Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 313/ШШ2025/00451

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /Иргэний бүртгэлийн дугаар: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Чандмань 9-р баг, *******.

Хариуцагч: *******ар, Улсын төсөвт үйлдвэрийн газар, /РД: 9049894/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, Далан, *******, *******.

Нэхэмжлэлийн шаардлага: *******рын даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дугаар “У.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.******* би Өмнөговь аймгийн “”-т 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн үйлчлэгчээр ажиллаж байна. Би хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж улс орон нутгийн чанартай ур чадварын тэмцээнүүдэд амжилт гаргаж ирсэн. Би өөрийн үүрэгт ажлаа хичээнгүйлэн гүйцэтгэдэг.

2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргаар Б.******* гэх хүн томилогдсон. 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймагт "Тэмээний баяр" болсон бөгөөд энэ үйл ажиллагаанд манай хамт олон их ачаалал, үүрэгтэйгээр оролцсон. Тэр өдрөөс хойш Б.******* даргын зүгээс ажилтнуудтайгаа бүдүүлэг харьцаж загнаж зандрах нь их болсон. Миний өөрийн facebook хаягтаа бичсэн үг, сэтгэгдлүүдийг дарга Б.******* хэвлээд авчихсан. Байгууллагын болон өөрийнх нь нэр хүндэд халдаж байна facebook дээр нийтлэх үгээ болгоомжтой бич гэж дарамтлах болсон. Б.*******ийн миний хаяг дээрээс хуулбарлаж хэвлээд намайг дарамтлах болсон тэрхүү нийтлэл дээр нь манай байгууллага болон Б.*******ийн нэр, зураг орсон зүйлгүй. Ямар нэгэн хамааралгүй зүйл байсан. Ямар шалтгаантайг нь мэдэхгүй надад уурлаж ажлаас гаргахаар шахалт үзүүлж эхэлсэн.

Манай байгууллагын үйлчлэгчид цэвэрлэх ёстой хариуцсан талбайтай байдаг. Би Өмнөговь аймгийн Нутгийн удирдлагын ордны 3 давхрын баруун жигүүр буюу Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажилчид болон хурлын танхим түүний ариун цэврийн өрөө, шатны хонгил зэргийг бүгдийг нь хариуцан цэвэрлэдэг байсан. 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үйлчилгээний ахлах Н. надад маргаашаас талбай солигдож байгаа Төрийн аудитын байрладаг хэсэг буюу Удирдлагын ордны 3 давхрын зүүн жигүүрийг цэвэрлэх ёстой болж байна гэж хэлсэн. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөртөө би Иргэдийн хурлын буюу ордны 3 давхрын баруун жигүүр хэсэгт байрлах өөрийн хариуцдаг байсан талбайгаа цэвэрлээд өглөө нь хүний нөөцийн ажилтан Б., Н. нарт шалгуулж хүлээлгэн өгсөн. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Төрийн аудитын байрладаг хэсэг буюу Удирдлагын ордны 3 давхрын зүүн жигүүрийг бүрэн цэвэрлэж эхэлсэн.

2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1 давхрын 108 дугаарын өрөөг цэвэрлэ гэж Б.******* хэлсэн. Миний хариуцсан талбайг ойр ойрхон солиод байгаа, өөр хүний талбайг надаар цэвэрлүүлэх гэж байгаа, урьд нь хариуцаж байсан хүнээр нь цэвэрлүүлж хүлээлгэж өгөхгүй байгаа талаар нь хэлж тайлбар шаардсан. Дарга Б.******* намайг тэр өрөөг цэвэрлэ гэж уурлаж загнаад байсан. 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагт 108 тоот өрөөг цэвэрлэхээр очтол надад түлхүүр байхгүй, жижүүр дээр түлхүүр байхгүй байсан тул хүлээж байгаад 09 цагт тухайн өрөөнд ажилладаг гэх хүнийг ирэхэд нь хамт ороод 30 минутад цэвэрлээд гарсан.

2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цаг 20 минутын орчимд өрөөнд нь ороход дарга Б.******* 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дугаартай "У.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаал танилцуулсан. Миний зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй ажил цалгардуулсан зүйл байхгүй. Иймд Өмнөговь аймгийн ”-ын дарга Б.*******ийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дугаартай “У.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгоно уу гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.******* нь 2021 оноос хойш энэ байгууллагад үйлчилгээгээр ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймгийн Нутгийн удирдлагын ордны 3 давхрын баруун жигүүр буюу иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон хурлын танхим байрладаг хэсгүүдийн цэвэрлэгээ үйлчилгээг нь хариуцаж байгаа. 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэх хамт ажилладаг хүн нь “чи өнөөдрөөс зүүн жигүүр буюу төрийн аудит ажилладаг хэсгийг цэвэрлэнэ, шилжиж ажиллаарай” гэж хэлэхэд У.******* иргэдийн хурлын танхимын хэсгийг цэвэрлээд, цэвэрлэсэн талбайгаа 04 дүгээр сарын 04-ний өглөө хүний нөөцийн ажилтан , өөр нэг үйлчлэгч болох гэж хоёр хүнийг байлцуулан хүлээлгэж өгсөн. Тухайн өдрөө 3 давхрын зүүн хэсэг болох төрийн аудитад байрладаг хэсэгт очтол өмнөх хариуцсан хүн нь олон хоног цэвэрлээгүй, их тоос бохирдолтой хэцүү байхаар нь “олон жилийн хугацаанд хэвшсэн ойлголтын дагуу талбай солигдох, хүн эзгүйд ажиллаж байгаад өөр хүнд хариуцсан талбайгаа хүлээлгэж өгөхдөө цэвэрлэж өгдөг, гэтэл энэ талбайг цэвэрлээгүй байна” гэж хэлээд, шаардлага тавьсан. У.*******гийн хувьд 04 дүгээр сарын 04-ний өдрөөс тухайн талбайг цэвэрлээд явсан.

04 дүгээр сарын 04-ний өдөр болон бусад ажилчидтай уулзаад яагаад надад дутуу цэвэрлэсэн талбай өгч байгаа юм бэ? би өмнөх талбайгаа хүлээлгэж өгөхдөө өөрөө сайн цэвэрлээд өгсөн гэсэн зүйл ярилцсан. Энэ дээр 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 буюу хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ тушаал дээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн гэсэн байна. Цэвэрлэгч, үйлчлэгч цэвэрлэж цэгцлэх үүрэгтэй. Ямар талбайг хэзээ, яагаад цэвэрлээгүй, удаа дараагийн шаардлага гэж ямар шаардлагыг хэлээд байгаа эсэх, түүнийг нь яаж зөрчсөн нь тодорхойгүй. Тийм учраас энэ тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тушаал дээр байгууллагын дотоод журмын 6.8.1, 9.1.14, 9.1.15, 9.1.17, 15.1.3, 15.1.4 дэх хэсэг зэрэг олон заалтыг эш татсан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж байгаа. Гэтэл У.*******гийн хөдөлмөрийн гэрээ 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан. Ажлын байрны тодорхойлолт гэж байхгүй. Ажлын байрны тодорхойлолтод ямар хэмжээтэй, аль талбайг цэвэрлэх, өөр хэсэг эсхүл өөр хүний хариуцсан талбайг цэвэрлэхээр бол хэний шууд зааварчилгаанд ажиллах зэргийг заасан байх ёстой. Ажлын байрны тодорхойлолт байхгүй учраас ийм асуудал үүсэж байгаа. Энэ хүн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэсгийг цэвэрлээд олон сар, жил болсон учир энэ хэсгээ цэвэрлэх ёстой гэсэн ойлголтоор цэвэрлээд байгаа болохоос тэр нь хэдэн метр квадрат болсон, яагаад энийг цэвэрлэх ёстой эсэх, энэ талбай өөрчлөгдвөл хэний зааварчилгаа, тушаалаар өөрчлөгдөх эсэх, санал, гомдол байгаа бол хэнд илэрхийлэхээ энэ хүн мэдэхгүй.

Хэний тушаалаар, ямар зааварчилгаагаар аудитын хэсгийг цэвэрлэх болоод байгаагаа ойлгоогүй. Эдгээр нөхцөл байдлыг тодруулснаас болоод энэ хүнийг үүрэг даалгавар биелүүлээгүй гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээгээр нэг тал нь цалин хөлс олгох, нөгөө тал нь ажил гүйцэтгэх үүрэгтэй боловч Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, журамд хүнийг ажиллуулж байгаа бол ажлын байрны тодорхойлолт байх ёстой.  Ямар ажил хийлгэх, ямар ажил хийвэл ажил үүргээ гүйцэтгэж байна гэж үзэх, ямар ажил гүйцэтгэхгүй бол үүргээ биелүүлээгүй гэж үзэх эсэхийг тогтоохын тулд ажлын байрны тодорхойлолт байдаг. Гэтэл энэ нь байхгүйгээс болоод тухайн өдөр үл ойлголцол гаран, цэвэрлэх ёстой, үгүйгээ, хэний тушаалаар шилжүүлээд байгаа талаар ойр хавийн хамт ажилладаг хүнээсээ лавлахад удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар биелүүлэхгүй гэж үзсэн. Энэ хүний шууд удирдлага нь хэн болохыг тодорхойлж хэлээгүй. Хөдөлмөрийн дотоод журам гээд байгаа боловч хэзээ танилцуулсан нь тодорхойгүй. Энэ хүний удирдлагад ажиллана, энэ хүн талбайг чинь хуваарилна, хэрвээ талбайгаа сольж байгаа бол хуучин талбайгаа энэ хүнд хүлээлгэж өгнө гэсэн баримт бичиг талууд хоорондоо тохиролцоогүй. Дарга, удирдлага, ахлах хэн нэгний хий гэсэн бүхнийг хийх ёстой гэсэн байдлаар ажилтан хүнд хандаж болохгүй. Ийм ерөнхий байдлаар явснаас болж маргаан үүсээд, хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулаад, үндэслэлтэй, үндэслэлгүй эсэх тухай маргаан үүссэнийг анхаарч үзэх ёстой байх.

Сахилгын шийтгэл оногдуулсан Б/34 тушаалаас үзвэл хөдөлмөрийн дотоод журмын 6.8.1 дэх хэсэгт үйлчлэгчийн үүрэг ерөнхий байдлаар томьёологдсон. Үйлчлэгч нь хариуцсан талбайгаа ийм байдлаар цэвэрлэнэ гэсэн үүрэг байдаг. 9.1.14 дэх хэсэгт байгууллагын дотоод журам зөрчсөн гэж тодорхойгүй юм байдаг.  9.1.15 дахь хэсэгт үүргээ хангалтгүй биелүүлсэн гээд ямар нөхцөлд үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх талаар хэмжих нэгж тодорхойгүй байгаа. 9.1.17 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан гэж байгаа. Гэтэл энэ хүн 04 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд иргэдийн хурлын танхимыг цэвэрлээд 04-ний өдөр хүлээлгэж өгөөд аудитын хэсгээ цэвэрлэсэн. Ажлаа хийхгүй сул зогссон, татгалзаад суусан юм байхгүй. Гол нь цэвэрлээд байгаа боловч яагаад энэ талбайг цэвэрлэх ёстой болов гэдгээ л асуусан. 15.1.3 дахь хэсэгт сахилгын зөрчил, хариуцлагын төрлийн талаар заасан. Сахилгын зөрчил оногдуулах тухай тушаалд заасан 6.8.1, 9.1.14 дэх хэсэг зэрэг олон зохицуулалтаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолт зөрчсөн гэж байгаа. Гэхдээ юуг, хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй. У.*******д хариуцлага ногдуулах гэж байгаа бол түүнд байгууллагын дотоод журамд зааснаар ийм үүрэгтэй, зөрчвөл ийм сахилгын шийтгэл оногдуулах эрхтэй гэдгийг танилцуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөө шууд танилцуулаагүй, ойлгох боломж олгоогүй, хөдөлмөрийн гэрээ дээр хэдэн метр квадрат хэмжээтэй, ямар талбай, ямар байдлаар цэвэрлэх ёстой талаар тусгаагүй. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн үүргийг биелүүлдэггүй, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмаа боловсруулахдаа ажилтантайгаа санал солилцох, гаргасан төслөө танилцуулах, батлах явцдаа оролцуулах ёстой. Ямартай ч чамд цалин олгож байгаа, чи цэвэрлэгч хийх ёстой гэсэн тохиролцоо дээр хүнд хариуцлага ногдуулж болохгүй гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: У.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. У.******* нь Өмнөговь аймгийн т үйлчлэгчээр ажилладаг бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажил үүргээ хуваарийн дагуу хийж гүйцэтгээгүй тул байгууллагын даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан.

Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газарт өмнө нь Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн шаардлага болон Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газрын ёс зүйн дэд хорооноос ирсэн саналыг үндэслэн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах зорилгоор үйлчлэгч нарын цэвэрлэх талбайг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хавсралтын дагуу өөрчлөхөөр шийдвэрлэж Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/18 дугаар “Талбайн хуваарь батлах тухай” тушаалын хавсралтаар талбайн хуваарь гарган үйлчлэгч гарт танилцуулсан.

Талбайн хуваарилалт хийхээс өмнө У.******* нь Нутгийн удирдлагын ордны 3 давхрын баруун жигүүрийн талбайг цэвэрлэдэг байсан. “Талбайн хуваарь батлах тухай” тушаалаар У.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эзгүй /өвчтэй/ байсан үйлчлэгч Э.ийн хуваарьтай талбайг /108 өрөөг/ У.******* нь цэвэрлэхээр байсан боловч 5 хоног цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй энэ хугацаанд үйлчилгээний ахлах С.г, менежер Б. нар утсаар болон уулзаж шаардлага тавьсан боловч биелүүлээгүй.

Түүнчлэн 04 дүгээр сарын 8-ний өдөр үйлчилгээний ахлах Б.г байлцуулан яагаад удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа, шинээр хуваарилсан талбайг яагаад цэвэрлэхгүй байгаа талаар тодруулахад О. цэвэрлэж өгөөгүй, би цэвэрлэж чадахгүй. Ер нь цэвэрлэж чадахгүй” гэж хэлээд ярилцлагыг дуусгаагүй гараад явсан. Байгууллагын удирдлагын зүгээс үйлчлэгч У.*******гийн цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг талбайг байн байн сольсон зүйл байхгүй, ажилд томилогдсоноос хойш ирсэн шаардлага, хүсэлтийн дагуу анх удаа нийт үйлчлэгч нарын цэвэрлэгээ, үйлчилгээ хийдэг талбайг нэгдсэн журмаар сольж хуваарилсан болно.

2. Миний зүгээс ажилтнуудтайгаа бүдүүлэг харьцаж дарамталж байсан зүйлгүй, миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа ажилчдад ажилдаа хариуцлагатай байх, ажлаа чанартай хийж гүйцэтгэх талаар зарчмын шаардлага тавихад зарим нэг ажилчид хүлээж авахгүй тавьсан шаардлагыг эсэргүүцэх үйлдэл гаргаж байсан. Гэтэл У.******* нь нэхэмжлэлдээ 2025 оны 02 дугаар сараас байнгын бүх ажилчидтайгаа иймэрхүү байдлаар харьцаж эхэлсэн талаар худал бичсэн байна.

Би өмнө нь У.*******д бас л амаар ажлын чанартай сэтгэлтэй хийх талаар хэлж ярьж байсан. Гэтэл У.******* нь намайг өөрт нь шаардлага тавьсан дараа өөрийн цахим хуудсанд түүх /стори/ байдлаар сэтгэгдэл оруулсан байсныг олж уншаад түүнд үзүүлж миний тавьсан шаардлагатай холбогдуулж сэтгэгдэл үлдээсэн эсэхийг асууж тодруулахад юм хэлээгүй. Асууж тодруулсны учир нь хэрвээ би буруу шаардлага тавьсан бол түүнийгээ тодруулах гэж асуусан юм. Бусдаар манай байгууллага, миний нэр хүндэд халдлаа гэсэн утгыг илэрхийлэх гэж хэлээгүй. Бусдаар би дарамталж нэхэмжлэлд бичсэн шиг үг хэлж байгаагүй. “Ажлаас гар” гэж ч шахалт үзүүлж байгаагүй. Удирдлагын шаардлагыг биелүүлэх дургүй, урьдын назгай байдлаар ажлаа хийх хүсэлдээ худал зүйл бичиж намайг гүтгэж байна гэж үзэж байна. Тэгээд ч түүний нэхэмжлэлдээ бичсэн харилцааны энэ байдал нэхэмжлэлд шаардлагад огт хамаагүй гэж үзэж байна. У.*******д шударга шаардлага тавихад эргээд бусад ажилчдад очиж болсон асуудлыг мушгин гуйвуулж худал ойлгуулах тохиолдол удаа дараа гаргаж байсан шигээ нэхэмжлэлдээ худал тайлбарыг оруулж бичжээ.

Иймд Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан тушаал үндэслэлтэй гарсан тушаал тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргын албан тушаалыг хариуцаж аваад өдийг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд байгууллагын дотоод уур амьсгалд бага зэргийн үл ойлголцол байдаг байсан. Юманд байгаагаараа ханддаг, хэвшмэл уур амьсгал байгаа. Энэ дээр танай, манай, би, чи гэж ярихгүй төрийн албаны үйлчилгээг бид хурдан шуурхай, бодитой үзүүлэх ёстой. Энэ талаар зүй ёсны тавих шаардлагаа би ажилчдадаа нийтээр нь тавиад явж байгаа. Энэ дунд олон жил удаан хугацаанд ажилласан зарим хүмүүстэй үл ойлголцох зүйл гараад байгаа. Төгсбаатар даргын үед Төрийн аудитын газраас танайх талбайн үйлчилгээгээ сайжруул, цэвэрлэгээ, үйлчилгээ чинь болохгүй байна, хүмүүсээ  шинэчилж, сольж болох уу гэдэг шаардлага ирсэн. Сүүлд манайх байгууллагын ёс зүйн дэд хороо гэж байгуулсан. Нийт ажилчдын болон ёс зүйн дэд хорооны өөрсдийн гаргасан шийдвэрээр буюу хурлын тогтоолоор байгууллагын нийт үйлчлэгч нарын талбайг сольё гэдэг хүсэлтийг надад хүргүүлсэн. Энэ хүсэлтүүдийн дагуу байгууллагын захирлын даргын зөвлөлөөр ярьж хэлэлцээд талбайн хуваариа өөрчлөх ёстой юм байна, үйлчлэгч нарыг өөрчлөхгүй бол тэнд үйлчилгээ авч байгаа хүмүүсээс болон ажилчдаас гомдол санал ирээд байгаа учир өөрчилье гэдэг шийдвэрийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар гаргаад 04 дүгээр сарын 03-ны өглөө нийт үйлчлэгч нар, байгууллагын менежер болон үйлчилгээний ахлахыг цуглуулж хуралдаад, зарлаж хэлсэн. Ингэхдээ ёс зүйн дэд хорооноос болон дээрээс албан бичгүүд ирсэн, ийм, ийм талбайг өөрчилсөн даргын тушаал гарсан гэдгийг би танилцуулж хэлсэн. Тухайн үед хамгийн их эсэргүүцэж байсан хүн нь У.******* байсан. Өөрөө иргэдийн хурал дээр олон жил ажиллачихсан, тэнд ажиллах талбай, орчин нь бага байгаа учраас тэр хэсгээ цэвэрлэх гэж маш их хэл, ам гаргаж, тухайн үед ийм асуудал үүсгэж байсан. Бичлэг нь надад байгаа. Шаардлагатай гэвэл би нотлох баримт болгон өгч болно.

Цэвэрлэгээ, үйлчилгээ хийсэн гэж яриад байна. Хавраас хойш ээлжийн амралт аваад явж байгаа үйлчлэгч нарын орон тоог нөхөөд үйлчлэгч бүр өрөө өрөөгөөр нь цэвэрлэх үүрэгтэй, хуваарьтай байдаг. Энэ хуваарийг батлаад 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн. Тэр хуваарийн дагуу үйлчлэгч гэдэг хүний оронд У.******* цэвэрлэгээ, үйлчилгээг хийх ёстой байтал 04 дүгээр сарын 03-ны өдөр хэлэлцсэнээс хойш 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл тэр хүний өрөөг цэвэрлээгүй. Нэг ч удаа орж цэвэрлээгүй. Үйлчилгээний ахлах шаардлага тавиад утсаар болон уулзаж хэлсэн байдаг. Байгууллагын менежер мөн утсаар энэ өрөөг цэвэрлэх ёстой гэж удаа дараа хэлсэн. Энэ хүн гарсан тушаал, хуваарийн дагуу цэвэрлэгээ, үйлчилгээг хийх ёстой боловч санаатайгаар хэдэн өдөр цэвэрлээгүй. 04 дүгээр сарын 07-ны өдөр тэр өрөөнд суудаг хүн буюу Төрийн албаны зөвлөлийн нарийн бичиг гэж хүн орж ирж “манай өрөөг удаа даараа цэвэрлэхгүй байна. Өчигдөр ирэхэд нь хэлсэн, цэвэрлээгүй” гэдэг шаардлага тавиад У.*******г би 04 дүгээр сарын 08-ны өдөр үйлчилгээний ахлах той хамт дуудаад “энэ өрөөг яагаад цэвэрлэхгүй байгаа юм бэ?” гэдэг шаардлагыг хэлсэн. Тэгэхэд “ гэдэг хүн цэвэрлээгүй учраас би ингээд байна” гэдэг хариултыг хэлсэн. Манайх 7 хоногийн 6 өдөр цэвэрлээд бүтэн сайн өдөр бүр их цэвэрлэгээ тогтмол хийдэг. Тиймээс заавал хүлээлгэж өгөх гэж байна гээд дахиж нэмэлт цэвэрлэгээ хийж өгөх шаардлагагүй. Бусад хүмүүс ч мөн дор дороо хуваарийнхаа дагуу ажлаа хийгээд явж байгаа. Харин У.******* гэдэг хүн тай эсвэл өөр хүмүүстэй хоорондын харилцааны улмаас, тэр хүн цэвэрлэж өгөөгүй гэдэг байр сууриас хандаад, тэр өрөөг цэвэрлээгүй. Өөрийнх нь гаргасан цэвэрлэхгүй, цэвэрлэх шаардлагагүй гэдэг юмнуудыг бичиж байсан тухайн үеийн тэмдэглэл байгаа. 2, 3 удаа менежер болон ахлахуудаар нь шаардлага тавиулж хэлүүлсэн. 04 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд би өрөөндөө дуудаад хэлэхэд би цэвэрлэж чадахгүй гээд хаалга саваад гараад явсан. Байгууллагын удирдлагаас өгч байгаа үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлэхгүй байгаа хүмүүст хөдөлмөрийн дотоод журамд байх 3 шаттай сануулах, цалингийн хувиар арга хэмжээ авах ёстой. Сануулах арга хэмжээ авч 08-ны өдөр өөрийг нь дуудаж байгаад “та ийм байдалтай хэдэн өдөр энэ өрөөг цэвэрлээгүй вэ? одоо тэнд сууж байгаа хүн шороо, тоостойгоо суугаад хоёр өдөр орж ирлээ” гэж хэлсэн. Өглөө нь тэр хүн өрөөнд орж ирээд цэвэрлэгээ хийгээгүй байна гэхээр нь дахиад дуудаж байгаад хэлсэн. Тэгээд хэлж яриад байхад санаатайгаар өөрөө цэвэрлэгээ, үйлчилгээгээ хийхгүй яваад байгаа хүмүүст бид  байгууллагын дотоод журмын дагуу хариуцлага хүлээлгэж байгаа.

Ажлын байрны тодорхойлолт, дотоод журам гэж ярьж байна. Байгууллагын дотоод журмыг би он гараад боловсруулаад, өөрчлөөд, шинэчлээд нийт байгууллагын ажилчдаар авч хэлэлцээд санал аваад, гарын үсгийг нь зуруулаад, батлаад, хэрэгжээд явж байгаа. Журам гарсантай холбоотой ажлын байрны тодорхойлолтыг гаргуулахаар бүх төсөл, тодорхойлолтын эх загварыг боловсруулаад төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэнд өгөөд 2, 3 сар болж байна. Төрийн албаны зөвлөл, төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Тамгын газрын даргаар дамжаад явдаг учраас манай дээр мөн яригдаж байгаа. Тодорхойлолт байдаггүй биш өмнө нь тодорхойлолт байсан. Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлуулахаар өгөөд хүлээгдэж байгаа. Ажил үүргээ санаатайгаар биелүүлээгүй шалтгаанаар сануулах шийтгэл авсан гэв.

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. У.******* нь т үйлчлэгчээр ажилладаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнээс харагдана. Хөдөлмөрийн гэрээний 2.1 дэх хэсэгт эрхлэх албан тушаал нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын үйлчлэгч гэсэн албан тушаал байгаа. У.******* нэхэмжлэлдээ манай байгууллагын үйлчлэгч нарт хариуцсан талбай байдаг, би Өмнөговь аймгийн Нутгийн удирдлагын ордны 3 давхрын баруун жигүүр буюу иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажилчид болон хурлын танхим, түүний ариун цэврийн өрөө, шатны хонгил зэрэг бүгдийг нь хариуцан цэвэрлэдэг байсан гэдэг мэдүүлэг зэргээс харагдаж байна. У.*******д байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй үндэслэлээр арга хэмжээ авсан. Нийт ажилтанд зарлах хэлбэрээр нийтэд хамруулах сахилгын шийтгэл оногдуулах арга хэмжээ авагдсан. У.*******гийн үндсэн хийх ёстой ажил нь нутгийн удирдлагын ордны цэвэрлэгээ, үйлчилгээний ажил боловч үүнийгээ хангалтгүй хийж гүйцэтгэж байсны улмаас байгууллагаас У.*******тай уулзаж байгууллагын удирдлагын зүгээс үйлчилгээний ахлах г байлцуулан ярилцсан тэмдэглэл хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудсанд авагдсан. 2025 оны 04 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд энэ уулзалт болсон. Шалтгаан нь У.******* хариуцсан талбайгаа хангалтгүй цэвэрлэсэн мөн гомдол, мэдээлэл ирсэнтэй холбоотой. Өөрийнх нь хийх ёстой үндсэн ажил үүрэг нь боловч үүнийгээ хангалтгүй гүйцэтгэсний улмаас цэвэрлэ гэсэн үүрэг даалгаврыг удирдлагын зүгээс өгсөн. Энэ үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй учраас түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2 дахь хэсэгт зааснаар нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулсан.

У.*******г хаана, ямар хэмжээний талбай цэвэрлэх ёстойг Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/18 дугаартай тушаалаар баталсан. У.******* нь нутгийн удирдлагын ордны зүүн жигүүрийн 3 давхрын талбайг өмнөх үйлчлэгч нь энэ талбайг цэвэрлэж хүлээлгэж өгөөгүй гэдэг үүднээс цэвэрлээгүй мөн хангалтгүй цэвэрлэсэн байдлаас болж түүнд сахилгын арга хэмжээ авах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Байгууллагын дотоод журмын 6.8.1 дэх хэсэгт үйлчилгээний ажилтан нь цэвэрлэгээг стандартын дагуу гүйцэтгэх, хариуцсан өрөө тасалгаа, төрийн албан хаагчдын нууцыг хадгалах, хамгаалах, байгууллагаас гаргасан төлөвлөгөө, заавар, журмын дагуу гүйцэтгэлийг тайлагнах чиг үүрэгтэй ажиллана гэж заасан. Цэвэрлэгээг зохих хэмжээнд гүйцэтгээгүй учраас байгууллагын дотоод журмын энэхүү заалтыг баримталсан. 9.1.14 дэх хэсэгт байгууллагын дотоод журам зөрчсөн гэж байгаа. Байгууллагын дотоод журамд ажилтан хариуцсан үйл ажиллагааг хангалттай сайн биелүүлэх үүргийг дурдсан байдаг. 9.1.15 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, 9.1.17 дахь хэсэгт эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбоотой удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар удаа дараа биелүүлээгүй эсвэл биелүүлэхээс татгалзсан гэж заасан. Цэвэрлэж чадахгүй гэдэг тайлбараа хэлээд манай өрөөнөөс гарч байсан гэж Б.******* хэллээ. Хөдөлмөрийн дотоод журмын 15.1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан ажилтан, ажилчдад даргын тушаалаар доор дурдсан шийтгэл оногдуулна гээд шийтгэл оногдуулахыг зохицуулсан заалт байна. 5.1.1.4 дэх хэсэгт зөрчил гаргасан ажилтны талаарх хариуцсан ажилтны тодорхой саналыг авч холбогдох хууль тогтоомжийн заалтыг үндэслэн даргын тушаалаар оногдуулна. Шаардлагатай гэж үзвэл даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх, зохих дүгнэлт гаргаж болно гэж заасан. Өөрийнхөө хариуцсан талбайг цэвэрлээгүй, байгууллагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй байдал нь хавтаст хэрэгт авагдсан үйлчилгээний ахлах гийн бичсэн хоёр удаагийн тэмдэглэл байгаа. Мөн гэрч , гэрч нарын түүнийг хангалтгүй талбайгаа цэвэрлээд, нэмэлтээр үүрэг даалгавар өгч, үндсэн ажлаа хийж гүйцэтгэх талаар байгууллагын зүгээс шаардаж, хэлж, уулзаж байсныг гэрчилж мэдүүлэг өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, *******рын даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 186 дугаартай албан тоот, итгэмжлэл,

Хариуцагчаас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/37 дугаартай захирамжийн хуулбар, *******рын даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/18 дугаартай тушаалуудын хуулбар, Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын үйлчлэгч нарын ажиллах талбайн хуваарийн хуулбар, Т.гийн гараар бичсэн тэмдэглэл, Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын ёс зүйн дэд хорооны 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай албан бичиг, Өмнөговь аймгийн Төрийн аудитын газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 374 дугаартай албан бичгийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргасан байна. 

 

Шүүхээс: Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Б., Т. нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:   

 

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч *******арт холбогдуулан “Тус газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дугаар “У.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“...2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үйлчилгээний ахлах Т. надад маргаашнаас талбай солигдож байгаа, Төрийн аудитын байрладаг хэсэг буюу Удирдлагын ордны 3 давхрын зүүн жигүүрийг цэвэрлэх ёстой болж байна гэж хэлсэн. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөртөө би өөрийн хариуцдаг байсан талбайгаа цэвэрлээд хүний нөөцийн ажилтан Б., Н. нарт шалгуулж хүлээлгэн өгсөн. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Төрийн аудитын байрладаг хэсэг буюу Удирдлагын ордны 3 давхрын зүүн жигүүрийг бүрэн цэвэрлэж эхэлсэн.

2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1 давхрын 108 дугаарын өрөөг цэвэрлэ гэж Б.******* хэлсэн. Миний хариуцсан талбайг ойр ойрхон солиод байгаа, өөр хүний талбайг надаар цэвэрлүүлэх гэж байгаа, урьд нь хариуцаж байсан хүнээр нь цэвэрлүүлж хүлээлгэж өгөхгүй байгаа талаар нь хэлж тайлбар шаардсан. 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагт 108 тоот өрөөг цэвэрлэхээр очтол надад түлхүүр байхгүй, жижүүр дээр түлхүүр байхгүй байсан тул хүлээж байгаад 09 цагт тухайн өрөөнд ажилладаг гэх хүнийг ирэхэд нь хамт ороод 30 минутад цэвэрлээд гарсан. Миний зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй ажил цалгардуулсан зүйл байхгүй” гэжээ.

3. Хариуцагчийн төлөөлөгч Б.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

“Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/18 дугаар “Талбайн хуваарь батлах тухай” тушаалын хавсралтаар талбайн хуваарь гарган үйлчлэгч гарт танилцуулсан. Талбайн хуваарь батлах тухай тушаалаар У.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эзгүй /өвчтэй/ байсан үйлчлэгч Э.ийн хуваарьтай талбайг /108 өрөөг/ цэвэрлэхээр байсан боловч 5 хоног цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй энэ хугацаанд үйлчилгээний ахлах С., менежер Б. нар утсаар болон уулзаж шаардлага тавьсан боловч биелүүлээгүй.

Түүнчлэн 04 дүгээр сарын 08-ны өдөр үйлчилгээний ахлах Б.ыг байлцуулан яагаад удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа, шинээр хуваарилсан талбайг яагаад цэвэрлэхгүй байгаа талаар тодруулахад О. цэвэрлэж өгөөгүй, би цэвэрлэж чадахгүй. Ер нь цэвэрлэж чадахгүй” гэж хэлээд ярилцлагыг дуусгаагүй гараад явсан” гэж маргажээ. 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт ажилтан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст болон сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй талаар заасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй болох нь нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн 186 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул дээрх хуулийн заалтаар ажилтан маргаан шийдвэрлүүлэх эрхээ эдлэх боломжгүй нөхцөл үүссэн байна.

Иймд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүйг нотолсон баримтыг хавсарган, ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан тул хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1 Нэг талаас *******рын дарга Б.*******, нөгөө талаас У.******* нар нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр У.******* нь тус газрын үйлчлэгчийн албан үүргийг гүйцэтгэхээр тохиролцжээ.

5.2 *******рын ёс зүйн дэд хорооны 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаар “Санал хүргүүлэх тухай” бичгээр “...үйлчлэгч нарын жижүүрийн хуваарийг хагас жил тутам сольж шинэ талбайд хуваарилдаг болох...” талаар байгууллагын ажлыг сайжруулан хамтран ажиллахаар санал хүргүүлжээ.

5.3 *******рын даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн  А/18 дугаар тушаалаар “...тус газрын үйлчлэгч нарын талбайг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хавсралтын дагуу өөрчлөн баталж”, уг хавсралтад  заасан хуваарийн дагуу нэхэмжлэгч У.******* нь төрийн аудит /3-н давхар/-ын талбайг үндсэн байдлаар хариуцсан ба мөн Э.ийн хариуцсан НҮҮГ /1 давхар/-ын талбайн 108 тоот өрөөний цэвэрлэгээг нөхөж ажиллахаар батлагдсан байна.

5.4 *******рын даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дугаар “У.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар “Тус газрын үйлчлэгч У.******* нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тул нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулж” шийдвэрлэжээ.

Энэхүү тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3, Байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.14, 9.1.15, 9.1.17, 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг тус тус үндэслэсэн байна.

6. Ажилтан сахилгын зөрчил гаргасан эсэх, уг зөрчил нь нотлогдон тогтоогдсон эсэх буюу тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана” гэжээ.

*******рын даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/5 тоот тушаалын хавсралтаар “Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын хөдөлмөрийн дотоод журам”-ыг баталжээ.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж зааснаас үзэхэд ажилтан хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл гаргасан, уг үйлдэлдээ буруутай болох нь тогтоогдсон тохиолдолд сахилгын зөрчилд тооцно.

Ажил олгогч *******рын дарга нь ажилтан У.*******д удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй үндэслэлээр нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.14, 9.1.15, 9.1.17-д заасныг тус тус зөрчсөн гэжээ.

Тус газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/18 дугаар “Талбайн хуваарь батлах тухай” тушаалын хавсралтаар “...тус газрын үйлчлэгч нарын талбайг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн өөрчлөн баталсан” хуваарийн дагуу нэхэмжлэгч У.******* нь төрийн аудит /3-н давхар/-ын талбайг үндсэн чиг үүргээр хариуцаж ажил үүргээ гүйцэтгэсэнтэй талууд маргаагүй.

Харин дээрх хавсралтын 8-д үйлчлэгч Э.ийн эзгүйд түүний үндсэн хариуцсан НҮҮГ /1 давхар/-ын талбайн 108 тоот өрөөний цэвэрлэгээ, үйлчилгээг нэхэмжлэгч У.******* нь нөхөж ажиллахаар хариуцсан байх ба У.*******г “108 тоот өрөөнд 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 5 хоног цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй, энэ хугацаанд үйлчилгээний ахлах С., менежер Б. нар утсаар болон уулзаж шаардлага тавьсан боловч биелүүлээгүй, түүнчлэн 04 дүгээр сарын 08-ны өдөр үйлчилгээний ахлах Б.ыг байлцуулан удирдлагаас өгсөн үүрэг даалгавар яагаад биелүүлэхгүй байгааг тодруулахад О. цэвэрлэж өгөөгүй, цэвэрлэж чадахгүй” гэх зэргээр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэж хариуцагч тал маргадаг.

Нэхэмжлэгч У.******* энэ талаар “...2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1 давхрын 108 дугаарын өрөөг цэвэрлэ гэж Б.******* хэлсэн. Миний хариуцсан талбайг ойр ойрхон солиод байгаа, өөр хүний талбайг надаар цэвэрлүүлэх гэж байгаа, урьд нь хариуцаж байсан хүнээр нь цэвэрлүүлж хүлээлгэж өгөхгүй байгаа талаар нь хэлж тайлбар шаардсан. Дарга Б.******* намайг тэр өрөөг цэвэрлэ гэж уурлаж загнаад байсан. 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагт 108 тоот өрөөг цэвэрлэхээр очтол надад түлхүүр байхгүй, жижүүр дээр түлхүүр байхгүй байсан тул хүлээж байгаад 09 цагт тухайн өрөөнд ажилладаг гэх хүнийг ирэхэд нь хамт ороод 30 минутад цэвэрлээд гарсан” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус газарт менежер ажилтай Б.ыг шүүх гэрчээр асуусан ба гэрч Б. “...дарга надад үйлчлэгч нарыг хариуцуулсан. Би У.*******г дуудаж уулзаад 3 удаа “өрөө талбайгаа яагаад цэвэрлэхгүй байгаа юм бэ” гэсэн чинь У.******* “би цэвэрлэсэн талбай хүлээж авмаар байна. Журмаараа явъя” гэж хэлсэн” гэж; мөн тус газрын үйлчилгээний ахлах ажилтай Т.г гэрчээр асуусан тэмдэглэлд “Үйлчлэгч нарын талбайг сольсон талаараа дарга Б.*******, менежер Б. нар танилцуулсан. Ер нь улирал тутамд талбай сольдог. Тэрнээс хойш хуваарилсан талбайд очиж ажиллаагүй учир У.*******д аман сануулах арга хэмжээ авсан” гэж тус тус мэдүүлжээ.

9. Тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1-т тус газрын удирдлага, зохион байгуулалтыг заасан бөгөөд үүнд удирдлага гэж “дарга, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хариуцсан менежер, Хүний нөөц, дотоод ажил, үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан ажилтан” зэргийг ойлгоно гэж заасан тул У.*******д ажил үүрэг гүйцэтгэх талаар шаардлага тавьсан дарга Б.*******, менежер Б. нар нь тус байгууллагын удирдлагад хамаарч байна.

Иймд нэхэмжлэгч У.******* нь үйлчлэгч Э.ийн эзгүйд 1 давхрын 108 тоот өрөөний цэвэрлэгээ, үйлчилгээг 2025 оны 04 сарын 02-ны өдрөөс 04 сарын 09-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэх талаар удирдах ажилтан, албан тушаалтнаас өгсөн үүргийг биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, гэрч Б.ын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т зааснаар ажил олгогч хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндсэн эрхтэй,  мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хуульд заасан ямар төрлийн шийтгэлийг сонгож хэрэглэх нь сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээдэд хадгалагдах бөгөөд нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэлийг гаргасан зөрчилд нь тохироогүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

11. Иймд *******рын даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дугаар “У.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу гэрчээр дуудагдсан этгээдэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг, мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар сануулж, хуульд заасны дагуу авсан гэрчийн мэдүүлэг нь нотлох баримт болох тул гэрч Б., Т. нарын мэдүүлгийг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан тул нэхэмжлэгч У.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг түүнд буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан хариуцагч “Өмнөговь аймгийн нийтэг үйлчилгээ үйлдвэрийн газар” Улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох “Өмнөговь аймгийн нийтэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” У.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч У.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч У.*******д буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ОТГОНСҮРЭН