Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 211/МА2022/00008

 

 

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 211/МА2022/00008

 

 

 

П.Банзрагчийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2022/00017 дугаар шийдвэртэй

П.Банзрагчийн нэхэмжлэлтэй

Д.Өсөхбаярт холбогдох

газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

нэхэмжлэгч П.Банзрагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Банзрагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагч Д.Өсөхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Банзрагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Банзрагч нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/12 тоот захирамжаар Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Халуун-Ус гэх газарт 10.000 мкв газар эзэмших албан ёсны зөвшөөрөл авч эзэмшиж байгаа юм. Гэтэл Д.Өсөхбаяр гэгч нь миний эзэмшил хашаанд дур мэдэн гэрүүд барьж, мөн хашаа хашиж, одоо бүр модон шовгорууд барьж байна. Энэ талаар сумын цагдаагийн газарт олон удаа хэлсэн боловч арга хэмжээ аваагүй. Би энэ хугацаанд газрынхаа төлбөрийг бүрэн төлж ирсэн боловч захирамжаар олгогдсон газраа бүрэн ашиглаж чадахгүй байна. Иймд энэ байдлыг минь харгалзан үзэж газар албадан чөлөөлөх тухай шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч П.Банзрагч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. Өөр ярих юм байхгүй. гэжээ.

Хариуцагч Д.Өсөхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч П.Банзрагчийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь миний олон жил амьдарсан хаваржаа, зуслангийн газрыг хүч түрэн өөрийн газрыг сунгаж хашаалах гэж байгаа нь хууль бус байна. П.Банзрагчийн газар нь 2017 онд аймгийн Засаг даргад өгсөн хүсэлтийн дагуу гарсан ажлын 5 байгууллагын дүгнэлтээр хууль бус гэж тогтоогдсон. Дүгнэлтийн дагуу цуцалсан. Тус захирамжийг цуцалж хүчингүй болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. гэжээ.

Хариуцагч Д.Өсөхбаяр анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хашааг би буулгаагүй. Хавар ирэх болгонд хашаа нь нураад унасан байдаг. Жил болгон П.Банзрагч ирээд хашаа хаддаг асуудал байгаа. Харин хашаа буулгасан гэж үзэж байгаа бол гэрчээ асуулгах хэрэгтэй. Би хариуцлага хүлээхэд бэлэн байна гэдгээ хэлье. Би тухайн газар насаараа амьдарч байгаа. 2-3 гэр барьж амьдардаг. Би хүнд хөөгдөж туулгалгүй нутагтаа амьдармаар байна. гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2022/00017 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Лимбэчин овогт Пүрэвсүрэнгийн Банзрагчийн хариуцагч Боржигон овогт Дашламданы Өсөхбаярт холбогдуулан гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тушаасан улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд , , 뺺, 㺺 шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Банзрагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00017 дугаартай шийдвэрийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гардан аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй.

Иргэн П.Банзрагч би Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар захирамжаар 25х25 харьцаатай газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд 2011 оны тухайн үеийн сумын Засаг даргын захирамжаар 10.000 мкв газрыг эзэмших эрхтэй болж, 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуудлага худалдаанд орж ялагчаар тодорч, газрын төлбөрт 1.500.000 төгрөг тушаасан болно. Мөн түүнээс хойш /2011 оноос/ газрын төлбөрөө өөрийн хууль ёсны дагуу эзэмшсэн 10.000 мкв талбайгаар 2021 оныг дуустал жил бүр саадгүй төлж барагдуулсан. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ /дугаар 00050687/ болон газар эзэмших эрхийн гэрээгээ 10.000 мкв талбайгаар бичүүлж авсан байгаа.

Гэтэл анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, мөн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулалгүйгээр шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Учир нь хэрэгт авагдсан баримтаар бол Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар, мөн 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаар гэсэн 2 өөр бүхий захирамж байсаар байтал дан ганц нэг шийдвэр гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00017 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлттэй байна. гэжээ.

Нэхэмжлэгч П.Банзрагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 онд төлбөрөө хийж дуудлага худалдаагаар газраа авсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг хянаж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай захирамж, мөн А/12 дугаартай 2 өөр захирамж байхад 1 шийдвэр гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Яагаад үндэслэлгүй гэж үзэж байна вэ гэхээр 2008 онд зохих хэмжээний газар авсан талаар хэн ч маргаагүй. 25:25 хэмжээтэй газрыг өргөдлөө гаргаж дуудлага худалдаагаар авсан зүйл байдаг. Харин 2011 онд дахин дуудлага худалдаанд орж газрын талбай нэмэгдэж 10000 метр квадрат талбай болгож үүнийхээ төлбөрийг төлж гэрээ хийж гэрчилгээ авсан байдаг. Үүнд Засаг даргын захирамж гарсан байх. 10000 метр квадрат эзэмших захирамж нь А/12 дугаартай, харин шүүхийн үндэслэл буюу бидний маргаж буй захирамж 12 дугаартай байгаа юм. Захирамжийг үндэслэж гэрээ хийж улсын бүртгэлд бүртгэгдэж А дугаар авсан байгаа. Энэ дугаарыг 2018 оноос хойш улсын бүртгэлийн газар нэгдсэн ийм дугаартай болсон. Дуудлага худалдаагаар орж талбайг хэмжүүлсэн үйл явдал нь хэрэгт авагдсан зарим баримтаар тогтоогдож байгаа. Харин захирамж гаргах эсэх нь Засаг даргын эрхийн асуудал юм. Мөн гэрээ гэрчилгээ хүртэл 10000 метр квадрат хэмжээтэй гарсан байгаа. Хэрэв дуудлага худалдаагаар аваагүй бол Засаг дарга захирамж гаргаагүй эс үйлдэхүйн асуудал яригдана. Засаг дарга эс үйлдэхүй гаргаж захирамж гаргаагүй юм уу гэдэг асуудал захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Учир нь дуудлага худалдаагаар ийм газар авсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Хэргийн бодит байдал үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 25х 25 гэсэн харьцаатай газар эзэмших сумын Засаг даргын захирамжтай. Харин дахин дуудлага худалдаагаар орж авсан гэдэг нь худлаа асуудал юм. Эхэлж дуудлага худалдаагаар орсон. Сүүлд нь газраа сунгаж 10000 метр болгосон талаар шүүхийн шийдвэр болон захирамж байхгүй. Харин эрхийг нь цуцалж сэргээхдээ 10000 метр квадратаар сунгасан байдаг. Уг нь тухайн газрын хэмжээг сунгуулахын тулд Засаг даргын захирамж гарах ёстой юм байна лээ. Гэтэл энэ талаар баримт байдаггүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг бүрэн шийдвэрлэсэн хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гарсан. Нэхэмжлэгч талын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой холбоотой асуудлын талаар хэлэхэд анхан шатны шүүх хуралдаанд талууд мэтгэлцэх явцдаа нэхэмжлэгч талаас захирамжийн он, сар, өдөр, дугаартай маргаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ асуудлыг хөндөж гаргаж ирсэн асуудал нь хэр хууль зүйн үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан бүх эрх, үүргийг эдэлж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Энэ үүргээ биелүүлж чадаагүй. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаартай захирамж болон яриад байгаа 12 дугаартай захирамжийг өөрөө шүүхэд гаргаж өгөөгүй. Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны шатанд хэд хэдэн удаа шүүх хуралдаан хойшилж, маргаан бүхий захирамж хэргийн материалд байхгүй байна. Энэ захирамж хэрэгт зайлшгүй байх ёстой гэдгийг хэлсэн. Мөн уг газрыг авахдаа төсөл сонгон шалгаруулалтаар авсан юм уу? дуудлага худалдаагаар авсан юм уу үүнтэй холбоотой баримтууд байхгүй байна гэсэн хүсэлтүүдийг анхан шатны шүүхэд гаргасны эцэст Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын А/12 дугаартай захирамжийг гаргуулах шүүгчийн захирамж гарч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газарт явуулсан. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын зүгээс ямар шалтгаанаар юм мэдэхгүй шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан. Ингэж шүүхээс шаардсаны эцэст хэргийн материалд авагдсан 12 дугаартай захирамж ирсэн. Уг захирамжтай холбоотой асуудлаар нэхэмжлэгч тал бидний маргаан бүхий захирамж биш байна. А/12 дугаартай захирамж байх ёстой гэж маргаагүй хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон. Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудаар Монгол Улсын иргэн эзэмших эрхтэй. Уг эзэмших эрхийнхээ дагуу П.Банзрагчид 2006 оны Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Архангай аймгийн Цэнхэр сумын Зуслангийн дэнж гэх газар 25:25 буюу 625 метр квадрат 06 га газрыг Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн байдаг. Уг Засаг даргын захирамжийг үндэслэж тухайн сумын газрын даамал нь энэ хүнтэй газар эзэмшүүлэх гэрээ болон газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг Засаг даргын захирамжийн дагуу олгох ёстой. Гэтэл Засаг даргын захирамжийг үндэслэж гэрчилгээ, гэрээ олгохдоо газрын зориулалт хэмжээ зэргийг Засаг даргын захирамжаас өөрөөр олгосон асуудал байдаг. 2011 онд дуудлага худалдааны журмаар 1.500.000 төгрөгийг төлж газрын хэмжээгээ нэмэгдүүлсэн гэдэг тайлбарыг давж заалдах гомдолдоо бичсэн байсан. Мэдээж Газрын тухай хуульд зааснаар иргэнд 0.7 га газар эзэмшүүлэх ёстой. Түүнээс илүү хэмжээний газар эзэмшүүлбэл Засаг даргын захирамж гарах ёстой. Гэтэл 07 га газраас илүү 10000 га газрыг болгосон Засаг даргын захирамж байхгүй байгаа. Энэ талаар баримт байхгүй байна. Мөн төсөл сонгон шалгаруулалт болон дуудлага худалдаагаар авсан юм уу гэдэг талаар хүсэлт тавьсан. 1.500.000 төгрөг төлсөн асуудал 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон 625 метр квадрат газарт төлсөн. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд газар нэмсэнтэй холбоотой асуудлаар 1.500.00 төгрөг төлсөн гэсэн зүйлийг тайлбарлаж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх ёстой. 1.500.000 төгрөгийг яагаад анх газар эзэмшүүлэхдээ төлсөн газрын төлбөр гэж үзэж байна вэ гэхээр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын албан бичиг хавтаст хэргийн материалд авагдсан байгаа. Үүнд П.Банзрагч нь газрын төлбөрт 1.500.000 төгрөг төлсөн учраас өмнөх газрын гэрчилгээг хүчингүй болгоогүй болно гэсэн утгатай албан бичиг байгаа юм. Иймд газар нэмэгдүүлсэнтэй холбоотой төлсөн төлбөр биш юм. Газрын тухай хуульд төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх зориулалт бүхий газрыг энэ хүнд эзэмшүүлсэн байдаг. Энэ нөхцөл юугаар нотлогдож байна вэ гэхээр Архангай аймгийн Цэнхэр сумын Халуун усны ам гэх газарт хийсэн 5 байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал байгаа. Үнэхээр энэ хүний эзэмшиж байгаа газар нь анхнаасаа хууль ёсны үндэслэлтэй байсан юм уу гэдэг асуудалд эргэлзээ төрж байгаа. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэх асуудлаар өмнөх гарсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл практик болон хуульд байхгүй. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоос хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл харагдахгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч П.Банзрагч нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хандаж, хариуцагч Д.Өсөхбаярт холбогдуулан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/12 тоот захирамжаар Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Халуун-Ус гэх газарт 10.000 мкв газар эзэмших албан ёсны зөвшөөрөл авч эзэмшиж байгаа юм. Гэтэл Д.Өсөхбаяр гэгч нь миний эзэмшил хашаанд дур мэдэн гэрүүд барьж, мөн хашаа хашиж, одоо бүр модон шовгорууд барьж байна. Би энэ хугацаанд газрынхаа төлбөрийг бүрэн төлж ирсэн боловч захирамжаар олгогдсон газраа бүрэн ашиглаж чадахгүй байна. Иймд энэ байдлыг минь харгалзан үзэж газар албадан чөлөөлөх тухай шийдвэр гаргаж өгнө үү. гэсэн нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлд Монгол улсын иргэний газар эзэмших эрхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 000050687 дугаарын гэрчилгээний хуулбар /хх-ийн 5-р хуудас/, иргэн П.Банзрагчийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургийн хуулбар /хх-ийн 6-р хуудас/, гэрэл зураг /хх-ийн 7-9-р хуудас/ зэрэг нотлох баримтыг хавсаргасан байна.

Хариуцагч Д.Өсөхбаяр нэхэмжлэлийг гардаж аваад, хариу тайлбар гаргахдаа Миний олон жил амьдарсан хаваржаа, зуслангийн газрыг хүч түрэн өөрийн газрыг сунгаж хашаалах гэж байгаа нь хууль бус байна. П.Банзрагчийн газар нь 2017 онд аймгийн Засаг даргад өгсөн хүсэлтийн дагуу гарсан ажлын 5 байгууллагын дүгнэлтээр хууль бус гэж тогтоогдсон. Дүгнэлтийн дагуу цуцалсан. Тус захирамжийг цуцалж хүчингүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, зохигчийн хүсэлтээр нотлох баримтыг гүйцэд бүрдүүлэн, маргааны зүйл болох хариуцагч Д.Өсөхбаярын одоо оршин сууж буй газар нь нэхэмжлэгч П.Банзрагчийн эзэмшлийн 25х25 хэмжээтэй газарт хамаарахгүй болох нь тогтоогдож байгаа талаар дүгнэн, нэхэмжлэгч П.Банзрагчийн хариуцагч Д.Өсөхбаярт холбогдуулан гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч П.Банзрагч ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй... Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, мөн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулалгүйгээр шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Учир нь хэрэгт авагдсан баримтаар бол Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар, мөн 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаар гэсэн 2 өөр бүхий захирамж байсаар байтал дан ганц нэг шийдвэр гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна... гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Архангай аймгийн Цэнхэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хурлын 2006 оны 08 дугаар сарын 247-ний өдрийн 22 дугаар газар эзэмшүүлэх тухай тогтоолоор /хх-ийн 91/ П.Банзрагчид Халуун усанд жуулчны баазын наад горхины наана, зуслангийн дэнж дээр 25х25 хэмжээтэй газар олгохоор шийдвэрлэж, П.Банзрагчтай газар эзэмших эрх олгож, хэлцэл, гэрээ хийж ажиллахыг Засаг даргад үүрэг болгожээ.

Энэ тогтоолыг үндэслэн Архангай аймгийн Цэнхэр сумын засаг дарга 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар захирамжаар П.Банзрагчид Халуун усны жуулчны баазын горхины наана зуслангийн дэнж хэмээх газар дээр 25х25 харьцаатай газрыг эзэмшүүлэхийг зөвшөөрсөн байна.

Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 200 дугаарын захирамжаар Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1,2 дахь заалтыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болсонд тооцож, газар эзэмших гэрчилгээг хураан авч, гэрээг цуцлан, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ аймгийн Г.Х.Б.Х.Б.Г-т мэдэгдэж, улсын бүртгэлээс хасалт хийхээр шийдвэрлэсэн бөгөөд хавсралтын 7 дахь хэсэгт П.Банзрагчид сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр Алтан овоо Халуун усны рашааны горхины наана зуслангийн дэнж, зориулалт тодорхойгүй 625 м2 газар /хх-ийн 87-88/ оржээ.

Мөн Цэнхэр сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/114 дугаар захирамжаар Цэнхэр сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 200 дугаарын захирамжаар иргэн П.Банзрагчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг /хх-ийн 90/ цуцалсан байна.

Дээрх баримтуудаар П.Банзрагчид Цэнхэр сумын Алтан овоо багийн Халуун усны жуулчны баазын горхины наана зуслангийн дэнж хэмээх газар дээр 25х25 харьцаатай газрыг эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан Монгол улсын Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 2011 оны 12 сарын 15-ны өдрийн 0298099 дугаарын гэрчилгээнд /хх-ийн153/ П.Банзрагчид Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2008 оны 02 сарын 01-ний өдрийн 12 тоот шийдвэрийг үндэслэн Алтан овоо баг Халуун усанд нэгж талбарын 021600502 дугаар бүхий 10000 м2 газрыг эзэмшүүлэхээр, мөн Монгол улсын иргэний газар эзэмших эрхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 000050687 дугаарын гэрчилгээнд /хх-ийн 5/ П.Банзрагчид сумын Засаг даргын 2008 оны 02 сарын 01-ний өдрийн А/12 тоот шийдвэрийг үндэслэн Алтан овоо баг халуун ус хаягт байрлах, нэгж талбарын 65028000502 дугаар бүхий 10000 м2 газрыг эзэмшүүлж, гэрчилгээ олгожээ.

Гэтэл Монгол улсын Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 2011 оны 12 сарын 15-ны өдрийн 0298099 дугаарын гэрчилгээнд 10000 м2 газар эзэмшүүлэхээр тусгасан хэдий ч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2008 оны 02 сарын 01-ний өдрийн 12 дугаар захирамжийг үндэслэсэн бөгөөд тухайн захирамжаар 25х25 буюу 625 м2 газар эзэмшүүлэхээр л зөвшөөрсөн байна.

Харин Монгол улсын иргэний газар эзэмших эрхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 000050687 дугаарын гэрчилгээнд сумын Засаг даргын 2008 оны 02 сарын 01-ний өдрийн А/12 тоот шийдвэрийг үндэслэн гэсэн байх боловч хэрэгт Цэнхэр сумын Засаг даргын 2008 оны 02 сарын 01-ний өдрийн А/12 дугаарын захирамж авагдаагүй болно.

Нэхэмжлэгч П.Банзрагч 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныхаа дараа 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 06546-2021/00017 дугаарын Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг нотлох баримтаар өгсөн байх ба тухайн гэрээг мөн Архангай аймгийн Цэнхэр сумын 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 06546-А/12 тоот шийдвэрийг үндэслэн байгуулжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд нэхэмжлэгч П.Банзрагчийг Газрын тухай хуульд заасны дагуу Цэнхэр сумын Алтан овоо багийн Халуун усны дэнж гэх газарт 25х25 буюу 625 м2 газрыг эзэмших эрхтэй гэж дүгнэх нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгч 625 м2 газраа 10000 м2 болгосон талаар шүүхэд нотолж чадаагүй байна.

Шүүх талуудын хүсэлтээр маргаж буй газарт үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлд 10000 м2 газрын хэмжилт, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 115-122/ хавсаргасан, хариуцагч Д.Өсөхбаярын хүсэлтээр гэрч Б.Жанчив, Т.Очирбат нараас гэрчийн мэдүүлэг авсан байх ба эдгээр нотлох баримтууд болон шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнх-эрдэнийн асуусан Засаг даргын захирамжаар танд олгосон 625 м2 газарт Д.Өсөхбаярын гэр байшин, барилга орсон байгаа юу? Сүүлд нэмж авсан газарт нь орсон байгаа юу? гэсэн асуултанд нэхэмжлэгч П.Банзрагч Үгүй. Нэмж авсан газарт байгаа. гэж хариулсан зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч П.Банзрагчийг 625 м2 газраа эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч Д.Өсөхбаяр саад учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Энэ талаар ч анхан шатны шүүх зөв дүгнэснээс гадна шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, зохигчдын хүсэлтээр нотлох баримтыг гүйцэд бүрдүүлэн, Иргэний хуулийг зөв хэрэглэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Банзрагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх гомдлыг хангаагүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2022/00017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Банзрагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Банзрагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

                 ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                Н.ЭНХМАА