Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 703

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн “3” танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “А*** м****с” ХХК /РД: 26*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “...Хайгуулын 14063Х тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ал******г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Да*****а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амарбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А*** м****с” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Говь Алтай аймгийн Тайшир сумын Алтангадас гэх нэртэй газарт орших 369 гектар талбайг хамарсан 14063Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 08 дүгээр сарын 27-ны өдрөөс 30 жилийн хугацаагаар эзэмшиж, уул уурхайн салбарт 6 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг гүйцэтгэж байсан.

Ингээд 6 дахь жилийн хайгуулын ажлын болон нөхөн сэргээлтийн төлөвлөгөө тайлангаа Говь Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргад албан бичгийн хамт хавсарган хүргүүлсэн боловч 7 дахь жилийн төлбөрөө төлөх төлбөрийн хугацаанаас өмнө эрх бүхий албан тушаалтан нь байхгүй байна гэсэн шалтгаанаар хойшлуулсан.

Гэвч 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө төлбөрөө төлж өргөдлөө өгөхөөр очсон боловч тайлангаа өгөөд төлбөрөө төл гээд хүлээж аваагүй.

Яг энэ үед наадмаар миний бие муудаж, гэнэт аймгийн эмнэлгээс яаралтай гэсэн заалтаар Улаанбаатар хотын Болор мэлмий эмнэлэгт ирж хагалгаанд орсон. Энэ үед миний 2 нүд гэнэт хараагүй болсон байдалтай байсан. Үүнээс өмнө нүдний хавдар оношоор АНУ болон Солонгос руу явж эмчилгээнд орж байсан юм.

Дээр дурдсан байдлаар эрүүл мэндийн байдлаас шалтгаалан сэтгэл санааны цочролд орж, удаан хугацаанд эмчилгээнд байсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөрөө төлж чадаагүй.

Манай компани 1 гишүүнтэй бөгөөд миний эрүүл мэндийн байдлаас болоод компаний үйл ажиллагаа гэнэт зогсолтонд орсон. Эмчилгээний үр дүнд нэг нүд маань хардаг болж, эмнэлгийн дүгнэлтээр 70 хувь хараагаа алдаад одоо 12 сард дахин хагалгаанд орох заалттай эмнэлгийн хяналтад байгаа.

Манай компанийн нэрийг Ал******р ХХК гэдэг байх үед Говь Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс албан бичгээр нэрээ өөрчлөх шаардлага ирүүлсэн байдаг. Шалтгааныг “...Баян-Өлгий аймгийн компанитай нэр давхцаад байна. Танай компани сүүлд нь байгуулагдсан байх тул танайх нэрээ өөрчил” гэж шаардсан учраас компанийн нэрээ сольж “А*** м****с” ХХК болгосон.

Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Ашигт малтмалын газарт хандахдаа “А*** м****с” ХХК-иар хандаж, улмаар хариу өгөхдөө дуусгавар болсноор бүртгэгдсэн учраас тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Иймд Хайгуулын 10515Х тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээлгэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.” гэв. 

Нэхэмжлэгч “А*** м****с” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

 “... “А*** м****с” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан хайгуулын 14063Х тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээхийг даалгах, шаардлага гаргасан.

Гэвч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 14063Х дугаартай тусгай зөвшөөрлийг гэж бичих ёстой байтал 10515Х тоот тусгай зөвшөөрлийг гэж ташаа бичиж алдаа гаргасан байх тул алдаагаа залруулж “Хайгуулын 14063Х тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээлгэхийг хүсч байна” гэв.

Нэхэмжлэгч “А*** м****с” ХХК-ийн захирал Б.Тү******л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

“... “А*** м****с” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан хайгуулын 14063Х тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээхийг даалгах, шаардлага гаргасан байх бөгөөд эрхийг сэргээлгэхийг даалгах гэсэн шаардлагыг сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” гэж тодруулж байна. 

Иймд нэхэмжлэгчийн зүгээс Хайгуулын 14063Х тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” тухай шаардлагаар шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.” гэв.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чи******р шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“... “А*** м****с” ХХК-ийн гаргасан түүний эзэмшлийн Ашигт малтмалын хайгуулын 10515Х тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээхийг Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Өлөнт” нэртэй газарт орших 451.3 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 10515Х тусгай зөвшөөрлийг Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1125 дугаартай шийдвэрээр иргэн Л.Т*********лд олгосон байна.

Үүний дараа Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 86 дугаартай шийдвэрээр иргэн Л.Т*********лаас хайгуулын 10515Х тусгай зөвшөөрлийг “Х******г-Ор***н” ХХК-нд шилжүүлснийг бүртгэсэн байна.

“Х******г-Ор***н” ХХК-ийн хайгуулын 10515Х тусгай зөвшөөрлийг анх олгосноос 2005 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дэх хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 2 удаа буюу нийт 9 жилийн хугацаагаар 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаагаар сунгаж хайгуулын үйл ажиллагаа явуулсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд хайгуулын 10515Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болгохоос өмнө “Х******г-Ор***н” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Кадастрын хэлтэс гаргаагүй байх тул мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр дуусгавар болсныг бүртгэсэн байна.

Гэтэл нэхэмжлэгч “А*** м****с” ХХК-ийн эзэмшилд хайгуулын 10515Х тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байсан талаарх бүртгэл, мэдээлэл байхгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ өөр Ал******р ХХК-ийн эзэмшиж байсан 14063Х тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсныг дурдсан нь нэхэмжлэлийн шаардлага бүхий хайгуулын 10515Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй ямар холбоотой болох нь ойлгомжгүй байгааг шүүх анхаарч үзэхийг хүсье. Иймд “А*** м****с” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“... “А*** м****с” ХХК нь өмнө нь Аптайтур ХХК нэртэй байснаа нэхэмжлэлдээ дурдсан байх тухайн үед эзэмшиж байсан Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт “Алтангадас” нэртэй 368.53 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 14063Х дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг тусгай зөвшөөрлийг Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1128 тоот шийдвэрээр “Ал*****р” ХХК-нд бөгөөд тус компани нь 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 6 дахь жилдээ ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулсан байна.

Ашигт малтмалын хайгуулын 14063Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болохоос өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг гаргах ёстой байсан боловч гаргаагүй байна.

Уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр кадастрын зураг зүйн болон тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэсэнэээс хойш Кадастрын хэлтэст дээр дурдсан шалтгаантай холбоотой хүсэлт гомдлоо хуулийн хугацаанд гараагүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж зааснаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээд Ашигт малтмалын хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах ёстой бөгөөд бусад өөрийн буруутай ажиллагааны улмаас сунгах өргөдлөө гаргаж чадаагүй гэх шалтгааныг үндэслэн уг тусгай зөвшөөрлийг сунгахыг Кадастрын хэлтэст даалгах үндэслэлгүй байна. 

Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын 14063Х тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.

Иймд “А*** м****с” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “А*** м****с” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

Анх нэхэмжлэгч “А*** м****с” ХХК нь “Ал*****р” ХХК нэртэй байсан болон уг нэр дээр маргаан бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө эзэмшдэг бөгөөд компанийн нэр давхардсан гэдэг үндэслэлээр компанийнхаа нэрийг 2015 онд сольж одоогийн нэрээ улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн лавлагаа болон Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тодорхойлолт, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1161 дугаартай дүгнэлт, 14063Х тоот тусгай зөвшөөрлүүд зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч “А*** м****с” ХХК нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт орших Алтангадас нэртэй газарт байрлах 369 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 14063Х дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдөр авч, уг зөвшөөрөл нь Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 779 дүгээр шийдвэрээр 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сунгагджээ.  

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь маргаан бүхий тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах хүсэлтээ 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө Ашигт малтмалын газарт гаргахаар байсан боловч энэ хугацаанд хүсэлтээ гаргаагүй байна. 

Ийнхүү хүсэлтээ гаргаагүй гэх үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын 14063Х дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хийсэн бөгөөд нэхэмжлэгч нь А*****с ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын газрын даргад хандан “...тусгай зөвшөөрлийг сэргээлгэх” тухай хүсэлтийг гаргасан боловч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6/7801 дугаартай албан бичгээр “...Танай компани Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаагаа сунгуулах өргөдлийг гаргаагүйгээс мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 14063Х тусгай зөвшөөрлийг 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсныг 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр кадастрын бүртгэлд бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймээс тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.

Нэхэмжлэгч “А*** м****с” ХХК нь нэг гишүүнтэй бөгөөд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Тү******л болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн лавлагаагаар нотлогдож байхын зэрэгцээ захирал Б.Тү******л нь хүнд өвчний улмаас 2014 оны 7 дугаар сараас эхлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, мэс засалд орсон зэрэг нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.  

Тухайлбал “А*** м****с” ХХК-ийн захирал Б.Тү******л нь 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс нүдний мэс засалд орж, эмчилгээ хийлгэж байсан болох нь “Болор мэлмий эмнэлэг”-ийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нээсэн 797/9298, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нээсэн 1189/9690 тоот өвчний түүхүүд, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудсууд, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудсууд, эмнэлэгт өвчтөн илгээх хуудсууд, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудсууд, мэс заслын сувилагчийн хяналтын хуудсууд, өвчний түүх зэрэг баримтуудаар нотлогдож байна. 

Мөн “А*** м****с” ХХК-ийн захирал Б.Тү******лийн “Амбулаториор эмчлүүлэгчдийн карт” болон “Болор мэлмий эмнэлэг”-ээс 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15/134 тоот тодорхойлолт, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16/66 тоот албан бичгээр “Баатар овогтой Тү******л, 56 настай, эрэгтэй нь 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зүүн нүдэндээ торлогийн урагдал оношоор мэс засал хийлгэсэн бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зүүн нүднээс силикон тос авахуулах мэс засал тус тус хийлгэсэн нь үнэн болохыг тодорхойлж байна” гэсэн тодорхойлолтуудаар нотлогдож байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хайгуулын 14063Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2014 оны байгаль орчны нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө батлуулахаар Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргад хандаж хүсэлтээ гаргаж байсан болох нь тус сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01/97 дугаартай албан бичиг, Засаг даргын тамгын газарт хүлээж авсан ирсэн бичгийн бүртгэл, нэхэмжлэгчийн албан бичиг, төлөвлөгөө зэргээр тогтоогдож байх бөгөөд үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлөө эзэмших эрхээ хэвээр хадгалахаар тодорхой ажиллагаа явуулж байсан байна.

Иймд нэхэмжлэгч “А*** м****с” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ гаргаагүй боловч энэхүү хугацааг хэтрүүлсэн нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаантай буюу тус компанийн захирал Б.Тү******л нь хүнд өвчний учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, удаа дараа мэс засалт орсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн байх тул хариуцагчийн хайгуулын 14063Х тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хийсэн нь хууль бус бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “...Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” 22.1.1 “..хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”; 22.1.2-т “...үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”; 22.1.3-т “...байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-т “...хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт”-ын хамт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлөө гаргах ёстой байсан байна. 

Нэхэмжлэгч дээрх баримтуудыг хавсарган Ашигт малтмалын газарт хандаагүй бөгөөд нэхэмжлэгч энэ үйл баримттай маргаагүй тул нэхэмжлэгчийн “... хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлагыг хүлээн авах боломжгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нөхцөл байдлыг харгалзан өргөдлөө, хуульд заасан баримтуудын хамт шинээр гаргаж хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлстээс дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч А*****с ХХК нь хайгуулын 14063Х тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан баримт бичгийн хамт шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргах үүрэгтэй болохыг дурдаж байна. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.11-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.а, 4.1.8.б-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “А*** м****с” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хайгуулын 14063Х тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг Хайгуулын 14063Х тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “А*** м****с” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А*****с ХХК-д олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ОДМАА