Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/730

 

 

 

 

 

  2024           06             26                                       2024/ДШМ/730

 

 

Г.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Г.Ариунзул,

           шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч Л.Очбаяр,

           хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д өмгөөлөгч Ж.Нарантуяа, Д.Буянзаяа,

           нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

           Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ  даргалсан шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа, Д.Буянзаяа нарын гаргасан гомдлуудаар Г.Б холбогдох эрүүгийн 2205 03437 0221 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Б  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь заалт /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/-д, 18.2.7 дахь заалт /өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх/-д, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг /ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл/ нь аюулгүй ажиллагааны шаардлага ханган, ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгслээр тоноглоогүй/-д, мөн Монгол Улсын барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн БНбД 12-03-04-н 5.12 /машин механизм, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд нь хяналт шалгалтын байгууллагуудаас тавигдаж байгаа шаардлагыг хангасан нөхцөлд, тэдгээрийн ажилд гарахыг зөвшөөрнө/-д гэж тус тус заасан хууль, дүрэм, журмын шаардлагуудыг хангаж ажиллаагүй улмаас 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Д ** дүгээр гудамжны ** тоот хашааны хажуу талын шороог тэгшлэх ажил хийж байхдаа амь хохирогч Т.Л **** УБ улсын дугаартай машин механизм буюу экскаватороор ухрах үйлдэл хийх үедээ дайрч, түүний биед баруун талын 1, зүүн талын 4,5,6,7-р хавирганы хугарал, зүүн талын дал ясны бяцарсан хугарал, хоёр талын уушгины тархмал няцрал, зүүн уушгины дээд дэлбэнгийн урагдал, зүүн уушгины уналт, аарцгийн хэлбэр алдсан хугарал /мальгены хугарал/, ясны хугарал орчмын булчин зөөлөн эд дэх цус хуралт, зүүн дал, бүсэлхий нуруу, зүүн өвдөг, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хүнд хохирол учруулсны улмаас амь хохирогч Т.Л нь 20** оны ** дугаар сарын **-ны өдөр цээж, аарцгийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокуророос: Г.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                   Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ийг 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын төвийн буюу Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрүүдээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Б  нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний хариуцагч Г.О нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

                   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй, нэг талыг барьж шийдвэрээ гаргасан байна. Хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Шүүх дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Тухайлбал, анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Б ийг захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв гэсэн атлаа тогтоох хэсэгт шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутайд тооцсугай гэж шийтгэх тогтоолдоо илтэд зөрүүтэй дурдсан нь эргэлзээ төрүүлэхүйц, ойлгомжгүй бичигдсэн байна.

                   Түүнчлэн шүүх хуралдаанд талуудаас гаргасан дүгнэлт, санал болох шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал дүгнэлтийг хүлээж аваагүй, үгүйсгэсэн талаараа шийтгэх тогтоолд дурдаагүй бөгөөд анхан шатны шүүх “бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний хариуцагч Г.О нэхэмжлэх эрхтэй” гэж үзэн шийдвэрээ гаргасан нь үндэслэл муутай байна. Шүүх хуралдаанд талуудаас иргэний хариуцагчаар татагдсан Г.О оролцуулахаар хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдааны үед иргэний хариуцагч Г.О шүүхэд ирсэн /хурлын дараа шүүхэд хүрэлцэн ирчихсэн байгааг амь хохирогчийн ээж нь мэдэж хохирлын талаар уулзсан/ байхад нь шүүх оролцуулахгүйгээр шийдвэрлэсэнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д зүгээс ихээхэн гомдолтой байгааг дурдах нь зүйтэй байна.

                   Шүүх хуралдаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс сэтгэл санааны хохирол 75.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.Б ийн зүгээс төлөхөө илэрхийлсэн байхад шүүх “...хохирлыг шүүгдэгчийн зүгээс бүрэн төлж барагдуулсан тул үүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна..." гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хохирогчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзнэ. Эрүүгийн 2205034370221 дугаартай бусдын амь нас хохирсон хэрэгт Г.Б , Г.Одхүү нарыг холбогдуулан шалгаж, улмаар зөвхөн Г.Б эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх нотлох баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгч Л.Б гэх хэрэгт ямар ч хамааралгүй хүнийг шийтгэх тогтоолдоо улсын яллагчийн санал дүгнэлт хэмээн шийтгэх тогтоолдоо дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

                   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Буянзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Б ийн хувьд хохирол төлбөрөө барагдуулж, гэм буруугаа хүлээж уг шүүх хуралдаанд орсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д хувьд төрсөн хүүгийнхээ амь нас, эрүүл мэндийг үнэлэх боломжгүй гэх үүднээс оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирлыг гаргуулахаар нийтдээ 75.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Г.Б ийн болгоомжгүй хайхрамжгүй үйлдэл байх нь хавтаст хэргийн материалаас тодорхой нотлогддог, гэм буруугаа хүлээж хохирлоо төлж барагдуулна гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлсээр байхад шүүгч нь 50.000.000 төгрөгийг хангахгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн хангахгүй орхиж шийдвэрлэхдээ зорчих эрх хязгаарлах ялыг “...Улаанбаатар хотын төвийн буюу Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингилтэй, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх...” гэж оноосон нь чөлөөтэй ажил хийж амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хөнгөрүүлсэн байна. Тухайн амьдрах дүүргээр хязгаарлаж өгөх нь гэм буруугаа ухамсарлах, цаашид дахин гэмт хэрэг үйлдэх боломжгүй нөхцөлийг бий болгох тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс нутаг дэвсгэрийн хязгаарлалтыг хэт өргөн тавьж өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

                   Захиалагч болох Г.О яллагдагчаар татуулах саналыг өмгөөлөгчдийн зүгээс гаргадаг. Учир нь, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангаагүй эс үйлдэхүйн улмаас бусдын амь нас хохирсон буруутай үйлдэл байгаа нь бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Г.О нь ял завшиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Гэтэл Г.О шүүхийн дуудсан цагт ирээгүй, шүүх хуралдаанд ч оролцоогүйгээр шүүх хурал дууссан. Гэмт хэрэг үйлдэгдэх үед ч хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийг үл хүндэтгэж байсан бөгөөд шүүх хурал явагдаж байхад ч хүний амь нас хохирсон асуудалд анхаарал хандуулаагүй. Өөрөөр хэлбэл, Г.О нь ял, хариуцлагаас чөлөөлөгдөх ёсгүй юм.

                   “...20** оны ** дугаар сарын **-ны өдөр би өөрийн эзэмшлийн хашааны шороог янзлуулах гээд өглөө ** цаг ** минутад экскаватор хөлсөлсөн. Тухайн экскаватор ирээд шууд ажилдаа орж миний хашааны шороог янзалж эхэлсэн, ингээд байж байтал тухайн Экскаваторын жолооч намайг ундаа аваад ир гээд би дэлгүүр орох гээд явсан...” гэж мэдүүлснээс үзэхэд ажлын бэлтгэл үе шат стандартыг хангуулаагүй байдаг.

                   Эрүүгийн 2205034370221 дугаартай хэргийн материалд тусгай мэдлэгийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчигдсөн эсэхийг тогтоохоор дахин шинжилгээ хийсэн тухай 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 23/09 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...2.2. Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.4.2-т “хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн”, мөн хуулийн 4.1.1-д “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа... Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн...”-ийг гэж тодорхойлсон байдаг. Захиалагч Г.О нь тус хуулийн үйлчлэлийн хүрээнд ажил олгогч субъект болох бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар иргэд хоорондын гэрээг Г.Б той байгуулж, хөдөлмөрийн харилцаа үүсэх нөхцөл нь бүрдсэн...” гэж тусгасан байгаагаас үзэхэд Г.Одхүүгийн буруутай үйлдэл байгаа тул Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/189 тоот 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Г.Б ийн зорчих эрх хязгаарлах ялын нутаг дэвсгэрийг багасгаж, хохирлыг хамтатган шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

           Шүүгдэгч Г.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ... Анхан шатны шүүх хуралдаанаас хойш бага багаар төлсөөр нийт 1.490.000 төгрөг төлсөн. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б ийн өмгөөлөгч Л.Очбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт Л.Б гэдэг нэр бичсэн нь техникийн шинжтэй алдаа бөгөөд залруулж болох тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг оршин байгаа газраар хязгаарлаж өгөөч гэж байна. Анхан шатны шүүхэд талуудын зүгээс энэ талаар маргаагүй. Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж байгаа нөхцөл байдал, цаашид талийгаачийн эхэд туслахаа илэрхийлсэн зэргийг харгалзан ажил хийх боломжоор хангаж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй. Учир нь, хэрэгт шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрийг хэрхэн төлсөн талаар баримтуудыг хүснэгтээр өгч, барилгын болон бусад ажил хийж өөрийн өдрийн, 7 хоногийн орлогын 90 орчим хувийг шилжүүлж, цаашид хохирол төлөхөө илэрхийлсээр ирсэн. Талуудын хэн аль нь маргаагүй, зөвшөөрсөн учраас шүүх тэдгээрийн тайлбарт үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш ажил хөдөлмөр эрхлэн нийт 1.490.000 төгрөг төлсөн нь үүний илэрхийлэл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд шүүхээс тогтоосон чиглэлд зорчих талаар заасан ба шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Түүнчлэн, иргэний хариуцагч Х.О шүүх хуралдаанд оролцуулаагүй талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар ярьж байна. Түүнийг яагаад яллагдагчаар татаагүй талаар улсын яллагч тайлбарлана байх. Газрын эзэн буюу Х.О оролцуулахаар шүүх хуралдаан хоёр удаа хойшилсон. Шүүх хуралдаанд шүүгч хохирогч, шүүгдэгч нараас “хохирол төлбөрийн хүрээнд О оролцуулах гэж байна уу, заавал оролцуулах шаардлага байгаа юу” гэсэн асуулт асуухад оролцогчдын хэн аль нь түүнийг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан. Энэ асуудал анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх. Гэм буруугийн хуралдаан завсарлаж, эрүүгийн хариуцлага оногдуулах хурал завсарласны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний хариуцагчтай шүүх хуралдааны танхимд тааралдсан гээд дээрх асуудлыг ярьдаг. Тийм учраас анхан шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагчийг оролцуулаагүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Анхан шатны шүүхээс сэтгэл санааны хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч холбогдох баримтаа бүрдүүлж иргэний хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан нь үндэслэлтэй болсон. Учир нь, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасан. Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үзэл баримтлал яригдах боломжтой. Хохирол төлбөр, нэхэмжлэлтэй холбоотой тодорхой тайлбар өгөөгүй тохиолдолд хүлээн зөвшөөрсөнд тооцно гэсэн агуулга иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бий. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч анхнаасаа 75.000.000 төгрөг нэхэмжилж байгаа талаараа тогтвортой мэдүүлж ирсэн. Иргэний хариуцагч Х.О хэргийн материалтай танилцаад санал, хүсэлт гаргаагүй нь хохирол төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэсэн агуулгыг илэрхийлж байна гэж үзэж байна. Иргэний хариуцагч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахгүй шүүх хуралдаанаас зайлсхийсэн нөхцөл байдалд анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний хариуцагчаас сэтгэл санааны хохирлыг гаргуулахаар тодотгож шийдвэрлэсэн нь гэм буруугийн болон эд хөрөнгийн хариуцлагын хэмжээнд тохирох төлбөрийг ногдуулж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хэрэв хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл зорчих эрхийг хязгаарлах ялыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж өгнө үү. Шүүгдэгч нь эхнэр, хүүхэдтэйгээ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа. ...” гэв.

           Прокурор Г.Ариунзул давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Иргэний хариуцагчийг яллагдагчаар татаж Г.Б той хамт шалгах ёстой байсан гэж байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.О талаар шалгах ажиллагаа явуулсан боловч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн шинжгүй байсан тул яллагдагчаар татаагүй, иргэний хариуцагчаар татсан. Шүүгдэгч Г.Б оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 дүүргээр тогтоосон нь үндэслэлгүй талаар дурдсан байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Онон Баянгол дүүргээр хязгаарлах санал гаргасан байсан. Оролцогч нарын хэн аль нь хязгаарлах бүсийн талаар маргаагүй, талийгаачийн эхийг цаашид харж хандах, шүүгдэгчийн хийж байгаа ажлын онцлогтой холбогдуулан шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Учир нь, шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирол төлбөр төлсөөр байгаа гэдэг нь харагдаж байна. 75.000.000 төгрөг нэхэмжилсний 26.000.000 төгрөг нь оршуулгын зардал, үлдэгдэл нь сэтгэл санааны хохирол гэх бөгөөд шүүх баримтаар тогтоогдсон хохирлыг гаргуулж, тогтоогдоогүй сэтгэл санааны хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн гэж үзээд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Г.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Шийтгэх тогтоолын 11 дэх талд Л.Б гэж бичсэн, 18 дахь талд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гээд андуурч бичсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэж залруулах боломжтой гэж харж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан хохирогч Д.Д өмгөөлөгч Ж.Нарантуяа, Д.Буянзаяа нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд, тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Б  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь заалт /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/-д, 18.2.7 дахь заалт /өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх/-д, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг /ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл/ нь аюулгүй ажиллагааны шаардлага ханган, ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгслээр тоноглоогүй/-д, мөн Монгол Улсын барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн БНбД 12-03-04-н 5.12/ машин механизм, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд нь хяналт шалгалтын байгууллагуудаас тавигдаж байгаа шаардлагыг хангасан нөхцөлд, тэдгээрийн ажилд гарахыг зөвшөөрнө/-д гэж тус тус заасан хууль, дүрэм, журмын шаардлагуудыг хангаж ажиллаагүй улмаас 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Д ** дүгээр гудамжны ** тоот хашааны хажуу талын шороог тэгшлэх ажил хийж байхдаа амь хохирогч Т.Л **** УБ улсын дугаартай машин механизм буюу экскаватороор ухрах үйлдэл хийх үедээ дайрч, түүний биед баруун талын 1, зүүн талын 4,5,6,7-р хавирганы хугарал, зүүн талын дал ясны бяцарсан хугарал, хоёр талын уушгины тархмал няцрал, зүүн уушгины дээд дэлбэнгийн урагдал, зүүн уушгины уналт, аарцгийн хэлбэр алдсан хугарал /мальгены хугарал/, ясны хугарал орчмын булчин зөөлөн эд дэх цус хуралт, зүүн дал, бүсэлхий нуруу, зүүн өвдөг, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хүнд хохирол учруулж, улмаар амь хохирогч Т.Л нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цээж, аарцгийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь:

20** оны ** дугаар сарын **-ны өдөр гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-8/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 13-16/, амь хохирогчийн өвчний түүхийн хуулбар /1хх 81/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2799 тоот шинжээчийн дүгнэлт /1хх 66-73/, 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 3612 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 108-125/, 05-40 УБ улсын дугаартай Volvo.EW145B тээврийн хэрэгслийн 03100710 дугаартай гэрчилгээний хуулбар /1хх 126/, 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр хэргийн материалд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх 128-131/,  

хохирогч Т.Б: “...миний утас руу олон удаа хөрш айлын Б эгч залгасан байсан. Дүүгийн хамт машиндаа суугаад Б эгч рүү залгатал "Л экскаваторт дайруулсан байна" гэж хэлсэн. Ингээд дүү О хамт Д **-р гудамжинд очиход талийгаач ах Л тэгшилж байсан газар дээр экскаваторын баруун талын дугуйны хажууд дээшээ хараад хэвтэж байсан. Би очоод ахаасаа "яав, юу болов" гэтэл ахынх нь дээгүүр 4 гарсан шүү гэж хэлээд байсан. Б /хөрш/
экскаваторын жолооч Б /цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн/ нар надад
хандан дугуйн доороос нь татаж гаргаж ирсэн гэж хэлж байсан. Түргэн тусламж ирэх
хооронд газраа тэгшлүүлж байсан О хандан та нар аюулгүй байдлаа хангаад хашаа татахад яадаг юм бэ? гэж хэлсэн чинь шал согтуу байсан бөгөөд би тийм юм мэдэхгүй, чадахгүй, миний газар, тийм юм байдаггүй юм, мэдэх ч үгүй гэж хэлээд хараагаад байсан. Түргэн тусламж ирээд талийгаач ах Л аваад хамт Гэмтэл согог судлалын үндэсний төв явсан. ...Ингээд цээжний хөндий болон уушгины хагалгаанд орсон. Сахиураар байнга хүн харж байсан. Ингээд эмчлэгдэж байгаад 20** оны ** дугаар сарын **-ны өдөр ** цагийн үед нас барсан. ..." /1хх 57-58/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д: “...Тухайн үед бол манай хүүхэд том машинаар хашаа янзалж байгаа хүмүүс дээр явж очоод та нар ингэж ажил хийж болохгүй ээ, та нар ажил хийж байгаа юм бол хашлага татаж байгаад хийх ёстой, та нарын юм хийж байгаа газраар чинь бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүс их явдаг
гэж хэлсэн боловч тухайн хүмүүс нь манай хүүхдийн хэлсэн үгийг тоохгүй байж
байгаад ийм асуудал үүссэн талаар нь би дараа нь мэдсэн. Би одоо тухайн О
гэх хүмүүс болон тухайн том машиныг барьж явж байсан Г.Б  гэх хүмүүст
их гомдолтой байна, манай хүүхдийн оршуулгын зардал гэх 23,916,334 төгрөг, мөн
манай хүүхэд болох амь хохирогч Л.Л нь тухайн үед ажил хийж байсан
бөгөөд тухайн ажил хийж байсан газрын захирал гэх хүнтэй гэрээний дагуу сар
ажиллаж байж цалингаа өгнө гэсний дагуу 975,000 төгрөг авах байсан боловч
тухайн үед манай хүүхдийг бүтэн сар ажиллаагүй гэсэн үндэслэлээр цалинг өгөөгүй, дээрээс нь сэтгэл санааны хохирол гэж 50,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөг нэхэмжилж байна. ..." /2хх 26-27/,

гэрч Ж.З: “...20** оны ** дугаар сарын **-ны өдөр ** цаг болж байхад манай гэрийн ойролцоо экскаватор нэг хашаанд байсан шороог ухаад байсан. Ингээд би нөхрийн хамт тухайн хүн дээр очиж шаардлага тавиад байж байтал манай нөхөр тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй гээд машин дээр гарчхаад буугаад өөрийнхөө машин дээр ирж утсаа авчхаад буцаад тухайн экскаватор дээр очтол тухайн жолооч шууд хөдлөөд манай нөхрийн дээгүүр дугуйгаараа дайрч гарсан. Хоёр аарцагны яс үүрч бяцарсан, баруун хавирга бүгд хугарсан, зүүн 2, 3-р хавирга хугарсан, уушгинд цус хуралт нэвчсэн байдалтай,
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээний тасагт ухаангүй байна. ...” /1хх  19-20/,

гэрч Ж.О: “...20** оны ** дугаар сарын **-ны өдөр гэртээ ирэхэд манай газрын хажуу талыг экскаватор ухаж байсан. Тэгээд бид гурав яагаад газар ухаж байгаа талаар асууж уулзахад тухайн экскаваторын жолоочтой маргалдаж, тухайн жолооч явах гэж байсан. Тэгээд манай хүүхэд уйлаад би хүүхдээ авчхаад хашаа руугаа орж байгаад
буцаад гараад ирэхэд тухайн экскаватор нэг залууг дайрч дээгүүр нь гарч байсан. ...”
/1хх 25-26/,

 

гэрч Г.О: “...Дэлгүүр орчхоод буцаад иртэл манай хашаанд хэд хэдэн хүн ирээд хэрүүл хийж байсан. Би юу болсон талаар асуух гээд очтол экскаваторын
хажууд нэг хүн ухаантай хэвтэж байсан, тэгээд тэнд байсан хүмүүс экскаваторын
жолооч тэр хүнийг дайрчихлаа гээд хэрэлдэж байсан. Би тухайн хүмүүстэй юу болж
байгаа талаар маргалдаж байтал тухайн хүний бие гэнэт муудаж эхэлсэн. Тэгээд
эмнэлгийн ажилчид тухайн хүнийг авч яваад цагдаагийн алба хаагчид ирсэн...” /1хх 28/,

 

гэрч Т.О: “...Ингээд би машинаа унаад эгчийг аваад дээш гудамжаар өгсөөд очтол Давааны **-р гудамжны ** тоот хашааны харалдаа газар тэгшилж ухаж байсан экскаватор унтраастай, баруун талын дугуйных нь орчимд Л ах дээшээ хараад
хэвтсэн байсан. Толгой доор нь юм дэрлүүлсэн байсан. Хажууд нь З,
хөрш Б, ковшийн жолооч, газар ухуулж байсан залуу, баруун талын айлын
эгч О нар байсан. Намайг очиход 102, 103 дуудсан байсан бөгөөд удалгүй 103
ирээд аваад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан. Л хавирганууд хугарч уушгинд орсноос болоод уушги урагдсан, аарцаг яс бяцарсан, цээжний хөндийн яс цөмрөлттэй гэсэн...” /1хх 30-31 /,

 

гэрч Б.Б: “...Би яваад очтол З "алаад хаячихлаа шүү дээ, дайрчихлаа" гээд орилоод дэвхцээд байсан. Тэгээд надад 4 дугуйгаараа дээгүүр нь гарчихлаа шүү дээ гээд байсан. Ингээд би хажуугаар нь гараад яваад очтол экскаваторын баруун дугуйны хажууд хөл нь өвдгөөрөө нугалраад газар хэвтэж байсан. Экскаватор унтраалттай байсан. Хараад айсандаа хойш ухраад яачихваа гээд асуутал Л надад хандан миний дээгүүр 2 гарчихлаа гэж хэлсэн. Жолооч нь хаана байна гэтэл машины
цаанаас нэг залуу би байна гээд гараад ирсэн. Би тэр залууд хандан чи яагаад хүн
дайрчихваа гэтэл "мэдэхгүй ээ эгчээ, би толиндоо хараагүй, нэг харсан чинь машинд
дайруулчихсан байсан" гэж хэлсэн. Хашааны эзэн хаана байна гээд асуутал тэр үед
байгаагүй. Тэр үед З хүрч ирээд та байж байгаарай, би явчхаад ирье
гэсэн. Тэр хооронд би экскаваторын жолоочоос цагдаа, түргэн дуудсан уу гэж асуутал дуудсан гэж хэлсэн. Ингээд би гар утсаа аваад Б рүү удаа дараа залгасан. Эхлээд утсаа авахгүй байсан бөгөөд эргэж залгахаар нь хэлсэн. Төд удалгүй Л дүү нар болон газрын эзэн ирсэн. Газрын эзэн залуу хөөгөөд байхаар нь хэрэлдээд зогсож байтал О гэх хөршийн эмэгтэй гарч ирсэн. Ингээд удалгүй эмнэлгийн машин ирээд Л-г аваад явсан. Эмнэлгийн машин ирэхээс өмнө ар гэрийнхэн нь Л яав аа гэж асуухад 4 дугуйгаараа дайрчихлаа гэж хэлсэн...” /1хх 33-34/,

 

шинжээч эмч Д.Баасандоржийн: “...Г.Б  нь эрсдэлтэй ажил, үүрэг гүйцэтгэхийн өмнө хүний эрүүл мэнд амь насанд учруулж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6, 9 дүгээр зүйлийн 9.1.1-т заасны дагуу осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах хаалт, хашлага, тусгаарлах зурвас татаж байж ажил
үйлчилгээ явуулах ёстой байсан. Мөн газрын эзэн О, гүйцэтгэгч Б нар
аюул эрсдэлийг харилцан тохиролцох ёстой боловч Г.Б  ажлын талбайд
ажил гүйцэтгэгч механик операторын хувьд эрсдэлийг бүрэн хариуцах үүрэгтэй.
Иймээс газрын эзэн О буруутай зүйл байхгүй юм. Машин механизм, тоног
төхөөрөмжийг бусдад шилжүүлэх, ашиглуулахдаа бичгээр гэрээ болон бусад баримт
үйлдэх ёстой байдаг ба үүнд техникийн бүрэн бүтэн байдал, бусдад хүрээлэн буй
орчинд хохирол учруулах аливаа хариуцлагыг тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа
механик оператор бүрэн хариуцахаар байна. Иймд механизмын эзэн О буруугүй юм. Өөрөөр хэлбэл, Г.Б  өөрөө ажил гүйцэтгэж ашиг олохоор ажиллаж байсан гэж үзэж болно...” /1хх 134-136/
гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Б ийг Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу механизмын оператор, экскаваторчин Г.Б ийн хувьд, Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр Д ** тоот хаягт хийж байсан газар шорооны ажил нь үйлдвэрлэлийн талбай, орчин мөн байна. Иргэн Г.О захиалгаар  Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр Д ** тоот хаягт газар шорооны ажил үүрэг гүйцэтгэгч Г.Б ийн хувьд газар шороон ажил, ажлын байр, үйлдвэрлэлийн талбай, орчин мөн байна. Амь хохирогч Т.Л нь иргэн Г.О болон газар шорооны ажил үүрэг гүйцэтгэгч Г.Б той аливаа хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байх тул хөдөлмөрийн харилцааны зохигч тал болохгүй. Г.Б ийн хувьд Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр Д ** хийж байсан газар шорооны ажил нь үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл бүхий үйлдвэрлэлийн талбай, ажлын байр болох бөгөөд ажил үүрэг гүйцэтгэхдээ хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах эрсдэлийг урьдчилан тооцоолоогүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас бусдын амь насыг хохироосон үйлдэл байна гэж үзээд шүүгдэгч Г.Б ийг захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гаргасан “...анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...дүгнэв гэсэн атлаа тогтоох хэсэгт шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутайд тооцсугай гэж шийтгэх тогтоолдоо илтэд зөрүүтэй дурдсан...”, ...анхан шатны шүүх нотлох баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгч Л.Б гэх хэрэгт ямар ч хамааралгүй хүнийг шийтгэх тогтоолдоо улсын яллагчийн санал дүгнэлт хэмээн шийтгэх тогтоолдоо дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн гомдлуудын тухайд анхан шатны шүүхийн дээрх алдаа зөрчлийг гаргасан боловч тухайн зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй бөгөөд анхан шатны шүүх цаашид анхаарч ажиллахыг тэмдэглэж байна.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-ийн өмгөөлөгч Ж.Нарантуяагийн “...иргэний хариуцагч Г.О шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн...” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д өмгөөлөгч Д.Буянзаяагийн гаргасан “...Захиалагч болох Г.О яллагдагчаар татуулах саналыг өмгөөлөгчдийн зүгээс гаргадаг. ...Өөрөөр хэлбэл, Г.О нь ял, хариуцлагаас чөлөөлөгдөх ёсгүй юм. ...Г.О буруутай үйлдэл байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Г.О эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү. ...” гэсэн тус тус гомдлын тухайд:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 01-23/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 128-131/, шинжээч Д.Баасандоржийн “...Г.Б  нь эрсдэлтэй ажил, үүрэг гүйцэтгэхийн өмнө хүний эрүүл мэнд амь насанд учруулж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6, 9 дүгээр зүйлийн 9.1.1-т заасны дагуу осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах хаалт, хашлага, тусгаарлах зурвас татаж байж ажил үйлчилгээ явуулах ёстой байсан. Мөн газрын эзэн О, гүйцэтгэгч Б нар аюул эрсдэлийг харилцан тохиролцох ёстой боловч Г.Б  ажлын талбайд ажил гүйцэтгэгч механик операторын хувьд эрсдэлийг бүрэн хариуцах үүрэгтэй. Иймээс газрын эзэн О буруутай зүйл байхгүй юм. Машин механизм, тоног төхөөрөмжийг бусдад шилжүүлэх, ашиглуулахдаа бичгээр гэрээ болон бусад баримт үйлдэх ёстой байдаг ба үүнд техникийн бүрэн бүтэн байдал, бусдад хүрээлэн буй орчинд хохирол учруулах аливаа хариуцлагыг тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа механик оператор бүрэн хариуцахаар байна. Иймд механизмын эзэн О буруугүй юм. Өөрөөр хэлбэл, Г.Б  өөрөө ажил гүйцэтгэж ашиг олохоор ажиллаж байсан гэж үзэж болно...” /1хх 133-136/ гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаас үзэхэд Г.О эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гаргасан “...шүүх хуралдаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс сэтгэл санааны хохирол 75.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.Б ийн зүгээс төлөхөө илэрхийлсэн байхад шүүх “хохирлыг шүүгдэгчийн зүгээс бүрэн төлж барагдуулсан тул үүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж дүгнэж шийдвэрлэсэн...” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д өмгөөлөгч Д.Буянзаяагийн “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 75.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байхад шүүгч нь 50.000.000 төгрөгийг хангахгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм...” гэсэн тус тус гомдлын тухайд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт 21,730,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгчийн зүгээс бүрэн төлж барагдуулсан тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс сэтгэл санааны хохирол 75,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч Шүүхийн шинжилгээний тухай хууль 20** оны ** дугаар сарын **-ны өдөр батлагдаж 20** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Дээрх хэрэг нь уг хууль дагаж, мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Харин уг хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон Г.О хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д өмгөөлөгч Д.Буянзаяагийн гаргасан “...зорчих эрх хязгаарлах ялыг “Улаанбаатар хотын төвийн буюу Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх” гэж оноосон нь чөлөөтэй ажил хийж амьдрах нөхцөлийг бүрдүүлж хөнгөрүүлсэн гэж үзэж байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс нутаг дэвсгэрийн хязгаарлалтыг өргөн хүрээгээр тогтоож өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Г.Б ийн зорчих эрх хязгаарлах ялын нутаг дэвсгэрийг багасгаж өгнө үү...” гэсэн гомдлын тухайд:

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Б ийг 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын төвийн буюу Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрүүдээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Учир нь, зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр, засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлах шинж чанартай байдаг тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д өмгөөлөгч Д.Буянзаяагийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж, Монгол хэлний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт "монгол хэлний хэм хэмжээ" гэж орчин цагийн утга зохиолын монгол хэлний найруулан бичих, зөв дуудах ёс, зүй тогтол, зөв бичих дүрмийг ойлгохоор...” тус тус хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зөв бичгийн дүрмийг баримтлаагүй, үг үсгийн алдаатай бичигдсэн бичвэрүүд нь дээрх хуулийн шаардлагуудыг тус тус хангаагүй байх тул үүнийг цаашид анхаарвал зохино.

 

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д 1.490.000 төгрөгийг төлсөн баримт гарган өгснийг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ийг 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын төвийн буюу Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрүүдээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ийг 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д өмгөөлөгч Д.Буянзаяагийн гаргасан давж заалдах гомдлын “зорчих эрх хязгаарлах ялын хүрээг багасгах” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Г.Б  нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 1.490.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ӨСӨХБАЯР

 

           ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

           ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ