Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00540

 

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00540

 

 

Л.Н-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2022/00293 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Н-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-д холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх болон хохиролд 13,703,000 төгрөг үндсэн, олох байсан орлого 16,616,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Н-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шихихутаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

Л.Н- нь Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 52 дугаар байрны 38 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг барьцаалан Төрийн банк ХХК-аас 55,000,000 төгрөгийн зээл авч, сар бүр 1,867,965.05 төгрөгийг төлөхөөр болсон боловч зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон. Мөн хувь хүнээс 5-10 хувийн хүүтэй мөнгө аваад сар бүр тохиролцон төлөхөөр болсон боловч мөн төлж чадахгүйд хүрсэн тул байраа зарж төлбөрөө төлөхөөр болсон. Б.Э- 3 хоногийн дараа 70,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Орон сууцыг барьцаанд байгааг мэдсэн бөгөөд 50,000,000 төгрөгийг 6 хувааж өгсөн. Үлдэгдэл 78,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж, банкны зээл 47,000,000 төгрөгийг сар бүр 3,500,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлж, өмчлөх эрхийг бүх төлбөр дууссаны дараа шилжүүлэхээр тохиролцсон. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иж бүрэн засвар хийсэн орон сууц хүлээлгэн өгсөн. Б.Э- нь одоо болтол тус орон сууцад амьдарч байгаа. Мөн сар бүр төлөхөөр тохиролцсон 3,500,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 3,500,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 3,500,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,100,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэвч 2020 оны 12 дугаар сараас хойш огт төлбөр төлөөгүй. Төлбөрийг тохиролцсон хугацаандаа төлөөгүйгээс банк болон хувь хүнээс хүүтэй мөнгө зээлж хохирсон. Б.Э- орон сууцны төлбөрийг төлөөгүйгээс Монголбанкны хар жагсаалтад орсон. Орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлнэ. Худалдах, худалдах авах гэрээнээс татгалзаж Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 52/1 дугаар байр, 38 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг буцаан авч, уг орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрийг 1 сарын 1,000,000 төгрөгөөр тооцож 10,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөр төлөөгүйн улмаас банкны зээлд төлсөн төлбөр 3,703,000 төгрөг, нийт 13,703,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Л.Н-гаас Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 52/1 дугаар байрны 38 тоот орон сууцыг 125,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 78,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлөхөөр тохиролцсон. Үлдэгдэл төлбөрөөс 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 3,500,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 3,500,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг тус тус төлсөн. Ковид-19 цар тахлын улмаас төлбөрөө төлж чадаагүй. Харилцан тохиролцсон 2 жилийн хугацаа дуусаагүй тул үлдэгдэл төлбөрийг энэ хугацаанд төлж орон сууцыг авна. Орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрт 13,703,000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч хохирол шаардах эрхгүй гэжээ.

 

3.    Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

Л.Н-гаас олох байсан орлогод 16,616,000 төгрөг гаргуулна. Худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед Төрийн банк ХХК-аас Л.Н- зээл авсан байсан. Б.Э- 58,100,000 төгрөг шилжүүлснээр банкны зээлийг төлөх боломжтой болсон. Иймд Л.Н-д шилжүүлсэн 58,100,000 төгрөгийг сарын 2,2 хувийн хүүгээр тооцож 13 сарын хүү 16,616,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

4.    Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Орон сууц Төрийн банк ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа талаар хариуцагч мэдэж байсан, бүх нөхцөлийг харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Төлбөр төлөгдөх үүрэг биелэгдээгүй. Б.Э-аас 58,000,000 төгрөгийг хууль бусаар олж аваагүй, худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжлүүлсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар улсын бүртгэлийн Ү-2203000521 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 52/1 дугаар байр, 38 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг худалдах, худалдах авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэгч Л.Н-гаас 58,100,000 төгрөгийг гаргуулан хариуцагч олгож, хариуцагчийн эзэмшлээс уг орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагч Б.Э-д даалгаж, 13,703,000 төгрөг гаргуулах тухай үндсэн болон 16,616,600 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн 1,024,415 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 241,033 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 22,683 төгрөгийг, хариуцагчаас илүү төлсөн 1,430 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч, хариуцагч нарт, хариуцагчаас 797,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6.    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Л.Н-гаас 16,616,600 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Э- нь Л.Н-гаас орон сууц худалдаж авахаар нийт 58,100,000 төгрөгийг шилжүүлсэн. Л.Н- энэ мөнгийг хувь хүмүүсээс авсан 10 хувийн хүүтэй зээлийг төлөхөд зарцуулж ашигласан байсан. Б.Э- уг мөнгийг Төрийн банк ХХК-ийн зээлийн хүүгээр тооцож олох ёстой байсан орлогыг нэхэмжилсэн. Л.Н- нь Б.Э-ын мөнгөөр өөрийн гарах зардлыг хэмнэх аргаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Иймд Л.Н-гаас 16,616,600 төгрөгийг гаргуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7.    Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хариуцагч гэрээ байгуулахдаа тохиролцсоны дагуу төлбөрийг төлөөгүй. Б.Э-ын төлсөн 58,100,000 төгрөгт хүү тооцож олгох үндэслэлгүй. Зээлийн гэрээний харилцаа үүсээгүй учраас олох ёстой орлогод 16,616,000 төгрөг шаардах эрхгүй. Гэрээ байгуулах үед орон сууц банкны барьцаанд байсныг хариуцагч мэдэж байсан. Урьдчилгаа 75,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч 50,000,000 төгрөг төлсөн. Сар болгон 3,500,000 төгрөг төлөх байсан боловч 2021 оны 11 дүгээр сараас хойш төлбөр төлөөгүйгээс Монголбанкны хар жагсаалтад орсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч Л.Н- нь хариуцагч Б.Э-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 13,703,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч олох ёстой байсан орлогод 16,616,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. (хх-ийн 1-5, 155-156)

 

1.б. Л.Н- нь Б.Э-д Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 52/1 дугаар байр, 38 тоот орон сууцыг 128,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, энэ тухай бичгийн баримт үйлдэж, Б.Э- нь орон сууцны үнэд урьдчилгаа 58,100,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон энэ талаар талууд маргаангүй байна. (хх-ийн 19-25, 158-166)

 

Дээрх байдлаар талуудын хоорондын тохиролцож буй гэрээний зүйл нь орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө байгаа тохиолдолд түүний өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг Иргэний хуульд заасан журам, хэлбэрээр байгуулах учиртай.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхдээ улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хэн аль нь гаргах эрхтэй бөгөөд 109.2 дахь хэсэгт тухайн хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх тухай зохицуулсан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх худалдан авагчид үүснэ.

 

Тодруулбал, зохигчид худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд тэдгээрийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үзэх боломжтой. Харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай уг хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх тухайлсан нэмэлт шаардлага хуулиар тавигддаг тул талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэхгүй.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах тохиролцоо нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

1.в. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх эрх зүйн үр дагавар мөн зүйлийн 56.4, 56.5, 56.6 дахь хэсэгт тусгагджээ.

 

1.г. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн талууд нь уг гэрээгээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэж заасан тул талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Л.Н- нь орон сууцыг хариуцагч Б.Э-ын эзэмшлээс чөлөөлүүлэхээр, хариуцагч Б.Э- нь орон сууцны үнэд төлсөн 58,100,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

2. Нэхэмжлэгч Л.Н- нь хариуцагч Б.Э-аас орон сууцанд амьдарсан хугацааны хөлс 10,000,000 төгрөг, банкны зээлд төлсөн 3,703,000 төгрөг, нийт 13,703,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг анхан шатны шүүх орон сууц худалдах, худалдан авах тохиролцоо нь хүчин төгөлдөр бус тул гэрээний үүргээс учирсан хохирлыг нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан хэдий ч хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэнд зохигчийн хэн алиныг буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын талаар

 

3.а. Хариуцагч Б.Э- орон сууцны үнэд төлсөн 58,100,000 төгрөгийг 1 сарын 2,2 хувийн хүүгээр тооцож олох байсан орлогод 16,616,600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хариуцагч гаргажээ.

 

Б.Э- нь Л.Н-тай уг орон сууцыг худалдан авах зорилгоор хэлцэл хийхдээ тус орон сууц Төрийн банк ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан болохыг талуудын хэн аль нь мэдэж байсан тул орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах талаар мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

3.б. Орон сууц худалдах, худалдан авах талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул хариуцагч Б.Э- нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 16,616,600 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй. Мөн Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.3 дахь хэсэгт Эд хөрөнгийг үндэслэлгүй олж авсан этгээд уг зүйлээ хэрэглэх, бусдад шилжүүлэх зэргээр ашиглахдаа, эсхүл тухай зүйлийг үрэгдүүлсэн, устгасан, чанарыг нь муудуулсан буюу бусад шалтгаанаар ямар нэгэн ашиг, орлого олоогүй бол олох байсан орлого, ашиг, үр шимийг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэж заасан. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэнд зохигчийн хэн алиныг буруутай гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна хүчин төгөлдөр бус хэлцэл ямар нэгэн эрх зүйн үр дагаврыг, тухайлбал, гэрээнээс татгалзах, гэрээний үүргийн биелэлтийг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг тус тус шаардах эрхийг үүсгэхгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг баримтлаагүй болон хариуцагч Б.Э-ын нэрийг орхигдуулсан байгааг залруулан шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2022/00293 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 56.5... гэсний дараа ... 56.6... гэж, ... хариуцагч ... гэсний дараа Б.Э-д гэж тус тус нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,033 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Н.БАТЗОРИГ