Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/00090

 

М.Сарнайгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 384 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дүгээр магадлалтай,

         М.Сарнайгийн нэхэмжлэлтэй,

         Б.Бадар-Ууганд холбогдох           

         Гэм хорын хохиролд 3.490.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

     Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Туяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа нарын гаргасан тайлбарт: “01-88 ОРХ улсын дугаартай “Ниссан-Тайна” машиныг эзэмшигч миний зөвшөөрөлгүй Б.Бадар-Ууган унаж явахдаа зам тээврийн осол гаргаж эвдсэн. Хохирлын үнэлгээ 3.364.000 төгрөг, журмын хашааны үнэ 100.000 төгрөг, хохирлын нэмэлт үйлчилгээний хөлс 26.000 төгрөг нийт 3.490.000 төгрөгийг нэхэмжилж байна. ... Уг хэргийг шалгаж байхад Б.Бадар-Ууган ... “хохирлыг барагдуулна гомдолгүй гэж хэлж өгөөч” гэж гуйчихаад өгөөгүй. Харилцан тохиролцож засвар хийлгэх талаар ярилцсан боловч мөнгө өгөөгүй тийм болохоор хохирлын үнэлгээ 3.364.000 төгрөгийг нэхэмжилж байна. Машины өмчлөгч М.Сарнай Б.Бадар- Ууганд машин барих эрх олгоогүй байхад өмчлөгчийн зөвшөөрөлгүй унаж явсан. Автомашинд эвдэрсэн эвдрэлийг “Ашид билгүүн” ХХК үнэлгээний байгууллагаар тогтоолгосон...” гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Туяагийн гаргасан хариу тайлбарт: “... Миний хүү Б.Бадар-Ууган нь одоо Мандал суманд ажиллаж байгаа. Тэгээд 2 газарт амьдарч байхаар гээд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ирж амьдарч байсан. Ингээд Ц.Болормаагаас байр авсан гэдэг болохоор хоорондоо орж гардаг хүмүүс байсан юм байна лээ. ...2014 оны 05 дугаар сарын 06-ны орой 23 цаг 20 минутын орчимд эхнэр С.Мөнхдарь, дүү Э.Билгүүний хамт гэртээ унтаж байхад С.Отгонбаатар утастаж н.Болороо эгчид нь хэлчихсэн манайхаас миний машины түлхүүр аваад машин аваад Сэлэнгээс намайг ирээд ав гэсэн. Б.Бадар-Ууган дүү Э.Билгүүний хамт 23 цаг 40 минутын үед Алтанбулаг Сүхбаатарын чиглэлд явж байтал гэнэт адуу гарч ирж энэ осол болсон. Гэтэл маргааш нь С.Отгонбаатар миний хүүд “чи намайг дуудсан гэж битгий хэлээрэй, эхнэрийнхээ дугуйг авах гээд явж байсан гэж хэлээрэй” гэсэн байдаг. Ер нь бол С.Отгонбаатар миний хүүг тэр орой дуудаагүй байсан бол ийм олон сая төгрөгний өрөнд орохгүй байсан. “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан үнэлгээг бид үзсэн. Болж өгвөл мөнгийг нь өгье гэж бодоод уулзсан боловч бид чадаагүй. Иргэний хуулийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийн эзэн өөрөө хариуцлага хүлээхээр байгаа юм. Иймд бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, төлөхгүй гэж үзэж байна. “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан үнэлгээний хувьд маргалдах зүйлгүй. Үнэн зөв гарсан байлгүй дээ. Осол болох үед миний хүү Б.Бадар-Ууган нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан. Үнэмлэхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодохгүй гэдгийг ойлгож байсан. Маргааш нь 2014 оны 5 сарын 7-нд С.Отгонбаатар Б.Бадар-Ууганыг дуудаж намайг дуудсан гэж цагдаад битгий хэлээрэй эхнэрийнхээ машины дугуйг авах гэж явсан гэж хэлээрэй гэсэн. С.Отгонбаатар Б.Бадар-Ууганыг дуудаагүй бол ийм зүйл болохгүй байсан. Ц.Болормаагаас өөрөөс нь түлхүүр авч явж байгаад ийм байдалд хүрсэн. С.Отгонбаатр дуудаагүй бол. Машиныг нь авч явах ямар ч шаардлага байгаагүй. Өөрөө түлхүүр өгсөн байж М.Сарнайгаас зөвшөөрөл аваагүй гээд байгаа юм. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч чадахгүй. 243 дугаар ангийн хохирлыг барагдуулсан. Тэр мөнгийг С.Отгонбаяраас нэхэмжлэхэд миний нэхэмжлэлийг буцаасан. Цагдаагийн газраас хэргийг хэлэлцэж эхлэх үед М.Сарнай Эрдэнэтээс ирж байсан. Б.Бадар-Ууган хүний машиныг өөрийн дураар авч яваагүйг гэрчлэх гэрч олон байгаа. Тиймээс нэхэмжлэгч М.Сарнайгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

        Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Бадар-Ууганаас 3.390.000 төгрөг гаргуулж М.Сарнайд олгож, 100.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.790 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 3.390.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 69.190 төгрөгийг Б.Бадар-Ууганаас гаргуулж М.Сарнайд олгож шийдвэрлэжээ.

         Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 384 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг, “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Б.Бадар-Ууганаас 1.695.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Сарнайд олгож, нэхэмжлэлээс 1.795.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...69.190 төгрөгийг...” гэснийг “...42.070 төгрөгийг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч М.Сарнай, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэх хугацаагаа тодорхойгүй шалтгааны улмаас зөрчин 2 жил болгосон буруугаа нэхэмжлэгч М.Сарнайд буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаад тохож, тайлбар гаргах эрхийг хааж нэг талд үйлчилсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Ч.Туяагийн хуулийн байгууллагад нотлох баримтгүй, худал гүтгэсэн мэдүүлэг дээр үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь Б.Бадар-Ууганыг дуудаагүй, н.Мөнхдарийн утас руу залгаж дуудсан болох нь гэрч н.Бэлгүүний мэдүүлгээр нотлогдсон байхад гүтгэсэн. Б.Бадар-Ууган, н.Мөнхдарь нар өөрсдөө шүүхэд мэдүүлэг өгөхөөс зайлсхийж ээж нь болох Ч.Туяа нь шүүхэд нотлох баримтгүй тайлбар өгч гүтгэж байхад нотлох баримт дээр үндэслэлгүй гүтгэсэн. Иргэн М.Сарнай би С.Отгонбаатар, н.Мөнхдарь нарт машинаа эзэмших эрх олгосон болохоос Б.Бадар-Ууганд олгоогүй. Хэрэг автын ослын хэргээр шалгагдаж байхад н.Мөнхдарь С.Отгонбаатарыг дуудахаар гарахад салсан нөхөр Б.Бадар-Ууган нь байж байгаад чамайг яахаараа энэ орой С.Отгонбаатар дууддаг юм, дуудсан бол би явъя гэж хардаад түлхүүрийг авч гарсан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Туяа автын ослын хэрэг дээр ч худал мэдүүлэг өгсөн, төөрөгдүүлж иргэн М.Сарнай намайг хохирогч биш болгон нууцаар хэргийг хаалган миний эрхэнд халдсан. Иймд хохирогч намайг хохирогч биш болгон төөрөгдүүлж хохирлыг төлөлгүй 2 жил шүүхийн хаалга сахиулан нэмж дээрээс нь хуулийн байгууллагад худал нотлох баримтгүй мэдүүлэг өгөн төөрөгдүүлж, хохирлыг төлөхгүй болгон шийдвэрлүүлж, хууль, шүүхийг нэг талд үйлчлүүлсэн. Иргэн М.Сарнай намайг 2 жил машинаараа олох орлогыг алдагдуулж, 12.000.000 төгрөгөөр авсан машиныг минь хог болгуулж, шүүхийн хаалгыг 2 жил сахиулж, ажил амьдралыг минь алдуулсан энэ хэргийг анхан шатны шүүхэд буцаан машин барих эрхийг С.Отгонбаатар нь Б.Бадар-Ууганд олгосон уу, н.Мөнхдарь нь олгосон уу, М.Сарнай нь олгосон уу гэдгийг нотлох баримтан дээр үндэслэн шийдвэрлүүлж, хэргээс зугтаж ээжээрээ худал гүтгүүлсээр байгаа Б.Бадар-Ууган, машин эзэмших эрхтэй н.Мөнхдарь нараас мэдүүлэг авч хэргийг бодит үнэнээр нь шийдвэрлүүлж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, Иргэний хуульд заасан зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

        Нэхэмжлэгч М.Сарнай нь хариуцагч Б.Бадар-Ууганд холбогдуулан авто ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 3.490.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эс зөвшөөрч, машиныг зөвшөөрөлгүй авч яваагүй, С.Отгонбаатарын хэлснээр түлхүүрийг Ц.Болормаагаас авсан тул хохирлыг хариуцахгүй гэж маргажээ.

           Анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Бадар-Ууган нь тухайн тээврийн хэрэгслийг ашиглахдаа өмчлөгч М.Сарнайгийн зөвшөөрөлгүйгээр өөрөө дур мэдэн унаж хурд хэтрүүлэн явснаас осол гаргасан гэж дүгнэн автомашинд учруулсан гэм хорыг бүрэн хариуцан арилгах ёстой гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

          Хариуцагч Б.Бадар-Ууган нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, төв зам дээр “Ниссан тина” маркийн 01-88 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7б, 9.1, 9.2, 9.3 дахь хэсэгт заасныг зөрчин осол гаргасны улмаас автомашинд хохирол учирсан болох нь тогтоогдсон, талууд осол гарсан эсэх болон автомашинд учирсан хохирлын үнэлгээний талаар маргаагүй, харин тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан эсэх талаар маргасан байна.

           “Ниссан тина” маркийн 01-88 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч М.Сарнай бөгөөд осол гарах үед түүний автомашин нь С.Отгонбаатарын эзэмшилд байсан, хариуцагч Б.Бадар-Ууган нь тухайн тээврийн хэрэгслийг С.Отгонбаатарын хүсэлтээр жолоодож явсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийг эзэмшигчийн зохих зөвшөөрөлгүйгээр жолоодож явсан гэж үзэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. 

         Түүнчлэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т заасан “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэх зохицуулалт тухайн маргааны нөхцөлд хамааралгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлийг  зөв гэж үзнэ.

          Иргэний хуулийн тухайн эрх зүйн хэм хэмжээ тээврийн хэрэгслээр зам тээврийн осол гаргасан этгээдийн бусдад учруулсан гэм хорыг арилгах нөхцлийг зохицуулсан болохоос тухайн автомашинд учирсан гэм хорд хамааралгүй болно. Өөрөөр хэлбэл зам тээврийн осолд буруугүй тал өөрт учирсан гэм хорыг арилгуулах шаардлагыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д заасан үндэслэлээр автомашиныг жолоодож явсан этгээдэд холбогдуулан гаргах, эсхүл мөн зүйлийн 499.3., 499.4.-т зааснаар тээврийн хэрэгслийг ашиглагч болон өмчлөгч, эзэмшигчээс, эсхүл дан ганц өмчлөгч, эзэмшигчээс шаардах боломжтой.

          Харин ослын улмаас тухайн автомашинд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар гэм буруутай этгээдээс хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

           Хариуцагч Б.Бадар-Ууган нь Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөний улмаас осол гаргасан нь тогтоогдож байгаа боловч тухайн осол гарахад автомашин эзэмшигчийн хэтэрхий болгоомжгүй эс үйлдэл, өөрөөр хэлбэл жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээдэд автомашин жолоодох зөвшөөрөл олгосон нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэж, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар автомашинд учирсан хохирлын 50 хувийг хариуцуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2.Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 43.670 /дөчин гурван мянга зургаан зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                                                ШҮҮГЧ                                                         Д.ЦОЛМОН