Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2018/0126

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2018/0126

Улаанбаатар хот

 

 

 

 

Ц.Ц-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, гуравдагч этгээд Р.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, өмгөөлөгч Н.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0949 дүгээр шийдвэртэй, Ц.Ц-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд Р.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, өмгөөлөгч Н.Т нарын давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0949 дүгээр шийдвэрээр: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гэр бүлийн хуулийн /1973/ 3,4 10 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Ц-оос Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Октябрийн районы 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гуравдагч этгээд Р.Б, Г.Ш нарын гэрлэлтийг бүртгэсэн 1426 дугаар бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э-аас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Сүхбаатарын районы 1972 оны 11 дүгээр сарын 019-ний өдрийн иргэн Ц.Ц, Г.Ш нарын гэрлэлтийг бүртгэсэн 414 дүгээр бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг тус тус шүүхийн шинжлэн судлах хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Октябрийн районы 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гуравдагч этгээд Р.Б, Г.Ш нарын гэрлэлтийг бүртгэсэн 1426 дугаар бүртгэл болон Сүхбаатарын районы 1972 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн иргэн Ц.Ц, Г.Ш нарын гэрлэлтийг бүртгэсэн 414 дүгээр бүртгэлийг тус тус хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ.

Гуравдагч этгээд Р.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, өмгөөлөгч Н.Т нар давж заалдах гомдолдоо: “ ... Анхан анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудаар 1972 оны 11дүгээр сарын 09-ны өдөр Г.Ш-тай нэхэмжлэгч гэр бул болсон бүртгэл хийлгэхдээ өмнө гэр бүлтэй байсан гэдэг нь тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа гэрлэлт цуцалсан тухай бүртгэл Иргэний бүртгэлийн төв архивт байхгүй учир гэрлэлтүүд хүчин төгөлдөр эсэх тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байна гэсэн зөрүүтэй дүгнэлт хийжээ.

Дээрх үндэслэлээр гэрлэлтийн бүртгэлийг шинэ акт гартал хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй бөгөөд шинэ акт гарах боломжгүй байдалд хүрсэн тухайлбал нэхэмжлэгчийн нөхөр агсан Г.Ш болон С.Х нар нь нас барцгаасан учир эдгээр иргэдийн гэр бүл болсон бүртгэлийг дахин захиргааны шинэ акт гаргах ямар ч боломжгүй, Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нөхцөл байдал үүссэнийг харгалзан үзсэнгүй.

Хэрэг асуудлыг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн өөрийнх нь гэр бүлийн талаарх нотлох баримт чухал ач холбогдолтой байгаа боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц талын гэрлэлтийн баримт нотолгоо бүрэн бус, нуун дарагдуулж байгаа нь хэргийг хянан шийдвэрлэхэд тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байгааг анхан шатны шүүх анхаарсангүй.

Нэхэмжлэгч өөрөө өнөөдөр амьд сэрүүн, ухаан санаа эрүүл учир өөрийн амьдралдаа гэр бүл болсон цуцалсан үйл баримтыг нарийн тодорхой заан хэлэх үүрэгтэй билээ. Хариуцагч байгууллагын Иргэний бүртгэлийн төв архивт гэр бүл цуцалсан бүртгэл байхгүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд ээдрээ төвөгтэй байдлыг үүсгэсэн байдлыг далимдуулан гандангийн хашааны газарт хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай өөр хэргийн үйл баримт, нотлох баримтыг ашиглан гуравдагч этгээдийн гэр бүлийн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах шунахай санаа зорилготой үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж шаардлагаа нотлох үүргээ зориуд биелүүлэхгүй байх замаар хэргийг хянан шийдвэрлэх хугацааг удаашруулсан ажиллагааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар нь явуулж байгаа болно. Өмгөөлөгч Г.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С нар гандангийн хашааны газар өмчилсөн тухай хэрэг маргаанд нэхэмжлэгч Ц.Ц, түүний охин Ш.Т нартай ашиг сонирхлын зөрчилтэй оролцож байгаа атлаа нэхэмжлэгч Ц.Ц-оос авсан итгэмжлэлээр энэ хэрэгт оролцож байгаа нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өндөр настай байдлыг ашиглан хууль бусаар ятгасан буруу ойлголт өгч нэхэмжлэл гаргуулсан байх магадлалтай үзэж байна.

Г.Ш агсан нь 1972 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Ц-той гэр бүл болсон тухай бүртгэлд нэхэмжлэгч 2 дахь гэрлэлт гэж бичсэн байхад Иргэний бүртгэлийн архиваас Г.Ш агсан Ц.Ц нар гэрлэлтээ цуцлуулсан салсан талаар бүртгэл олдохгүй болсон, устгагдсан байх магадлалтай гэсэн хариу өгснийг үндэслэн шүүх нэхэмжлэгч Ц.Ц-ыг анхны гэрлэлтээ бүртгүүлээгүй учир Г.Ш агсантай гэр бүл болсон байх магадлалтай гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний бүртгэлийн архиваас Г.Ш агсныг нэхэмжлэгчээс гэрлэлтээ байхдаа дахин Р.Б-тэй гэрлэсэн лавлагаа өгсөн. Гэтэл Ц.Ц нь 1987 оны 11 дүгээр сарын 24-нд С.Х гэдэг хүнтэй гэр бүл болсон тухай бүртгэл хийгдэж, 1991 онд охин Туул төрсөн төрсөн тухай нотлох баримт шүүхэд ирсэн байна. Ц.Ц нь гурван удаа гэр бул болсон, 6 хүүхэд төрүүлсэн байна.

Гэтэл Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаас ирүүлсэн баримтуудад нэхэмжлэгч Ц.Ц талаас Г.Ш агсантай гэрлэсэн 2 дахь болон С.Х агсантай гэрлэсэн 3 дахь гэрлэлтийг бүртгэхдээ өмнөх гэрлэлтүүдийг цуцалсан тухай баримт бүртгэлийн талаар огт баримт байхгүй гэсэн байна.

Эхний гэр бүлээс охин Ц.Т 1967 оны 10 дугаар сарын 03-нд, 1969 оны 01 дүгээр сарын 03-нд хүү Ц.Т нар төрсөн байна. Эдгээр нь Ц-ын гэх овогтой байх боловч анх төрөх үеийнх эцгийн талын мэдээлэлд шүүлт хийж Ц.Ц-ын эхний гэрлэлтийн мэдээллийг олох боломжтой билээ. 1972 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Г.Ш агсантай 2 дахь удаагаа гэр бүл болсон тухай бүртгэл хийлгэх үедээ эхний гэрлэлтээс бага насны 3-5 насны хоёр хүүхэдтэй байсан байх тул гэрлэлт нь цуцлагдсан тухай тэмдэглэл хийгдсэн байх хуулийн шаардлага хангагдаж дараагийн буюу Г.Ш агсантай гэр бүл болсон бүртгэл хийсэн байх нөхцөл байдлыг анхааран шалгаж өгнө үү.

Дараагийн гэрлэлтээс Г.Ш агсаны охин Т 1971 онд, хүү Э 1974 онд хүү М 1975 онд төрсөн гэх мэдээлэл шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар 1978 онд Г.Ш агснаас салах үед Ц.Ц нь бага насны 3-11 насны 5 хүүхэдтэй болсон байжээ.

1950 оны Монгол Улсын Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх тухай хууль болон 1973 оны Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гэр бүлийн хууль мөрдөгдөж байх үед Ц.Ц-ын эхний хоёр гэр бүл цуцалсан, салсан тухай бүртгэл нь шүүхийн шийдвэрийг үндэслэн хийгдэж байсан байна. Ц.Ц нь эхний болон хоёр дахь гэр бүлээс салахдаа бага насны хүүхэдтэй байсан учир дээр дурдсан Гэр бүлийн тухай хуулиудад зааснаар заавал шүүхийн журмаар гэрлэлтийг хоёр тал биечлэн шүүхэд хүрэлцэн ирж цуцлуулж, бага насны хүүхдүүдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож байх хатуу журамтай байжээ.

Нэхэмжлэгч Ц.Ц нь Г.Ш агсантай гэрлэлтээ цуцлуулаагүй бол 1987 онд С.Х гэдэг хүнтэй гэрлэснийг иргэний бүртгэлд бүртгэх хууль зүйн үндэслэл байхгүй болно. С.Х нь мөн эхний гэр бүлээс гарсан хоёр хүүгээ дагуулан Ц.Ц-той гэр бүл болсон гэх баримт шүүхэд нотлох баримтаар авагдсан байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлага ёсоор Ц.Ц Г.Ш нарын гэр бүлийн бүртгэл цуцлуулаагүй хүчин төгөлдөр байх бол 1987 онд нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлсэн С.Х агсан болон түүний охин Х.Т нарын эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал үүсэх магадлалтайг шүүх анхаарч үзсэнгүй.

Нэхэмжлэгч Г.Ш агснаас салсан тухай бүртгэл байхгүй, нөхөр Г.Ш агсан гэрлэлтээ цуцлуулаагүй атлаа дахин гэр бүл болсон гэх лавлагаа мэдээлэл бүрэн бус ташаа байх үндэслэлтэй юм. Учир нь нэхэмжлэгч Ц.Ц С.Х-тай гэр бүл болсноо бүртгүүлэх тухай өргөдөл хүсэлт, Г.Ш агсантай бүртгүүлсэн 1972 оны гэрлэлтээ цуцлуулсан тухай нотлох баримтыг нэхэмжлэгч тал огт гаргаж өгөөгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0949 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул гуравдагч этгээд Р.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Ц нь “Октябрийн районы 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гуравдагч этгээд Р.Б, Г.Ш нарын гэрлэлтийг бүртгэсэн 1426 дугаар бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргажээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Сүхбаатарын районы 1972 оны Ц.Ц болон Г.Ш нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Ц.Ц нь 1972 онд Г.Ш-тай гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлэн, охин Ш.Т, Ш.Э, хүү Ш.М нарыг төрүүлж амьдарч байгаад тусдаа амьдрахдаа гэрлэлтээ цуцлуулаагүй байна.

Тэрээр уг гэрлэлтээ цуцлуулаагүй атлаа нэхэмжлэгч Ц.Ц нь 1987 онд С.Х-тай, Г.Ш нь 1991 онд гуравдагч этгээд Р.Б-тэй тус тус гэрлэж гэрлэлтээ бүртгүүлэн амьдарч байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Хэдийгээр Г.Ш-тай бүртгүүлсэн гэрлэлтээ цуцлуулсан эсэх нь хариуцагчаас ирүүлсэн баримт болон тайлбараар тогтоогдохгүй байгаа боловч Ц.Ц болон Г.Ш нар нь хэн аль нь өөр этгээдтэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн, тухайн үед  гэрлэлтийн талаар маргаж байгаагүй 30 шахам жил өнгөрчээ.

Дээрх гэрлэлтүүд бүртгэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан /1973 оны/ БНМАУ-ын Гэр бүлийн хуулийн 3 дугаар зүйлд “... сайн дурын зарчим дээр хэрэгжинэ. БНМАУ-д нэгээс илүү нөхөр буюу эхнэртэй байхыг хориглоно” гэж заасны дагуу Ц.Ц, Г.Ш нарын хэн аль нь сайн дураараа өөр эхнэр, нөхөртэй болж, гэрлэлтээ бүртгүүлсэн, өмнөх гэрлэлтийн талаар маргаан үүсгээгүйгээс үзвэл тэдний 1972 онд бүртгэгдсэн гэрлэлтийн харилцаа дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Ц нь С.Х-тай гэр бүл болж бүртгүүлснээр Г.Ш-тай гэрлэсэн гэрлэлтийн үр дагавар болох Г.Ш-ийн эхнэр буюу тухайн гэр бүлийн гишүүний эрх, үүргийг эдлэх эрхгүй болсон байх тул түүнээс хойш бүртгүүлсэн Г.Ш болон Р.Б нарын гэрлэлтийн бүртгэлийн улмаас нэхэмжлэгч Ц.Ц-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байна. 

Анхан шатны шүүх нэгэнт тогтоогдохгүй тогтоогдох боломжгүй, баримт материал нь архивт байхгүй нь тодорхой, хариуцагчаас нөхцөл байдлыг дахин тодруулах боломжгүй, тухайн нөхцөл байдалд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой байхад 1991 оны гэрлэлтийн бүртгэлийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд гуравдагч этгээд Р.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн  “... иргэний бүртгэлийн байгууллага дахин шинэ акт гаргаж шийдвэрлэх ямар ч боломжгүй, ... түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин гуравдагч этгээд Р.Б-ийн бие даасан шаардлага болох “Сүхбаатарын районы 1972 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн иргэн Ц.Ц, Г.Ш нарын гэрлэлтийг бүртгэсэн 414 дүгээр бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзав.

Гуравдагч этгээд Р.Б-ийн хувьд 1987 онд Г.Ш-тай гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн үеэс гэр бүлийн гишүүний эрх, үүргийг эдлэхээр байх тул 1972 онд Г.Ш Ц.Ц нарын гэрлэлтийн бүртгэлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй, энэ талаар шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзнэ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол хүлээн авахаас татгалзахаар заасны дагуу гуравдагч этгээд Р.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э-ын бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байжээ.   

Гэтэл анхан шатны шүүх эрх нь хөндөгдөөгүй этгээдийн шаардлагаар 1972 оны гэрлэлтийн бүртгэлийг /45 жилийн өмнөх/ түдгэлзүүлж, биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0949 дүгээр шийдвэрийн нэг дэх заалтыг “БНМАУ-ын Гэр бүлийн хуулийн /1973 оны/ 3 дугаар зүйлд заасныг баримтлан Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Октябрийн районы 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гуравдагч этгээд Р.Б, Г.Ш нарын гэрлэлтийг бүртгэсэн 1426 дугаар бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай Ц.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрт “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э-ын гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн 3 дахь заалтыг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар гуравдагч этгээд Р.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ