| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00502/И |
| Дугаар | 310/ШШ2025/00483 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 310/ШШ2025/00483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын ******* баг, ******* гэх газар оршин суух, ******* овогт ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 310/2025/00502/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч В.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч В.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* миний бие 1970 онд төрсөн, эрэгтэй, энэ онд 55 нас хүрнэ. Улсад нийт 21 жил ажилласан. Үүнээс 1988 оны 11 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн ******* сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд худгийн моторчноор ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй зөрчилтэй байгаа. Иймд Дундговь аймгийн ******* сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн даргын 1988 оны 11 сарын 01-ний өдрийн Ажилд томилсон 70 дугаартай тушаал, хөдөлмөрийн хөлс олгосон жагсаалт, гэрчийн мэдүүлэг бусад баримт материалыг үндэслэн В.******* намайг 1988 оны 11 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн ******* сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд худгийн моторчноор ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1988 оны 11 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн ******* сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд худгийн моторчноор ажилласан жилийг тогтоолгох гэж байгаа.
3. Нэхэмжлэгч нотлох баримтаар
Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/, Дундговь аймгийн Татварын газрын 2025.07.25-ны өдрийн 08/360 дугаартай албан бичиг /хэргийн 6-р хуудас/, Дундговь аймгийн ******* сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн даргын 1989.11.01-ний өдрийн 70 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 7-р хуудас/, цалингийн тооцооны хүснэгтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 8-р хуудас/, нийгмийн даатгалын дэвтэр, баталгаажилтын хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 9-р хуудас/ зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.
4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.*******аас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. В.******* нь 1988 оны 11 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн ******* сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд худгийн моторчноор ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байгаа тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоно гэж тайлбарлав.
2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Дундговь аймгийн ******* сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн даргын 1989.11.01-ний өдрийн 70 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...Өмнөговь аймгийн ХАА-н ТМС төгссөн Ванчин-Сүрэн овогтой *******ыг, 1988 оны 1******* сарын 1-ээс эхлэн Шийрийн моторт худагт моторчиноор...томилон ажиллуулсугай гэж тэмдэглэгджээ.
Мөн Баянбулаг бригадын албан хаагчдын 1988 оны 11 сарын цалингийн тооцооны хүснэгтэд В.******* гэж тэмдэглэгдсэн байх ба Дундговь аймгийн Татварын газрын 2025.07.25-ны өдрийн 08/360 дугаартай Тус аймгийн ******* сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл нь 1956 оны 08 сарын 25-ны өдөр байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 1991 онд Нэгдмэл хөдөлгөөн ББХК болон 1994 оны 02 сарын 05-ны өдөр Нэгдмэл хөдөлгөөн хоршоо болон өөрчлөгдсөн бөгөөд 2010 оны 07 сарын 01-ний өдөр татан буугдсан болно гэх албан бичиг, гэрч Д.*******ын ...1988 онд В.******* нь Дундговь аймгийн ******* сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд худгийн моторчноор анх ажилд орж байсан. 1 жил гаруй хугацаанд тус нэгдэлд худгийн моторчноор ажилласан. Миний бие нь В.*******ыг хариуцан ажилладаг байсан ба В.******* нь ажилдаа хариуцлагатай, сайн ажилтан байсан. Хашаа худгийн бригад маань нийт 10 гаруй ажилтантай байсан. Тэдний нэг нь В.******* бөгөөд бид хамтдаа хашаа барьж, худаг ухаж, нэгдлийн шаардлагатай бусад засвар үйлчилгээг хийдэг байсан гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар нэхэмжлэгч В.******* нь 1988 оны 11 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн ******* сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд худгийн моторчноор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл, В.*******ын тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний дээрх хугацаанд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.
Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
4. Нэхэмжлэгч В.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* /РД: *******/-ыг 1988 оны 11 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн ******* сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд худгийн моторчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ