Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/46

 

 

 

 

 

 

 

 

 

2024        09         04                                         2024/ДШМ/46

 

 

 

Т.Цд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Ж.Батбаатар

Шүүгдэгч                                                       Т.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.Оюунчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Ц.Н

Хохирогчийн өмгөөлөгч                            М.Мэндбаяр, О.Сарантуул

Нарийн бичгийн дарга                               Д.Ундрах нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Г.Энхтунгалаг, шүүгч Д.Орхонтамир нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Цд холбогдох 2325000000315 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын 00 тоотод үрчилж авсан эцэг Ц.Т-ийн цээжин тус газар хавирганы нумны харалдаа босоо байрлалтай хэвлийн хөндий рүү нэвтэрч өрц цөсний хүүдий, бүдүүн, нарийн гэдэс, чацархай, сэмжийг гэмтээн хатгаж 1 удаа, баруун цавинд хураагуур ба тараагуур судсыг тасалж зүссэн 1 удаа, баруун төмсөгний хуйхнагт 2 удаа, зүүн хөлийн цавь хэсэгт 1 удаа, зүүн төмсөгний хуйхнагт 1 удаа нийт 6 удаа тус тус хутгалж амь насыг нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хохироож, хүнийг алах гэмт хэргийг хойд эцгийнхээ эсрэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, амь хохирогчийг олон удаа хутгалж шарх үүсгэн онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Цагаан туг овогт Тн Т.Цийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Т.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Цийн эдлэх 17 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Цд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Цийн цагдан хоригдсон 342 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нын сэтгэцэд учирсан хохирол 82 сая төгрөгийн болон зан үйлийн зардал 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх саарал өнгийн жийнсэн өмд 1 ширхэг, хар өнгийн үдээстэй хос пүүзэн гутал 1 ширхэг, саарал өнгийн подвалка 1 ширхэг, саарал өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, хар алаг өнгийн хос оймс 1 ширхэг, саарал өнгийн хос оймс 1 ширхэг, шар өнгийн хутганы иш 1 ширхэг, саарал өнгийн металл материалтай хутганы ажлын хэсэг 1 ширхэг, хөх өнгийн улаан оруулгатай саарал өнгийн ойлгогчтой ажпын цамц 1 ширхэг, “Chinggis” гэсэн бичигтэй хөх өнгийн подвалка 1 ширхэг, цагаан өнгийн канттай цэнхэр өнгийн гялгар бичигтэй хөх өнгийн подвалка 1 ширхэг, цагаан өнгийн канттай цэнхэр өнгийн гялгар өнгийн материалтай дотортой бэлтгэлийн өмд 1 ширхэг, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг улаан эрээн өнгийн подвалка 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шалны хэсгээс авсан 1 ширхэг арчдас, хумснаас авсан дээж, хатаасан цус, арчдас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хяналтын камерын дүрс бичлэг бүхий 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Nike”гэсэн бичигтэй саарал өнгийн малгайтай цамц хэргийн хамт шүүхэд ирээгүйг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“ ... Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 

Шүүгдэгч Т.Ц нь Ц.Тг хутгалж амь насыг нь хохироосон үйлдлээ мэддэггүй, санадаггүй, түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэнийг гэрчлэх гэрч байдаггүй. Шүүх Т.Цийг Ц.Тг олон удаа хатгасан болох нь хэрэг гарсан газрын обьектив нөхцөл байдал, үйл хөдөлгөөн, цаг хугацаа түүнийг батлан гэрчилсэн гэрчүүдийн мэдүүлгээр эргэлзээгүй нотлогдсон гэж дүгнэсэн. Гэвч шийтгэх тогтоолд яг ямар обьектив нөхцөл байдал, ямар үйл хөдөлгөөн, ямар цаг хугацааг үндэслэж нотлогдсон гэж үзэж байгаагаа тодорхойлоогүй. Түүнчлэн яг хэн гэдэг ямар гэрч Т.Цийн үйлдлийг гэрчилж дэлгэрэнгүй мэдүүлсэн тухай дурьдаагүй байна. 

1. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүллээ гэсэн хамгийн гол нотлох баримт буюу хохирогч Ц.Тгийн цус илэрсэн гэх Т.Цд эгч Д.Нийн худалдаж авч өгсөн гэх /тэр өдөр/ саарал өнгийн цамц шүүхэд ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулья гэсэн хүсэлт тавьсан боловч шүүх уг цамцыг мөрдөгч эд мөрийн баримтаар тооцсон уг цамц шүүхэд ирээгүй тул цамцан дээр талийгаачийн цус илэрсэн байна, уг цамцанд үзлэг хийсэн байна гэсэн утга агуулга бүхий дүгнэлт хийгээд өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авалгүй Т.Цийг гэм буруутайд тооцсон. Өөрөөр хэлбэл мөрдөгч, прокурорын хамгийн гол нотолгоо болгосон, эд мөрийн баримтаар тооцоод байгаа талийгаачийн цус бүхий цамц шүүхэд ирээгүйг шүүх юман чинээ тоохгүй орхисон нь гайхмаар. 

Гэм буруугийн шүүх хуралдаан завсарлаад хурал үргэлжлэхэд улсын яллагч Ц.Батбямба эд мөрийн баримтаар тооцсон саарал цамц Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа юм байна гэж мэдэгдсэн бөгөөд бид дараа нь үнэхээр байгаа эсэхийг лавлахад байхгүй гэсэн, мөрдөгч А-О хэдхэн хоногийн дараа ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан байсан. Хамгийн гол нотлох баримт гэж үзээд байгаа тэр саарал цамцыг цагдан хориход байгаа Т.Цд Д.Н нь 3 сарын дараа аваачиж өгөөд 5 сарын дараа мөрдөгч хурааж авсан байдаг бөгөөд уг цамцны баруун энгэрийн дотор талд, баруун ханцуйн тохой хэсэгт бүдэг үзэгдэх улаан хүрэн өнгийн толбо байна гэснийг шинжээч талийгаач Тгийн цусны ДНХ-тэй тохирч байна гэснийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэжээ. Үүнээс өөр Т.Цийг гэм буруутайд тооцох нотлох баримт байхгүй. Гэтэл хамгийн гол гэж үзэж байгаа цустай гэх эд мөрийн баримтаар тооцогдсон саарал цамцыг шүүхэд хүргүүллээ гэсэн мөртлөө шүүхэд ирүүлээгүй. Энэ нь шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно. 

2. Д нь нөхрийгөө хутгалагдсан байдалтай цустайгаа хутгалдчихсан байгааг хараад эмнэлгийн тусламж дуудахын оронд охин руугаа утсаар ярьж дуудаад Т.Ц болон охин С-Утайгаа гадаа маш тайван удаан ярьж зогсоод байгаа явдлыг юу гэж ойлгох вэ. Эмнэлгийн тусламж үзүүлэх сэтгэл яагаад энэ хүнд байсангүй вэ. Талийгаач эмнэлэгт амьд очсон шүү. Энэ Д гэдэг хүний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байгаад шүүх дүгнэлт хийгээгүй. Ганц зүйл хэлэхэд талийгаач орон дээр унтаж байсан, ус уулгах гэж өндийлгөхөд орны урд руу унасан, цус харагдаагүй гэсэн мэдүүлэг нь бодит байдалтай буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогддоггүй. 

Тухайлбал орон дээр хэвтэж байсан юм бол тэгж их цусандаа хутгалдсан хүний доор яагаад цусны толбо байхгүй байна вэ, орны урд руу унасан юм бол яагаад орны урд цус байхгүй байгаа юм бол, яагаад хутга болон бусад зүйл дээр хэн нэгэн хүний хурууны хээ байдаггүй юм бол. Хүндэвтэр зэргийн согтолттой Т.Ц ул мөрөө сайтар баллаж чадах уу. Энэ бол эрүүл хүний хийх үйлдэл гэж үзэж байна. Т.Ц нь Дг шалгуулахын эсрэг байр суурьтай байсныг энэ Дашрамд дурьдах нь зүйтэй бөгөөд бусдыг хамгаалаад байж болзошгүй нөхцөл байдал харагддаг. 

3. А.Дг ирэхээс өмнөхөн нэг эмэгтэй талийгаачийн гэрт ороод гарч явдаг. Энэ хэн болохыг олж тогтоогоогүй. Талийгаач Т нь уг эмэгтэй араас гарч ирээд буцаад орж байгаа камерын бичлэг байдаг бөгөөд биедээ гэмтэл авсан ч гарч ирсэн байж болох. Үүдэндээ унасан байсан нь үүнтэй холбоотой байж ч болох. Эцэст нь хэлэхэд мөрдөн шалгах ажиллагаа хэн нэгэнд хэргийг тохох гэсэн болохоос үнэн зөвийг нь олох гэсэн санаа зорилгогүй явагдсан гэж үздэг. Давж заалдах шатны шүүхэд гомдлыг дэлгэрэнгүй тайлбарлаж оролцох болно. Иймд энэ хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлнэ үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа:

“ ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцаад гомдолд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 

1. Хэргийн 3 дахь хавтасны 50-51 дэх талд Мөрдөгчийн “эд мөрийн баримтыг хураан авах тухай" 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн санал, Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 232 дугаартай “Эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах тухай” зөвшөөрөл зэрэг баримтууд авагдсан. Дээрх баримтуудаар эд мөрийн баримтаар 437 дугаартай нээлттэй хорих ангийн цагдан хорих байранд Т.Цийн хураалгасан эд зүйл дотор байгаа саарал өнгийн цамцыг эд мөрийн баримтаар хураан авах зөвшөөрөл олгогдсон байдаг. Хэргийн мөн 3 дахь хавтасны 52-58 дахь талд Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор саарал өнгийн цамцыг эд мөрийн баримтаар тооцож, хувцсанд үзлэг хийх ажиллагаа явуулсан байдаг. Үзлэг хийх ажиллагааны тэмдэглэлд цамцанд улаан хүрэн өнгийн бохирдолт илэрсэн нь тогтоогддог ба хэргийн 3 дахь хавтасны 108-111 дэх талд авагдсан шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаартай дүгнэлтээр саарал өнгийн цамц дээр цус илэрсэн, илэрсэн цус нь амь хохирогчийн цус болох нь тогтоогдсон. Тухайн шинжээчийн дүгнэлттэй Т.Ц, түүний өмгөөлөгч нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр танилцаад ямар нэгэн гомдол санал гаргаагүй буюу Т.Цийн цамц дээр илэрсэн амь хохирогчийн цус биш эсхүл саарал өнгийн цамц нь Т.Цийн өмсөж явсан цамц биш гэж огт маргаагүй байна. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг 29 дэх талд энэ талаар дэлгэрэнгүй дурьдсан байх ба шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна. 

2. Амь хохирогчийн эхнэр Ч.Д-гээс гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед 4 удаа мэдүүлэг авсан байдаг. Тодруулбал 1 дэх хавтасны 90-92, 96-97 талд, 3 дахь хавтасны 64, 217 талд тус тус гэрч Ч.Дгээс мэдүүлэг авсан ажиллагааны тэмдэглэлүүд авагдсан байна. Дээрх Ч.Дгийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлгийн тэмдэглэлд түүний мэдүүлэгт эргэлзэхүйц хэмжээний зөрчилтэй үйл баримт тусгагдаагүй байна. Хэрэг гарсан өдөр Ч.Д нь өөрийн нөхрийг бусдад хутгалуулсан байдалтай байгааг анх харсан хүн бөгөөд өөрийн нөхрийг бусдад хутгалуулсан амь насанд нь аюултай нөхцөл байдлыг хараад цочирдсон нь тодорхой бөгөөд гэрч Ч.Д нь тухайн нөхцөл байдалд бүх зүйлийг ой ухаандаа сануулаад, цээжлээд сууж байх боломжгүй айдас, түгшүүрт автсан, сандарсан байдалтай байсныг гэрчүүд мэдүүлдэг. Мэдүүлгийн нотлох баримт нь хүний ой дурсамждаа тухайн нөхцөл байдлыг тусгаж авсан мэдээллийг амаар илэрхийлүүлэх замаар авагддаг мэдээлэл тул бусад нотлох баримтуудтай харьцуулахад гадаад болон дотоод шалтгааны улмаас нөлөөлөлд эмзэг баримт юм. Гэрч Ч.Д нь тухайн нөхцөл байдалд айж сандарсан, тэвдсэн байдалтай байсан нь түүний мэдүүлгийг үнэлэхэд анхаарч үзвэл зохих дотоод шалтгаан мөн бөгөөд анхан шатны шүүх Ч.Дгийн мэдүүлгийг дангаар нь үнэлээгүй. Тодруулбал Ч.Дгийн мэдүүлэг нь хяналтын камерын бичлэг, гэрч Т.С-Уын мэдүүлэг, түргэн тусламжийн эмч, цагдаагийн албаны хаагчийн мэдүүлэг гэх мэт бусад мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар үгүйсгэгдээгүй, батлагддаг юм. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч нь Т.Цийг буруутгахдаа зөвхөн Ч.Дгийн мэдүүлгийг дангаар үнэлж буруутгасан мэтээр гомдол гаргаж байгаа нь өөрөө үндэслэл муутай байна. 

Хэргийн 2 дахь хавтасны 128-133 талд Мобиком корпорацаас гаргуулан авсан ярианы жагсаалт тодорхойлолт зэрэг баримтууд авагдсан байдаг. Т.С-Уын 94358676 дугаартай утасны жагсаалтад 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20 цаг 58 минутад Ч.Дгийн 99344826 дугаарын утас руу гадагшаа дуудлага хийсэн байдаг. Ийнхүү дуудлага хийх болсон шалтгааны талаар гэрч Т.С-Уын хэргийн 1 дэхь хавтасны 103 дахь талд байх мэдүүлэгт "...Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 16-06 тоот хаягтай гэрээсээ ээж Ч.Дд мишок өгөхөөр 2023.06.02-ны өдөр оройны 20 цаг 58 минутад гаран явж байхдаа өөрийнхөө 9435-8676 дугаарын утсаар ээжийнхээ 9934-4826 дугаарын утас руу залгаж "хаана байгаа юм мишок өгөх юм" гэсэн чинь 00тоот хаягтай гэртээ ирчихсэн байна, гэрт хүрээд ир гэж дуудсан ... гэж тодорхой мэдүүлсэн байна. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдолд Ч.Д-г “охин руугаа утсаар ярьж дуудаад ..... гэж хэрэгт баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг бичсэн байна. Өөрөөр хэлбэл Ч.Д охин руугаа утсаар ярьж охиноо дуудаагүй. Харин түүний охин ээждээ мишок өгөх зорилгоор ээж рүүгээ байгааг тодруулж тайлбарлаж байна. Ч.Д, Т.С-У нар Т.Ц-ээс юу болсон талаар хашаан дотор асууж байгаа байдал камерын бичлэгт тусгагдсан байдаг ба энэ талаар Т.С-У, Ч.Д нар нь удаа дараагийн мэдүүлэгтэй тодорхой дурьдсан байна. 

3. Давж заалдах гомдлын гурав дахь үндэслэлийн тухайд 

Хяналтын камерын бичлэгт Т.Ц-ийг хэрэг гарсан газарт ирэхээс өмнө шар өнгийн малгайтай бараан өнгийн куртиктэй хар саарал өнгийн өмдтэй эмэгтэй хүн байшингаас гарч ирэн хашааны зүүн талын хаалгаар хэвийн алхаж гаран явдаг. Энэ хүнийг хэн болох талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж олж тогтоож улмаар мэдүүлэг авсан байдаг. Тодруулбал 3 дахь хавтасны 75-97 дахь талд камерын бичлэгт тусгагдсан эмэгтэй хүнийг хэн болох талаар асуугдвал зохих бүх гэрчийг асууж тодруулан улмаар Гармаагийн Б гэх 1972 онд төрсөн эмэгтэй хүн байсныг тогтоож, түүнээс мэдүүлэг авсан байна. Энэ эмэгтэй нь хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын тухай огт мэдүүлээгүй байдаг юм. Нөгөө талаас Г.Б-г гарч явснаас хойш нэг цагийн дараа буюу 18 цаг 15 минутад амь хохирогч нь гэрээсээ гарч ирж үүдний хэсэгт зогсож байгаад буцаад ордог. Амь хохирогч нь гэмтлүүдийг авсны дараа босож явах үйлдэл хийх боломжгүй талаар хэргийн 1 дэх хавтасны 199 дэх талд шинжээч Ч.Буянзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэлд "....амь хохирогч нь дээрх гэмтлүүдийг аваад өөрөө босож явахгүй, гэмтэл авсан газартаа цөөн үгээр ярих, ойр зуурын хөдөлгөөн хийх боломжтой мөн үйл явдлуудыг санах зэрэг үйлдэл хийж чадна” гэж тусгагдсан байна. Үүнээс үзэхэд Г.Быг энэ хэрэгт буруутай гэж үзэх шаардлага байхгүй бөгөөд Г.Б нь хохирогчид гэмтэл учруулж түүний амь насыг хохироосон гэх нотолгоо хайх шаардлагагүй юм. Ийнхүү дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул хариу тайлбар гаргаж байна” гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Ц тайлбартаа: “...Цамцаа шалгуулмаар байна...” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцаах саналаа дэмжиж байна...” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н тайлбартаа: “...Хэргийг сайтар шалгаасай гэж хүсэж байна...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч М.Мэндбаяр тайлбартаа:”... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй байна...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Батбаатар дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул оролцогчоос гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Т.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын 00тоотод өөрийн үрчилж авсан эцэг Ц.Тн цээж, хэвлий, баруун, зүүн цавь, төмсөг  рүү нийт 6 удаа хутгалж хавсарсан хүнд гэмтэл, хэвлийн хөндий рүү нэвтэрч өрц цөсний хүүдий, бүдүүн, нарийн гэдэс, чацархай, сэмжийг гэмтээн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун цавинд хураагуур ба тараагуур судсыг тасалж зүсэгдсэн шарх, хуйхнаг, зүүн гуянд шарх бүхий гэмтэл учруулж алсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэрч Ч.Д, Т.С-У нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хяналтын камерын бичлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Амь хохирогч Ц.Т нь дээрхи гэмтлийн улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаад 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нас барсан байх ба түүний эрүүл мэндэд учруулсан гэмтлүүд нь үхэлд хүргэх гэмтлүүд тул гэмтлийн зэрэг тогтоохгүй гэсэн шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг “... эд мөрийн баримтаар тооцсон талийгаачийн цус бүхий цамц шүүхэд ирээгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн ... Д гэдэг хүний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байгаад шүүх дүгнэлт хийгээгүй ... А.Дг ирэхээс өмнөхөн нэг эмэгтэй талийгаачийн гэрт ороод гарч явдаг. Энэ хэн болохыг олж тогтоогоогүй ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно уу...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Дээрх үйл баримт болсон өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн өглөө шүүгдэгч Т.Ц нь эгч Д.Нийн хамт “Боззоло” дэлгүүрээс NIKE гэсэн бичигтэй хар өнгийн судлан оруулгатай саарал өнгийн малгайтай цамц худалдан авч өмссөн, мөн Т.Ц нь тухайн өдрийн 20:07:46 болоход улсын дугаар, марк тодорхойгүй саарал өнгийн тээврийн хэрэгслээс саарал өнгийн малгайтай, саарал өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай байшин руу орсон болох нь гэрч Д.Нийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг болон яллагдагчийн мэдүүлэг зэргээр давхар нотлогддог.

Мөн уг цамцны талаар гэрч Т.С-У мэдүүлэхдээ “... ээж эмнэлэг дээр очсон байхдаа над руу утсаар ярьж “аавдаа өмсүүлэх цэвэр хувцас аваад ирээрэй” гэхээр нь угаалгын машин билүү, хувцасны шүүгээн дээр тор байхаар нь хувцас хийх гээд аваад нээж хартал дотор нь нэг цамц байхаар нь аавынх байх гэж бодоод дээрээс нь шууд цэвэрхэн ямар ч цусны бохирдолгүй бэлтгэлийн өмд, повколка хоёрыг хийж Бүсийн оношилгоо эмчилгээний төвд авч очиход хагалгаанд орж байсан хагалгаанаас гарч ирээд ямар ч хувцас өмсөлгүй байж байгаад нас барсан ... авч явсан тортой хувцаснуудыг би өөрийн машины ард талд аваад хэд хоног явж байсан чинь Н эгч над руу залгаад “Т.Цд би хэрэг учрал болдог өдрийн өглөө Бозолла дэлгүүрээс саарал өнгийн юүдэнтэй цамц авч өгсөн юм, мөрдөгчид хураалгасан цамц нь биш байх шиг байна, хараагүй биз” гэж асуухаар нь би гэнэт санаад тортой хувцсыг нээж үзсэн чинь юүдэнтэй саарал цамц байхаар нь Н эгчид өгөхөд “мөн байна” гээд авсан. Тэгээд Н эгчээр дамжиж хорих ангид Т.Цийн хувцаснууд дунд очсон гэж бодож байна ... ” гэж /3 дугаар хх 102/,

гэрч Д.Н анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Боззоло дэлгүүр орж цамц, пудволк, малгай авч өгсөн. Саарал өнгийн юүдэнтэй цамц авсан ...  Цагдан хорих дээр цамцыг аваачиж өгсөн санагдаад байна. Тэр цамц Т.Цд авч өгсөн цамц мөн байсан  ... ” гэж /4 дүгээр хх 138-140/ тус тус мэдүүлсэн байх бөгөөд

мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Эрдэнэбаатар нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 437 дугаар нээлттэй хорих ангийн эд зүйлс хадгалах өрөөний 9 дугаартай шүүгээнд хадгалагдаж байсан Т.Цийн өмсөж явсан гэх саарал өнгийн малгайтай, задгай энгэртэй, энгэртээ цахилгаан товчтой, энгэр хэсэгт хоёр халаастай, зүүн энгэрийн дээд хэсэгт Nike гэсэн бичигтэй,, захны дотор талд 3XL гэсэн бичигтэй шошготой цамцанд шинжээч Ч.Г, яллагдагч Т.Ц нарыг оролцуулан үзлэг хийж тэмдэглэл /3 дугаар хх 53/ үйлджээ.

Үзлэг хийх явцад уг цамцанд урагдал гэмтэлгүй ..., баруун энгэрийн дотор талд зүүн энгэрийн цахилгаан товчноос 13.5 см, баруун мөрний урд оёдол, захны залгаас оёдлоос эгч доош зайд 2.5 х 0.8 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зүйл ..., баруун ханцуйн тохой хэсэгт ханцуйн оёдлоос эгц дээш 7.5 см зайд 2 х 2 см хэмжээтэй бүдэг үзэгдэх улаан хүрэн өнгийн зүйл..., зүүн ханцуйн дотор талд мөр хэсэгт захны оёдлоос зүүн тийш 13 см зайд 4.5 х 2 см талбайд бүдэг үзэгдэх шаргал өнгийн зүйл байсныг тус тус гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байна.

Мөн саарал өнгийн цамц дээр цус илэрсэн, илэрсэн цус нь ДНХ тогтоцоороо 3127 дугаартай дүгнэлт дээр дурьдсан Ц.Т гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байгаа нь шинжээчийн 238 дугаартай дүгнэлт /3 хх 108/-ээр тогтоогджээ.

Түүнээс гадна дээрхи шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь эд мөрийн баримтаар хураагдсан гэх саарал өнгийн цамцанд үзлэг хийж, хураан авсан ажиллагаа болон шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн гомдол санал гаргаагүйгээс гадна шүүгдэгч Т.Ц нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед “...цагдан хорих байранд цамцанд үзлэг хийх үед би хамт байсан...” гэсэн тайлбар гаргасан бөгөөд уг цамцыг өөрийн өмсөж байсан цамц гэдгийг үгүйсгээгүй болно.

Прокурор яллах дүгнэлтийнхээ хавсралтад “саарал өнгийн цамц”-ыг шүүхэд шилжүүлэхээр тогтов гэсэн атлаа анхан шатны шүүхэд тухайн эд мөрийн баримтыг хүргүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд уг цамцыг эд мөрийн баримтаар шинжлэн судлаагүй байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрхи цамцанд үзлэг хийж, хураан авах, шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг гүйцэтгэхдээ хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх эд мөрийн баримтаар хураагдсан боловч шүүхэд ирүүлээгүй гэх саарал өнгийн цамцтай холбоотой нотлох баримтуудыг ямар үндэслэлээр нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг /29 дэх тал/-т тодорхой дүгнэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн “... цамц ирээгүйг шүүх тоохгүй орхисон...” гэсэн гомдол, тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.

 

Гэрч буюу амь хохирогчийн эхнэр Ч.Д нь тухайн үйл баримт болсны дараа буюу 20:54:29 цагт байшин руу орсон, түүнийг байшинд ороход Ц.Т, Т.Ц нар байсан талаар удаа дараа зөрүүгүй мэдүүлдэг ба түүний мэдүүлэг нь хяналтын камерын бичлэгээр нотлогддог тул хэргийн үйл баримтын талаар өгсөн Ч.Д-гийн мэдүүлгүүдийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн гэрч Б.С  “ ... очиход хохирогчийн биенээс их хэмжээний цус гарч шалан дээр бохирлогдсон байсан болохоор тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байсан юм шиг байсан, тэгээд эмч гэнэт цусыг арчаад өгөөч гэж хэлэхэд эхнэр нь цусыг арчиж цэвэрлэсэн, гэхдээ нарийн цэвэрлээгүй хажуудаа байсан ягаан өнгийн подволкыг аваад шууд арчиж түмпэнд базаад байсан ... ” гэж мэдүүлсэн байгааг дурьдах нь зүйтэй.

 

Тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 67 дугаартай магадлалаар ... хяналтын камерын бичлэгт бичигдсэн буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын 00 тоотод байрлах байшин руу орсон хүмүүсийг олж тогтоож, шалгах ажиллагааг хийлгэхээр заасан ба

 

хэргийг прокурорт буцаасны дараа хяналтын камерын бичлэгт бичигдсэн шар өнгийн малгайтай, бараан өнгийн куртиктэй, хар саарал өнгийн өмдтэй эмэгтэй хүнийг олж тогтоох ажиллагаа явуулж, бусад гэрчийн өгсөн мэдүүлэг болон өөрийнх нь мэдүүлгийг үндэслэн дээрх эмэгтэйг Г.Б болохыг тогтоожээ.

 

Иргэн Г.Б-ыг уг байшингаас 17 цаг 10 минутад гарч явснаас хойш буюу 18 цаг 15 минут /хх 57-58/-д Т.Ц байшингаас гарч ирж үүдний хэсэгт зогсож байгаад буцаж орсон нь мөн камерын бичлэгээр тогтоогддог бөгөөд “... амь хохирогч нь дээрх гэмтлүүдийг аваад өөрөө босож явахгүй ... ” талаар шинжээч Ч.Б мэдүүлсэн байх ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалж үзвэл энэ хэрэгт шүүгдэгч Т.Цийг гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, түүнийг хүнийг алах гэмт хэргийг хойд эцгийнхээ эсрэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, амь хохирогчийг олон удаа хутгалж шарх үүсгэн онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж

тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэдийгээр прокурор яллах дүгнэлтийнхээ хавсралтын 5-д “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ... саарал өнгийн юүдэнтэй цамц ... зэргийг хэргийн хамт Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв” гэсэн атлаа уг цамцыг шүүхэд шилжүүлээгүй зөрчил гаргасан байх боловч дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн “... хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно уу...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнд дүгнэв.

 

Мөрдөгч, прокурор нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг шүүхэд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн байгааг цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

 

                                      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                   С.УРАНЧИМЭГ