Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 73

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1704001500038 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд:

    Нарийн бичгийн дарга                                          Б.Наранжаргал

    Улсын яллагч                                                          Х.Эрдэнэтуяа

    Шүүгдэгч                                                              Д.Б- нар оролцов.

                Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, ам бүл .., .. аймгийн .. сум .. Өлгийн ..дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух хаягтай, одоо Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 419 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2018/шцт/09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Б- овгийн Д-гийн Б-

           Прокурорын яллах дүгнэлтэд: 

            Яллагдагч Д.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бейст буйдан дэлгүүрийн дэргэд өөрийгөө уурхайд хамгаалагчийн ажил хийдэг, 200 литр түлшийг 1300 төгрөгөөр хямдхан авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Г.Н-гээс 260.000 төгрөгийг залилаж авсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын эхээр Юнителийн салбар байдаг ногоон байрны дэргэд Хэнтий аймгийн дугаартай ачаан дээрээ өвс ачсан машин зогсож байхаар нь очсон. Тэр машин дотор 40 орчим насны залуу сууж байсан, би түүнээс Хэнтий аймаг руу явах уу гэхэд Хэнтий явахгүй харин өвс зарна гэж хэлсэн. Би Хэнтий аймгийн төвийн хүн байгаа юм намайг Г- гэж хэлээд түүнтэй танилцсан. Бид хоёр Н-н тээврийн хэрэгсэл дотор сууж ойр зуурын юм ярьж хэсэг суусан. Гэтэл Н- намайг завтай бол хамт өвс зараад өгөөч гэхээр нь тэгье хоёулаа Төв аймгийн Баяндэлгэр сум руу очъё гэж хэлээд хөдөлсөн. Тэгээд Багануур дүүргийн замын цагдаагийн пост дээр ирэхэд цагдаа нар зогсоогоод хамгаалалт авсан учраас орой болтол постоор нэвтрүүлэхгүй гэж хэлсэн. Н- миний машины түлш дуусаж байгаа гэхээр нь би Багануур уурхайн хамгаалалтад ажилладаг юм, би уурхайгаас хямдхан түлш олоод өгье гэхэд Н- надад байгаа нь энэ гээд 260.000 төгрөг надад өгсөн. Би Н-д энэ мөнгөөр 400 орчим литр түлш авна, би уурхай орчихоод ирье гэж хэлээд Петровис шатахуун түгээх станц дээрээс Хэнтий аймаг руу явах жижиг тэргэнд суугаад Хэнтий рүү явсан. Би Н-гээс авсан мөнгөөрөө эм тариа авсан. Миний хувьд шээсний сүв хаагдсан өвчтэй, эмчийн хяналтад байдаг. Надад мөнгө олдохгүй байсан болохоор ийм үйлдэл хийсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохиролоо түргэн төлж барагдуулана. Хамтран амьдрагч маань төлж өгнө гэсэн..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч Г.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгэр сарын 7-ны өдрийн 13 цагийн үед Бест буйдан гэдэг дэлгүүрийн гадна зогсож байтал 40 орчим насны, хар саравчтай малгай өмссөн, хар нүдний шил малгай дээрээ тавьсан, цагаан тортой юм барьсан залуу ирсэн. Тэгээд надад хандан өвсөө зарчихаад нүүрсэнд орох уу, би Багануур уурхайн хамгаалалтын албаны ахлагч байна, би чамд хөнгөлөлттэй нүүрс ачуулж өгье, өглөө оочиргүй оруулж өгнө гэж хэлсэн. Мөн чиний ачиж яваа өвс энд зарагдахгүй Төв аймгийн Баяндэлгэр сум руу очиж зар гэхээр нь би түүнийг суулгаад хамт явсан. Тэгээд замын цагдаагийн пост дээр очоод цагдаад шалгуулаад машиндаа суухад нөгөө залуу би нэг хүнтэй ярьлаа чиний өвснөөс 100 боодлыг авъя гэж байна. Тэр хүн маань Маяти маркийн тээврийн хэрэгсэлтэй ирнэ,  мөн хямдхан түлш авах уу, авна гэвэл энд дэмий зогсож байхаар би Маятитай хүнээ тосонгоо түлш аваад ирье гэж хэлээд надаас 260.000 төгрөг бэлнээр аваад явсан. Надад хэлэхдээ 13 цаг 30 минутад над руу залгаарай гэж хэлсэн, би түүн рүү хэлсэн цагт нь залгахад арай болоогүй байна 14 цагт залгаарай гэж хэлсэн. Мөн 14 цагт залгахад утас нь холбогдохгүй байсан. Би тэр хүнээс 260.000 төгрөгөө гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 27-28 дугаар хуудас/

Гэрч Ц.Б......ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Багануур ХК-ийн хамгаалалтын салбарын даргаар 2014 оны 1 дүгээр сараас хойш одоог хүртэл ажиллаж байна. Манай хамгаалалтын алба 20 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд манай албанд Г- гэдэг нэртэй хүн огт ажиллаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Сэжигтэн Д.Б-тэй зүс царай болон насны хувьд ойролцоо 8 эрэгтэй хүний гэрэл зургийг хананд байрлуулан 1-8 хүртэлх тоогоор дугаарласны дараагаар хохирогч Г.Н-г өрөөнд оруулж таньж олуулах ажиллагааг явуулахад ямар ч эргэлзээгүйгээр 4 дугаартай зураг дээр байгаа сэжигтэн Д-гийн Б-ийг энэ надаас 260.000 төгрөг залилаж авсан хүн мөн байна гэснийг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-ийн 36-38 дугаар хуудас/

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай яллагдагчийг өөр газарт шилжүүлэн цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-ийн 115-116 дугаар хуудас/

Прокурорын зөвшөөрөл, шилжүүлэх хуудас, хоригдол хүлээлгэж өгсөн “…Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа Д- овогтой Б-ийг 2018.03.28-ны өдрийн 08:50-д зохих зөвшөөрлийн дагуу БНД-н цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Ц /11986/ шилжүүлэн хүлээлгэж өглөө…” гэсэн тэмдэглэл /хх-ийн 41-44 дугаар хуудас/

Д.Б-ийн ялын тооцооны “…2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар биеэр 2 сар 12 хоног эдэлж үлдэж байгаа нь 1 жил 9 сар 18 хоног байна…” гэсэн справка /хх-ийн 43 дугаар хуудас/

Д.Б-ийн ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудсаар ”…Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1990.09.17-ны өдрийн 122 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хорих ялаар,

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1998.07.30-ны өдрийн 114 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.3, 131.2, 127.2 дахь хэсгүүдэд зааснаар 7 жилийн хорих ялаар,

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2002.10.22-ны өдрийн 148 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.4, 123.1, 127.2, 131.2 дах хэсгүүдэд зааснаар 8 жилийн хорих ялаар,

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2009.06.17-ны өдрийн 58 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

Хэнтий аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.23-ны өдрийн 133 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж, эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаас чөлөөлсөн.

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2018/шцт/09 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн...” байна /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

 Гэрч хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлууд тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь яллагдагчаар байцаагдахдаа гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, таниж олуулах ажиллагаа зэргээр хангалттай нотолжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

Шүүгдэгч Д.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бейст буйдан дэлгүүрийн дэргэд өөрийгөө уурхайд хамгаалагчийн ажил хийдэг, 200 литр түлшийг 1300 төгрөгөөр хямдхан авч өгнө гэж хэлэн Г.Н-гээс 260.000 төгрөгийг авсан болох нь шүүгдэгчийн “...би Багануур уурхайн хамгаалалтад ажилладаг юм, би уурхайгаас хямдхан түлш олоод өгье гэхэд Н- надад байгаа нь энэ гээд 260.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…Би уурхайн хамгаалалтын албанд ажилладаг. …хямдхан түлш авах уу, авна гэвэл түлш аваад ирье гэж хэлээд надаас 260.000 төгрөг бэлнээр аваад явсан.…” гэсэн мэдүүлэг зэрэг дээрхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Шүүгдэгч шунахайн сэдэлтээр хор хохиролд санаатай хандсан нь шүүгдэгчийн “…надад мөнгө олдохгүй болохоор ийм үйлдэл хийсэн…” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд Д.Б-ийг  Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б- нь Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2018/шцт/09 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж уг ялаас 2 сар 12 хоногийг эдэлсэн болох нь хорих ангиас ирүүлсэн ялын тооцоогоор, энэ хэрэгтээ 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс нийт 34 хоног цагдан хоригдсон болох нь хорих ангиас хоригдол шилжүүлсэн баримт, 25 дугаартай яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-ийн 36-38 дугаар хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч Г.Н- 260.000 төгрөгийн хохиролоо нэхэмжилжээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд “…хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохиролоо түргэн төлж барагдуулана. Хамтран амьдрагч маань төлж өгнө гэсэн…” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс 260.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэнэ.

Шүүгдэгч Д.Б- нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ.

Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Б-ийг прокурорын санал, дээрхи хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар урьд оногдуулсан 2 жилийн хорих ял энэ тогтоолоор оногдуулсан 272 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Б-ийн 34 хоног цагдан хоригдсон байх тул нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг цагдан хоригдсон нэг хоногоор тооцож /34*8=272/ түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож шийдвэрлэхээр байна.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б- овгийн Д-гийн Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Б- овгийн Д-гийн Б-эд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 272 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар  Д.Б-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 34 хоногийн 1 хоногийг  нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагаар тооцож /34*8=272/ түүнийг 272 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Б-ээс хохирол 260.000  төгрөгийг гаргуулж хохирогч Г.Н-д олгосугай.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Д.Б-эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

         

    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ