| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2018/0063/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2018-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 67
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд хаалттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.О-ын холбогдох эрүүгийн 1804000720068 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Хохирогч П.Г-
Шүүгдэгч Л.О- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19 оны .. дүгээр сарын 26-ны өдөр .. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, .., ам бүл .. хамтран амьдрагч П.Г-ийн хамт .. дүгээр хороо, .. дугаар гудамжны ..тоот хашаанд оршин суух Т- овгийн Л-ын О-
Прокурорын яллах дүгнэлтэд:
Шүүгдэгч Л.О- 2018 оны 3 дугаар сарын 26-27 шилжих шөнө 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Г-ийг нүүрэн тус газарт өшиглөлөө гэж уурлан улмаар түүний нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.О-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед хамт ажиллаж байсан найз Г-тын гэрт очиж түүнтэй хамт 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. 23 цаг өнгөрч байхад Г- бид хоёр уран бүтээлийн талаар ярилцаж байгаад цагаан маргаан гаргасан. Гэтэл Г- согтчихоод олон зүйл яриад байна гээд намайг дагуулж гараад гэртээ ирсэн. Г- бид хоёрыг гэртээ ирэхэд 00 цаг өнгөрч байсан, би гэрт байсан тал шил архийг ууна гэтэл Г- уурлаад надад өгөөгүй. Тэгээд би орон дээр гараад хувцастайгаа унтчихсан байсан. Гэтэл гэнэт миний нүүр рүү цохих шиг болохоор нь сэрээд хартал Г- гадуур хувцасаа тайл, ор дэрээ засаад унт гээд загнаж байсан. Мөн Г- надад уулгахгүй гээд байсан тал шил архийг уучихсан согтуу байсан, би Г-ийг намайг өшиглөлөө гэж уурлан зангидсан гараараа түүний нүүр рүү нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч П.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 26-ны орой 17 цаг өнгөрч байхад нөхөр рүүгээ залгахад Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 8 дугаар байранд найз Г-тын гэрт байна гэж хэлсэн. Намайг Г-тын гэрт яваад очиход манай нөхөр Г-т хоёр архи ууж байсан ба оройн 23 цаг өнгөртөл юм ярьж суусан. Тэгээд Г-тынхоос гараад такси барьж Багануур дүүргийн 1 дүгээр хороо ........... байх гэртээ ирсэн. Гэтэл манай нөхөр гэрт байсан тал шил архинаас ууна гэсээр байгаад нэг аягыг уугаад дахиж ууж чадахгүй байсан. Тэгэхээр нь чи архи ууж байгаа бол би ч гэсэн ууж чадна гэж хэлээд үлдсэн архийг нь ганцаараа уучихсан юм. Тэгээд шөнийн 01 цагийн үед О- орон дээр гадуур хувцастайгаа унтаад байхаар нь түүний толгой руу өшиглөж сэрээгээд ороо засаад, хувцасаа тайлаад унт гэхэд О- над руу уурлан зангидсан гараараа миний нүүр рүү нэг удаа цохисон юм. Удалгүй цагдаагийн байгууллагаас над руу залгаад дуудлага өгсөн үү хаягаа хэлээрэй гэж хэлэхэд нь би гэрийнхээ хаягыг зааж өгсөн. Цагдаа над руу залгасан учир нь бид хоёр Г-тын гэрээс гарч байхад манай нөхөр согтуурхаад над руу агсараад байхаар нь би цагдаад дуудлага өгчихсөн байсан юм. Тэгээд тэр дуудлагын дагуу шөнө над руу залгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/ гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5 дугаар хуудас/,
Гэрч Ц.Г-тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед 2 шил архи авч гэртээ ирээд найз О-ын хамт ууж байтал О-ын эхнэр Г- манайд хүрч ирсэн. Би нилээн согтуу байсан болохоор цаг хугацаа болон зарим зүйлсийг сайн санахгүй байна. Ямартай ч манайд байхдаа тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Ямар учраас маргалдсаныг нь санахгүй байна, манайд байхдаа зодолдсон асуудал гараагүй, гэртээ очсон хойноо зодолдсон юм шиг байна лээ. О- бид хоёрын хувьд сайн найзууд бөгөөд түүний эхнэр Г-ийг ч гэсэн сайн мэднэ. О-ын хувьд олон төрлийн хөгжим тоглодог, урлагт сэтгэлтэй, даруу зантай, хүнд тусархуу сайн залуу байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 8 дугаар байрны орцонд манай нөхөр намайг зодоод байна...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/
Аюулын зэргийн “… Бага…” гэсэн үнэлгээ /хх-ийн 52-53 дугаар хуудас/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /60-75 дугаар хуудас/
Л.О-ын ярилцлагын:”...2018 оны 3 дугаар сарын сүүлээр ажлынхаа хүнийд архи уугаад гэртээ ирээд гадуур хувцастайгаа унтаад өгсөн байсан. Тэгээд манай эхнэр ор дээрээ засаад, хувцасаа тайлаад унт гээд намайг сэрээх гэхэд нь би сэрэхгүй байсан болохоор намайг өшиглөсөн. Би сэрээд намайг өшиглөлөө гэж уурлаад эхнэрийнхээ нүүр рүү цохисон....” гэсэн тэмдэглэл /хх-ийн 56 дугаар хуудас/
П.Г-ийн ярилцлагын:”...2018 оны 3 дугаар сарын сүүл үед манай нөхөр оройн 20 цагийн үед над руу залгаад айлд архи уучихсан байна намайг ирээд авчих гэхээр нь очиж авсан. Тэгээд гэртээ ирээд нэмж архи ууна гээд байхаар нь хамт тал шил архи хувааж уусан. Манай нөхөр хувцастайгаа унтаад байхаар нь түүнийг сэрээх гээд өшиглөсөн чинь намайг бөгжтэй гараараа цохисон...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 58 дугаар хуудас/
Согтуурал шалгасан тухай:”...2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шөнийн 01 цаг 47 минутад Л-а овогтой О-ын согтуурлыг шалгахад 0.172 хувийн согтолттой байсныг гэрэл зургаар бэхжүүлж, тэмдэглэл үйлдэв..” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/
Шүүгдэгч Л.О-ын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:
Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгүүдийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүгдэгч Л.О- нь 2018 оны 3 дугаар сарын 26-27 шилжих шөнө 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн ................тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Г-ийн нүүрэн тус газарт нь цохиж тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, духны дунд хэсэгт 3х0.2см зулгаралт гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн “...би Г-ийг намайг өшиглөлөө гэж уурлан зангидсан гараараа түүний нүүр рүү нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…О- над руу уурлан зангидсан гараараа миний нүүр рүү нэг удаа цохисон…” гэсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээч эмчийн 09шэ/158 дугаартай дүгнэлт зэрэг дээрхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Л.О-ын үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчийг цохиж зодсон үйлдлээр нь тогтоогджээ.
Шүүгдэгч Л.О- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1. “…хамтран амьдрагч...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч Л.О-, хохирогч П.Г- нар хамтран амьдардаг болох нь нотлогдож байгаа тул Л.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субьект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд Л.О-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч П.Г- нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул Л.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Прокуророос яллагдагч Л.О-т 600.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг гаргасан нь прокурорын бичгээр гаргасан санал /хх-ийн 82 дугаар хуудас/, шүүгдэгч дээрхи ялыг хүлээн зөвшөөрсөн нь уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.О- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, дүгнэлт хийж байгаа, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч учруулсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Л.О-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи прокурорын саналын хүрээнд түүнд зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган /600.000/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр байна.
Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан болохыг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ