| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2018/0037/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2018-03-14 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 40
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, ерөнхий шүүгч Д.Оюунбат шүүгч Б.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б.Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1804000000007 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Иргэдийн төлөөлөгч Л.Амартүвшин
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Хохирогч С.С-
Шүүгдэгч Б.Г-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр Ж.О- хүүхдийн хамт .. дүгээр хороо, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух хаягтай, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Б- овгийн Б-ын Г-
Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр:
Яллагдагч нь Б.Г- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 01-ний иргэн С.С-той маргалдаж зэвсэг буюу хутгаар цээжин тус газарт хутгалж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цагийн үед С.С-той гэрийн гадаа таарч, түүний барьж явсан гар утсыг 17000 төгрөгөөр зараад Багануур дүүргийн 5 дугаар хороо, Тэс дэлгүүр орж 2 шил 0.75 граммын архи аваад манай гэрт ирээд архиа ууж байхад манай найз О-, М- болон миний төрсөн ах Г- нар гаднаас орж ирсэн. Энэ үед С- манай найз О-д хандан чи манай ахын авгайг авч суусан гэж хэлээд агсраад байсан ба О-, М-, Г- нар юм хэлэлгүй гараад явсан. Тэгээд С- бид хоёр үлдсэн архиа уугаад сууж байхад манай найз Нямаа гэх залуу гаднаас орж ирээд хамт уусан. Гэтэл С- манай найз Н руу хандан чамайг Багануурт харж үзээгүй юм байна гэх зэргээр агсарч байснаа ширээн дээр байсан хар цагаан өнгийн бариултай хутгыг аваад чамайг ална хэмээн Нямаа руу дайрсан. Нямаа “энд байх юм бол хэрүүл маргаан гарах юм байна” гээд гэрээс гараад явсан. Би С-ын гарт байсан хутгыг авах гээд гэрийн хойморийн орон дээр зөндөө ноцолдсон. Тэгээд С-ын гараас хутгыг авсан чинь С- гэрээс гараад явсан. Би С-ын гараас хутгыг авах гэж ноцолдож байхдаа түүнийг хутгаар хатгасан юм шиг байна лээ. Би С-ыг санаатай хутгалсан зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/
Хохирогч С.С-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19 цагийн үед Г-ийн гэрт очиход түүний эхнэр О- хамт байсан ба Г- бид хоёр дэлгүүр орж нэг шил архи аваад гэрт нь ирж уусан. Нэг шил архи дуусахад Г- гэртээ байсан нэг шил архийг задалсан. Энэ үед Г-ийн найз гэх нэрийг мэдэхгүй залуу гаднаас орж ирээд бид гурав архи хувааж уусан. Нэг мэдэхэд Г- ширээн дээр байсан хутгыг бариад над руу дайрч байсан. Би тэр үед их согтсон болохоор зарим зүйлийг санахгүй байна. Тухайн үед Г- болон түүний эхнэр, Г-ийн найз гэх залуу хамт байсан. Би Г-ийн гэрээс гараад явж байтал цээжний орчим халуун нойтон зүйл мэдрэгдэхээр нь дараад үзтэл цус гарч байсан, би эргэж Г-ийн гэр рүү орох гээд явсан. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Б.Эрдэнбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний оройн 23 цагийн үед Г- ахын гэрт очиход С-, Нямаа, Г- нар архи уугаад сууж байсан. Шөнө нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 цаг 30 минутын үед буцаад Г- ахын гэрт очиход Г- ах унтаж байсан. Харин О- эгч сандарчихсан С- Нямаа руу дайраад байхаар нь Г- ах чинь уурлаад С-ыг хутгалчихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
Гэрч М.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед Г- над руу залгаад ганц шил архи аваад хүрээд ир гэсэн юм. Би архи авч чадахгүй ганц пиво аваад очъё гэж хэлээд пиво авах гэтэл дэлгүүрүүд хаалттай байсан. Тэгээд Г-ийн гэрт яваад очтол Г-, С- хоёр нилээн согтуу байсан. Шинэ он гараад хоол цай идээд сууж байхад С- гэх залуу над руу дайрч агсраад байсан ба намайг сандал дээр сууж байхад хөлөөрөө өшиглөхөөр нь би түүнийг ор руу түлхэж унагаасан. Тэгтэл С- гэх залуу оргилуун дарсны шил бариад намайг цохих гэхэд Г- түүнийг түлхэж унагаад эхнэр нь шилийг нь авсан. Би “энд байх юм бол бөөн юм болох” нь гэж хэлээд Г-ийн гэрээс гараад 100 метр орчим явж байхад нэг хүн араас дуудсан, эргээд хартал Г- гартаа хутга барьчихсан байсан. Би Г-т хандан яагаад тэнэгтээд байгаа юм бэ хутгаа хая гэхэд Г- чамайг алнаа гээд байхаар нь би зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/
Гэрч Ж.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний 19 цагийн үед танил С- манай гэрт ирсэн. С- эхнэртэйгээ хэрэлдээд, эхнэрээ зодсон гар утсаа зараад архи уумаар байна гэж ярьж байсан. Манай нөхөр Г- С-ын гар утсыг хажуу айлын Ууганаа гэдэг хүнд 17.000 төгрөгөөр зараад мөнгийг нь С-од өгсөн. Тэгээд Г-, С- хоёр гарч яваад 0.75 граммын Монгол стандарт нэртэй архи 2 шилийг авчраад уусан. Оройн 23 цагийн найз Нямаа ирсэн бөгөөд тэр үед С- нилээн согтсон байсан. С- Нямаа руу хандан “ чи хаанахын пизда вэ, чамайг хүнээр алуулна” гэх зэргээр дайрч агсам тавьсан. Энэ үед Г- юу болоод гэрт хэрэлдээд байгаа юм бэ гэхэд С- Г-т хандан чи энэ муугаа өмөөрөөд байгаа юм уу, би та хоёрыг хүнээр алуулна гээд байсан. Нямаа согтуу хүнтэй юу ярих вэ гээд манай гэрээс гараад явсан. Нэг харахад Г- гартаа /аль гартаа гэдгийг санахгүй байна/ цагаан өнгийн бариултай хутга барьчихсан С-той ноцолдсон. Тэгээд нэг харахад С- хутгыг нь барьчихсан байсан ба Г- хутгыг нь булааж байсан. Ингээд тэр хоёр салаад Г- гэрээс гарсан, араас нь С- гараад явсан. …Н удалгүй миний гар утас руу залгаад С- Г-т юу гээд хэлчихсэн юм бэ, Г- намайг ална гээд гартаа нэг юм барьчихсан хөөгөөд байна гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-28 дугаар хуудас/
Гэрч А.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 1-ний шөнө он солигдсоны дараа Рашаантын 7 дуаар гудамжны 13 тоотод амьдардаг ахындаа очсон юм. Тэгээд хаалгыг нь цохиод зогсож байтал уг гудамжны баруун талаас дан цагаан өнгийн дал майктай, бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн гүйж ирээд зүүн хэвлий орчмоо гараараа дарчихсан надад цагдаа дуудаад өгөөч би хүнд хутгалуулчихлаа гэж хэлсэн. Тэр залуу ямар хүнд хутгалуулсан талаараа надад хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/
Шинжээч эмчийн 09шэ/046 тоот: “...С.С-ын биед хэвлийд нэвтэрсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/
Шинжээч эмч М.Ариугуунтөгсийн өгсөн “…Хохирогч С.С- өөрийн биеэр ирэх боломжгүй тул би өөрөө Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын тасагт очиж үзлэг хийж дүгнэлт гаргасан. С.С- намайг очиход мэс заслын дараах байдалтай орон дээр хэвтэж байсан ба шарханд анхдагч цэглэлт хийгдсэн байсан тул шархны ир мөрний байрлал, хүч зэргийг тогтоох боломжгүй байсан. Харин Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн өвчний 18/01 тоот түүхээс харах үед С.С-ын шарх нь зүүн доош чиглэлтэй хэвлийд нэвтэрч орсон гэсэн байсан. С.С-ын биед үзлэг хийх үед юм ярихад хэцүү байна гэдийж тонгойж, ханиалгахад хэцүү байна гэсэн зовиуртай, хэвлийн зүүн дээд хэсэгт шархтай, хэвлийн дунд хэсэгт боолттой байсан …гар хуруу нь бүрэн бүтэн ажиллаж байсан учраас өөрөө үйлдэх боломжтой мөн өөр хүн үйлдэх боломжтой…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн: ”...Хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 6 дугаар гудамжны 14 тоот ертөнцийн зүгээр урагш харсан хашаа байх бөгөөд хашааны зүүн хойд талд 4 ханатай монгол гэр байв. Гэрийн зүүн талд байрлах цагаан өнгийн хөргөгч дээр байсан хар өнгийн иштэй хутгыг эд мөрийн баримтаар хураан авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд шалан дээр ямар нэгэн эд зүйл эд мөрийн баримт байхгүй байв. Үзлэгийн явцыг гэрэл зургийн аргаар баримтжуулж нийт 12 кадр зураг авав...” гэсэн тэмдэглэл, Хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар хуудас/
Эд мөрийн баримт хураан авах тухай: “...ажлын хэсэг нь 15 см урт, бариул нь 13.5 см урттай ажлын хэсэг дээрээ “BEST” гэсэн латин үсэг бичигдсэн хуванцар цагаан өнгийн бариултай 1 ширхэг хутгыг хураан авав...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 93 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн:”... ажлын хэсэг нь 15 см урт, бариул нь 13.5 см урттай ажлын хэсэг дээрээ “BEST” гэсэн латин үсэг бичигдсэн хуванцар цагаан өнгийн бариултай, хурц ир үзүүртэй 1 ширхэг хутга байх ба уг зүйлсэд өөр ямар нэгэн хэрэгт ач холбогдол бүхий нүдэнд ил харагдах ул мөр илрээгүй болно...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/
Хохирогч С.С-ын эрчимт эмчилгээний хяналтын хуудас, боолтод хэрэглэсэн эм, материалын тооцоо, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн тооцоо, өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, мэс заслын тэмдэглэл, амь нас эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийн хуудас зэрэг баримтууд /хх-ийн 58-85 дугаар хуудас/
Хохирлын талаарх: ”…Хаан банк болон Төрийн банкны хуулга, Ганхуягаас 20.000 төгрөг хүлээн авлаа гэсэн гараар үйлдсэн баримт…” /хх-ийн 86-88 дугаар хуудас/,
Хохирогч С.С-ын мөрдөн байцаалтын шатанд гараараа бичсэн: ”...надад гомдол санал байхгүй...” гэсэн баримт /хх-ийн 89 дүгээр хуудас/
Б.Г-ийн ял шийтгэлтэй эсэхийг шалгасан: ”... Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хугацаа дуусч суллагдсан...” гэсэн хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.
Прокуророос ирүүлсэн хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Б.Ганхуяг нь “…би санаатай хутгалаагүй, хутга авах гэж ноцолдож байхдаа энэ гэмтлийг Сүхболдын биед учруулсан байх…” гэж мэдүүлж байгаа болон шүүгдэгчийн өмгөөлөгч зөв зүйлчлээгүй, болгоомжгүй үйлдэгдсэн хэрэг гэж дүгнэсэн зэрэг нь дараах байдлаар няцаагдаж байна
Хохирогч С.С-ын “…Г- хутга бариад над руу дайрч байсан. …Би Г-ийн гэрээс гараад явж байтал цээжний орчим халуун нойтон зүйл мэдрэгдэхээр нь дараад үзтэл цус гарч байсан…” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэбилэгийн “…О- эгч сандарчихсан С- Нямаа руу дайраад байхаар нь Г- ах чинь уурлаад С-ыг хутгалчихсан гэж хэлсэн…“ гэсэн мэдүүлэг, гэрч Ж.О-ын “...Г- гартаа /аль гартаа гэдгийг санахгүй байна/ цагаан өнгийн бариултай хутга барьчихсан С-той ноцолдсон...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Нямын “…Г-ийн гэрээс гараад явж байхад Г- араас дуудаад ална гээд гартаа хутга барьчихсан байхаар нь зугатаасан ...“ гэсэн мэдүүлгүүдээс харахад Ганхуяг анх хутга барьж дайрсан, хохирогчийг гарсны дараа араас нь хутга барьж хөөсөн байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
Иймд прокуророос хэргийг зөв зүйлчилж ирүүлсэн байна гэж үзлээ.
Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн эмчийн 09шэ/046 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байх тул дээрхи нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Г- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 сарын 31-нээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний шилжих шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 6 дугаар гудамжны 14 тоот хашаанд байх гэртээ С.С-ыг “манай найз Нямтай маргалдаж агсарч зодох гэж дайрлаа” гэж уурлан улмаар хэвлийн зүүн дээд хэсэгт хутгалж С.С-ын биед зүүн хэвлийн дээд хавирганы нум дагуу 2.5 см хатгагдсан шарх бүхий гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч Б.Ганхуягийн “…Би энэ гэмтлийг Сүхболдын биед учруулсан байх…” гэсэн мэдүүлэг, хохирогч С.С-ын “…Г- хутга бариад над руу дайрч байсан…” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэбилэгийн “…О- эгч сандарчихсан С- Нямаа руу дайраад байхаар нь Г- ах чинь уурлаад С-ыг хутгалчихсан гэж хэлсэн…“ гэсэн мэдүүлэг, гэрч Ж.О-ын “...Г- гартаа /аль гартаа гэдгийг санахгүй байна/ цагаан өнгийн бариултай хутга барьчихсан С-той ноцолдсон...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Нямын “…Г-ийн гэрээс гараад явж байхад Г- араас дуудаад ална гээд гартаа хутга барьчихсан байхаар нь зугатаасан...“ гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг дээрхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хохирогч С.С-ын бие махбодид учирсан гэмтэл нь хүнд хохирол болох нь шинжээчийн “...Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Б.Г-ийн үйлдлийн улмаас хохирогч С.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Шүүгдэгч Б.Г- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.
Иргэдийн төлөөлөгч Л.Амартүвшин Багануур дүүргийн иргэдийг төлөөлж шүүх хуралдаанд “…Б.Г-ийг гэм буруутай гэж үзэж байна…” гэсэн дүгнэлт гаргажээ.
Иймд Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн хорих ялын хэмжээ нь таваас арван хоёр жил байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байна.
Шүүгдэгч Б.Г- нь хохирогчийн эмчилгээний зардалд 85.000 төгрөг төлсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болох нь хэрэгт авагдсан орлогын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, мөнгө хүлээн авсан баримт /хх-н 86-89 дүгээр хуудас/ болон шүүгдэгчийн “…эмчилгээнд 85.000 төгрөг төлсөн…” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…Гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй….” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Г-т 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт хамаарах зардал төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-ийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хор уршиг төлснийг харгалзан, хуульд заасан хорих ялын доод хэмжээг баримтлан ялыг оногдуулж, хорих ялыг нээлттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Г- нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.
Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажлын хэсэг нь 15 см урт, бариул нь 13.5 см урттай ажлын хэсэг дээрээ “BEST” гэсэн латин үсэг бичигдсэн хуванцар бариултай хутгыг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ
ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА