Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/48

 

 

 

 

 

 

 

 

  2024       09          05                                           2024/ДШМ/48

 

 

 

Л.Дад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                      Г.Анх-Ирээдүй

Шүүгдэгч                                                       Л.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Д.Оюунчимэг, Б.Бат-Ерөөлт

Хохирогч                                                      Ц.Э

Хохирогчийн өмгөөлөгч                            О.Сарантуул

Нарийн бичгийн дарга                               Б.Солонго нарыг оролцуулан

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.А даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Л.Д-ын давж заалдах гомдлоор Л.Д-ад холбогдох 2325001330374 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Л.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Э-г 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Таван-Эрдэнэ” захын ойролцоо ... машинаас чирч гаргах, цээж рүү нь цохих зэргээр зодсон,

 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг Хүүхдийн урлан бүтээх төвийн ойролцоо архины шил барьж хагалан ална гэж айлган догшин авирласан,

2022 оны 04 дүгээр сарын сүүлээр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 00 тоот гэртээ эхнэр Ц.Э-г “гаражийн түлхүүр өг” гэж маргалдан хананд шахаж хоолойг нь боож биед нь халдан зодсон,

2022 оны 07 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 00 тоот гэртээ “охиндоо чи миний талаар ямар нэгэн зүйл ярьсан уу, зодож зовоож байсныг хэлээгүй биз дээ, хэлээд үзээрэй” гэж эхнэр Ц.Эг сүрдүүлэн бие засах өрөөнөөс чирж гарган догшин авирласан,

 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 00 тоот гэртээ эхнэр Ц.Э-тэй маргалдаж, зүүн гарын сарвууг нь гэмтээн зодсон,

2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 00 тоот гэртээ “жорлон засаад өг, бөглөрсөн байна...” гэснээс болж маргалдан эхнэр Ц.Э-г заамдаж шахан хоолойг нь боон биед нь халдан зодсон,

2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 00 тоот гэртээ эхнэр Ц.Э-тэй маргалдаж, устай сав шидэж хөлийг нь цохиж байнгын шинжтэй үйлдлээр догшин авирласан, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 447 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч Л.Д-ыг, 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 00тоот гэртээ эхнэр Ц.Э-тэй маргалдаж, устай сав шидэж хөлийг нь цохисон гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож,

           Шүүгдэгч Л.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, догшин авирласан гэмт хэргийг ахмад настны эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

           Шүүгдэгч Л.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.- д зааснаар 10 /арван/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-ад шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Л.Д-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг хуурцаг, хохирогч Ц.Э-гийн шүүхэд гаргаж өгсөн 1 ширхэг дуу бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Л.Д шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“ ... Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 14 өдрийн 2024\ШЦТ\215 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх Л.Д намайг арай дэндүү хохироолоо гэж үзэж байна. 

1. Шүүгч Д.Аийн талаар Ц.Э нь шүүгчийн сахилгын хороонд гомдол гаргасан гэсэн шүүгчийн өөрийнх нь гаргасан татгалзал гэх зүйл хэрэгт байсныг хараад би бас татгалзсан. Ц.Э ер нь гомдол гаргаагүй мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхийн ажилтнууд байгаа болов уу гэж бодогдохоор их олон асуудал байгаад байдаг. Прокурорын сахилгын хороо, шүүгчийн сахилгын хороонд манай өмгөөлөгч бид хоёроос байсхийгээд л мэдүүлэг тайлбар аваад байдаг юм. Хэргийг мөрдөж байгаа мөрдөгч, хянаж байгаа прокурор, шүүгч, шүүгчийн туслахуудын талаар гомдол гаргаад тэднийг үүгээрээ айлгаж өөртөө ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлүүлэх гэсэн арга хэрэглэдэг. Үүний нэг жишээ бол шүүгч Д.Ариунцэцгийн талаар эхлээд гомдол гаргачхаад өөртөө ашигтай буюу намайг буруутайд тооцуулахаар шүүхэд нөлөөлсөн гэж үзэж байна. 

2. Шүүгч Д.А нь Ц.Э-гийн нөлөөнд автаж айсандаа намайг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч гэж үзсэн байна. Шүүгч Д.А нь Ц.Э-гээс айсандаа намайг шүүх хуралд өмгөөлөгчгүй оруулсан. Энэ шүүх хурлыг Л.Д миний бие хойшлуулах хүсэлт гаргаагүй. Миний сонгож авсан 2 өмгөөлөгч нар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Өмгөөлөгч Д.Оюунчимэг өвчний учир эмнэлэгт хэвтсэн гэж өмгөөлөгч Бат-Ерөөлтийн өмнөх хурал нь дуусаагүй гэж хойшлуулах хүсэлт гаргасан юм. Гэтэл миний өмгөөлүүлэх эрхийг хууль бусаар хязгаарласанд маш их гомдолтой байна. Мөн намайг яллагч Ц.Л, өмгөөлөгч О.Сарантуул нар Ц.Э-гийн гэрч гэх Г.З-Э нар нь маш их дорд үзэж үг хэлүүлэхгүй байх шинжтэй байсан. Өмгөөлөгчгүйгээр шүүх хурал хийсэнд маш их гомдолтой байна. 

3 .Би хүн зодох нь байтугай хараал ч хэлдэггүй, архи дарс ч хэрэглэдэггүй хүн. Тийм байтал намайг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх гүтгэлгээр буруутай гэж дүгнэсэнд гомдолтой байна. Гэрч Г.З-Э манайд ирснээс хойш эх бид 2 их зовж байсан шүү. Тэр эхийгээ ээж гэж ч дууддаггүй. “Чи намайг зөвхөн төрүүлчхээд л өвөө эмээд орхиод явсан. Би өвөө эмээгийн хүүхэд. Балай авгай тэнэг авгай” гэх мэтээр загнаж дарамталдаг. Энэ тухайд Ц.Э их гомдож уйлж байсан удаатай. Г.З-Э нь Ц.Э бид хоёрыг үхэх нас чинь болчихсон юм биш үү. Чиний насан дээр ээж (эмээ) нас барж байсан. Чиний насан дээр аав (өвөө) нас барж байсан. Та 2 тэр хотынхоо байранд очиж амьдар, би энд энэ хаусанд чинь амьдарна гэж орон гэрээс минь ч хөөж байсан даа. Ирээд 2 жил илүү болоход ажил ч хайгаагүй, ээж бид хоёрын тэтгэврийн картыг нэхээд байхаар нь би аргаа бараад хадгаламжаасаа 20,0 мянган доллар банкнаас авч өгөөд” за үүгээр амьдралын гарааны мөнгө болгоод хотод очиж ажил хий, хоёрын хоёр байр ч байна, аль нэгэнд нь амьдар, 3-4 дээд сургууль төгссөн юм бол диплом, сертификат чинь хаана байна” гэж асуухад юу ч үзүүлээгүй, хот руу ч яваагүй. Миний өгсөн мөнгийг авлаа гэж ээжтэйгээ хэрэлдэж, эхийгээ зодож байсан хүн шүү дээ. Үнэндээ Ц.Э миний хүчирхийлэлд биш харин охиных нь хүчирхийлэл дарамтад бид 2 хоёулаа байсан гэх нь үнэнд ойрхон байх. Г.З-Э нь хүнийг гүтгэх, худал зохиож ярих нь арай дэндүү дээ. Эхийнхээ нэр дээр байдаг бидний машиныг согтуугаар жолоодож яваад журмын хашаанд хийлгэчхээд машины ард байсан 2,5 сая төгрөгийн дэвсгэр алга болсон гээд замын цагдааг гүтгэж шүүхэд өгөөд тэр нь нотлогдоогүй байдаг. 

Мөн миний контейнерыг хулгайгаар зарах гээд баригдахдаа намайг контейнер хулгайлсан гэж Цагдаагаар шалгуулсан нь 2 жил шахам болж байж миний контейнер болохыг нь тогтоосон. Бас машины дугуй хагалсан гэх хэрэг байдаг, Намайг бас л дуудаж шалгасан. Энэ бүгдийг Г.З-Э нагац ах Ц.А-Э, эх Ц.Э загнаж айлган хийлгэсэн гэсэн байдаг. Надад Ц.Эгийн төрсөн дүү нь яриад уучлалт гуйж байсан даа. Ийм хүн ямар нэг байдлаар намайг буруутгаж шоронд хийлгэх санаа зорилготой Г.З-Э үнэн зөв ярих уу. Хэргийн материалд гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийн зарим материал байсан. Ц.Э нь гэр бүлийн гишүүд буюу тэр бид хоёрын намайг гэр бүлийн хүчирхийлэгч, хулгайч дундын өмч болох 3 орон сууцыг машины дугуйны хий гаргагч зэргээр гүтгэн шалгуулж байх үед охин Г.З-Э, дүү Ц.А-Э нарынхаа нэр дээр шилжүүлсэн байсан. Санаа зорилго нь тодорхой байгаа биз дээ. Ийм хүмүүс шударга байж чадах уу. Г.З-Э бол Ц.Э-гийн төрүүлсэн охин нь тул ээждээ бүгдийг зааж зохион байгуулж байгааг би сайн мэдэж байна. Ц.Э бол ийм худалч эмэгтэй байгаагүй юмаа. Г.З-Э мэдүүлгүүд илт худалч, увайгүй худал зохиомжилсон байдаг. 

Миний бие өмгөөлөгчгүй шүүх хурал хийж эхлэхэд яллах дүгнэлтийг эсэргүүцэж бичсэн зүйлээ шүүгчид өгсөн. Тэнд бас зарим зүйлийг илүү тодорхой бичсэн байгаа. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Мөн хэргийн материалд зарим нэг хөндлөнгийн гэрчийн мэдүүлгийг анхаарч үзээгүй байна лээ. Иймд миний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг минь хязгаарласан тул энэ шүүх хурлаас гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно уу. Мөн давж заалдах шатны шүүх хуралд 2 өмгөөлөгчийн хамт орох хүсэлтэй байгааг минь анхаарна уу...” гэжээ. 

Хохирогч Ц.Э шүүхэд гаргасан тайлбартаа:

“ ...Л.Д-ад холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцлаа. Л.Д-ын гомдлоос харахад дандаа ерөнхий утгаараа ор үндэслэлгүйгээр худал гүтгэн гүжирдсэн нь илтэд харагдаж байна. Энэ нь давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнийг төөрөгдөлд оруулах аюул учруулж, шударга бус шийдвэр гаргахад нөлөөлж болзошгүй гэж үзсэний үндсэн дээр энэхүү тайлбар хүсэлтээ гаргаж байна.

“Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэг Монгол ардын зүйр цэцэн үг байдаг лугаа гэж буруугүй шүүгчийг бид юу гэж Монгол Улсын шүүхийн сахилгын хороонд гомдоллож өгөх билээ. Нотлогдох баримттай асуудлыг Шүүхийн сахилгын хороо нь шалгаж дуусаагүй байгаа тул үүнийг энэ тайлбар дээр сөхөн дэлгэж ярих шаардлагагүй. Гэхдээ дээрх асуудалтай холбоотой нэг зүйлийг дурьдахад шүүгч Д.А нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж миний биш, гэмт хэрэгтэн Л.Д-ад болон түүний өмгөөлөгчийн нөлөөнд автан, тэдний ашиг сонирхолд нийцүүлж зөрчил үйлдсэнийг нотлох баримттайгаар Шүүхийн сахилгын хороогоор шалгуулж байгаа юм.

Л.Д нь “Хэргийг мөрдөж байгаа мөрдөгч, хянаж байгаа прокурор, шүүгч, шүүгчийн туслахуудын талаар гомдол гаргаад тэднийг үүгээрээ ойлгож өөртөө ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлүүлэх гэсэн арга хэрэглэдэг” гэлээ. Дээр хэлсэнчлэн “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ? гэдэг Монгол ардын зүйр цэцэн үг байдаг лугаа адил гэм зэмгүй төрийн албан хаагч нарт холбогдуулж юунд гомдол гаргах билээ. Илүүдээ гарсан цаг завтай хүн гэж хаа байх вэ. Үнэхээр хуулийн дагуу хянан шалгах, арга хэмжээ авдаг эрх бүхий албан тушаалтнууд нь хуулийг ноцтой зөрчиж, үйл ажиллагаагаа шударга бусаар Дын ашиг сонирхолд нийцүүлж явуулж байгаад нь маш их гомдолтой байгаад зогсохгүй хуулийн дагуу гомдол гаргах эрхийнхээ хүрээнд гомдол гаргаад явж байгаа. Түүнээс биш гэм буруугүй, хаа хамаагүй хүмүүсийг хэлмэгдүүлж гомдол гаргаад байгаа юм биш. Зөвхөн нотлох баримтад үндэслэн гомдол гарган шалгуулсан.

Л.Д нь “Шүүгч Д.А нь Ц.Эгийн нөлөөнд автаж айсандаа намайг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч гэж үзсэн байна” гэжээ. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад нотлох баримтуудыг шүүгч шинжлэн судлуулсны үндсэн дээр болон дотоод итгэл үнэмшилд тулгуурлан шийдвэр гаргасан асуудлыг ямар ч нотлох баримтгүйгээр бодит байдалд нийцэхээргүй, ор үндэсгүйгээр гүтгэж хохирогч намайг шүүгчийн эрх зүйн байдалд халдаж байгаа мэт гэмт этгээд шиг харагдуулж намайг Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүхийн өмнө доромжилж байна гэж үзэж байна.

Түүнчлэн Л.Д нь “Шүүгч Д.А нь Ц.Э-гөөс айсандаа намайг шүүх хуралд өмгөөлөгчгүй оруулсан” гэжээ. 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр эрүүгийн анхан шатны шүүх хурал зарлагдсан. Гэвч Л.Д нь шинээр нэмж өмгөөлөгч авч байгаа гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьж түүнийг нь шүүх хянан шийдвэрлэсэн. Гэтэл Л.Д-ыг өмгөөлөгч Д.Оюунчимэг нь дээрх хуралд цахимаар оролцож байх үедээ 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Л.Д нь шинэ өмгөөлөгчтэйгөө гэрээ хийсэн гэж хэлсэн нь шүүх хуралдааны камерын бичлэг болон шүүх хуралдааныг тэмдэглэлд тэмдэглэгдэж үлдсэн гэдэгт итгэлтэй байна.

Л.Д-ын шинээр авсан өмгөөлөгчтэйгөө гэрээ хийгээгүй байхад нь өмгөөлөгч авсан гэж үзэн хууль зөрчин үүнийг дэмжин зөвшөөрч прокурор саналаа хэлэн, шүүгч Л.Дын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь шүүгч гагцхүү хуульд захирагдах зарчмыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хоёр дахь удаагийн шүүх хуралдаанд шүүгч Д.А нь шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийг цахимаар оролцож байх үед нь “Яагаад биечлэн ирж шүүх хуралдаанд оролцоогүйг асуухад Оюунчимэг нь “Би угаасаа шүүх хурал хойшлогдоно гэдгийг мэдээд ирээгүй юм” гэж шүүгчийн хурлыг хойшлуулах шийдвэр гаргаагүй байхад нь өөрөө шүүгч болоод шийдвэр гаргаж байгаа аятай, ер нь Ариунцэцэг шүүгч хуралдааныг даргалаад байгаа юм уу? эсвэл өмгөөлөгч Оюунчимэг нь хуралдааныг даргалаад байгаа юм шиг маш их эргэлзээ төрж их сонин санагддаг.

Өмгөөлөгч хүн шүүхийн байгууллагыг ингэж хэл амаараа үл хүндэтгэн харьцаж байхад шүүгч ямар ч арга хэмжээ авахгүй дуугүй өнгөрч байсан. Тэгээд болоогүй 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зарлагдсан шүүх хуралдааныг Л.Д-ын шинээр авсан өмгөөлөгч Бат-Ерөөлт нь ямар ч албан ёсны шүүх хуралдааны товуудтай албан бичиг, Л.Д-тай хуулийн дагуу хийгдсэн хүчинтэй гэрээ шүүхэд ирүүлээгүй мөртлөө “шүүх хуралдаан давхацсан, хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй” гэсэн шалтгаануудын улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан.

Ингээд улсын яллагч прокурор дэмжиж, шүүгч Д.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3-т заасан, энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь 2 ба түүнээс дээш удаа давтагдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно” гэсэн хуулийн ил тод заалтыг ноцтой зөрчиж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Ингээд 3 дахь удаагаа товлогдсон 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хурлыг мөн л Л.Д-ын шинээр авсан өмгөөлөгч Бат-Ерөөлт нь урьдын гаргасан “шүүх хуралдаан давхацсан, хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэсэн шалтгаануудыг тоочин, мөн Оюунчимэг өмгөөлөгч нь зайлшгүй, яаралтай шалтгаанаар биш, харин жил болгон 7 хоног хэвтэн амардаг сувиллын газарт хэвтэж байгаа учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна” гэж худлаа манж зан гарган эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 3 дахь удаагаа санаатайгаар саад учруулж хойшлуулах хүсэлтэй байсныг шүүгч хүлээж авалгүй татгалзаж хуулиа баримталснаар шүүх хуралдааныг хойшлуулаагүй. Үүн дээр нэмж хэлэхэд Бат-Ерөөлт өмгөөлөгч нь цахимаар Л.Д-тай хийсэн гэрээгээ шүүгчийн туслах руу 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр явуулсантай танилцахад тус гэрээнд Л.Д-ын гарын үсэг зурагдаагүй, хүчин төгөлдөр бус гэрээг явуулж шүүхийн байгууллагыг дорд үзэж, үл хүндэтгэсэн.

Тэгээд бас болоогүй 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх бүтэн нэг сар хоёр хоногийн туршид өмгөөлөгч Бат-Ерөөлт нь нэг ч удаа шүүх дээр ирж хавтаст хэрэгтэй танилцаагүйг улсын яллагч прокурор Л хурал дээрээ дурьдсан. Ингэж өмгөөлөгчийг тангарагтаа үнэнч байж чаддаггүй, ёс зүйгүй, шүүхийн үл хүндэтгэсэн, хуулийг улаараа гишгэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан өмгөөлөгч нарт Д.А шүүгчид гомдол гаргаад байхад ямар ч арга хэмжээ авалгүй зүгээр өнгөрөөсөн.

Аргагүй л шүүгдэгч өөрт таарсан худалч өмгөөлөгчдийг л сонгох юм даа. Үнэхээр хохирогч миний тайлбарын үе болгон үнэн хэлээд байна уу, эсвэл гэмт хэрэгтэн Л.Д нь гомдолдоо бодит үнэнийг тусгаад байна уу? гэдгийн эргэлзээг хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн та нар хавтаст хэргээс харж шалгаж болно.

Л.Д нь “Мөн намайг, яллагч Л, өмгөөлөгч Сарантуул нар нь Ц.Э-гийн гэрч гэх П.З-Э нар нь маш их дорд үзэн үг хэлүүлэхгүй байх шинжтэй байсан гэжээ. Хэрэв ярьж эхэлсэн бол өгүүлбэрээ дуусгах хэрэгтэй. Дээрх 3 хүн нь тус бүрдээ Л.Д-ын яг яаж, ямар үг, үйлдлээрээ, хэзээ ямар байдлаар дорд үзэж үг хэлүүлээгүй гэдгээ маш тодорхой, нотлох баримттайгаар тусгаж бичээгүйгээс харахад илтэд худал зүйл ярьж огт болоогүй зүйлийг болсон болгож гүтгэн гүжирдэж байгаад хохирогч би маш их гомдолтой байна. Шүүх хуралдааны бичлэг болон тэмдэглэлд нь тийм зүйл огтоос болоогүйг баттайгаар гэрчилж байгаа.

Цаашид Д нь “Би хүн зодох нь байтугай, хараал ч хэлдэггүй, архи дарс ч хэрэглэдэггүй хүн” гэжээ. 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Л.Д нь охин бид хоёрт гар хүрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцад “та нар ингээд байх юм бол, би хэдэн ч хүн авчраад та нарыг яавал яаж ч чадна шүү” гэсэн сүрдүүлгийг нь бичсэн дуу бичлэгтэй сиди хуурцаг болох нотлох баримт дээр охиныг минь “гудамжны янхан авгай шиг хувцасладаг, охин бид хоёрыг элий балай, хоёр нүүртэй, арчаагүй, эхийгээ дуурайсан эргүү балай амьтан” гэх мэтчилэн янз янзын хараалын ёс зүйгүй муухай үгнүүдээр доромжилж байсан нь бичигдсэн. Хавтаст хэрэгт хавсрагдаж орсон байгаа шинжилж болно.

Түүнчлэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 750 мл-ийн шилтэй Домч бор архийг шилнээс нь ууж дуусгасны дараа Улаанбаатар хотын хүүхдийн Урлан бүтээх төвийн урд талбайд Д нь согтуураад агсарч архины шилээ хагалан үзүүртэй ёрзгор хэсгээр нь зэвсгээ болгож охин бид хоёрыг “Алнаа, та хоёрыг” гэж дайрч, араас хөөж сүрдүүлж айлгасан. Тус хагарсан шилний зураг гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргагдаж орсон төдийгүй шал согтуу Д-ыг 2 цагдаа ирж албадан авч явах арга байхгүй нэмэлт хүчин дайчлан согтуугаар агсам тавьж байсан Д-ыг 4 цагдаа хүч нийлүүлэн арай гэж эрүүлжүүлэх байр луу авч явсныг тухайн хавтаст хэрэгт тусгагдсан байгаа. Энэ мэтчилэн хавтаст хэргүүдээс уншаад олоод харчих нотлох баримттай үйл явдлуудыг санаатайгаар нуун дарагдуулж ор үндэсгүйгээр илтэд худлаагаасаа зохиож, ярьж шүүхийг төөрөлдүүлэх гэж байгаад маш их гомдолтой байна. Гомдлын хоёрдугаар хуудсан дээр миний охин З-Э талаар түүнийг гүжирдэн гүтгэж охин маань намайг зодож дарамталж, бид хоёрыг гэрээс хөөсөн, 20,000 доллар Д охинд минь өгсөн гэх зэргээр миний охины эсрэг худал хэлж хэрээс хэтэрч байна. Нотлох баримтад тулгуурлахгүйгээр ингэж охиныг минь гүтгэн гүжирдэж доромжилж байгаа асуудлыг шинжлэн судлуулж гүтгэсэн өгүүлбэр болгоных нь нотолгоог шаардаж байна.

Түүнчлэн охиныг минь “согтуугаар машин жолоодож, 2,500,000 төгрөгийн дэвсгэр алга болсон гээд замын цагдааг гүтгэж шүүхэд өгсөн” гэжээ. Мөн намайг дүү, охин хоёрынхоо нэр дээр орон сууц шилжүүлсэн гэх иргэний хэргийн эд хөрөнгийн маргааны асуудлыг гомдолдоо дурьджээ. Аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхэд хэргийн хүрээнд л гомдол тайлбар мэдүүлгийг авч үздэг хуультай. Гэтэл Д-ын гомдлоос харахад 2022 онд 6 гэр бүлийн хүчирхийллийн үйлдлээр гэм буруутай нь нотлогдоод байхад яг хэргийн хүрээнд 6 гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн эсрэг ямар ч зүйл бичсэнгүй.

Үнэхээр иргэний ч байна уу, эрүүгийн ч байна уу, аль ч хэргийн шүүх хурал дээрээ хэрэгт огт хамааралгүй, ямар ч ач холбогдолгүй зүйл ярьж хэргүүдийг хооронд нь хутгаж, өөрийгөө хамгаалж хаацайлах гэсэн оролдлого нь өөрийнх нь барьцаа арга заль юм. Энэ хэрэгт ямар ч хамаагүй гэлээ, зөвхөн үнэн шударга зүйлийг эрхэмлэдэг хүний хувьд би тайлбарлая “Охин минь ер архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, гэтэл 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө ханиад хүрэхэд өвдөж хоолой нь сөөсөн хирнээ найзыгаа машинаар хүргэж өгөх замд М гэгч замын цагдаа зохицуулагч зогсоож эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж “эгчээ би таныг өвдсөнийг хоолой сөөснийг харж байна, би маргааш Эбайцаагчид хэлчихнэ, харин та машинаа журмын хашаанд хонуулаад маргааш 1 хоногийн хонуулсны төлбөрөө төлөөд зөвшөөрлөө аваад л машинаа эргүүлж авч болно, ачдаг машин дуудаад ирчихсэн болохоор хоосон буцааж болдоггүй юм” гээд охиноос минь гуйгаад зогсож байхад би охиныхоо дэргэд зогсож байсны хувьд гэрчилнэ.

Гэтэл энэ зөрчилтэй явдлаас болж машиныг цоожлуулаагүй, машин яарч ачиж явсны улмаас арын багажинд байсан 2,500,000 төгрөгийн биш, 200,000 төгрөгийн шалавч хулгайлагдсан. Охин минь тухайн үеэс 1,5 жил шахам эрүүгийн, иргэний шүүхээр ганцаараа үнэний төлөө гомдол, нэхэмжлэл гаргаад хөөцөлдсөн боловч өнөөдөр ямар шүүх цагдаагийн байгууллага яаж буруутайд тооцож чадах билээ? Иймдээ ч хүчин мөхсөдөж үнэнийг ганцаараа тогтоолгож чадаагүй, архи уугаагүй нотлогдож 200,000 төгрөгийн шалавчийг хулгайд алдсаныхаа хохирлыг барагдуулж чадаагүй. Охины минь хувийн байдал, охины минь амьдрал өнөөдөр Л.Д-ад холбогдох гэр бүлийн хүчирхийллийн эрүүгийн хэрэгт ямар ч хамаагүй болно. Түүнчлэн төрсөн дүүгийн минь контейнерын хүмүүст даалгаж хулгай хийлгүүлчхээд яаж ичихгүй цагдаагаар шалгуулж 2 жил шахам болж байж миний контейнер болох нь тогтоогдсон гэж хэлж байна. Энэ контейнерын өмчлөхийн асуудлыг тогтоох шүүх хурал болоогүй байтал минийх гэж тогтоосон гэж Д худал ярьж эрүүгийн хэрэг давж заалдах шатны бүрэлдэхүүнүүдийг төөрөгдөлд оруулж гэмт хэрэг үйлдэж байна гэж үзэж байна.

Э нь гэр бүлийн гишүүд буюу тэр бид хоёрын дундын өмч болох 3 өрөө орон сууцыг намайг гэр бүлийн хүчирхийлэгч гээд шалгуулж байх үед охин П.З-Э, дүү Ц.А-Э нарынхаа нэр дээр шилжүүлсэн байсан гэжээ.

Иргэний хэргийн асуудлыг иргэний асуудлаараа л шийдэгдэнэ. Үүнийг би бичих шаардлагагүйг хуульч шүүгч та бүхэн мэдэж байгаа. Харин өөрөө шударга хүн гэж харагдах уу ...ингэж ярьж байгаа хүн, миний бие өмгөөлөгчгүй шүүх хурал эхлэхэд яллах дүгнэлтийг эсэргүүцэж бичсэн зүйлээ шүүгчид өгсөн. Тэд бас зарим зүйлийг илүү тодорхой бичсэн байгаа гэжээ. Үүнийг надад шүүх хурлын үеэр ер танилцуулаагүй. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Мөн хэргийн материалд зарим нэг хөндлөнгийн 4 гэрчийн мэдүүлгүүдийг анхаарч үзээгүй байна гэв. Ямар хэн гэгч гэрчийн мэдүүлгийг вэ. Иймд үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг минь хязгаарласан тул энэ шүүх хурлаас гаргасан шийтгэх тогтоосныг хүчингүй болгоно уу. Мөн давж заалдах шатны шүүх хуралд 2 өмгөөлөгчийн хамт орох хүсэлтэй байгааг минь анхаарна уу гэжээ.

Эрхийг нь хязгаарлаагүй. Харин ч дэндүү их эрхийг нь эдлүүлсэн. Хуульч өмгөөлөгч нь өөрсдөө тангараг өргөсөн хүмүүс байна. Шүүх хуралд саад болж ирэхгүй байгаа асуудалд нь хариуцлага тооцоогүй. Би удаа дараа энэ талаар шүүхэд хүсэлт гомдол гаргаж байсан. Дээрх Д-ын хэмжээлшгүй эрх эдэлж байсан нь миний шүүхэд итгэх итгэлд эргэлзээ төрж байсныг би нуухгүй. Шүүгчийг хууль чиглүүлнэ, хуулийг шударга ёс чиглүүлнэ гэсэн шүүхэд байсан плакатыг би уншиж байсан. Гэтэл шүүгч хуулиа яг баримталдаггүй, ер нь бол тухайн шүүгчийн үзэмж байна гэж бодсон. Иймд Д-ын Эрүүгийн хэрэг анхан шатны тогтоолыг хэвээр үлдээж шударга ёсыг бататгаж өгнө үү…” гэжээ. 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Д тайлбартаа: Би гомдолтой байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч миний сонгон авсан хоёр өмгөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг шийдсэн. Шүүх хуралдаанд мэтгэлцээн явагдаагүй. Би хоёр өмгөөлөгчийн хамт хуралдаанд оролцоно гээд байхад өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж явуулан эрхийг минь зөрчсөнд гомдолтой байна... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг тайлбартаа: ... Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тайлбартаа: ... Анхан шатны шүүх шүүгдэгчийн  өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Л.Э тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зөрчөөгүй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Д-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Э-г 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр “Таван-Эрдэнэ” захын ойролцоо ...машинаас чирж гаргах, цээж рүү нь цохих зэргээр зодсон,

 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Хүүхдийн урлан бүтээх төвийн ойролцоо архины шил барьж хагалан ална гэж айлган догшин авирласан,

2022 оны 04 дүгээр сарын сүүлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 00 тоот гэртээ эхнэр Ц.Э-г “гаржийн түлхүүр өг” гэж маргалдан хананд шахаж хоолойг нь боож биед нь халдан зодсон,

2022 оны 07 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 00 тоот гэртээ “охиндоо чи миний талаар ямар нэгэн зүйл ярьсан уу, зодож зовоож байсныг хэлээгүй биз дээ, хэлээд үзээрэй” гэж эхнэр Ц.Эг сүрдүүлэн бие засах өрөөнөөс чирж гарган догшин авирласан,

 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 00тоот гэртээ эхнэр Ц.Этэй маргалдаж, зүүн гарын сарвууг гэмтээн зодсон,

2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 00 тоот гэртээ “жорлон засаад өг, бөглөрсөн байна...” гэснээс болж маргалдан эхнэр Ц.Э-г заамдаж шахан хоолойг нь боон биед нь халдан зодсон,

2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 00 тоот гэртээ эхнэр Ц.Э-тэй маргалдаж, устай сав шидэж хөлийг нь цохиж байнгын шинжтэй үйлдлээр догшин авирлан, зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх  Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар  шүүгдэгч Л.Д-ын 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 00 тоот гэртээ эхнэр Ц.Э-тэй маргалдаж, устай сав шидэж хөлийг нь цохисон  үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч  Л.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, догшин авирласан гэмт хэргийг ахмад настны эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  10  сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байна.

Шүүгдэгч Л.Д ...Би гэмт хэрэг үйлдээгүй, миний үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг минь зөрчиж өмгөөлүүлэх эрхээр хангахгүйгээр анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Д-ын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цагаас хийхээр товлон зарласан байна.

2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Д-аас өмгөөлөгч нэмж оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг хүртэл хойшлуулжээ.

Мөн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Д ... өмгөөлөгч  Б.Бат-Ерөөлтийг нэмж өмгөөлөгчөөр сонгон авсан. Хуралдаанд хоёр өмгөөлөгчийн хамт оролцоно ... гэсэн,  түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт ... хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү ... гэсэн хүсэлтийг тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг хүртэл хойшлуулсан байна.

Харин 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд ирүүлсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн ... шүүх хуралдаан давхцаж байгаа тул хуралдааныг хойшлуулж өгнө үү ... гэсэн хүсэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн ... эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул хуралдааныг хойшлуулж өгнө үү ... гэсэн хүсэлтийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна ... гэж дүгнэн, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэжээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ... шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно ... гэж заасан байна.

Мөн шүүгдэгч Л.Д нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцох талаарх санал, хүсэлтийг удаа дараа гаргаснаас гадна өөрийгөө өмгөөлж оролцох тухай бичгээр хүсэлт гаргаагүй байхад анхан шатны шүүх түүний өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчжээ.

Түүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч Л.Д-ын сонгон авсан хоёр өмгөөлөгчийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байх ба тэдгээрийн хэн аль нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахад ямар байдлаар санаатайгаар саад учруулсан талаар шийтгэх тогтоолд тодорхой тусгаагүй байна.

Шүүгдэгч Л.Д-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “... өмнөх шүүх хуралдаан үргэлжилж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг, шүүх хуралдааны товын хамт анхан шатны шүүхэд ирүүлсэн байх боловч 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дуусаагүй байгаа талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзэх үндэслэлд хамаарч болох боловч харин өмгөөлөгч Д.Оюунчимэг нь шүүх хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлтийг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаарх нотлох баримтын хамт ирүүлсэн атал түүний хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцож нотлох баримт шинжлэн судлах, шүүх хуралдааны явцад гарсан асуудлаар хүсэлт гаргах, шүүгдэгчийг цагаатгах, түүний хариуцлагыг хөнгөрүүлэх байдлаар дүгнэлт гаргана ... гэсэн өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн гэм буруугийн шүүх хуралдааныг явуулж шүүгдэгч Л.Дын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсний дараа хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг хүртэл 5 хоног завсарлуулсан боловч шүүх хуралдааны товыг түүний өмгөөлөгч нарт мэдэгдээгүй байгааг дурьдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул хэргийн үйл баримт болон шүүгдэгч Л.Д-ын давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Л.Д-ын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Л.Дад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгасугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.


 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                   С.ЦЭЦЭГМАА