Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/729

 

 

 

 

 

 

    2024          06             25                                          2024/ДШМ/729                                                        

 

Ч.Г ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Л  /цахимаар/,

шүүгдэгч Ч.Г ,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Г ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2407 00043 0064 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ч.Г  нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөр шилжих шөнө 03 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 353 дугаар анги орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Ц тай “архи ууж, тээврийн хэрэгсэл барилаа” гэх шалтгаанаар маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, татаж унагаан нүүр хэсэгт гараараа цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Налайх, Багахангай дүүргийн прокуророос: Шүүгдэгч Ч.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-г 520 /таван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Г  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн ч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлуудыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж ялаас чөлөөлж албадлын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн  1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тусгай ангийн хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, тэнсэх, эрх хязгаарлах зэрэг хуулийн хариуцлага хүлээлгэх боломж байсан атал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсанд гомдол гаргаж байгаа болно. Нөгөөтээгүүр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар шүүхээс ял ногдуулах үндэслэл байсан юм болов уу гэж үзэж байна. Учир нь, миний үйлдэл холбогдолд хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал байгаагүй бөгөөд түүнийг нь миний хувьд ухамсарлан мэдсэн, ашигласан гэсэн нөхцөл байгаагүй юм. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт заасны дагуу оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү.

... Нийтэд тустай ажил хийвэл ажлаасаа гарах асуудал болох гээд байгаа юм. Миний бие ганцаараа 4 хүүхдээ тэжээдэг. Надад оногдуулсан ялыг мөнгөн хэлбэрээр эдлүүлэх боломж байдаг болов уу гээд давж заалдах гомдол гаргасан. ...” гэв.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгч Ч.Г  нь н.Ц тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь нотлогддог. Мөн тэрээр 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний шилжих шөнө түүний ажилладаг Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн орчимд хохирогч н.Ц  нь согтуурсан байдалтай тээврийн хэрэгсэл дотор сууж байх үед нь түүнийг тээврийн хэрэгслээс татаж унаган нүүр хэсэгт нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэж, мөн түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт нь шүүхэд үүрэг болгосон заалт биш эрх олгосон заалт юм. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Ч.Г  нь өмнө тухайн төрлийн гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих чадвартай, эрх зүйн бүрэн чадвартай этгээд байх ба хүний биед халдвал ямар эрүүгийн хариуцлага хүлээдэг талаар маш сайн мэдэх хүн байсан боловч өөрийн эхнэр болох н.Ц г үл ялих зүйлээр шалтаглаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Ч.Г ын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Г  нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөр шилжих шөнө 03 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 353 дугаар анги орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Ц тай “архи ууж, тээврийн хэрэгсэл барилаа” гэх шалтгаанаар маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, татаж унагаан нүүр хэсэгт гараараа цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл лавлагааны хуудас /хх-ийн 3 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 368 дугаартай Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-53 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 174 дугаартай Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 60-63 тал/,

гэрч Д.Л ийн: “...Удалгүй 30 орчим минутын дараа 3 бага хүүхдээ аваад хүрээд ирсэн. Том охиноо гэр рүүгээ явсан гэж хэлсэн. Манай гэрт эгч жаахан сууж байгаад нөхрөө авч харина гээд явсан. Тэгээд маргааш өглөө нь үүрээр хүргэн Г  руу залгахад “энийгээ ирж ав" гээд манай эгчийг хэлэхээр нь би лай гэж бодоод утсаа салгачихсан ...” гэх мэдүүлэг /хх 29-30 тал/,

     гэрч Э.Э ийн: “...Ц  намайг “гараад ир, би ангийн чинь гадаа
ирчихлээ" гэхээр нь би гараад очиход Ц  нэлээд согтуу байдалтай нэг том пиво
авчихсан, автомашинаа барьчихсан ирсэн. Тэгээд би “согтуу машин тэрэг барьж
болж байгаа юм уу” гэхэд “зүгээрээ” гэж байсан. Бид хоёр ойр зуурын юм ярилцаад
30 орчим минут болсон бөгөөд өөрсдийнхөө талаар их зүйл яриагүй. Г ыг
асуухаар нь би унтчихсан гэтэл "заза би Г г өглөө ирж авъя, эндээ унтаж байг”
гэж байсан. Тэгээд юм яриад сууж байтал автомашины цонхоор Г  тулаад ирж
байгаа харагдсан, тэгээд Ц гийн хаалгыг онгойлгонгуутаа “хар пизда чинь,
согтуу машин бариад байхдаа яадаг юм” гээд пивыг нь авч шидээд Ц г
автомашинаас шууд татаж унагаад нэг удаа цохиод автомашинаа бариад Ц г
надтай үлдээчхээд яваад өгсөн, би ч араас нь Г  чи Ц г аваад яваач дээ”
гээд орилоод үлдсэн. Г  ч тэр чигтээ давхиад явчихсан. Тэгээд би Ц г
хүргээд өгье гэхэд Ц  гэр рүүгээ явахгүй, Нисэхийн хороонд байдаг дүүгийндээ
оччихно гээд байхаар нь “би чамайг тийм хол хүргэж өгч чадахгүй” гээд өөрийнх нь
гэр рүү түшээд, сугадаад хүргэж өгсөн. Би Ц г хүргэж өгөх гэж нэлээд юм
болсон. Ц  нэлээд согтуу хөл дээрээ тогтох чадваргүй байсан учраас замдаа
бол олон халтирч унасан. Тэр болгонд нь сугадаад өргөөд босгоод аваад явсан.
Тэгээд гэрийнх нь яг хамар хашааны хажууд явж байтал Г  урдаас гарч ирээд
тосоод авахаар нь би эхнэрийг нь хүлээлгэж өгчхөөд Г ад “за за би явлаа шүү”
гээд ажил руугаа буцаад явсан...” гэх мэдүүлэг /хх 31-32 тал/,

     гэрч Г.Г ийн: “...гэртээ унтаж байхад аав, ээж хоёр маргалдаад орж ирсэн, тэгэхдээ ээжийн нүд хөхөрчихсөн байсан, намайг автомашинаасаа буулгахдаа бол зүгээр байсан. Тэгээд аав маргалдаж байгаад гараад явчихсан, ээж гэртээ үлдээд унтаад л байсан. ...Ээжийн нүдийг аав цохиод хөхрүүлчихсэн гэдгээ ажил явдлын үеэр надад хэлж байсан, би ер нь аавтайгаа илэн далангүй байдаг, бид хоёр бие биеэсээ юм нуугаад байдаггүй
юм...” гэх мэдүүлэг /хх 35-36, 38 тал/,

Шинжээч Э.Баасанжавын: “...шинжилгээгээр ходоодны шингэнд 6,7 промилли спиртийн агууламж илэрсэн нь тухайн талийгаач нас барахаас өмнө 30-60 минутын өмнө спиртийн зүйл хэрэглэсэн гэдгийг нотолж байна. Шинжилгээгээр зөвхөн цусанд спиртийн агууламж илэрсэн тохиолдолд согтолтын зэргийг тогтоодог. Талийгаачийн хувьд нас барах үедээ хэрэглэсэн спиртийн зүйл нь цусанд шингэж амжаагүй байжээ. Амаар ууж хэрэглэсэн спиртийн зүйл нь ходоодонд ормогцоо тухайн хүний хэрэглэсэн хоол хүнсний зүйл, биеийн онцлог зэргээс шалтгаалан 30-40 минутын дараагаас ходоодны ханаар шимэгдэж эхэлдэг. Энэ хүртэлх хугацаанд ходоодны ханаар их, бага хэмжээгээр шимэгдэж эхэлдэг....” гэх мэдүүлэг /хх 65 тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ч.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ч.Г  “...хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзсэнд гомдолтой байна. ...Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...би хүүхдүүдийн хамт амьдардаг мөн ажил хөдөлмөр эрхэлдэг тул нийтэд тустай ажил хийх боломжгүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гарган ба прокурор “...Ч.Г  нь хүүхдүүдийн хамт амьдардаг тул торгох ял өгөх нь гэр бүлийн санхүүгийн асуудалд нөлөөлнө гэж үзсэн тул нийтэд тустай ажил хийлгэх ял өгөх санал гаргасан...” гэж маргаж оролцлоо.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ч.Г-н хувийн байдал, бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.Г  нь давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр “...24 цаг ажиллаж, 72 цаг амардаг. ...би хүүхдүүдийн хамт амьдарч байгаа, гэр бүлээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг...” гэж мэдүүлсэн тул нийтэд тустай ажил хийх ялыг ажил хөдөлмөр эрхлэхгүй байх бусад цаг хугацаанд хийх боломжтой, түүнд торгох ял оногдуулах нь гэр бүлийн санхүүгийн хэрэглээнд нөлөөлөх боломжтой байгааг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг багасгаж 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иймд, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ч.Г ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г ыг 520 /таван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г ыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Г ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.БОЛОРТУЯА

 

           ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

           ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ