Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 310/ШШ2025/00481

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* хотын ******* дүүргийн ******* хороо, ******* хотхоны ******* байрны ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: ЗЮ*******100101/-гийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага:  Ажилласан байсан байдал тогтоолгох тухай, 310/2025/00462/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие 19******* онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой. Миний бие Дундговь аймгийн Хөгжимт драмын театрт 1989 оны 01 сарын 01-нээс 2002 оны 10 сарын 31-нийг хүртэл дуучин, хөгжимчнөөр ажиллаж байгаад 2002 оны 1-р сард Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт  дуучин хөгжимчнөөр ажиллаад,  2012 онд 9, 10, 11-р сар, 2014 оны 11-р сард тус тус Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт ажиллаж байсан. Миний тухайн үед ажиллаж байсныг гэрчлэх холбогдох бүх бичиг баримт шатаж үрэгдсэн юм.  Дундговь аймгийн архиваас Хөгжимт жүжгийн театрт болон Төв халхын дуулалт жүжгийн театрт ажиллаж байсныг гэрчлэх баримтууд байхгүй байгаа учир өндөр насны тэтгэвэрт хөнгөлөлттэй нөхцөлөөр гарах байсныг тогтоолгож чадалгүй өдий хүрлээ. Иймээс ******* овогт ******* ******* би Дундговь аймгийн Хөгжимт драмын театрт 1989 оны 01 сарын 01-нээс 2001 оны 12 сарын 31-нийг хүртэл дуучин, хөгжимчнөөр, 2012 оны 09 сар, 10 сар, 11 сард, 2014 оны 11 сард  Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсныг хавтаст хэрэгт цугларсан  бичгийн баримтууд болон бусад баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: “ ...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, бууруулсан талаар сая шүүхэд бичгээр гаргасан хүсэлт өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 09, 10, 11 дүгээр сар, 2014 оны 11 дүгээр сард Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт дуучнаар ажиллаж байсныг тогтоолгох хэсгийг бууруулж, татгалзаж байна.

Э.******* нь Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр болон Хөгжимт драмын театрт 1989 оны 01 сарын 01-ээс 2001 оны 10 сарын 31-нийг дуустал дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсан. Ажиллаж байсантай холбоотой хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн, зарим тушаалууд нь аймгийн архиваас гардаггүй. Иймд дээрх хугацаанд дуучин болон хөгжимчнөөр ажиллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Түүнийг ажиллаж байх хугацаанд Төв халхын дуулалт жүжгийн театр нь бүтцийн өөрчлөлтөд орж Хөгжимт драмын театр болж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу өөрөөр хэлбэл 1995 оноос хойш нэхэмжлэгч дуучин байсан нь түүнийг өндөр насны тэтгэвэрт хөнгөлөлттэй нөхцөлөөр гарахад ач холбогдолтой байгаа. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгоно. Иймд хэрэгт цугласан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

3. Нэхэмжлэгч нотлох баримтаар 

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р тал/, Дундговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 07 сарын 04-ний өдрийн 109 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р тал/, Э.*******д 2012 оны 08 сарын 10-ны өдөр олгосон “Соёлын тэргүүний ажилтан” тэмдгийн үнэмлэхийн хуулбар /хэргийн 6-р тал/,  Э.*******д  БНМАУ-ын Соёлын яамнаас 1990 оны 07 сарын 07-ны өдөр олгосон “Үнэмлэх”-ний хуулбар /хэргийн 7-р тал/, Э.*******д Дундговь аймгийн ХДТеатраас 1991 оны 04 сарын 04-ний өдөр олгосон “Үнэмлэх”-ний хуулбар /хэргийн 8-р тал/, Э.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 9-11-р талд/,  Дундговь аймгийн Хөгжимт драмын театраас 1991 оны 03 сарын 08-ны өдөр Э.*******д олгосон Мэндчилгээ /хэргийн 12-р тал/, Төвийн бүсийн зөвлөлөөс *******д 1995-9-10-нд олгосон Баярын бичиг /хэргийн 13-р тал/, гэрэл зураг /хэргийн 14-р тал/, Э.*******с Ч.д олгосон итгэмжлэл /хэргийн 23-р тал/,  Э.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 25-27-р тал/, Дундговь аймгийн Хөгжимт драмын  театрын 1989 оны 09 дугаартай “ Ажилд авч ажиллуулах тухай” тушаал, хавсралт /хэргийн 28-29-р тал/, гэрэл зургууд /хэргийн 39-40-р тал/, гэрч Ж.Дүнжмаагийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хэргийн 51-р тал/, гэрч А.Ууганбаярын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар / хэргийн 55-р тал/, Дундговь аймгийн Татварын газрын 2025 оны 09 сарын 01-ний өдрийн 08/413 тоот албан бичиг зэргийг шүүхэд гарган өгсөн байна.

4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:

Шүүх өөрийн санаачилгаар Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газраас Э.*******гийн 1995-2000 онд, 2012 онд, 2014 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, лавлагаа баримт / хэргийн 33-38-р тал/ бүрдүүлж, нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч В.Цэсэм, Ж.Дүнжмаа, А.Ууганбаяр нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* /РД: ЗЮ*******100101/ нь  1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 сарын 31-нийг өдрийг дуустал Дундговь аймгийн Хөгжимт драмын театр, Төв халхын дуулалт жүжгийн театрт дуучин, хөгжимчнөөр ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг …өндөр настны тэтгэвэрт гарах зорилготой,  миний тухайн үед ажиллаж байсныг гэрчлэх холбогдох бүх бичиг баримт шатаж үрэгдсэн, архиваас холбогдох баримт олдоогүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж тайлбарлав.

            2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

            2.1. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

Дундговь аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1989 оны 09 дугаартай “Ажилд авч ажиллуулах тухай” тушаалд “Хөгжимт Драмын театрт жүжигчин элсүүлэх шалгаруулалтад тэнцсэн хавсралтад дурдагдсан нэр бүхий хүмүүсийг  аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 тоот захирамжийг үндэслэн ХД театрын дэргэдэх мэргэжлийн курст суралцуулсугай,  курст суралцагчдыг … сард 180=00 төгрөгөөр цалинжуулахыг ня-бо /н.Бурмаа/-д зөвшөөрсүгэй” гээд 09-р тушаалын хавсралтад “Хөгжим–Э.*******” гэж тэмдэглэгджээ.

Түүнчлэн Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын Ё.Отгонбаярын гарын үсэгтэй, Э.*******д 2012 оны 08 сарын 10-ны өдөр олгосон “Соёлын тэргүүний ажилтан” тэмдгийн үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, БНМАУ-ын Соёлын яамнаас 1990 оны 07 сарын 07-ны өдөр Э.*******д  олгосон “ БНМАУ-н Соёлын яамнаас зохион байгуулсан дуучдын мэргэжил дээшлүүлэх  курст 1990 оны 06 сарын 11-нээс 1990 оны 07 сарын 07-н хүртэл  оролцсон учир үнэмлэх олгов гэх “Үнэмлэх”,   Дундговь аймгийн ХДТеатраас 1991 оны 04 сарын 04-ний өдөр Э.*******д олгосон “ Аймгийн Х.Д Театрт хөгжимчин, дуучин тул үнэмлэх олгов” гэх “Үнэмлэх”,  Дундговь аймгийн Хөгжимт драмын театраас 1991 оны 03 сарын 08-ны өдөр Э.*******д олгосон Мэндчилгээ, Төвийн бүсийн зөвлөлөөс *******д 1995-9-10-нд олгосон “Баярын бичиг”,  Дундговь аймгийн Татварын газрын 2025 оны 09 сарын 01-ний өдрийн 08/413 тоот “Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театр” нь 1989 оны 03 сарын 01-ний өдөр байгуулагдсан. 1991 оны 04 сарын 29-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1998 онд “Театр киноны хүрээлэн” болж өөрчлөгдөөд 2006 оны 02 дугаар сарын 26-нд “Төв халхын дуулалт жүжгийн театр” нэртэй болж өөрчлөгдсөн болно” гэх албан бичиг зэрэг баримтууд, гэрч В.Цэсэм, Ж.Дүнжмаа, А.Ууганбаяр нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр  Э.******* нь 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн “Хөгжимт жүжгийн театр”-т дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Э.*******гийн тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний  1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн “Хөгжимт жүжгийн театр”-т дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажлаас гарсан тушаал, шийдвэр, холбогдох баримт Архивын байгууллагад байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2025.07.04-ний өдрийн 109 тоот тодорхойлолт, холбогдох баримт шатаж үрэгдсэн гэх нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.

            Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас  1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн “Хөгжимт жүжгийн театр”-т дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсан  байдлыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2.2.  Нэхэмжлэлийн шаардлагаас Э.*******гийн 1995 оны 01 сарын 01-нээс 2001 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд  Дундговь аймгийн  Төв халхын дуулалт жүжгийн театрт дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсныг тогтоолгох тухайн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.******* нь 1995 оны 1-3 дугаар сард, 1996 оны 6-11 дүгээр сард, 1997 оны 05, 09 дүгээр сард, 1998 оны 06, 07 дугаар сард, 2000 оны 01-12 дугаар саруудад, 2001 оны 01-12 дугаар саруудад “Төв халхын дуулалт жүжгийн театр”-т ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь шүүхээс Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газраас  нотлох баримтаар гаргуулсан “2025 оны 08 сарын 08-ны өдрийн Э.*******гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” /хэргийн 32-38-р тал/ , нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлсэн “Э.*******гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” /хэргийн 9-10, 25-27-р тал/  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 1995-2001 онд ажиллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгоно гэж тодорхойлсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход  шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч Э.*******гийн ажиллаж байсан “ Төв халхын дуулалт жүжгийн театр” байгууллага нь татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа, уг байгууллагаас нэхэмжлэгч Э.*******гийн ажиллаж байсан гэх дээрх зарим хугацаанд буюу 1995 оны 1-3 дугаар сард, 1996 оны 6-11 дүгээр сард, 1997 оны 05, 09 дүгээр сард, 1998 оны 06, 07 дугаар сард, 2000 оны 01-12 дугаар саруудад, 2001 оны 01-12 дугаар саруудад  нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн байгаа нь  нэхэмжлэгч Э.******* нь ажил олгогчтой хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, эсхүл иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж үзэх бөгөөд энэ нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал биш юм.

Нэхэмжлэгч Э.******* нь  1995 оны 1-3 дугаар сард, 1996 оны 6-11 дүгээр сард, 1997 оны 05, 09 дүгээр сард, 1998 оны 06, 07 дугаар сард, 2000 оны 01-12 дугаар саруудад, 2001 оны 01-12 дугаар саруудад “Төв халхын дуулалт жүжгийн театр”-т ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн  баримт байсаар байхад шүүхээс түүний энэ хугацаанд ажилласан байдлыг, дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсныг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

1994 оны 05 сарын 31-ний өдөр Нийгмийн даатгалын хууль / хүчингүй болсон/ батлагдаж, өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах хуулийн зохицуулалтай болсон. Үүний дагуу Дундговь аймгийн “ Төв халхын дуулалт жүжгийн театр” нь нэхэмжлэгч Э.*******гийн 1995-2001 оны хооронд ажилласан хугацаанд нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 1995-2001 оны хоорондох  нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй он, саруудад Э.*******г “Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр”-т ажиллаж байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймээс нэхэмжлэгч Э.*******гийн 1995 оны 01 сарын 01-нээс 2001 оны 12 сарын 31-нийг өдрийг дуусталх хугацаанд Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-т дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгоно гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 09, 10, 11 дүгээр сар, 2014 оны 11 сард  Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт  дуучнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хэсгийг бууруулж байна гэсэн хүсэлтийг хүлээн авч,  нэхэмжлэгч нэхэмжлэлийн дээрх шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч  Э.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* / РД: ЗЮ*******100101/ нь 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн “Хөгжимт жүжгийн театр”-т дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-т дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсныг тогтоолгох тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 09, 10, 11 дүгээр сар, 2014 оны 11 сард Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт дуучнаар ажиллаж байсныг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.ЧИМЭДДУЛАМ