Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 204/МА2022/00007

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 145/ШШ2022/00048 дугаар шийдвэртэй

*******ны нэхэмжлэлтэй С.Э, Б.М, О.Н нараас “134791359.57” төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн үндэслэл:

******* нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр С.Э, Б.М нартай ******* дугаартай зээлийн гэрээг, О.Н-тэй *******-2 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, өвлийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** УН улсын дугаартай эксковатор зэргийг барьцаалан 70000000 төгрөгийн дүнтэй жилийн 25.2 хувийн хүүтэй зээл авсан байдаг. Зээлдэгч нарын зээлийн гэрээний үүрэг зөрчилдөөд 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээл авсанаас хойш зээл төлөгдөөгүй байгаа. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг болох 134774859.57 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч нарын татгалзал болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч С.Э нь: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би энэ зээлийг авсан нь үнэн. Зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Би уул уурхай түшиглэн хувиараа хөдөлмөр эрхлэх зорилгоор эксковатор банкны зээлээр авсан. Зээл авсанаас хойш уул уурхайн салбар ажилгүйдэлд хүрээд байна. Эхний жил н.Хүрэлсүх сайдын тогтоолоор уул уурхайн компаниудын үйл ажиллагаагаа зогсоосон. Сүүлийн 2 жил цар тахал гээд мөн л ажиллаж чадсангүй. Гэхдээ зээл авсан болохоор төлөх нь үнэн. Би тухайн зээлийн хүүг бууруулаад, хугацаа өгөхийг банкны зүгээс хүсэж байна. Тэгвэл зээлээ төлөх боломжтой байна. Би өөрөө зээлийн бүх хариуцлагаа хүлээнэ. Тийм учраас бусад хариуцагч нарыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Н нь:  Миний хувьд зээлдэгч нарт туслах зорилгоор өөрийн эзэмшлийн газар, хашааны газрын гэрчилгээг барьцаанд тавьж өгсөн. Би тухайн зээлийн төгрөгөөс нэг ч төгрөг энэ хүмүүсээс аваагүй. С.Э бид хоёрын хооронд О.Н-гийн газар, хашааны гэрчилгээг банкны барьцаанд тавьсан нь үнэн гэсэн нотариатын гэрээ байгаа. Бидний хооронд мөнгөний асуудал ч байгаа. Би өөрийгөө банкны адил хохирогч гэж бодож байна. Би газар, хашааны газрын гэрчилгээгээ өгөөд 3 жил болж байна. Энэ хүнийг зээлээ төлөөд миний газар, хашааны газрын гэрчилгээг суллаад өгөөсэй гэсэн бодолтой байдаг. Банкны зээлэнд газар, хашааны газрын гэрчилгээг барьцаалж өгөхөд манай нөхөр байсан. Одоо нас барсан. Би одоогоор ганцаараа айлд амьдарч байна. Шүүхийн танхимд орж үзээгүй болохоор юу ярихаа мэдэхгүй байна. Одоо энэ хүн зээлээ өөрөө хариуцаад төлнө гэж байгаа учраас миний газар, хашааны газрын гэрчилгээг суллаад гаргаад өгөх боломж байдаг болов уу? гэсэн бодолтой хүлээлттэй л байна гэжээ.

           3.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.Э, Б.М нараас 126355988 /нэг зуун хорин зургаан сая гурван зуун тавин таван мянга есөн зуун наян найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ны Өвөрхангай салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8418871 /найман сая дөрвөн зуун арван найман мянга найман зуун далан нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч С.Э, Б.М нараас улсын тэмдэгтийн хураамж 789730 /долоон зуун наян есөн мянга долоон зуун гуч/ төгрөгийг гаргуулан *******ны Өвөрхангай салбарт олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 831824 /найман зуун гучин нэгэн мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

  1. Нэхэмжлэгч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсныг үндэслэн зээлийн гэрээний 2.5-д “Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт №1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.1 -т заасан үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов” гэж гэрээ байгуулсан.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж,  20 дугаар зүйлийн 20.3 “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж,  21 дүгээр зүйлийн 21.2 “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус хуульчилсан байна.

Өвөрхангай аймаг дахь сум дунын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 145/ШШ2022/00048 дугаар шийдвэрт 8,418,871 /найман сая, дөрвөн зуун арван найман мянга, найман зуун далан нэгэн төгрөг/-ийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан хуулийг тус тус зөрчсөн бөгөөд хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 145/ШШ2022/00048 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийн ойлгомжгүй зүйл нь үндэслэл хэсэг буюу тогтоох хэсэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг,  Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.М нараас 8418871 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэр нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан гэсэн хэрнээ эдгээр зүйл анги, гомдол дээр ч мөн дурдагдлаа. Зөвхөн зээлийн гэрээний хугацаанд бодогдох нэмэгдүүлсэн хүү болон үндсэн төлөлт, хүүний өрийг бодоод гэрээ дууссанаас хойшхи буюу үлдэгдэл 8418871 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Гэтэл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасаар байхад зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацаанд хүүг бодсон байгаа нь алдаа дутагдалтай хууль зөрчсөн байна гэж үзэж гомдол гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.   

  1. Хариуцагч О.Н нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Миний бие *******тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн мөнгө төгрөг зээлсэн асуудал огт байхгүй байхад О.Ннамайг С.Э, Б.М нартай хамтран зээл авсан мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ минийх боловч дээрх хүмүүс хууль бусаар банкинд барьцаалсан болохыг миний бие 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мэдэж аймгийн Цагдаагийн газар гомдол гаргаж байсан. С.Э Цагдаагийн газарт шалгагдаж миний эд хөрөнгийн эрхийг өмчлөхтэй холбоотой баримт бичгийг хууль бусаар *******ны барьцаанд тавьснаа хүлээж, нэн даруй баримт бичгийг чөлөөлж өгөхөө мэдэгдэж байсан. Миний бие *******наас мөнгө зээлж байгаагүй. Харин С.Э-т 18 000 000 төгрөг зээлүүлж байсан. Надад банкнаас мөнгө зээлэх хэрэгцээ шаардлага байхгүй. Иймд *******ны надаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Э, Б.М нар анх банкнаас зээл авах гэсэн чинь болохгүй байна. Газар, хашааны гэрчилгээг чинь зүгээр үзүүлэн маягтай тавиад аваад өгчихье гэж хэлсэн. Тэгээд би итгээд өгөхөд одоо өгнө, одоо өгнө гээд 3 жил болсон. Тэр үедээ С.Э гарын үсэг гарсаар байгаад 3 жил болж байна. Энэ 3 жилийн хугацаанд хань маань нас барж, би өөрөө банктай адилхан хохирогч болоод байна. Би айлд амьдарч байна. Эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Би 2 жил дараалан “*******” орж энэ хүмүүстэй уулзсан гэв. 

ХЯНАВАЛ:

         Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн  166.4-т заасны дагуу нэхэмжлэгч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч *******ны Өвөрхангай салбар С.Э, Б.М, О.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 134 791 359.57 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Э хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Б.М зөвшөөрсөн эсэх талаар тайлбар өгөөгүй, хариуцагч О.Нзөвхөн эд хөрөнгөө барьцаалсан, зээлийг хэрэглээгүй тул хариуцагч биш гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.Э, Б.М нараас 126355988 /нэг зуун хорин зургаан сая гурван зуун тавин таван мянга есөн зуун наян найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ны Өвөрхангай салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8418871 /найман сая дөрвөн зуун арван найман мянга найман зуун далан нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  /хх 84-86/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх маргаанд холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.

С.Э, Б.М нар нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр *******ны Өвөрхангай салбартай ******* дугаартай зээлийн гэрээ, ******* дугаартай ипотекийн гэрээ, *******-2 дугаартай барьцааны гэрээ байгуулж гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, өвлийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** улсын дугаартай эксковатор зэргийг барьцаалан 70 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй зээл авсан, О.Н нь өөрийн *** дугаартай үл хөдлөх хөрөнгө, *** дугаартай газрыг барьцаалан С.Э, Б.М нарын ******* дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож *******-1 дугаартай ипотекийн гэрээг тус тус байгуулсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс иргэнд олгох зээлийн гэрээний харилцаанаас  үүдэлтэй шаардах эрх үүссэн, харин нэхэмжлэгч нь О.Н-тэй зээлийн гэрээ байгуулаагүй тул шаардах эрх үүсээгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан заалттай нийцсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан. Нэхэмжлэгч *******ны Өвөрхангай салбар болон С.Э, Б.М нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, мөн О.Н-тэй байгуулсан ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

            Харин хариуцагч О.Н“...Миний бие *******тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн мөнгө төгрөг зээлсэн асуудал огт байхгүй байхад О.Ннамайг С.Э, Б.М нартай хамтран зээл авсан мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл /хх 41-43/ хариуцагч О.Н нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, газрыг барьцаалан С.Э, Б.М нарын *******тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож ипотекийн гэрээг байгуулсан учраас тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Харин Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Өөрөөр хэлбэл С.Э, Б.М нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл бий болсон тохиолдолд банк 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр О.Н тэй байгуулсан *******-1 дугаартай ипотекийн гэрээний дагуу түүний барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх үүснэ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж тус тус заасан.

Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 53 дугаар тогтоолын 2.4-т “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ...төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ” гэж тайлбарласан байна.

*******ны Өвөрхангай салбар болон С.Э, Б.М нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 2.2-т “Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.1-т заасан хувийн хүүг төлнө”, 2.5-д “Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт№1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд заасан зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-т заасан хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.1-т заасан үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов.” гэж тус тус тохиролцжээ. 

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, хуваарийн дагуу төлбөл зохих төлбөр, хүүг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч С.Э, Б.М нараас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 134 791 359.57 гаргуулан нэхэмжлэгч *******ны Өвөрхангай салбарт олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх ...2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ нь 36 сарын хугацаатай байгуулагдсан, энэхүү гэрээгээр зээлдэгч тал нь 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хүү авахаар тохиролцсон... гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас 8 418 871 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй, шүүх маргаанд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 168 дугаар зүйлийн 168.2-т заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ны Өвөрхангай салбарын төлсөн 149 652 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 145/ШШ2022/00048 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.Э, Б.М нараас 126355988 /нэг зуун хорин зургаан сая гурван зуун тавин таван мянга есөн зуун наян найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ны Өвөрхангай салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8418871 /найман сая дөрвөн зуун арван найман мянга найман зуун далан нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Э, Б.М нараас 134 774 859.57  /нэг зуун гучин дөрвөн сая долоон зуун далан дөрвөн мянга найман зуун тавин есөн төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ны Өвөрхангай салбарт олгосугай.” гэж, 2 дахь заалтын “...хариуцагч С.Э, Б.М нараас улсын тэмдэгтийн хураамж 789730 /долоон зуун наян есөн мянга долоон зуун гуч/ төгрөгийг гаргуулан...” гэснийг “2...хариуцагч С.Э, Б.М нараас улсын тэмдэгтийн хураамж 831 824 /найман зуун гучин нэгэн мянга найман зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулан...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ны Өвөрхангай салбараас төлсөн  149 652 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.