2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/05005

 

 

 

 

 


2025 06 10 192/ШШ2025/05005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,** дүгээр хороо, Хангайн **Б гудамж, * тоот хаягт оршин суух, Ж овогт Б-н Б /рд:************/

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ** дүгээр хороо, Хангайн **Б гудамж, * тоот хаягт оршин суух, Б овогт Б-н М /рд:******1/

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ** дүгээр хороо, Хангайн **Б гудамж, * тоот хаягт оршин суух, Ж овогт Б-н С /рд:**********6/

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ** дүгээр хороо, Хангайн**Б гудамж, * тоот хаягт оршин суух, Ж овогт Б-н Б /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дүгээр хороо, Хангайн **Б гудамж, ** тоот хаягт оршин суух, С овогт Д Д**** /рд:***********/

Нэхэмжлэлийн шаардлага: Хувийн сууц, газрыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгож, хуваах

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.М, Б.С, Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Б нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б, Д.Д нар 2001 онд гэр бүл болон хамтран амьдарч дундаас нь 2002.10.10-ны өдөр охин Б.М, 2005.04.23-ны өдөр үү Б.Б, 2006.07.15-ны өдөр охин Б.С нар тус тус төрсөн. Одоо охин М 22, хүү Б 19, охин С18 настай. Хүүхдүүд бүгд Д-н төрсөн хүүхдүүд, үүнд маргаан байхгүй. Б БНСУ-руу ажиллахаар 2015 онд явсан ба энэ хугацаанд Д, Б нар хамтран амьдрах боломжгүй болж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. Том охин Маралмаа ээж Б, дүү Б, охин С нар аав Дашдаваагийн асрамжинд үлдсэн. Д, Б нар хамтран амьдрах хугацаандаа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Хангайн **-р гудамж, Б-н ** тоотод байршилтай монсарттай 2 давхар 80 орчим м.кв талбай бүхий байшин мөн 0.07 м.кв талбай бүхий газрыг бусаас худалдан авч гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн нэг хөрөнгөө бий болгож байсан. Энэхүү хашаа байшин, газрыг худалдан авахад ээж Б 2013 онд Улаанбаатар банкнаас цалингийн зээл авч, үлдсэн мөнгийг нь өөрсдийн өмчлөлийн автомашиныг худалдан борлуулсан мөнгөө нэмж авсан. Хэдийгээр Д-н асрамжид хүү Б, охин С нар үлдсэн хэдий ч ажилдаа явахаараа хүүхдүүдийнхээ хоол, хүнсийг хөргөгч, хөлдөөгчийндөө хийгээд цоожилдог, плитка түгжээд аваад явдаг төдийгүй гэрээ түгжиж түлхүүрээ аваад ажилдаа явдаг, тог их гарлаа гээд хичээл хийлгэдэггүй, хүүхдүүд аав Дашдаваагаа ажлаас иртэл нь гадаа хүлээгээд байж байдаг Зөрчлийн хууль гарахаас өмнө хүүхдүүдээ зодож, гадаа хэд хоногоор ч хамаагүй байлгадаг, хүүхдүүд нь нохойны үүр, хашаа, амбаар, байшингийн дээвэр дээр хонодог байсан. -д зодуулсан шарх одоо ч хүүхдүүдийн биед байдаг. Энэ мэтээр бид аавтайгаа өдөр хоногийг өнгөрүүлж ирсэн. Аав Д-г байхгүй хойгуур л хоол унд хийж иддэг, ирэхээс нь өмнө хоолны үнэрээ дарж арц, хүж асаадаг байсан. Ийм маягаар хүчирхийлэлд байсаар одоо хамгийн бага охин Сансармаа 18 нас хүрсэн. Том охин М дүү нараасаа тусдаа хэдий ч БНТурк улс руу 1 жил ажиллаж, суралцаад ирсэн ба Улаанбаатар хотод суралцахаар ирэхэд гэртээ байлгадаггүй, хөөж туудаг байсан. Маралмаа Их сургуульд сурахад нь сургалтын төлбөр өгдөггүй сургуулийнхаа төлбөрийн оронд байрны урьдчилгаа хий, аавдаа өг гэдэг байсан ч М зөрсөөр сургуульд суралцаж байсан. Хүүхдүүдийнхээ ахуйн хэрэглээ, хоол, хүнс, хувцас хэрэглээний асуудлуудыг ээж Булганчимэг БНСУ-аас шийдэж өгдөг байсан. Ээж Б-н өгсөн мөнгийг хүүхдүүдэд зориулахгүй байхаар нь Б хүүхдүүд рүүгээ мөнгө шилжүүлдэг болсон. Д ээж Б-г мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зоддог, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг, 2022 оны 9 сараас А гэх хүнийг гэртээ авч ирдэг болсон ба энэ хүнийг унтаж байхад нь хүүхдүүд нь хөдлөх эрх байхгүй, хүү Б-г Цэ Энд Цэ гэдэг бэлтгэлийн цехэд, охин С-г Шөлөндөө-д өдөр шөнөгүй ажиллуулж цалингаас нь тог, цахилгаан, бусад зүйлийн зарлагыг суутгаж авдаг байсан. Цалин буусан өдөр дэлгүүрээс тор дүүрэн юм авчхаад аав нь машиндаа ороод сууж байя гээд гараад явдаг, тооцоог нь цалингаа авсан насанд хүрээгүй хүүхдүүд нь хийдэг, охидуудын сарын тэмдэг ирэхэд яасан их ирдгийн юм хавчуулаад яв гэдэг, тог их гарна гээд аавын хувцсыг бүлээн усаар өөрсдийн хувцсыг хүйтэн усаар угаадаг, насанд хүрээгүй С ажил хийгээд бонус цалингаа аваад үрсний төлөө гэрээсээ хөөгдөж эгч дээрээ очиж амьдраад гэртээ ирэхэд Алтанцэцэг гэдэг хүүхнээ аваад гэрт очсон байсан. Тэр ч бүү хил Бодьтөгөлдөрийг насанд хүрээгүй байхад ажил хийсэн цалингаар /2022/ онд машин авчихаад буцаагаад зарсан. Хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй. Бид маш их өлсдөг байсан учраас Бодьтөгөлдөр хүний зарж байсан номыг аваад зарж хоолоо олж иддэг байсан удаа ч бий. Маралмаа, Бодьтөгөлдөр, Сансармаа нар аавын хайр халамжийг үзээгүй гэхэд хилсдэхгүй, үнэхээр хүчирхийлэлд байсан нь үнэн. Энэ тухайгаа ээж Б-т санааг нь зовоохгүй гээд хэлдэггүй байсан. Явснаасаа хойш ч хүүхдүүд бид нарыг холбогдох гэрээр утасны цаанаас дууг маань таньчихаас утсаа блоклодог. 2023 оны 10 сараас Д гэрээсээ явсан, явахдаа гэрээс хүнд хэрэгтэй бүх зүйлийг /буйдан, хивс, хөнжил гудас, газын плитк, зэс халбага сэрээ, тогоо, шанага, мөнгөн аяга, цагаан хэрэглэл, орны бүтээлгэ, чемодан/ авч явсан. М, Б нар одоо насанд хүрсэн, Сансармааг 18 насанд хүрэхээр нь гэрээс хөөж явуулна шүү гэж хэлээд явсан. Д-г хэзээ ирж биднийг хөөж явуулах бол гэж өдөр бүр түгшүүртэй амьдардаг болсон. 2023 оны 10 сараас хойш ирээгүй. Б, С нар 12-р ангиа 2024 онд төгсөж их дээд сургуульд элсэн орсон. Бид хамтдаа УБ, Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 69-р гудамж, Б-н 8 тоотод хашаандаа амьдардаг байсан. Энэхүү хашаа байшин, газар нь Дашдаваа, Б нарыг 2020 онд гэр бүлээ цуцлуулахаас өмнө бий болсон гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч юм. Энэхүү байшин маань 2 давхар, мансардтай, гал тогтоо тусдаа, 3 өрөө, хашаандаа 2 машины багтаамжтай, 2 том амбаартай, 3 тал блокон хашаатай, нам даралт, цахилгаан холболттой. Дэд бүтэц сайтай. Дашдаваа бидний амьдарч байгаа хашаа байшинг зарах гээд явж байгаа талаар сонссон. Эрх хамтран өмчлөх эд хөрөнгө болох байшин, газрыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ Д-н нэр дээр дангаар байдаг. Анх улсын бүртгэлд бүртгүүлэхдээ -н нэрээр авч байсан. Бичиг баримт нь бүгд Дашдаваа гэх хүнээр байгаа бөгөөд өөрийн гэсэн баримт бичиг бүх зүйлээ машиндаа хадгалдаг байх гэж боддог. Бид машинд ч гар хүрэх эрх байхгүй. Машинд нь байсан нэг бохийг аваад зажлахад загнуулдаг. 2020 онд гэрлэлтээ цуцлуулахдаа тухайн үедээ эд хөрөнгийн маргаангүй гэж байсан учир Д, Б-н хойноос БНС Улс руу амьдралаа бодож, гэм зэмээ ухаарч явна гэж байсан учир тийнхүү эд хөрөнгийн маргаангүй гэж хэлж байсан. Тэгээд нэг их удалгүй Алтанцэцэг гэх хүний хамтран амьдарсан байна. Одоо Д-н охин М, хүү Б, охин С нар М-н охин 6 сартай охины хамт амьдарч байгаа бөгөөд Маралмаа хүүхдээ асарч гэртээ, хүү Бодьтөгөлдөр Хөдөө Аж Ахуйн Их Сургууль-ийн Хүний нөөцийн менежер-ийн анги, охин С МУБИС-ийн Нийгмийн ухааны багш-ийн ангид 2024-2025 оны хичээлийн жилд тус тус элссэн. УБ, Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 69-р гудамж, Б-н ** тоот хашаа байшин аав Д, ээж Булганчимэг, охин Б.М, хүү Б, охин Б.С нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч мөн бөгөөд нэхэмжлэгчид бид УБ, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Хангайн **-р гудамж, Б-н ** тоот хашаа байшингаа одоогийн зах зээлийн ханш 87,822,103 төгрөгөөр тооцож, хариуцагчид 17,564,420 төгрөгийг өгч, өөрсдийн мэдэлд хувийн сууц, газраа үлдээх хүсэлтэй байна гэжээ.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйл хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 65.1.6-т заасан үндэслэл бүрдсэн. Нэхэмжлэлийн үндэслэл үйл баримтын талаар өмнө нь талуудын гэрлэлт цуцлах маргааныг шийдвэрлэхдээ гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэж дүгнэсэн нь энэ асуудлыг өмнө нь шийдсэн гэж үзнэ. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор нэг асуудлыг хоёр шийддэггүй. Гэрлэгч нар тухайн үедээ гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэдэг агуулгатай байдлаар эд хөрөнгөтэй маргалдахгүй ямар нэгэн байдлаар хожим энэ тухай нэхэмжлэл гаргах эрхгүй болж байгаагаа мэдэж байсан. Тухайн үедээ аль аль нь төлөөлөгч, өмгөөлөгчтэй, өмгөөлөгчөөс туслалцаа авч энэ асуудлаа шийдвэрлүүлсэн. Хоёрдугаарт, 2019 онд Б.Б нь Д.Д-д холбогдуулаад гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байдаг. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгагдсанаар тухайн үед гэрлэгч аль аль нь тусдаа амьдрал зохиосон, тус тусдаа амьдралтай болсон гэдэг агуулгатай баримтыг илэрхийлсэн. 2019 оны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэр бүлийн дунд гэрлэлт цуцлалтаас үүдэлтэй гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуваах тухай хуулийн зохицуулалтыг УДШ-ээс тайлбарласан тайлбар, зөвлөмж, тогтоолууд бий. Улсын дээд шүүхийн 2017.12.25-ны өдрийн 3 дугаартай зөвлөмж гэр бүлийн гишүүний гэрлэлт цуцлалтаас үүдэлтэй гэр бүлийн гишүүнд оногдох гэр бүлийн дундын хөрөнгийг хуваахдаа анхаарах асуудал дээр нь эд хөрөнгө хуваахтай холбогдолтой асуудал, хүүхдүүд эцэг эхийн нэгэн адил өмчлөх эрх эдлэхгүй гэдэг агуулгатай зохицуулалтыг оруулж өгсөн байдаг. Хүүхдүүд эцэг эхийн нэгэн адил эд хөрөнгө хуваах процесст оролцохгүй, өмчлөх эрх эдлэхгүй гэдэг байдлаар тайлбарласан. Ийм тайлбар байгаа учраас хүүхдүүд гэр бүлийн дунд эд хөрөнгө хуваахтай холбогдолтой асуудалд оролцохгүй. Харин эд хөрөнгө хуваахад хүүхдийн эрх ашиг сонирхлыг харгалзана. Гуравдугаарт, гэрлэгчид 2013 оноос тусдаа амьдарч эхэлсэн ч 2019 онд гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүлийн тухай хууль, Иргэний хуульд гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуваахдаа гэр бүлийн гишүүдийн оруулсан оролцоо хувь нэмрийг харгалзаад оногдох хэсгийг багасгахад юу ч оногдуулахгүй байх боломжтой хуулийн зохицуулалт бий. 2013 оноос тусдаа амьдраад эхэлчихсэн. Энэ байр 2018 оноос хойш баригдаад, 2021 онд гэрчилгээ гарсан. Өмчлөгчдийн гэрчилгээ буюу улсын бүртгэлээс ирсэн. Хамааралгүй буюу харилцаагүй болчихсон цаг хугацаандаа бий болгож, барьж байгуулсан орон сууц юм. Д-н эхнэрийн хувьд 2015 оноос БНСУ руу явсан гэдэг агуулгыг илэрхийлдэг. 2015 оноос солонгос явсантай холбогдуулаад М буюу том охины хувьд ээжийнхээ нагац эгчийндээ байсан. Нэгэнт ээж нь 2015 оноос солонгост амьдраад эхэлсэн учраас Д хүүхдүүдийг өөрийн асрамждаа аваад насанд хүртэл нь хамт амьдарцгаасан. Насанд хүрснээс нь хойш хаяж явсан гэдэг асуудлууд ярьж байх шиг байна. Миний үйлчлүүлэгчийн надад өгч байгаа мэдээллээр хүүхдүүд шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр хүнд түвшний хүчирхийлэлд өртдөг байсан агуулгатай зүйлийг томьёолж бичсэн байна. Д-н хувьд хүүхдүүдийг насанд хүртэл нь харж хандаад халамжлаад явсан. Аавтайгаа бас хүнлэг бус харьцдаг. Өдөр тутамдаа цагдаагийн байгууллага 102-т дуудлага мэдээлэл өгдөг. Тэр болгонд нь маргалдаад байх хэцүү. Тусдаа гэр бүлийн харилцаа үүсгээд явсан. Тэндээсээ нэг хүүхэдтэй. Тэр эмэгтэйтэйгээ, хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байсан. Тэр эмэгтэйнх нь хувцас хунарыг нэхэмжлэгч нар буюу хүүхдүүд гаргаж хаядаг, овоолж үүдэнд тавьдаг, хөөдөг туудаг, харааж ерөөдөг гэх мэт харилцаа гаргадаг байсан. Тэгээд болохгүй болохоор нь явсан. Хариуцагч 1,500,000 төгрөгийн цалинтай жолоочийн ажил хийгээд сүүлийн эхнэрээс гарсан нэг бага насны хүүхэдтэй. Ахад нь босгох өөр амьдрах орчин шийдэх боломж бололцоо байхгүй. Хүний ёсноос гажууд үйлдэл гаргаад хүүхдүүдтэйгээ байр савтай маргалдаад байгаа асуудал байхгүй гэж хэлсэн. Тийм учраас үйл баримтын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, оршин суугаа хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.23-ны өдрийн 00004 дугаар шийдвэр, Худалдаа хөгжлийн банкны зээлийн дансны хуулга, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

4. Хариуцагчаас хариу тайлбар, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа,

5. Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.11.12-ны өдрийн 5/1**** тоот албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2010.07.08-ны өдрийн 463 дугаар захирамж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, гэрчилгээ, А ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

Зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Б, Б.М, Б.Б, Б.С нар нь хариуцагч Д.Д-д холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, ** хороо, Хангайн **б гудамж, * тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-**** дугаартай 697 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, тус хаягт байх улсын бүртгэлийн Ү-******* дугаар 81 м.кв хувийн сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгож, зах зээлийн үнэлгээг 87,822,103 төгрөгөөр тооцож, хариуцагчид 17,564,420 төгрөгийг өгч, өөрсдийн мэдэлд хувийн сууц, газраа үлдээх шаардлага гаргажээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлийг нэгдүгээрт, гэрлэлт цуцлах маргааныг шийдвэрлэхдээ дундын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэн, хуулийн 117 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно. Хоёрдугаарт, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсгийг шаардах эрх хүүхдүүдэд байхгүй. Гуравдугаарт, нэхэмжлэгч Б.Б, Д.Д нар 2013 оноос хойш тусдаа амьдарч байсан ба хариуцагч маргаан бүхий хөрөнгийг 2020, 2021 онд бий болгосон тул гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэхгүй гэжээ.

4. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Б.Б Д.Д нар нь 2001 оноос хамтран амьдарч 2006.10.31-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2002.10.10-ны өдөр охин Б.М, 2005.04.23-ны өдөр хүү Б.Б, 2006.07.15-ны өдөр охин Б.С нар төрсөн ба хариуцагч Д.Д-н хүүхдүүд мөн болох нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.23-ны өдрийн 184/ШШ2020/0**  дугаар шийдвэрт тогтоогджээ. /хэргийн 40-41 дүгээр тал/

4.2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.23-ны өдрийн 184/ШШ2020/***** дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б хариуцагч Д.Д нарын гэрлэлтийг цуцалж, охин Б.М-г эх Б.Б-н, хүү Б.Б, охин Б.С нарыг эцэг Д.Д-н асрамжид тус тус үлдээн шийдвэрлэсэн байна. /хэргийн 40-41 дүгээр тал/

4.3. Сонгинохайрхан дүүрэг, ** хороо, Хангайн **б гудамж, * тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201025455 дугаартай 697 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 2020.11.06-ны өдөр, тус хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201054450 дугаар 81 м.кв хувийн сууцыг 2021.06.18-ны хариуцагч Д.Дашдаваа өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлжээ. /хэргийн 64, 106 дугаар тал/

4.4. А ХХК-ийн 2025.01.31-ний өдрийн №ШД-425/911151 дугаар шинжээчийн дүгнэлтээр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, Хангайн **б гудамж, * тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-********** дугаартай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201054450 дугаартай, хувийн сууцны зах зээлийн үнэлгээг 87,822,103 төгрөгөөр тогтоосон байна. /хэргийн 78-97 дугаар тал/

5. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, 3.1.2-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, 3.1.3-т гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг хэлэх ба мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулна гэжээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийг гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө болохоор заасан.

Энэ хэргийн тохиолдолд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Д.Д нар 2006 оноос хойш хамтын амьдралтай байж, гэрлэлтээ бүртгүүлсэн боловч 2019.12.23-ны өдөр гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулжээ. Эндээс маргаан бүхий хөрөнгө гэрлэлтийн хугацаанд бий болсон нөхцөлд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн талаарх зохицуулалт хамаарах нь.

Хариуцагч Д.Дашдаваа маргаан бүхий хувийн сууц, газрын өмчлөгч 2020.11.06 болон 2021.06.18-ны өдөр болсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.-с гэрлэлтээ цуцлуулснаас хойш маргаан бүхий хөрөнгийг бий болгосон байх тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй.

6. Нөгөө талаар Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д аливаа дундын өмчлөлийн эрх зүйн үндэслэлийг хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан.

Хуульд зааснаар гэдэг нь дээр дурдсан гэрлэлтийн үндсэн дээр үүссэн гэр бүлийн дундын өмчлөлийн эрхэд хамаардаг бол харин гэрлэлтээ бүртгүүлээгүй, эсвэл гэрлэлт цуцалсан ч хамтын амьдралтай байсан хамтран амьдрагчийн дундын өмчлөлийн эрх нь хэлцлийн үндсэн дээр үүсэх боломжтой. Тодруулбал хамтран амьдрагчид нь дундын өмчлөлийн хөрөнгийн асуудлыг Иргэний хуулийн бусад зохицуулалтаар, эсхүл өөр хуулийн үндэслэлээр үүсгэх боломжтой.

Нэхэмжлэгч Б.С, Б.М, Б.Б нарын шүүх хуралдаан дээр гаргасан . . . аав, ээж хоёр маань гэрлэлтээ үнэн санаанаасаа цуцлуулаагүй, 2022 он хүртэл буюу аавыг өөр эхнэртэй болох хүртэл харилцаатай байж, уг байшин /хувийн сууц/-ийг барихад ээж мөнгө явуулдаг байсан . . . гэх тайлбар үнэн зөв бол нэхэмжлэгч нар маргаан бүхий хөрөнгийг бий болгоход өөрийн хувь оролцоог оруулсан гэдгээ нотлох байжээ.

Хэрэгт Б.Б 2013.09.11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2014.04.21-ний өдөр 8,200,000 төгрөгийн зээл авсан хэмээн банк дахь харилцах дансны хуулга гаргаж өгсөн боловч маргаан бүхий хөрөнгийг бий болгоход оролцсон гэж үзэхэд цаг хугацаа, учир зүйн хувьд боломжгүй байна. Иймээс нэхэмжлэгч нар хөрөнгийг бий болоход тодорхой хувь хөрөнгө оруулсан болох нь тогтоогдоогүй тул тэдгээрийг дундаа хэсгээр өмчлөгч гэж үзэхгүй.

7. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан үндэслэл бүрдээгүй тул нэхэмжлэгч Б.Булганчимэг, Б.М, Б.Б, Б.С нараас хариуцагч Д.Д-д холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, ** хороо, Хангайн **б гудамж, * тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г********* дугаартай 697 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, тус хаягт байх улсын бүртгэлийн Ү-2201054450 дугаар 81 м.кв хувийн сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгож, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 87,822,103 төгрөгөөр тооцож, хариуцагчид 17,564,420 төгрөгийг өгч, өөрсдийн мэдэлд хувийн сууц, газраа үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан үндэслэл бүрдээгүй тул нэхэмжлэгч Б.Булганчимэг, Б.М, Б.Б Б.С нараас хариуцагч Д.Дашдаваад холбогдуулан гаргасан хувийн сууц, газрыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгож, хөрөнгийг хуваах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН