Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/054 

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******;

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/166 дугаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2414001430173 дугаар хэргийг 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн .............. оршин сууж байгаа,

Баянхонгор аймгийн Сум дундын Шүүхийн 1996 он 8 дугаар сарын 28-ны өдрийн Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, ******* овогт *******ын ******* /РД:*******/

2. холбогдсон хэргийн талаар:

С.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 02-ны шөнийн 00 цаг 17 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2,22% хувийн согтолтын зэрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж ******* ******* улсын дугаартай верна аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас явахыг хориглох үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  болохыг тус тус  дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

3. Шүүгдэгч ******* давж заалдах гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаа хасаж, 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хуулийн энэрэнгүй, шударга байдалд бүрэн тохирч би хүлээн зөвшөөрч байгаа боловч энэ эрүүгийн хариуцлагыг эдлэхэд хүндрэл байна. Би гэр бүлийн гишүүн, эхнэр Я.Оюунжаргалыг Улаанбаатар хот руу сар бүхэн аваачиж Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт хяналтад оруулдаг. Эхнэр маань тархинд цус  харвалтын улмаас тархиндаа 5 ш хавчаар тавиулсан хагалгаа хийлгэж, би асран хамгаалж явдаг. Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа ямар нэгэн гачигдлын улмаас чөлөө зөвшөөрөл авах хүндрэлтэй байна. Миний хувийн 10 гаран үхэр, 60 тооны бог дүү , нарын нэр дээр тоологдож хөдөө байдаг ба би малаа эргэж тойрох, хоол хүнс авах ажлыг өөрөө хийж гүйцэтгэдэг юм.Миний амьдралын энэ байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгуулийн доод хэмжээгээр торгох ялаар шийтгэж өгнө үү.Торгуулийг би заасан цаг хугацаанд нь төлөх болно...” гэжээ.

4. Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй. Гэвч давж заалдах шатын шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлагыг өөрчлөх боломжтой байх тул шүүхийн эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний бие шүүгдэгч *******д холбогдох хэрэгт шүүхийн шатнаас оролцсон. Анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн хувийн байдалд нийцэхгүй хүндрэлтэй нөхцөл байдалтай байна. Мөн шүүгдэгчийн эхнэрийн хувьд 70% хөдөлмөрийн чадвараа алдсан шүүгдэгчийн асрамжид байдаг бөгөөд түүний 4 настай зээ хүүхэд мөн амьдардаг. Шүүгдэгчийн эхнэр нь Улаанбаатар хот руу эмчилгээнд тогтмол хамрагддаг. Иймд шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. Өмгөөлөгчийн зүгээс үзэхэд шүүгдэгчийн шийтгүүлсэн хэрэгт хорих 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах зүйл заалттай гэмт хэрэг байгаа. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх заасан байгаа.

Иймд шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

С.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 3 дугаар сарын 02-ны шөнийн 00 цаг 17 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2,22% хувийн согтолтын зэрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж ******* ******* улсын дугаартай верна аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл гаргасан нь үнэн. Би уг тогтоолтой танилцаж гарын үсгээ зурсан, хуулийн байгууллагын дуудсан цагт бэлэн ирсэн байна. асууж тодруулах зүйл байхгүй байна. Би ахуйн хэрэгцээний зүйлээ доод зах болон дунд захаас ихэвчлэн авдаг миний ажлын байрны хаяг одоогоор Баянхонгор сумын 3 дугаар баг, 1 дүгээр гудамжны 1/А тоотод байрлаж байна. Би одоогоор Баянхонгор аймгийн Шинэ намын дарга гэсэг ажил хийж байгаа мөн такси үйлчилгээ эрхэлдэг байсан бөгөөд одоогоор дуудлагын такси үйлчилгээ явуулж байгаа бөгөөд аяны авто жолоо хоршооны дарга алба-тушаалтай ажил хийж байгаа бөгөөд миний 1 сарын орлого дунджаар 2,300,000 төгрөг орчим байдаг. Өөр нэмж ярих зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх37/,

Эрх бүхий албан тушаалтны “…******* нь “Hyundai verna” маркийн *******БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.22 хувийн согтолттойгоор жолоодсоныг 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 00:17 цагт илрүүлсэн ...” тухай тэмдэглэл /хх5-8/,

Замын цагдаагийн тасгийн Цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагчийн илтгэх хуудас /хх9/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгээ мэдсээр байж дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, уг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус шинжтэй болохыг шүүгдэгч мэдэж байсан, улмаар хүсэж үйлдсэн үйлдэл нь гэмт хэргийн санаатай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд үйлдсэн зөрчлүүдийн үр дагаврыг ойлгож ухамсарлаагүй, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

 Шүүгдэгч ******* “...Улаанбаатар хот руу сар бүхэн би эхнэрээ аваачиж Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт хяналтад оруулдаг. Эхнэр маань тархинд цус  харвалтын улмаас тархиндаа 5 ш хавчаар тавиулсан хагалгаа хийлгэж, би асран хамгаалж явдаг. Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа ямар нэгэн гачигдлын улмаас чөлөө зөвшөөрөл авах хүндрэлтэй байна. Миний хувийн 10 гаран үхэр, 60 тооны бог дүү , нарын нэр дээр тоологдож хөдөө байдаг ба би малаа эргэж тойрох, хоол хүнс авах ажлыг өөрөө хийж гүйцэтгэдэг юм. Миний амьдралын энэ байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгуулийн доод хэмжээгээр торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Тодруулбал, шүүхээс оногдуулж буй ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд *******ын гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн байдал, боломж бололцоо, хүсэл сонирхолд нийцүүлэн ялын төрөл, хэмжээг сонгон оногдуулдаггүйг дурдвал зохино.

Шүүгдэгч ******* нь хэрэв зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах тохиолдолд энэ талаарх хүсэлтээ Шийдвэр гүйцэтгэх байгууллагад гарган шийдвэрлүүлж, зөвшөөрлийн дагуу бусад бүсчлэлд тогтоосон маршрутын дагуу зорчих нь нээлттэй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.ГАНЧИМЭГ

 

               ШҮҮГЧИД                                  Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

                                                             Ч.БАЯРЦЭНГЭЛ