| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00431/И |
| Дугаар | 309/ШШ2025/00980 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 309/ШШ2025/00980
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ийн *******т холбогдох,
“Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,700,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.*******
Хариуцагч Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д.*******тай 5000 боодол өвсийг 4,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон. Үүний дагуу 2024 оны 10 сарын 07-нд 5,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 13-нд 3,000,000 төгрөгийг ХААН банкны ******* тоот данс руу шилжүүлсэн. 2024 оны 10 сарын 15-нд урьдчилгаа өгч 2,000,000 төгрөг машины хөлс төлж өвсөө ачуулахаар явуулсан боловч пресс эвдэрсэн, боосон өвс байхгүй гээд буцаасан. Мөн 2024 оны 10 сарын 22-нд өвсөө авахаар 2 машинд 2,000,000 төгрөгийн хөлс өгөөд явуулсан боловч өөрөө байхгүй байна гээд ачуулаагүй. 2024 оны 10 сарын 23-нд дахин 800,000 төгрөгийн урьдчилгаа төлөөд очиход бас л өвс ачиж өгөөгүй буцаасан. Энэ мэт өвсөө ачуулж чадахгүй зардал гаргасан мөнгө 4,800,000 төгрөгөөр хохирсон. 2024 оны 10 сарын 26-нд 1700 боодол өвс авсан. Гэтэл 300 боодол өвс нь тохирсон үнэдээ хүрэхээгүй байсан. Иймд нийт 8,700,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид өнөөдрийг хүртэл энэ маргааны талаар хоорондоо сайн ярилцаж үзээгүй байсан. Мөнгөн дүн дээр эвлэрэх боломжтой эсэхийг хоорондоо ярилцаж үзмээр байна. Тиймээс шүүх хуралдааныг түр завсарлуулж хариуцагчтай эвлэрэх асуудлаар ярилцах боломжийг олгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд 5000 боодол өвсөө ямар нэг асуудалгүй өгсөн гэж бодож байна. Эхний 3000 боодол өвсөө ямар нэгэн чирэгдэл байхгүй ачиж явуулсан. Харин сүүлийнх дээр бороо, цас орж, мөн техникийн эвдрэл гэмтэл гараад хадлан маань саатсан нь үнэн. Гэхдээ тухайн үеийн нөхцөлбайдлаа хэлж байсан боловч Г.******* нь өөрөө яараад машин явуулсан. Тиймээс би Г.******* гэх хүнийг надаас илүү их ашиг харж мөнгө нэхэж байна гэж бодож байна гэжээ.
Эвлэрэх талаар ярилцах асуудал дээр санал нэг байна гэв.
Нэхэмжлэгч Г.******* /утас *******/, хариуцагч Д.******* /утас *******/ нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Г.*******, Д.******* бид доорх байдлаар эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
1. Нэхэмжлэгч Г.******* би нэхэмжлэлийн шаардлага 8,700,000 төгрөгөөс 3,100,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 5,600,000 төгрөгт 1 боодол өвсийг 7,000 төгрөгт тооцон нийт 800 боодол өвс /шарлаагүй байх/-ийг хариуцагч Д.*******аас гаргуулах.
2. Хариуцагч Д.******* би тохиролцсон 800 боодол өвсийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны дотор ачуулан нэхэмжлэгч Г.*******д хүлээлгэн өгөхийг зөвшөөрч байна.
3. Нэхэмжлэгч Г.******* би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 154,150 төгрөг төлсөн ба үүнээс хариуцагчид ногдох хэсгийг хариуцагч Д.*******аас гаргуулахгүйгээр тохиролцсон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,700,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Д.******* нар нь “нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 8,700,000 төгрөгөөс 3,100,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 5,600,000 төгрөгт 1 боодол өвсийг 7,000 төгрөгт тооцон нийт 800 боодол өвс /шарлаагүй байх/-ийг хариуцагч Д.*******аас гаргуулах, хариуцагч Д.******* нь тохиролцсон 800 боодол өвсийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны дотор ачуулан нэхэмжлэгч Г.*******д хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,150 төгрөгөөс хариуцагчид ногдох хэсгийг хариуцагч Д.*******аас гаргуулахгүй” хэмээн харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 8,700,000 төгрөгөөс 3,100,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 5,600,000 төгрөгт 1 боодол өвсийг 7,000 төгрөгт тооцон нийт 800 боодол өвс /шарлаагүй байх/-ийг хариуцагч Д.*******аас гаргуулах, хариуцагч Д.******* нь тохиролцсон 800 боодол өвсийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны дотор ачуулан нэхэмжлэгч Г.*******д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,150 төгрөгийн 50 хувь болох 77,075 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 77,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.******* //-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ