Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/728

 

 

 

 

 

    2024            06             25                                       2024/ДШМ/728                                                         

Т.А д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Б  даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Ариунцэцэг /цахимаар/,

шүүгдэгч Т.А  /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Отгонбаатар даргалж хийсэн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/492 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.А , түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.А д холбогдох эрүүгийн2306 00000 2869 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Т.А  нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “М ” гэх онлайн-шоп фейсбүүк цахим хаягт “тавилгын захиалга авна” гэж зар байршуулан итгүүлэн цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Г.П аас 1,154,100 төгрөг,

2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч А.Б аас 1,016,000 төгрөг,

2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Г.А аас 814,000 төгрөг,

2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Х.У ас 1,740,100 төгрөг,

2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Б.О оос 965,000 төгрөг,

2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Б.Ц оос 145,000 төгрөг,

2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Г.М аас 651,000 төгрөг,

 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Ж.А аас 248,000 төгрөг,

2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч С.Т гаас 499,000 төгрөг,  

2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хохирогч С.М-ас 665,000 төгрөг,

2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Ц.А оос 2,102,000 төгрөг,

2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Б.Д аас 339.000 төгрөг,

2022 оны 09 дүгээр сарын 02, 11 дүгээр сарын 26-ны өдрүүдэд хохирогч Б.Э ээс 2 удаагийн үйлдлээр 1,927,000 төгрөг,

2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хохирогч П.Б ээс 376,000 төгрөг,

2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Б.Б гаас 130,000 төгрөг,

2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хохирогч П.С аас 1,156,000 төгрөг,

2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Б.Д ээс 4 удаагийн үйлдлээр 2,565,000 төгрөг,

2022 оны 03 дугаар сарын 24, 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд хохирогч Э.А аас 2 удаагийн үйлдлээр 3,286,000 төгрөг,

2022 оны 02-р сарын 25-ны өдөр хохирогч Б.Д аас 1,852,000 төгрөг,

2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б.А  ээс 446,000 төгрөг,

2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Ш.У аас 1,190,000 төгрөг,

2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ц.А  ээс 600,000 төгрөг,

2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Д.А гаас 1,955,000 төгрөг,

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Л.С ос 2,225,000 төгрөг,

2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Д.М аас 350,000 төгрөг,

2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Э.У гоос 1,672,000 төгрөг,

2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Ө.Т гээс 345,000 төгрөг,

2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирогч С.Д гээс 2,180,000 төгрөг,

2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд хохирогч П.М аас 8 удаагийн үйлдлээр 10,098,000 төгрөг,

2022 оны 12 дугаар сарын 19, 21-ний өдрүүдэд хохирогч Г.Б аас 2 удаагийн үйлдлээр 794,000 төгрөг,            

2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Ц.Т ас 897,000 төгрөг,

2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хохирогч С.Д гаас 794,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ****  тоот дансаараа үргэлжилсэн 32 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч, бусдад нийт 45,176,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокуророос: Шүүгдэгч Т.А-н  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  шүүгдэгч Т.А-г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан /6/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.П т 1,154,000 төгрөг, Х.У д 1,740,100 төгрөг, Б.О д 965,000 төгрөг, Ц.А т 1,415,000 төгрөг, П.С ад 856,000 төгрөг, Б.Д д 2,024,000 төгрөг, Э.А д 2,436,000 төгрөг, Б.А  т 446,000 төгрөг, Ш.У ад 1,190,000 төгрөг, Д.А д 1,955,000 төгрөг, Л.С д 2,225,000 төгрөг, Э.У д 1,500,000 төгрөг, Ө.Т д 345,000 төгрөг, С.Д д 2,180,000 төгрөг, П.М т 8,363,000 төгрөг, Г.Б д 794,000 төгрөг, Ц.Т т 897,000 төгрөг, С.Д д 794,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Т.А-с  гаргуулан эдгээр хохирогч нарт олгож, Гэр бүлийн тухай хуулийн 66, 67 дугаар зүйлийг баримтлан шүүгдэгч Т.А-н  төрсөн хүүхэд болох 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Т.Э , 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн Т.Г  нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.А  нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.А  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гэм буруугийн талаар огт маргахгүй, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж, учруулсан гэм хороо арилгаж, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Энд байх хугацаандаа хүнд  эрх чөлөө, үнэн зөв өөрийн хөдөлмөрөөр амьдрах ямар чухал үнэ цэнтэйг ой ухаан, бие махбодоороо ойлгон ухаарч байна. Цаашид өөрийн гэм буруугаа ухамсарлан зөв шударгаар элдэв хэрэг төвөг, мөн зөрчилд орохгүй иргэний эрх, үүргээ ухамсарлан хичээж амьдрах болно. Миний гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн байдал, мөн үлдсэн төлбөрөө төлөхөө илэрхийлж байгааг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.А-н  өмгөөлөгч Ц.Баасандорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.А  нь онлайн шоп цахим хаягаар тавилгын захиалга авч Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тавилга оруулж ирж бусдад зарж борлуулж байсан ба 2021 оноос Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн нийтээрээ хөл хорио тавьж хил хаагдаж түүний бизнес түр зогссон учир тэрээр бусдаас авсан захиалгын мөнгийг төлж барагдуулж чадахгүйгээс болж анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг ойлгон бусдад учруулсан хохирлоо бага багаар төлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Т.А  нь ам бүл 4, эцэг Т , охин Т.Г , хүү Т.Э  нарын хамтаар Хаягт  түр оршин суудаг. Т.А  нь үйлдсэн гэмт хэрэгтэй маш ихээр гэмшиж гэм буруугийн талаар маргадаггүй, хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулж байгаа ба анхан шатны шүүхийн шийдвэрээс гарсан бусдад учруулсан нийт 30.314.200 төгрөгөөс өнөөдрийн байдлаар 20.683.864 төгрөгийг төлж барагдуулаад байгаа ба цаашид ч хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулахаар байгаа. Иймд Т.А-н  хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны 2 хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор М.Ариунцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Т.А-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, түүнд хорих ял оногдуулсан. Үүнээс нэр бүхий хохирогч нарт 27,000,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд “нэр бүхий 4 хохирогчоос бусад хохирогч нарт 22,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн” гэж хохирлын баримт гаргаж өгч байна. Анхан шатны шүүх түүнийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг шийдвэрлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна. Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч  Т.А  болон түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Т.А  нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “М ” гэх онлайн-шоп фейсбүүк цахим хаягт “тавилгын захиалга авна” гэж зар байршуулан итгүүлэн цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхий 32 хохирогч нарт нийт 45.176.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Т.А-н  эзэмшлийн Хаан банкин дахь ****  тоот дансны хуулга, уг данс руу хохирогч нарын бараа захиалга гэж төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулганууд,

хохирогч Г.П ын “...цагаан өнгийн буйдан 1,154,100 төгрөгөөр захиалж А  гэх хүний Хаан банкны ****  тоот дугаартай данс руу шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлсэн өдрөөс хойш зөндөө удаа 99131621 дугаар руу залгаж асуух болгонд за одоо шилжүүллээ гээд одоог болтол миний мөнгийг өгөхгүй байна...” гэх /1хх 7-10/,

хохирогч А.Б ын “...камен зуух тумбо захиалахаар холбогдож А  гэх эмэгтэйн Хаан банкны ****  гэх данс руу 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр эхлээд 733,000 төгрөг шилжүүлээд дараа нь  19 цаг46 минутын үед 283,000 төгрөг шилжүүлж захиалга өгсөн. ...өнөөдрийг болтол захиалсан бараагаа авч чадахгүй мөнгөө ч авч чадахгүй байгаа...” гэх /1хх 28-29/,

хохирогч Г.А ын “...би ширээ сандал авахаар ****  гэсэн хаан банкны А  гэсэн хүний нэртэй дансанд 814,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх /1хх 53-54/,

хохирогч Х.У-н  "... буйдан, гэрэл, маникюрын хэрэгслүүд захиалж Хаан банкны ****  тоот данс руу 1,740,100 төгрөг шилжүүлсэн боловч бараг нэг жилийн хугацаа өнгөрсөн ч захиалсан бараа ирээгүй мөнгөө ч буцааж авч чадаагүй байна...” гэх /1хх 80-81/,

хохирогч Б.О ы "...****  тоот данс руу 965,000 төгрөг шилжүүлсэн боловч бараагаа ч өгөхгүй мөнгөө ч өгөхгүй одоог хүрсэн...” гэх /1хх 107-108/,

хохирогч Б.Ц ын “...Т  А  гэх хүнтэй холбогдоод хүүхдийн ширээ захиалъя гэхэд тухайн 14 хоногийн дотор ирнэ гэж хэлэхээр нь би өөрийн голомт банкны ****  гэсэн данснаас Т  А  гэсэн ****  гэсэн данс руу 145,000 төгрөг шилжүүлсэн...” гэх 1хх 130-131/,

хохирогч Г.М ын “...тагтны сандал, ширээ, ханын зураг, аяга, үүдний сандал захиалж ****  тоот данс руу 651,000 төгрөг шилжүүлсэн боловч бараагаа ч өгөхгүй
мөнгөө ч өгөхгүй одоог хүрсэн...” гэх /1хх 156-157/,

хохирогч Ж.А ын “...Хаан банкны ****  тоот Т  А  нэртэй данс руу 248,000 төгрөг шилжүүлсэн боловч бараг нэг жилийн хугацаа өнгөрсөн ч захиалсан бараа ч ирээгүй мөнгөө ч буцааж авч адаагүй байна...” гэх /1хх 183-184/,

хохирогч С.Т гийн "...бараа захиалахаар 2021 оны 09 дүгээр сарын 28-ны
өдөр 76,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 325,000 төгрөг, 2022 оны
03 дугаар 01-ний өдөр 98,000 төгрөгийг Хаан банкны ****  тоот А  гэсэн
эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн боловч одоог хүртэл миний захиалсан
бараануудаас нэгэн ч ирээгүй...” гэх /1хх 209-211/,

хохирогч С.М гийн “ ...Т  А  гэх нэртэй данс руу 665,000 төгрөг шилжүүлсэн боловч бараг нэг жилийн хугацаа өнгөрсөн ч захиалсан бараа ч ирээгүй мөнгөө ч буцааж авч чадаагүй байна...” гэх /2хх 5-7/,

хохирогч Ц.А ын “...Буйдан ширээ 2 захиалахаар болж А  гэж хүний хаан банкны ****  тоот данс руу 2,102,000 төгрөгийг шилжүүлсэн тэгээд захиалсан бараагаа аваагүй мөнгөө ч авч чадаагүй байна...” гэх /2хх 32-33/,

хохирогч Б.Д ын “...2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр чат бичээд гэрлийн бүрхүүл 4 ширхэг захиалъя гээд тухайн үед нөхөр П ын ****  гэсэн Хас банкны данснаас Т.А  гэсэн ****  Хаан банкны данс руу 339,000 төгрөг шилжүүлсэн Б.Д  гэж бичээд шилжүүлсэн...” гэх /2хх 63-64/,

хохирогч Б.Э ийн “...онлайнаар буйдан, хөшиг, чүүл захиалах гээд Хаан банкны ****  тоот Т  овогтой А  гэх нэртэй данс руу нийт 3 удаагийн гүйлгээгээр 1,927,000 төгрөг шилжүүлж одоо 4,608,000 төгрөгийн бараа өгөлгүй залилуулсан...” гэх /2хх 99-100/,

хохирогч П.Б ийн “...Тухайн зарын дагуу чатаар холбогдож тухайн хүний өгсөн 99131621 гэсэн дугаараар холбогдоод 2,654,000 төгрөгөөр бараа захиалсан. Захиалсан бараа 3 сар орчмын дараа ирнэ гэж хэлсэн. Тэгээд тухайн бараагаа өгөхгүй байсаар байгаад одоог хүрсэн...” гэх /2хх 121-122/,

хохирогч Б.Б гийн “...үүдний сандал захиалахаар болж пейж хуудастай холбогдож, онлайн шоп-ийн өгсөн ****  тоот данс руу 130,000 төгрөг шилжүүлсэн боловч бараагаа өгөхгүй, мөнгөө ч өгөхгүй одоог хүрсэн...” гэх /2хх 145-146/,

хохирогч П.С ын “...ор захиалахаар тохиролцож, Хаан банкны ****  тоот Т ын А-н  дансанд 1,156,000 төгрөг шилжүүлсэн боловч бараа ирэхгүй болохоор мөнгөө авъя гэхэд одоо шилжүүллээ гээд алга болдог, мөнгөө нэхэж байгаа 300,000 төгрөгийг авсан, одоо үлдэгдэл 856.000 төгрөг дутуу байгаа ...” гэх /2хх 174-177/,

хохирогч Б.Д ийн “...ор, абжур, сандлын төмөр хөл зэргийг захиалж хаан банкны ****  тоот дугаартай данс руу нийт 4 удаагийн гүйлгээгээр өөрийнхөө Хаан банкны ****  тоот Д  гэх данснаас 2,565,000 төгрөг шилжүүлснээс ...2,024,000 төгрөгийн бараагаа аваагүй... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гарсан хэдий ч хохирлыг маань одоог болтол барагдуулж өгөөгүй...” гэх /2хх 203-206, 7хх 172/,

хохирогч Э.А ын "...2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 3 шкаф захиалж өөрийн “Хас" банкны ****  тоот “Эрдэнээ А ” гэсэн данснаас ****  тоот Т  овогтой А  гэх нэртэй данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр каргоны төлбөр гэж 286,000 төгрөг мөн адил өөрийнхөө “Хас” банкны ****  тоот “Эрдэнээ А " гэсэн данснаас ****  тоот Т  овогтой А  гэх нэртэй данс руу шилжүүлсэн. Нийт 2 удаагийн гүйлгээгээр 3,286,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 850,000 төгрөгийн үнэтэй шкафаа хүлээж авсан. Одоо 2,436,000 төгрөгийн бараа өгөлгүй залилуулсан...” гэх /2хх 237-238/,

хохирогч Б.Д ын “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр буйдан, сандал захиалж нөхрийнхөө Хаан банкны ****  тоот Төмөрбаатар овогтой Мэндбат гэсэн данснаас ****  тоот Т  овогтой А  гэх нэртэй данс руу 1,852,000 төгрөг шилжүүлсэн. ...2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр надад буцааж 500,000 төгрөг шилжүүлсэн. ...буцаалт гэж буюу би өөрөө больё гэж хэлээд мөнгөө авъя гэсэн юм. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр над руу 400,000 төгрөг шилжүүлсэн тэрнээс хойш ямар нэгэн мөнгө бараа өгөөгүй. Худлаа юм яриад байдаг. ... одоо 495,000 төгрөгийн бараа өгөлгүй залилуулсан...” гэх /3хх 13-14/,

хохирогч Б.А  ийн “...2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэрлийн хос абжур захиалж нөхрийнхөө Голомт банкны 1105116345 тоот Г гэсэн данснаас ****  тоот Т  овогтой А  гэх нэртэй данс руу 446,000
төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш ямар нэгэн мөнгө бараа өгөөгүй. Худлаа юм
яриад байдаг...” гэх /3хх 37-40/,

хохирогч Ш.У ын “ ... А  гэх эмэгтэй холбогдож унтлагын ор захиалахаар тохиролцож ****  дугаартай данс руу 1,190,000 төгрөг шилжүүлж ор захиалсан боловч ороо авч чадаагүй мөнгөө ч буцааж авч чадахгүй байна...” гэх /3хх 59-60/,

хохирогч Ц.А  ийн “...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хивс захиалж өөрийнхөө Хаан банкны ****  тоот Цолмон овогтой А   гэсэн данснаас ****  тоот Т  овогтой А  гэх нэртэй данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн...” гэх /3хх 85-86/,

хохирогч Д.А гийн “...7 метрийн урттай чимэглэлтэй гадна гацуур захиалсан.Тухайн барааны үнэ нь 1,955,000 төгрөг болсон. Тэгээд би тухайн онлайн шопын өгсөн ****  тоот данс руу 1,955,000 төгрөг шилжүүлсэн боловч бараагаа ч өгөхгүй мөнгөө ч өгөхгүй одоог хүрсэн...” гэх /3хх 105-106/,

хохирогч Л.С-н  “...буйдан болон кресло захиалах гээд тухайн фейсбүүк хуудас руу зурвас бичсэн. ...Хаан банкны ****  тоот данс руу 2,225,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд над руу 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хятадаас наашаа гарах гэж байна гээд буйдангийн зураг явуулсан. Үүнээс хойш наашаа гарах гэсэн машины ачаа дүүрэхгүй байна, амжихгүй байна гэх мэтээр шалтгаан хэлсээр өдийг хүрсэн...” гэх /3хх 202-204/,

хохирогч Д.М ын “...гэртээ 2 ширхэг обжур нийт 496,000 төгрөг болно гэснийг нь би эхлээд 350,000 төгрөгийг нь хийж байя гээд захиалга ирэхээр нь үлдсэн мөнгийг нь хийе гэж тохироод мөнгөө ****  Т ын А  гэгчийн данс руу шилжүүлсэн юм. Түүнээс хойш захиалгаа авъя гэхээр ирээгүй, мөнгөө авъя гэхээр одоо хийлээ гэсээр өдийг хүрч байгаа...” гэх /3хх 250, 4хх 1-5/,

хохирогч Э.У гийн “...фейсбүүкээс М  нэртэй гэр ахуйн барааны онлайн шопоос 1,200,000 төгрөгийн нэг ширхэг ор, 198,000 төгрөгийн толь, 234,000 төгрөгийн ширээ, өмнө нь бас мөн 40,000 төгрөгийн үлдэгдэл гэрлийн мөнгө нийт 1,672,000 төгрөгийн үнэ бүхий барааг захиалсан. Захиалахдаа өөрийн Хаан банкны ****  дугаартай данснаас ****  гэсэн А  гэсэн эмэгтэй хүний данс руу шилжүүлсэн. Надад барааг 21 хоногийн хугацаанд ирнэ гэж хэлсэн харин одоог хүртэл надад захиалсан барааг өгөөгүй байна...” гэх /5хх 189-190/,

хохирогч Ө.Т гийн "... онлайн худалдаагаар Хятадаас 1 ширхэг кофены ширээ, 1 ширхэг гадаа тавьдаг сеткэн ширээ сандал захиалж ****  тоот дансанд шилжүүлсэн. Миний захиалгын бараа 21-26 хоногт ирнэ гэсэн боловч одоог хүртэл захиалгын бараагаа аваагүй байна. Захилгаа цуцлаад мөнгөө эргүүлж авъя гэсэн боловч тодорхой хариу байхгүй өнөөдөр шилжүүлнэ гэх байдлаар удаа дараа худлаа хэлж алга болсон...” гэх /5хх 210-211/,

хохирогч С.Д гийн “...фейсбүүк группийн админ Т.А  гэх эмэгтэй хүнтэй фейсбүүк чатаар холбогдож бараа урдаас захиалж оруулж ирж байгаа гэх мэдээллийг групп дээрээс нь авч буйдангийн зураг явуулаад 2,180,000 төгрөгийн үнэтэй 235 см урттай цагаан буйдан, крислон сандал захиалж нийт төлбөр болох 2,180,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Төрийн банкны ****  дугаарын данснаас Хаан банкны ****  дугаарын Т  А  гэх дугаарын данс руу шилжүүлсэн. Бараа тухайн үедээ 2 сарын хугацаанд ирэхээр байсан боловч одоог хүртэл захиалсан бараа ирээгүй бол болих талаар 2022 оны 12 дугаар сард хэлэхэд ирсэн байсан карго нь хариуцах байсан хүмүүс нь хулгайд алдсан байна таны барааг дахиад захиалаад өгье он гараад цагаан сарын баяраас өмнө ирэх талаар хэлсэн...” гэх /5хх 249-250/,

хохирогч П.М ын “...2022 оны 10 дугаар сард шинэ байранд орохоор болсон тул 09 дүгээр сард нь урьдчилаад тавилга, гэр ахуйн хэрэгслээ захиалахаар өмнө нь 3 удаа тавилга хэрэгсэл авч байсан онлайн дэлгүүр ажиллуулдаг А  гэх хүнээс авахаар фейсбүүкийн мессенжер чатаар холбогдон авах зүйлсээ захиалаад, харилцан тохиролцоод 2022 оны 09 дүгээр сарын 22-нд 1,528,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-нд 296,700 төгрөг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1,791,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1,036,000, 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 990,000, 330,000 төгрөгийг 2 удаа, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 782,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 746,000 төгрөгийг нийт 8 удаагийн гүйлгээг Т  А  эзэмшигчтэй ****  дугаарын Хаан банкны дансанд шилжүүлсэн өгсөн. Одоогийн байдгаар 7 гэрлийн бүрхүүл захиалснаас 4 ширхэг гэрлийн бүрхүүл өгсөн. 3 толь захиалснаас 2-ыг нь өгсөн боловч захиалснаас өөр байсан. Би эдгээр өгсөн зүйлсийг хэдэн төгрөгөөр тооцож өгснийг мэдэхгүй байна. Анх захиалснаас хямд зүйлсийг өгсөн гэж бодож байна... Одоо надад 8.363,000 төгрөгийн үлдэгдэл байна уг мөнгийг гаргуулж авмаар байна...” гэх /6хх 37-42, 7хх 170/,

хохирогч Г.Б ы “...том өрөөний абжур 389,000 төгрөгөөр, гоо сайхны ширээ 405,000 төгрөгөөр захиалсан ба 2023 оны 02 дугаар сарын эхээр бараа ирж байгаа юу гэж асуухад ирж байгаа гэж хэлсэн. Асуух болгонд хоног хугацааг хойшлуулсаар байсан. Бараа ирчихсэн байгаа хүргэлтээр хүргээд өгөх үү гээд байсан. Тухайн хүний Хаан банкны ****  гэх дансанд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 389,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 21-ний 405,000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээрээ захиалж байгаа барааны нэр утасны дугаарыг бичсэн. Тухайн мөнгийг би өөрийн Хаан банкны 5845364835 гэсэн данснаас явуулсан. Миний захиалсан бараа бүгд монголд орж ирсэн гэж хэлсэн...” гэх /7хх 102/,

хохирогч Ц.Т ийн “...”булангийн стенк” авах гэсэн талаараа илэрхийлээд чатлаад өөрийн Голомт банкны **** данснаасаа А  гэх хүний ****  гэх дугаарт данс руу 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 897,000 төгрөг шилжүүлсэн...” гэх /7хх 238, 8хх 82-83/,

хохирогч С.Д гийн "...онлайн дэлгүүрээс ширээ сандал захиалаад ****  тоот данс руу 794,000 төгрөг шилжүүлсэн надад сарын дотор ирнэ гэсэн ирээгүй сарын дотор ирээгүй учир би А  руу чатаар холбогдож асуусан. ...би 4 сар хүртэл хүлээсэн чатаар асуугаад сүүлдээ би 2023 оны 04 дүгээр сард төлбөрөө 100 хувь буцаан авахаар болсон гэвч мөнгө хийгээгүй байнга удахгүй өгнө дараа өгнө гэх мэт зүйлс бичдэг...” гэх /8хх 82-83/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.А-г  амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн хэрэгцээ шаардлагаа хангахын тулд фейсбүүк цахим хаяг нээж, онлайнаар бараа захиалж нийлүүлнэ гэсэн зар байршуулан бодит байдлыг нуун бусдыг төөрөгдөлд оруулан зарын дагуу холбогдсон иргэдээс бараа захиалсан, бараа ирсэн, ирж байгаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

 Шүүгдэгч Т.А-н  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл болох хорих ялыг 6 сарын хугацаагаар оногдуулсан нь хуульд нийцсэн, Т.А-н  гэм бурууд тохирсон ял оногдуулсан гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.А  “...миний учруулсан хохирол төлбөрөө төлсөн байдал, мөн үлдсэн төлбөрөө төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал маань харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нь “...үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа болон хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулж байгаа, цаашид төлж барагдуулахаа илэрхийлсэн нөхцөл байдал, мөн бага насны 2 хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасан ба хохирол төлбөр төлсөнтэй холбоотой баримтууд 27 хуудас, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт 1 хуудас, “Энэрэнгүй үйлс” өрхийн эмнэлгийн тодорхойлолт 1 хуудас, Тэмүүлэн овогтой Г , Тэмүүлэн овогтой Э  нарын төрсний гэрчилгээний хуулбар 2 хуудас, нийт 31 хуудас баримтуудыг хавсарган өгчээ. 

Ялын зорилго нь тухайн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх зорилготой бөгөөд ял шийтгэл оногдуулахдаа тухайн хүний хүсэл сонирхолд нийцүүлэх шаардлагагүй тул Т.А д дээрх зорилгыг хангасан ял шийтгэлийг оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Т.А-н  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “М ” гэх онлайн-шоп фейсбүүк цахим хаягт “тавилгын захиалга авна” гэж зар байршуулан итгүүлэн цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхий 32 хохирогч нарт нийт 45.176.200 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

Иймд шүүгдэгч Т.А  болон түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Т.А  нь хохирогч Л.С д 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2.250.000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Б.А  т 446.000 төгрөг, П.С ад 856.000 төгрөг, Ц.Т т 897.000 төгрөг, Г.Б д 794.000 төгрөг, Б.О д 965.000 төгрөг, Г.П т 1.154.000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ц.А т 1.415.000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Х.У д 1.740.100 төгрөг, Ө.Т д 345.000 төгрөг, П.М т 8.363.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Д.А д 500.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Э.А д 500.000 төгрөг, Б.Д д 500.000 төгрөг, С.Д д 500.000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Э.У д 1.583.764 төгрөг буюу нийт 22.808.864 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх ба гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрт нийт 8,579,000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдөөгүй болохыг магадлалд дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.А  нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/492 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 54 /тавин дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/492 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.А , түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Т.А-г  2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Т.А  нь хохирогч Л.С , Б.А  , П.С , Ц.Т ,  Г.Б , Б.О , Г.П , Ц.А , Х.У , Ө.Т , П.М , Д.А , Э.А , Б.Д , С.Д , Э.У  нарт нийт 22.808.864 төгрөгийг хохирол төлбөр төлөгдсөн болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.БОЛОРТУЯА

 

 

                      ШҮҮГЧ                                           Д.МӨНХӨӨ

 

 

                      ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ