| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00455/И |
| Дугаар | 313/ШШ2025/00449 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 313/ШШ2025/00449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум, 2-р баг, *******, ******* гэх газар
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Наранбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 1991-1997 онд аав ээжийн хамтаар мал маллаж амьдарч байгаад 1998 онд нөхөр Р.*******тай хамт гэр бүл болж 1 хүүхдийн аав, ээж болж мал маллаж амьдарч байсан. Миний бие Р.*******тай 2002 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд одоо миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1998-2000 оны малын А данс өрхийн тэргүүн болох Р.*******ын нэр дээр тоологдсон бөгөөд миний бие нөхөн төлөлтөд хамрагдах гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүй байсан хугацааг нөхөн төлж чадахгүй хохиролд хүрээд байна.
Иймд ******* овогтой ******* миний биеийг Р.*******тай 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: ******* овогтой ******* миний бие ******* овогтой *******тай гэрлэлтээ батлуулахаас өмнөх хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие уг хугацааг 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл болгож нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Иймд Ж.******* намайг Р.*******тай 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1998 онд Р.*******тай гэр бүл болоод 2002 онд гэрлэлтээ батлуулаад 2010 оныг хүртэл хамт амьдарсан. Нөхөр маань 2010 онд нас барсан. Тэгээд тэтгэвэрт гарах гэсэн боловч 1998 оноос 2002 оныг хүртэл Р.*******ын ам бүл нэг гэж гараад би байхгүй байгаа. Тэгээд 1998 оноос 2002 он хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгох гэж байгаа. Р.******* 2010 онд нас барсан. Сүүлд дахин хүнтэй суугаад нөхөр *******ын хамт ам бүл дөрвүүлээ оршин суудаг гэв.
Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Р.*******ын нас барсны гэрчилгээний хуулбар, хүү Г.ийн төрсний гэрчилгээний хуулбар, 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, Д.*******ын 1998-2007 оны малын А дансны хуулбар, гэрчүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Х., Б. нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.******* нь 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Р.*******тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлав. Үүнд:
1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт,
2. *******ын *******, *******ын ******* нар 1996 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсныг 2002 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлийн 06 дугаарт бүртгэсэн гэрчилгээний хуулбар болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
3. 2006 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү *******ын ийн төрсний гэрчилгээний хуулбар, үүнд: эцэг: Р.*******, эх: Ж.******* гэж бүртгэгдсэн байдал,
4. Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03-08/4417 дугаартай 2000 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаанд: Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум, ******* баг, хөдөө: Өрхийн тэргүүлэгч *******ын ******* 39 настай, эхнэр *******ын ******* 24 настай гэж бүртгэгдсэн байна.
5. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191 дугаартай Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замыншанд багийн малчин Д.*******ын мал маллаж байсан хугацаа 1998-2007 онуудын жилийн эцсийн А дансанд бүртгэгдсэн малын тооны талаарх архивын лавлагааны хуулбар,
6. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын ******* багт оршин суух, Р.*******ын 2006-2010 оны хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт “ам бүл 2, Р.*******, Ж.*******” гэж бүртгэгдсэн байдал,
7. *******ын ******* нь 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нас барсныг бүртгэсэн бүртгэлийн лавлагаа,
8. Гэрч Х.гийн “Ж.******* нь 8 дугаар анги төгсөөд аав *******ын хамт Мухар гашуун гэх газарт мал маллан амьдарч байсан. Би ээжийг нь бага байхдаа харж байснаас өөрөөр сайн санахгүй байна. Тэгээд 1996 онд нөхөр *******ын *******тай танилцаж, 1998 оноос тусдаа гарч, нэг гэрт орсон. Тухайн онуудад манайх ойролцоо, айл саахалт байдаг байсан. 1996-1997 онуудад манайхаар хамт орж гардаг байсан. Р.*******ыг 2010 онд өөд болох хүртэл хамт амьдарсан” гэх мэдүүлэг,
9. Гэрч Б.ийн “Ж.******* нь 1995 онд анх танилцахад эцэг *******, эхийн хамт амьдарч байсан. Тэгээд 1996 онд нөхөр *******тай танилцаж, 1998 оноос нэг гэрт орсон гэж санаж байна. 1998-2002 оны хооронд айл саахалт бууж нутаглаж явсан. *******ыг 2010 онд өөд болох хүртэл хамт амьдарсан. Энэ 2 мал маллан Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бор тээг баг, ******* гэх газарт амьдарч байсан” гэх мэдүүлэг,
9. Гэрч Х., Б. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* нь 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Р.*******тай хамт амьдарч байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ийг 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Тойн овогт *******ын *******тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН