| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 188/2019/0364/Э/ |
| Дугаар | 643 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.1.2.4., 11.7.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 643
С.Гт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч У.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Идэрхангай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 516 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 878 дугаар магадлалтай, С.Гт холбогдох 1808025401210 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1983 оны 2 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Захар овогт Сын Г нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 11.7 дугаар зүйлийн 1.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Гийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн”, “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн”, “Бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил 6 сар хорих, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч С.Гийн нийт эдлэх 8 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 209 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Гөөс 18.470.000 төгрөг гаргуулж, хохирогч У.Дд 10.650.000 төгрөг, В.Лд 4.030.000 төгрөг, Х.Эт 1.000.000 төгрөг, Б.Уд 2.790.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Золзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Г гаргасан гомдолдоо: “...Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байцаагч болон прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг маш ноцтой зөрчсөн, миний холбогдсон хэргээс тэс өөр буюу улс төр болон эрх мэдэлтэй хүний захиалгаар ажилласан байдаг. Прокурор намайг цагдан хоригдсоноос хойш 14 хоног тутам ирж уулзаж, чи даргынхаа талаар мэдүүлэг өг гэж үг хэлээр доромжлон хэргээс өөр хүнийг ярьж байсныг миний бие эсэргүүцэж, мөн гэрчүүдтэй нүүрэлдүүлэн байцаалт өгөхийг шаардаж өлсгөлөнд орж байсан. Хэргийн талаар огт байцаалт аваагүй, хэргийг шалгаж гурван өөр байцаагч ирж уулзан, сүүлдээ миний бие учраа олохоо больсон. Хавтаст хэрэгтэй огт танилцуулж байгаагүй, намайг цагдан хорих шийдвэрийг 4 өдөр дараалан шүүхэд санал оруулж байж цагдан хорьсон байдаг. Прокурор намайг өлсгөлөнд байхад ирж уулзан “чи гэр бүл, үр хүүхдээ бодоод даргынхаа талаар мэдүүлэг өг” гэж сүрдүүлж байсан. Харж, сонсож байсан гэрчүүд болон камерын бичлэг байгаа болно. Миний бие өлсгөлөнд 10 хоносон. Залилангийн хэрэгт Х.Б гэх залуу хамт холбогдсон байдаг. Гэтэл Х.Бын дансаар орсон мөнгөний баримт нь хавтаст хэргээс алга болсон, Х.Б гэрч болж хувирсан. Мөн сувиллын цэцэрлэгийн асуудалд миний бие огт мөнгө төгрөг ярьж, авч байгаагүй, нотлох баримт байхгүй хэргийг надад тохож шийдсэн. Миний бие ажлаа хийж байсан. Гэтэл тус цэцэрлэгийн ажилчдаас мөнгө авсан хүмүүс болох Сүхээ, Түмэнбаяр нар гэрч болон хувирсан. Тус цэцэрлэгт миний нэг охин явдаг байсан нь үнэн. Учир нь, манай дарга Нийслэлийн Хурлын дарга байхдаа өөрийн тойргийн 4 хорооноос тус бүр 10 хүүхэд цэцэрлэгт өгч, тус цэцэрлэгийн ажилчдад амины хэрэгцээний газрын асуудлыг шийдэж өгөхөөр болсон. Тус ажилчдын кадастрын зургийг хийлгэж, бүх бичиг баримтыг бүрдүүлж авч даргын туслах Р.О эгчид хүлээлгэж өгсөн байдаг. Гэтэл огт мөнгө төгрөг аваагүй хүнийг авсан болгосонд маш их гомдолтой байна. Мөн хохирогч Д, Э нар хоёулаа газрын ченж хүмүүс, тэд Х.Баар газар гаргуулж зардаг байсан. Х.Б өөрөө Нийслэлийн Газрын албаны дарга Э.Бы эгчийн хүүхэд, миний сайн найз, мөн гэр бүлийн найзууд. Эхнэр, хүүхэд болон аав, ээжийг нь хүртэл сайн таньдаг, мөн Б даргыг хүртэл танина. Гэтэл Х.Б нь Д, Э нараас мөнгийг нь авч өгөөч гэж гуйсан болохоор миний бие найзын журмаар тусалж хэрэгт холбогдсондоо гэмшиж, харамсаж, өөрийгөө зүхэж сууна. Мөн хохирогч Г-г хутгалсан хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хохирогч Г өөрөө “хайраа битгий мэдүүлэг өгөөрэй, намайг гудамжинд хутгалуулсан гэж хэлээрэй” гэж байсан, тухайн хэрэг гардаг орой бид хоёр маргалдсан нь үнэн. Юунаас болсон гэхээр бид хоёр 2017 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн. Миний бие Г гэх эмэгтэйтэй хамт амьдарч эхэлсэн болохоор охин дээрээ ирж, очдог байсан. хохирогч Г байнга ирж хэрүүл маргаан хийж, Гтай маргалдан үнэхээр хэцүү байдаг байсан. Тухайн хэрэг гардаг орой хохирогч Г хоолоо хийж идэх гээд сууж байсан. Г-г ирэхэд 2 охин унтаж байсан. Миний бие босож хувцсаа өмсөн “за би явлаа” гээд гарах гэтэл Г уурлан босож ирээд “чи бас л нөгөө хар хүүхэн дээрээ очих гэж байна уу” гэж хэрүүл хийн, “тэгвэл би үхээд өгье” гэж уурлахад нь миний бие хутгыг булаан авах гэж оролдоход Г-ийн гараас мултран санамсаргүй Г өөрийнхөө хэвлийн тус газар хүрсэн байдаг. Миний охидууд унтаж байсан, харсан гэрч А, Т, Н, У, түргэн тусламжийн ажилчид бүгд гэрчилнэ. Миний бие тухайн хэрэг гардаг орой хэргийн газрын үзлэг хийсэн байцаагч Бт мэдүүлэг авахыг шаардаж байсан, гэтэл тухайн хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Г бид хоёр айхтар орилж хэрэлдээгүй, миний хоёр охин сэрээд уйлж орилж сүйд болох байсан. Гэтэл намайг санаатай хүний биед хүнд гэмтэл учруулсан болгосон. Хохирогч Г-ийн ах Б хутгыг авч яван цэвэрлэсэн байх гэж бодож байна. Хэрэг болсон өдрөөс хойш 2 сарын дараа Б хэргийн газраас олдоогүй хутгыг цагдаад аваачиж өгсөн байдаг. Хутган дээр хохирогч Г-ийн гарын хээ байх байсан. Дүүгийнхээ, охиныхоо юу хийснийг миний эсрэг худал мэдүүлэг өгсөн хүмүүс бүгд мэдэж байгаа байх. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч нь шүүгч Г.Мөнхзул, Т.Алтантуяа, М.Мөнхбаатар нарыг шүүх бүрэлдэхүүнд томилсон. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчин М.Мөнхбаатар шүүгчийн оронд Л.Баатар шүүгч орж хэргийг шийдсэн. Миний бие гэм буруугаа хүлээх боломж, нөхцөл үүсээгүй. Хохирогч Г-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хугацаанд миний бие Монгол Улсад байгаагүй...” гэжээ.
Хяналтан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Идэрхангай хэлсэн саналдаа: “Шүүгдэгч С.Гийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрчүүдийг асуухдаа гол гэрч болох н.Төгсөөг асуугаагүй ноцтой зөрчил гаргасан байдаг. Мөн хардалтаас болж хутгалсан байх магадлалтай гэсэн боловч хутга нь олдоогүй. Хохирогч өөртөө гэмтэл учруулсан байх боломжит нөхцлүүд харагддаг. Учир нь хохирогч маш түргэн ууртай, уурласан үедээ өөрийгөө хянах чадваргүй болдог. Шүүгдэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хангаагүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Г нь хамтран амьдрагч Т.Гыг “хоолоо оройтуулж хийлээ” гэсэн шалтгаанаар маргалдан улмаар хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдыг залилан мэхлэх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон байна. Анхан шатны шүүх хуралдааныг 20 минут завсарлуулж, яллах дүгнэлтийг шүүгдэгчид танилцуулсан талаарх тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан. Шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч С.Гийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч С.Г нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 30-21 тоот гэртээ хамтран амьдрагч Т.Гтай маргалдан хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
мөн 2017 оны 4 дүгээр сарын 2, 2017 оны 6 дугаар сар, 2017 оны 10 дугаар сард тус тус хамтран амьдрагч Т.Гыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
мөн 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж, нэр бүхий хохирогч нарт 18.470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч С.Гийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн”, “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн”, “Бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил 6 сар хорих, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 1 жил хорих, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч С.Гийн нийт эдлэх 8 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.
Харин шүүгдэгч С.Гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 болон 3 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өнгөрсөн байхад давж заалдах шатны шүүх холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Гийг тухайн хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Гийн гаргасан гомдлын дагуу хэргийн материалыг судалж үзэхэд анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.
Хяналтын шатны шүүхийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөвхөн “Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх”-ийг хянах эрх хэмжээтэй болно.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 516 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 878 дугаар магадлалд энэхүү тогтоолд заасан үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 516 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 878 дугаар магадлалд:
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт холбогдох Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн заалтыг нэмж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч С.Гт Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэсэн заалтыг тус тус хүчингүй болгосугай.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтад “8 /найм/ жил 6 /зургаа/ сарын хорих ял” гэснийг “7 /долоо/ жил 6 /зургаа/ сар” гэж тус тус өөрчилсүгэй.
3.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН