ХХК дээр татварын хяналт шалгалт хийхээр томилолт үүссэн байсан. Үүссэн томилолтой холбоотой татварын улсын байцаагч И.Х-той ажил дээр нь уулзахад ямар нэгэн байдлаар бол тусдаа өрөөнд орж гарын үсэг зурж ярилцлага хийгээгүй, зүгээр харилцан яриа хийж байсан. Тухайн үед бол би татварын улсын байцаагч И.Х-д “Х” ХХК-тай холбоотой С.И гэх хүний бусад хуулийн байгууллагад гаргаж байгаа гомдлуудын талаар хэлж байсан. Тухайн үед бол И.Х надтай ажлынхаа өрөөнд уулзсан. Би тухайн томилолт үүссэнтэй холбоотойгоор компанитай холбоотой дансны хуулга, холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөөгүй явж байсан. Дараа нь И.Х нь миний утасны дугаар луу залгахад нь би И.Х-д хөдөө ажилтай явж байна, өнөө маргаашдаа би очиж чадахгүй, татварын хяналт шалгалт хийх томилолтыг хойшлуулах ямар арга байна, хойшлуулмаар байна гэж хэлж байсан. Тэгэхэд И.Х нь надад чи тэгвэл ямар ажилтай явж байгаа талаараа хүсэлтээ бичиж өг гэж хэлж байсан санагдаж байна. Тэгэхээр нь би “Х” ХХК-д хийгдэх татварын хяналт шалгалтыг хойшлуулж өгөх утгатай хүсэлтээ Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.Х руу цахим хаягаар явуулж байсан. Надтай цахимаар ярилцлага огт хийж байгаагүй...”, “2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр татварын улсын байцаагч И.Х нь над руу өөрийнхөө дугаараас залгаад “Х” ХХК дээр дахин хяналт шалгалт орохоор болж байна, энд намайг дарга нар дуудаад бөөн юм боллоо, ирж шалгалтдаа хамрагдах юм байна, материалуудаа гаргаж өг гэж ярьж байсан. Татварын улсын байцаагч И.Х-г над руу ярьсны дараа би тухайн өдрөө Татварын ерөнхий газар, 11-11 төв, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст тус бүрд нь албан бичиг хүргүүлсэн...” /1хх 106-107, 109/ гэсэн мэдүүлгүүд,

Татварын ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр А/34 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам” /2хх 107-121/,

“Х” ХХК-иас 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 23/02 дугаартай “хяналт шалгалтыг хойшлуулах тухай” хүсэлт гаргасан албан бичиг /3хх 194/, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчаас томилолт цуцлуулах тухай хүсэлт гаргасан баримт бичиг /3хх 193/,

Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагчаас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст гаргасан тайлбар /1хх 14-15/,

“Х” ХХК-ийн захирал М.Ц-оос 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 23/05, 23/04, 23/06 дугаартай “гомдол гаргах тухай’’ албан бичиг болон албан бичгийн хариу /1хх 22-24, 94-96/,

Татварын хяналт шалгалт хийх тухай 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн томилолтын хуудас /1хх 86, 93/, гэрч М.Цолмон, С.Идэр нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 62-77/,

Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 24 ний өдрийн “...Санал хүргүүлэх тухай...” баримт бичиг /1хх 90/, Татварын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08/329 дугаартай “Х” ХХК-д татварын хяналт шалгалтын шийдвэр хүргүүлэх тухай...” албан бичиг, танилцуулга /1хх 125-127/, Татварын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08/295 дугаартай "...М.Ц-нд татварын хяналт шалгалтын шийдвэр хүргүүлэх тухай...” албан бичиг, танилцуулга /1хх 128-130/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч И.Х-ийн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субьектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч И.Х-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч И.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч И.Х-ийн өмгөөлөгч Б.Э-аас “... хэргийг хэрэгсэхгүй болгож, И.Х-г цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхээс хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, “Нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтанг хамааруулан ойлгодог.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “...төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлсон бөгөөд И.Х-ийн хувьд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч /ТЗ-6, дэс түшмэл/-ийн албан тушаалд ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан субьект мөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Тодруулбал, нийтийн албан тушаалтан албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэхийг хуулиар хориглосон бөгөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь авлигын нэг төрөл бөгөөд хуулиар хамгаалагдсан төрийн албаны хэвийн болоод зүй ёсны үйл ажиллагааг алдагдуулсан үйлдэл юм.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн объектив талын хувьд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бусад бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байдаг ба энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж өгсөн.

Шүүгдэгч И.Х-ийн хувьд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “олдохгүй байгаа татвар төлөгчдийн татварын хяналт, шалгалтыг цуцлуулах тухай жагсаалтад “Х” ХХК-ийн нэрийг оруулж, Татварын ерөнхий газарт хүргүүлсний улмаас тус компанид хийх татварын хяналт, шалгалт хийх томилолт цуцлагдсан, улмаар дахин хяналт, шалгалт хийх томилолт үүссэний дараа “Х” ХХК-д дахин татварын хяналт шалгалт хийгдэх талаар М.Ц-нд урьдчилан утсаар мэдэгдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Тодруулбал, Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дугаартай тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.19-т “Хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга татвар төлөгч хувь хүн нас барсан, нас барсанд тооцсон, татвар төлөгчийг эрэн сурвалжлах шүүхийн тогтоолыг үндэслэн цагдаагийн байгууллагаас ажиллагаа явуулсан талаар тодорхойлолт гаргасан, илүү төлсөн татвараа буцаан авах хүсэлт ирүүлсэн татвар төлөгч нь шалгалтад шаардлагатай баримт бичгийг хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд гарган ирүүлээгүй байгаа тохиолдолд шалгах боломжгүй байгаа талаар татвар төлөгчид албан тоот цахим хаягаар мэдэгдсэн, Татварын ерөнхий хуулийн 47.12-т “Татварын алба шинэ акт гаргах бол өмнө гаргасан нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох бөгөөд энэ хуулийн 47.11-д заасан хугацаанд шинэ акт гаргаагүй бол Маргаан таслах зөвлөл асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэж заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд томилолтыг цуцалж болох”-оор зохицуулжээ.

 Гэтэл шүүгдэгч И.Х нь “Х” ХХК-ийн захирал М.Ц-нд “...ярилцлага хийсэн мэтээр баримт бичиг бүрдүүлэх, татварын хяналт шалгалтыг хойшлуулах тухай хүсэлт бичгээр өгөх...” талаар заавар, зөвлөгөө өгч, тус компаниас 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03/02 дугаартай “...“Х” ХХК-ийн захирал хөдөө томилолтоор ажиллаж байгаа шалтгаанаар хойшлуулах хүсэлт ирүүлсэн үндэслэлээр томилолтыг цуцалж өгнө үү...” гэх хууль бус хүсэлтийг гаргуулан авч, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд заасан томилолт цуцлах нөхцөл байдалд хамаарахгүй хүсэлтийг Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газарт хүргүүлж, томилолтыг цуцлуулсан, мөн “Х” ХХК-д дахин татварын хяналт шалгалт хийгдэх талаар М.Ц-нд урьдчилан утсаар мэдэгдэх зэргээр албан тушаалын байдлыг албаны эсрэг урвуулан ашиглаж М.Ц-нд татвараас зайлсхийхэд тусалж давуу байдал бий болгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул И.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн боломжгүй юм.

Анхан шатны шүүх дээрх хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч И.Х-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн И.Х нь аль дүүрэгт, ямар ажил эрхэлж байгаа талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул түүний зорчих эрх хязгаарласан хүрээг тэлэх, чиглэлийг өөрчлөх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/581 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Х-ийн өмгөөлөгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/581 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Х-ийн өмгөөлөгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ГАНБААТАР

 

                       ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ