Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 310/ШШ2025/00482

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******говь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******говь аймгийн ******* сумын ******* баг, ******* ******* гэх газар оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 310/2025/00501/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ө.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... овогт ******* ******* миний бие 1970 онд *******говь аймгийн Адаацаг сумынд төрсөн, эрэгтэй, 55 настай. 1987 онд ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 жилийн сургуулийг төгсөөд 1987 оны 07 сарын 15-ны өдөр ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт малчнаар ажилд орж байсан. Цэргийн албанд тэнцсэн тул Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 10 сарын 27-ны өдрийн 7 дугаар тушаалаар цэрэгт явсан. Цэргээс 1990 оны 10 сарын 16-ны өдөр халагдаж ирээд 1990 оны 11 сарын 10-ны өдрөөс Сүм хөх бүрдийн амралтын “Гэрэлт зам” ХК-д малчнаар 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Тухайн үед ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэрт бичилттэй боловч ажлаас гарсан тушаал аймгийн архиваас олдохгүй байгаа учир шүүхэд хандаж ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай байгаа тул малчнаар ажиллаж байсан жилийг тус тус тогтоож өгнө үү. Иймд Ө.******* намайг 1987 оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 сарын 27-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл *******говь аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт малчнаар, 1992 оны 04 сарын 06-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал *******говь аймгийн ******* сумын “Гэрэлт зам” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1987 оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 сарын 27-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл *******говь аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт малчнаар, 1992 оны 04 сарын 06-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал *******говь аймгийн ******* сумын “Гэрэлт зам” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан жилийг тогтоолгох гэж байгаа гэв.

3. Нэхэмжлэгч нотлох баримтаар 

Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/, *******говь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.07.24-ний өдрийн 191 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/, *******говь аймгийн Татварын газрын 2025.07.25-ны өдрийн 08/359 дугаартай албан бичиг /хэргийн 6-р хуудас/, *******говь аймгийн Архивын тасгийн 2025.07.24-ний өдрийн 117 дугаартай албан бичиг /хэргийн 7-р хуудас/, нийгмийн даатгалын дэвтэр, баталгаажилтын хуудасны хуулбар /хэргийн 8-10-р хуудас/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 11-12-р хуудас/ зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.

4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д., Д., Т. нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:       

1. Ө.******* нь 1987 оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 сарын 27-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл *******говь аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт малчнаар, 1992 оны 04 сарын 06-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал *******говь аймгийн ******* сумын “Гэрэлт зам” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг …миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэр тамга, тэмдэг, тушаалын бичилтийн зөрчилтэй, зарим тушаал архиваас гарахгүй байгаа тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоно гэж тайлбарлав.

                2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

            *******говь аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрээс ******* *******т нээн олгосон хөдөлмөрийн дэвтэрт “...1987.07.15 ******* 8 жилийн сургуулиас хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр хуваарилагдсан учир хоньчноор авч ажиллуулав”, “...1988.10.27 Ардын цэрэг тэнцсэн учир уул ажлаас чөлөөлөв”, “...1990.11.10 Сүм амралтанд хоньчноор авч ажиллуулав”, “...1994.01.01 Компаны мал хувьчлагдсан учир хоньчны үүрэгт ажлаас чөлөөлөв” гэх гэх бичилтүүд тэмдэглэгдэж, тушаалын бичилттэй хэсгүүдэд Нэгдэлд дундын үйлдвэрийн, Гэрэлт зам ХК-ийн бичилт бүхий тамга дарагджээ.

           Мөн *******говь аймгийн Архивын тасгийн 2025.07.25-ны өдрийн 08/359 дугаартай “******* сумын Нэгдэл дундын үйлдвэр нь 1991 онд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн “Гэрэлт зам” ХК нь 1992 оны 04 сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1994 оны 04 сарын 18-ны өдөр “Бүрдийн домог” ХХК болж өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлолт, гэрч Д.ийн “...Ө.******* нь 1987 онд *******говь аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийг төгсөж, илгээлтээр гарч, *******говь аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт малчнаар ажиллаж эхэлсэн. 1 жил гаруй хугацаанд малчнаар ажиллаад цэргийн албанд татагдсан. 2 жил цэргийн алба хаасан байх. Цэргээс халагдаж ирээд *******говь аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Сүм хөх бүрдийн амралтад малчнаар ажилласан. Нэгдэл дундын үйлдвэр сүүлд Гэрэлт зам ХК нэртэй болоход Ө.******* нь мөн малчнаар ажиллаж л байсан. Ө.******* нь ихэвчлэн хонь малладаг байсан...” гэх, гэрч Д.гийн “...Ө.******* нь 1987 онд *******говь аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийг төгсөж, илгээлтээр гарч, *******говь аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт малчнаар ажиллаж эхэлсэн. 1988 онд цэргийн албанд татагдсан. 2 жил цэргийн алба хаасан ба 1990 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн *******говь аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Сүм хөх бүрдийн амралтад малчнаар ажилласан. Нэгдэл дундын үйлдвэр сүүлд Гэрэлт зам ХК нэртэй болоход Ө.******* нь мөн малчнаар ажиллаж л байсан. Ө.******* нь ихэвчлэн хонь малладаг байсан. Ө.******* нь малчнаас өөр ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй...” гэх, гэрч Т.ийн “...Намайг Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байх хугацаанд буюу 1987 онд Ө.******* нь *******говь аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийг төгсөж, тус үйлдвэрт малчнаар ажиллаж эхэлсэн. 1988 онд цэргийн албанд татагдан, 2 жил цэргийн алба хаагаад 1990 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн *******говь аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Сүм хөх бүрдийн амралтад малчнаар ажилласан. Нэгдэл дундын үйлдвэр сүүлд Гэрэлт зам ХК нэртэй болоход Ө.******* нь мөн л малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлгүүд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Ө.******* нь 1987 оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 сарын 27-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл *******говь аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт малчнаар, 1992 оны 04 сарын 06-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал *******говь аймгийн ******* сумын “Гэрэлт зам” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

            Хуулийн дээрх заалтаас үзвэл, Ө.*******ын тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний дээрх хугацаанд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр тамга, тэмдгийн зөрчилтэй болох нь *******говь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.07.24-ний өдрийн 191 дугаартай “*******говь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн иргэн ******* ******* /*******/-ын хөдөлмөрийн дэвтэр нь тушаалын бичилт болон тамга, тэмдгийн зөрчилтэй байгаа тул 1987-1988, 1990-1994 онуудад ажилласан хугацааг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх албан бичиг, *******говь аймгийн Архивын тасгийн 2025.07.24-ний өдрийн 117 дугаартай “Төрийн архивын сан хөмрөгт *******говь аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оны 07 сарын 15-аас 1994 оны 01 сарын 1-нийг хүртэл ажиллаж байсан баримт байхгүй тул ******* *******т холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.

            Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            4. Нэхэмжлэгч Ө.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/-ыг 1987 оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 сарын 27-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл *******говь аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт малчнаар, 1992 оны 04 сарын 06-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал *******говь аймгийн ******* сумын “Гэрэлт зам” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******говь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.ЧИМЭДДУЛАМ