| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04492/И |
| Дугаар | 191/ШШ2025/05897 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/05897
| 2025 07 03 | 191/ШШ2025/05897 |
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, .. дүгээр хороо, . тоот хаягт ..оршин суугч, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.******* эрэн сурвалжлуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэнг оролцуулан, нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.******* эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Э.*******тэй амаар тохиролцож, Баянзүрх дүүрэг, ..дүгээр хороо, .. тоот хаягт байрлах байрыг түрээслэхээр болж, сарын төлбөр СӨХ-ийн мөнгөнөөс тусдаа 1,800,000 төгрөг байхаар тохиролцоод байранд оруулсан. Түрээслэгч Э.******* нь түрээсийн мөнгөө 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ******* дансаар хугацаанд нь төлж байсан боловч сүүлийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн түрээсийн төлбөр болон СӨХ-ийн 300,000 төгрөг төлөөгүй. Одоо Э.*******тэй холбогдож чадахгүй, оршин суух хаяг нь тодорхой бус байна. Иймд Э.******* эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч Ж.******* нотлох баримтаар иргэний үнэмлэхийн лавлагаа, хорооны Засаг даргын тодорхойлолт, Депозит дансны хуулга, Э.*******тэй утсаар харилцсан мессеж, чатууд, СӨХ-д төлбөр төлсөн хуулга зэрэг баримтуудыг,
Шүүхээс Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс Э.*******ийн оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.
3.Хүсэлт гаргагч Ж.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, СӨХ-д төлбөр төлсөн хуулга, Төрийн мэдээлэл солилцооны ХУР системийн Иргэний оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШЗ2025/25244 дугаар шүүгчийн захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ийн оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа гаргуулахад Э.******* нь Хан-Уул дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаягт бүртгэлтэй болохыг тодорхойлжээ. Шүүх дээрх хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай Мэдэгдэх хуудас-ыг Э.*******д хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй тухай хорооны Засаг даргын тодорхойлолтын хамт шүүхийн мэдэгдэх хуудсыг буцаасан байна.
6.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул Ж.*******ы гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар /-г эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэстэй.
7.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар /-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Э.******* эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Ж.******* /утас: /‑д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ