Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 310/ШШ2025/00500

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт байрлах, ******* аймгийн *******ын газар /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* баг, *******ы ******* гудамжны тоотод оршин суух, ******* овогт /РД: /-ид холбогдох 6356001 төгрөг гаргуулах тухай, индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг гэж тодорхойлсон байна. Эндээс үзэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгө болон иргэд, хуулийн этгээдийн төлсөн шимтгэлийн орлогоос бүрддэг нийтийн сан юм. П. нь 2022 оны 03 сарын 09-ний өдөр ******* аймгийн Говь-Угтаал сумын 1-р багийн нутаг дэвсгэрт УАЗ-220695 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа бут мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргийг ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 06 сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 2022/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор П.ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Хохирогч нь энэ хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа 6356001 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, тус тус зааснаар прокурорт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр эрүүгийн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаас үүдэн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан мөнгийг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

Хариуцагч П. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...П. миний бие ******* аймгийн *******ын газраас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 6356001 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр 3356001 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 3000000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...хариуцагч П.оос гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газар нь хариуцагч П.оос 6356001 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П. нь нэхэмжлэлийн шаардлага болох 6356001 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр 3356001 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 3000000 төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* аймгийн *******ын газрын нэхэмжилсэн 6356001 /зургаан сая гурван зуун тавин зургаан мянга нэг/ төгрөгийг хариуцагч ******* овогт /РД: / нь 2025 оны 10 сарын 30-ны өдөр 3356001 /гурван сая гурван зуун тавин зургаан мянга нэг/ төгрөгөөр, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 3000000 /гурван сая/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ