Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00452

 

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00453

 

 

А.А-, Д.Э- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/02845 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.А-, Д.Э- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Р холбогдох барьцаа 550,000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Н.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр О.Р-тай түрээсийн гэрээ байгуулж А.А- нь 1,650,000 төгрөгийг, Д.Э- нь барьцаа 550,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн. Орон сууцыг түрээсэлж байх хугацаандаа төлбөрийг бүрэн төлсөн. Түрээсийн гэрээг дуусгавар болгох талаар 20 хоногийн өмнө мэдэгдэж түрээсийн хугацаа дуусахаас өмнө орон сууцыг суллаж өгсөн. Гэвч барьцаа төлбөр 550,000 төгрөгийг өгөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: А.А-ыг танихгүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр А.А- болон Д.Э- нартай орон сууц түрээслэх гэрээ байгуулж орон сууцны түрээсийн төлбөр аваагүй. 5017171642 тоот данс нь миний эзэмшлийн данс биш. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч О.Р-аас 550,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгож, нэхэмжлэлээс А.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 17,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Р-аас улсын тэмдэгтийн хураамжид 17,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй. Мөн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэргийн материал танилцуулаагүй шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгч хариуцагчийн давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

1.а Нэхэмжлэгч А.А-, Д.Э- нар хариуцагч О.Р холбогдуулан барьцаа 550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

1.б. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний дагуу барьцаа 550,000 төгрөгийг 5017171642 тоот дансанд шилжүүлсэн ... гэж, хариуцагч нь ...нэхэмжлэгч нартай орон сууц түрээслэх гэрээ байгуулаагүй, 5017171642 тоот данс нь миний эзэмшлийн данс биш... гэж маргасан байхад тухайн орон сууц нь хэний өмчлөлийн орон сууц болохыг, дансны эзэмшигч хэн болохыг тус тус тодруулаагүй атлаа зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

 

1.в. Мөн анхан шатны шүүх ...нэхэмжлэгч Д.Э- гэрээний хугацаа сунгах санал гаргасныг хариуцагч зөвшөөрч, хариуцагчийн заасан дансанд орон сууцны хэрэглээний зардал болон түрээсийн төлбөрийг шилжүүлсэн болон хариуцагч хүлээн авсан, гэрээ дуусгавар болсон талаар харилцсан... барьцаа нэг сарын хөлстэй тэнцэх төлбөр авсан болох нь утасны мессежээр харилцсан захидалд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон... гэж дүгнэсэн боловч doljoo bairnii ezen гэх фэйсбүүк хаягийг хариуцагч О.Р- эзэмшдэг эсэх нь тодорхойгүй, хариуцагчид 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үзлэг хийх ажиллагааны талаар мэдэгдсэн баримт байхгүй байна.

 

Дээрх байдлаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, зохигчдын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болох нь тодорхой бус байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/02845 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Н.БАТЗОРИГ