Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/44

 

 

 

 

 

 

 

 

 

2024       09         04                                          2024/ДШМ/44

 

 

Б.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Г.Анх-Ирээдүй

Шүүгдэгч                                                       Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Д.Оюунчимэг

Хохирогч                                                      С Ю И

Хохирогчийн өмгөөлөгч                            О.Сарантуул

Орчуулагч                                                    Ц.Орхон

Нарийн бичгийн дарга                               Б.Золжаргал нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч С Ю И, шүүгдэгч Б.Д нарын давж заалдах гомдлоор Б.Д-д холбогдох 2425000000014 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Д нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 07 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-16 дугаар байрны урд талын асфальтан хучилттай авто замаар “Бизнес инвест девелопмент” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн Тоёота Сай-К10 загварын 00-00 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ”, 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган хүний гарцаар гарч явсан иргэн С Ю Игийн эрүүл мэндэд “баруун хөлийн гадна, дотор хавчаар ясны хугарал, баруун тохой, зүүн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Ды үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Даас 5.816.700 гаргуулж хохирогч С Ю Ид олгож, хохирогч нь дутуу авсан цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч Б.Д энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний баримт бичиг шүүхэд ирээгүйг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, хохирогчоос гаргаж өгсөн 1 ширхэг хадаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

 Хохирогч С Ю И давж заалдах гомдолдоо:

“ ... Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 195 тоот тогтоолын хохирлыг шийдсэн хэсгийг эс зөвшөөрч байна. Миний бие ОХУ-ын иргэн С Ю И нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүгдэгч Б.Ды гэм буруутай үйлдлийн улмаас түүний машинд мөргүүлж зүүн хөлний баруун гадна, дотно хавчаар ясны хугарал, зүүн гуяанд цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл авсан. 

Энэ гэмтлийн улмаас миний бие 2023 оны 11 дүгээр сарын 20-ноос 2023 оны 12 дугаар сарын 17 хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, мэс заслын хагалгаанд орж, хөлөндөө хадаас хадуулсан, 2023 оны 12 дугаар сарын 17-ноос 2024 оны 01 дүгээр сарын 12 хүртэл эмнэлгийн акттай байсан. 

Би “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа 00 дүгээр сургуульд багшаар ажилладаг. Миний цалин хөдөлмөрийн гэрээний дагуу 2.211.000 төгрөгийн цалин мөн нэмэлтээр 1,600 долларын цалинг Хас банкны төгрөгийн болон долларын дансаар бодогдон олгогддог. 

Би шүүгдэгчээс эмчилгээтэй холбоотой зардал болон гэмтлийн улмаас ажилгүй байх хугацаандаа авах ёстой байсан 11, 12, 1 дүгээр сарын нэмэлт цалин болох 3.020 долларыг нэхэмжилсэн гэтэл шүүх уг цалинг нийгмийн даатгалын сангаас цалин хөлсийг бодож олгож дуусаагүй нь тогтоогдсон байх тул энэ хурлаар шийдвэрлэх боломжгүй гэж хэлэлцэхгүй орхисон. Шүүх хуралд 1.600 доллар цалинг аваагүй тухай ажил олгогчийн тодорхойлолт байсан боловч шүүх түүнийг авч хэлэлцээгүй нь надад хохиролтой байна. 

Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон дүгнэлтийн дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох талаар дүгнэлт хийхдээ шүүгдэгчийг хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа гэмшсэн байгаа, ажилгүй, 0-9 насны 6 хүүхэдтэй зэргийг харгалзан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг мөнгөн дүнгээр тооцож хохирогч надад олгохоор болж, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 х 13 = 7,150,000 төгрөг гэж сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон. 

Монгол Улсын хууль, болон журманд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тооцох хэмжээ 13-20 хувь дахин гэсэн байна. Улсын яллагч 17 дахин гэж санал хэлсэн. Мөн одоо үйлчилж буй 660.000-р тооцох ёстой гэсэн. Миний хувьд 2023 оны 11 дүгээр сарын 20-ноос шүүх хурал 05 сарын 02-ны өдөр болтол энэ гэмтлийн улмаас өвдөлт зовуурь шаналгааг эдэлж, байнга өвчин намдаах эм ууж, сэтгэл санаа тогтворгүй, айдас түгшүүртэй айдас арилаагүй сэргээн засах эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа. Монгол Улсын хуульд ... хохирсон иргэний эрхийг сэргээх гэж заасан байна. Гэтэл миний хохирсон байдал өнөөдрийг хүртэл сэргэсэнгүй. 

Гэтэл шүүх хохирогч миний хохирсон байдлыг үл харгалзан, өөрийн орныхоо иргэний ашгийг нэн түрүүнд тавьж, намайг хохироож байна. Шүүхэд хэрэг ирээд 3 сар болсон. Энэ хугацаанд шүүгдэгч надад хохирол төлөөгүй. Хуралд тэр эмэгтэй огт тоосон шинжгүй төлбөрийг нь хувааж төлмөөр байна гэсэн. Эрүүл байсан хүн хохироод урьдынх шигээ эрүүл болоогүй байхад хохирлыг хувааж төлмөөр байна гэсэн. Мөн өмгөөлөгч нь торгууль оногдуулаач гэсэн. Торгууль төлөх мөнгөтэй хүн юм байна гэж би ойлгосон. 

Шүүх хуралд миний хөдөлмөрийн гэрээг дансны хуулгаар 11, 12 1 сарын нэмэлт цалин 1.600 долларыг бүрэн аваагүй байгаа нь тодорхой байгаа. Иймээс 3.020 долларыг гаргуулахаар шүүхийн шийтгэх тогтоолын 4-р заалтанд өөрчлөлт оруулж, хохирсон эрх ашгийг минь хамгаалж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр, өмгөөлөгчийн хамт оролцоно ...” гэжээ. 

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдолдоо:

“ ...  Надад оногдуулсан ялыг хөнгөлж өгнө үү гэж гуйж байна. Би 6 хүүхэдтэй, бага нь 8 сартай хүүхдээ асрахад гартаа байнга бугуйвчтай байх нь маш хэцүү байхаас гадна миний амьдралын энэ нөхцөл байдал зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхэд саад болох болов уу гэж айж байна. Би хүүхдүүдээ хараад ажил хийдэггүй, аав, ээж минь туслаад торгуулийн ялыг эдэлж төлж чадна гэж бодож байна. Би гэм буруугаа хүлээн маш их гэмшиж байгаа. Иймд миний амьдралыг харж үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ял болгож өөрчилж өгнө үү …” гэжээ. 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Д тайлбартаа: “...Манай нөхөр Шунхлайд жолооч хийдэг, байхгүй хойно нь би хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгч байгаад ийм осол гаргасан, миний буруу маш их харамсаж байгаа. Манай бага хүүхэд одоо 11 сартай, дараагийнх нь 2 нас хүрч байгаа, байнга зууралдаж байдаг учраас бугуйндаа цаг зүүгээд байхаар их хэцүү байгаа. Тийм учраас ялыг маань торгуулийн ялаар сольж хөнгөлж өгнө үү гэж хүсэж давж заалдах гомдол гаргасан...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг тайлбартаа: “...Б.Ды гаргасан давж заалдах гомдлыг шүүх хангаж, ял хувийн байдал хэргийн байдалд тохирсон байх ёстой гэсэн зарчмын дагуу шүүх ялыг торгуулийн арга хэмжээгээр сольж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна. Харин хохирогчийн давж заалдсан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байна...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч С Ю И тайлбартаа: “...Би өмнөх шүүх хуралдааны шийдвэртэй санал нийлэхгүй байгаа учраас өргөдөл гаргасан. Өмнөх шүүх хурлаар прокурорын гаргасан хохирлын хэмжээ буюу 17 хувиар гаргасан саналыг харгалзаж үзнэ үү. Мөн долларын цалингаа нөхөн төлүүлэх хүсэлтэй байна, 3020 доллар байгаа. Мөн 13 дахь цалингийн зөрүү 479,000 төгрөг. Цаашид эмчилгээ хийгдэнэ гэдгийг ойлгож байсан учраас өргөдөл гаргасан. Орост очоод дахиад шинжилгээ өгсөн, хугарал гарсан газар нь яс нь маш их гэмтэлтэй идгэдээд эхэлсэн байгаа. 2 жилийн дараа тэр хавийн ясыг нь солихоос өөр аргагүй болсон. Эмчийнхээ бүх баримтуудыг авч ирсэн байгаа. Одоо болтол доголоод хэцүү явж байгаа, дотроо хөлний дэмжигчтэй явж байгаа. Хадаас байсан газрын яс нь одоо хүртэл эдгээгүй байгаа, рентгэн хийлгэсэн байгаа тэр талаарх баримтаа авч ирсэн байгаа...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтад өөрчлөлт оруулж, хохирогчийн гомдолд дурдсан аваагүй байгаа долларын цалин 3.020 доллар, 13 дугаар цалингийн зөрүү зэргийг олгохоор өөрчилж өгнө үү...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Анх-Ирээдүй дүгнэлтдээ:”...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хохирогч С Ю И, шүүгдэгч Б.Д нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 07 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-16 дугаар байрны урд талын асфальтан хучилттай авто замаар “Бизнес инвест девелопмент” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн Тоёота Сай-К10 загварын 00-00УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ”, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,

явган хүний гарцаар гарч явсан иргэн С Ю И-гийн эрүүл мэндэд “баруун хөлийн гадна, дотор хавчаар ясны хугарал, баруун тохой, зүүн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч С Ю И, насанд хүрээгүй гэрч Т.Э нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн биед учирсан гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1047 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Д-ы яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулжээ.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Хохирогч С Ю И нь “ ... дансны хуулгаар 11, 12, 1 сарын нэмэлт цалин 1.600 долларыг бүрэн аваагүй байгаа нь тодорхой байгаа. Иймээс 3.020 долларыг гаргуулахаар шүүхийн шийтгэх тогтоолын 4-р заалтанд өөрчлөлт оруулж, хохирсон эрх ашгийг минь хамгаалж өгнө үү ...” гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Монгол улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй юм.

Хохирогч нь нэмэлт цалин 3.020 долларыг аваагүй болох нь тогтоогдож байх боловч Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол улсын мөнгөн тэмдэгтээр төгрөгөөр гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд тухайн үеийн 3.020 долларын ханшийн талаарх Монгол банкны ханшийн мэдээлэл хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Түүнээс гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдийн бусдад учруулсан хохирлын дүнг тогтоохдоо гэмт хэрэг үйлдсэн үеэр тооцох бөгөөд анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг тооцохдоо тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгөөр тооцож,

гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, шүүгдэгчийн гэм буруу, төлбөрийн чадвар зэргийг харгалзан 550.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.150.000 төгрөгөөр тооцож, эмчилгээний болон замын зардал 696.700 төгрөг, нийт 7.846.700 төгрөгнөөс шүүгдэгч Б.Ды төлсөн 2.030.000 төгрөгийг хасаж, түүнээс 5.816.700 төгрөгийг гаргуулж хохирогч С Ю Ид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хохирогч С Ю И нь дутуу авсан цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байх тул хохирогч нь дээрх нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ зэрэгт зүй зохистой харьцаагаар тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байхыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Д нь  “... Би хүүхдүүдээ хараад ажил хийдэггүй, аав, ээж минь туслаад торгуулийн ялыг эдэлж төлж чадна гэж бодож байна. Би гэм буруугаа хүлээн маш их гэмшиж байгаа. Иймд миний амьдралыг харж үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ял болгож өөрчилж өгнө үү... гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан байх боловч анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

Иймд хохирогч С Ю И, шүүгдэгч Б.Д нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С Ю И, шүүгдэгч Б.Д нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                   С.УРАНЧИМЭГ