Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/45

 

 

 

 

 

 

 

 

  2024       09          04                                           2024/ДШМ/45

 

 

 

Г.Б, Ж.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Ж.Батбаатар

Шүүгдэгч                                                       Г.Б, Ж.Н

Хохирогч                                                       *******

Нарийн бичгийн дарга                               Б.Золжаргал нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Б, Ж.Н нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр Г.Б, Ж.Н нарт холбогдох 2425000660161 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн орчим Ж.Нтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах “Вегас” баарны бие засах өрөөнд хохирогч *******тай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Ж.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн орчим Г.Бтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах “Вегас” баарны бие засах өрөөнд хохирогч *******тай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, үсдэх, пивоны шилээр толгой хэсэгт нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Б, Ж.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Г.Б, Ж.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ж.Н-ыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.Н нар дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

          мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж,

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван наймдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.Н нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Ж.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Бгаас 757.640 төгрөг гаргуулж хохирогч *******д олгож, хохирогч ******* энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр,  эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн “DVD-R 4.7 GB 120 min/16x” гэсэн бичиглэлтэй, “Вегас” баарны камерын бичлэг бүхий хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Н 757.640 төгрөгийг хохирогч М.Х-д нөхөн төлсөн тул бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Н шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“ ... Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шийдвэрлэхдээ хохирлын 757,640 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Би хохирогчид учирсан хохирлыг дараагийн шүүх хурлаас өмнө төлж барагдуулсан тул Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолыг торгуулийн арга хэмжээгээр өөрчилж өгнө үү. Учир нь миний бие жирэмсэн буюу бие давхар тонус ихтэй, бас бугуйн цаг нь урагт ямар нэг гаж нөлөө үүсгэх магадлалтай тул уг асуудлыг харгалзан үзэж хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“... Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шийдвэрлэхдээ хохирлын 757,640 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Би хохирогчид учирсан хохирлыг 2 хувааж төлж барагдуулсан тул Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолыг торгуулийн арга хэмжээгээр өөрчилж өгнө үү. Миний бие айлын том, дөрвөн дүү ээжийн хамт байдаг байсан. Одоо ээж маань эмчилгээ хийлгэж хотод байдаг. Өөрөө нялх хүүхэдтэй байдаг ээж рүүгээ хот хооронд ойр ойрхон явах шаардлага гардаг тул уг асуудлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Хохирогч М.Х шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Ж.Н, Г.Б хоёрын гомдолтой танилцлаа ... анхан шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй биечлэн оролцох болно ...” гэжээ.

Прокурор Ж.Батбаатар шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“ ... Шийтгэх тогтоолыг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 11 дүгээр талд хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэлд хамаарахыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийн 2 хувиар тооцож хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг 1,320,000 төгрөг гэж тооцсон. 

Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай" тогтоолын 3.4 дэх заалтад “...хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баталсан. Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэл 0-3%, 2-р зэрэглэл 4-8%, 3-р зэрэглэл 9-15%, 4-р зэрэглэл 15-30%, 5- р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийг хэмжээг хувьчлан тус тус тооцно..." гэж заасныг зөрчиж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тооцож түүнийг 2 дахин нэмэгдүүлж 1,320,000 төгрөгөөр тооцсон аргачлал нь буруу болсон байна. 2 хувиар сэтгэцэд учирсан хохирлын мөнгөн дүнг илэрхийлбэл 99,000,000 төгрөгийн 2 хувиар тооцоход 1,980,000 төгрөг байх атал буруу аргачлалаар бодон хохирлын мөнгөн дүнг буруу тооцсон. 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас хохирол нөхөн төлөх хүсэлт гаргасныг үндэслэн шүүх ажлын 5 өдрөөр шүүх хуралдааныг завсарласан ба 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахдаа шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй” гэж үзэн эрүүгийн хариуцлагыг 1.8 дахь заалтад заасан "гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нараас хохирол төлөхөөр хүсэлт гаргаж ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан боловч шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгээгүй, хохирол төлөхөө илэрхийлж завсарлага авсан шүүгдэгч Г.Б нь нялх хүүхэдтэй, эрхэлсэн ажилгүй тул хохирол барагдуулаагүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн нь хохирол төлөх бодит боломж бололцоогүй байсан гэж үзэх үндэслэлтэй байхад түүний эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн авч үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй байна. 

Мөн шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 6 дахь заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгаас 757,640 төгрөг гаргуулахаар заасан. Гэтэл Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн Эд хөрөнгөнд учирсан гэм хорыг арилгах, 511 дүгээр зүйл Эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалт байгаа хохирогч *******гийн эрүүл мэндийн учирсан гэм хортой холбоогүй заалтууд байна. Харин тус заалтад Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан “Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах" гэсэн заалтыг оруулах нь зүйтэй байна. 

Дээрх хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүд нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.  Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/218 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Б тайлбартаа: “...Ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, ээж дүү нар луугаа байнга явдаг, надаас өөр харах хүн байхгүй учраас гомдол гаргасан...” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Н тайлбартаа: “...Би шүүх хуралдаан болохоос өмнө жирэмсэн байсан, одоо 6 сартай. Жирэмсэн болохоор ийш тийшээ эмнэлгээр их явдаг, мөн цаг зүүхээр урагт гаж нөлөөтэй гэсэн учраас хуульчаас зөвлөгөө авсан. Тийм учраас надад торгуулийн арга хэмжээ авч өгөөч гэж хүсэлт гаргасан...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч М.Хтайлбартаа: “...Шүүгдэгч Г.Б нь одоо болтол хохирлоо барагдуулна гэж надтай яриагүй байгаа. Мөн Ж.Н, Г.Б 2 нь одоо болтол надаас гэмшсэн байдлаар холбогдож утсаар яриагүй. Хохирлоо барагдуулаад надтай холбогдоод утсаар ярьсан бол би одоо хохиролгүй гэж хэлээд суух хүсэлт надад байсан. Хохирлоо барагдуулаагүй, надтай холбогдоогүй учраас анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Батбаатар дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзсэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай эсэргүүцэл бичсэн байгаа уг саналаа дэмжиж байна…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Б, Ж.Н нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэн үзвэл шүүгдэгч Г.Б, Ж.Н нар нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах “Вегас” баарны бие засах өрөөнд хохирогч М.Х-тай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар Г.Б нь түүнийг үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодож, мөн Ж.Н нь хохирогчийг үсдэж, пивоны шилээр толгой хэсэгт нь цохиж хохирогчийн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч Ж.Н, Г.Б нар нь “... шүүхээс оногдуулсан ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байх боловч анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б, Ж.Н нарын гэм бурууг тогтоож зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг үндэслэлтэй, тэдгээрт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн заалт болон мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Прокурорын эсэргүүцэлд дурьдсан “...аргачлалыг буруу тооцсон...” гэсэн хэсгийн тухайд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн бусдад учруулсан хохирлын дүнг тогтоохдоо гэмт хэрэг үйлдэгдсэн үеэр тооцох атал анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг тооцохдоо шийтгэх тогтоол гарах үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгөөр тооцсон нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

 

Харин анхан шатны шүүх хохирогч М.Х-гийн сэтгэцэд учирсан гэм хорын хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн ангилал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан нэгдүгээр зэрэглэл /0-3 хувь/-д зааснаар 2 хувиар нэмэгдүүлж тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2023 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 2 хувиар нэмэгдүүлбэл 1.100.000 төгрөг, үүн дээр хохирогчид учирсан бодит хохиролд 195.280 төгрөг, нийт 1.295.280 төгрөгийг шүүгдэгч тус бүрд хувааж тооцоход 647.640 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй бөгөөд шүүгдэгч шүүгдэгч Ж.Н нь 757.640 төгрөгийг төлсөн, харин шүүгдэгч Г.Б нь 600.000 төгрөгийг хохирогчид төлсөн байгааг дурьдав.

 

Прокурорын эсэргүүцлийн бусад үндэслэл буюу “... шүүгдэгч Г.Бг ял оногдуулахдаа ... эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн авч үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй, ... шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 6 дахь заалтад “... Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан заалтыг оруулах нь зүйтэй” гэсэн хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нар хохирол төлөх хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан, энэ хугацаанд шүүгдэгч Г.Б нь хохирол төлөөгүй байх боловч түүнийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт заасан “...хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн...” гэж үзэх үндэслэлгүй бөгөөд мөн хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 195.280 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилсэн байна.

 

Монгол улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

Иймд прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох заалтад дээр дурьдсан өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч нарын гаргасан “...ялыг өөрчилж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4  , 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...510 дугаар зүйлийн 510.1... гэснийг “...505 дугаар зүйлийн 505.1...” гэж, “...757.640 төгрөг...” гэснийг “... 647.640 төгрөг...” гэж тус тус өөрчилж , тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Шүүгдэгч Г.Б, Ж.Н нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

 

3. Шүүгдэгч Г.Б нь хохирогч М.Х-д хохиролд 600.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                   С.УРАНЧИМЭГ