2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/05016

 

 

 

 

 


2025 06 10 192/ШШ2025/05016

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 8 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** хороо, үйлдвэр гудамж, ***а байр, *** тоот хаягт оршин суух, Б овогт О-н А /рд:**************/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** хороо, өнөр хороолол******, * тоот хаягт оршин суух, М овогт Ц-н Ш /рд:*********/

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, * хороо, ** хороолол, Эрхүүгийн гудамж, * байр, ** тоот хаягт оршин суух, А овогт Б-н С /рд:**********/

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 187,500,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Б нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Ш-тай 2023.02.01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Ц.Ш нь Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу авсан Хан-Уул дүүргийн Богд хан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн аманд байрлах 0.23 га газрыг өөрийн хувьцаа эзэмшдэг ЕАС ХХК-ийн 100 хувийн хувьцаагаар дамжуулж, 700,000,000 төгрөгөөр тооцож О.А надад шилжүүлэх, О.А би хариу төлбөрт өөрийн эзэмшлийн 4 амины орон сууцыг нэг бүр нь 190,000,000 төгрөг нийт 760,000,000 төгрөгөөр тооцож Ц.Шаарийбууд тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тус гэрээний дагуу О.А орон сууцаа шилжүүлээд, компанийн хувьцаагаа авсан. Гэтэл Ц.Ш нь гэрээний үүргээ биелүүлээгүй, улмаар талуудын хооронд байгуулсан гэрээ биелэгдэх боломжгүй болсон тул талууд харилцан тохиролцож 2024.11.22-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйл заалтад заасан үүргийг Ц.Ш биелүүлээгүйн улмаас талууд харилцан тохиролцоод гэрээний 2.1.4-т заасны дагуу төлбөр барагдуулах гэрээг хийсэн. Энэхүү гэрээ цуцалсан, гэрээнээс татгалзсан тохиолдолд Ц.Ш шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн 1 бүр нь 250,000,000 төгрөгөөр тооцож О.А-д төлбөрийг төлнө гэж заасан байдаг. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу Ц.Ш нь О.А надад тус Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулмагц 100,000,000 төгрөгийг, компанийн хувьцаа худалдах, эрх шилжих гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 7 хоногийн дотор 20,000,000 төгрөгийг, 2024.12.31-ний өдрийн дотор үлдэгдэл 130,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон. О.А би Төлбөр барагдуулах гэрээ-ээр тохиролцсоны дагуу Ц.Ш-д ЕАС ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлж, Ц.Ш нь О.А надад 2024.11.22-ны өдөр 100,000,000 төгрөгийг төлсөн. Гэвч Төлбөр барагдуулах гэрээ-ний үлдэгдэл төлбөр болох 150,000,000 төгрөгийг Ц.Ш нь гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, улмаар удаа дараа төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Талууд Төлбөр барагдуулах гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.6-т зааснаар Төлбөр төлөгч нь Гэрээний 2.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, тогтоосон хугацаанаас 3 хоногоос илүү хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож төлнө. гэж харилцан тохиролцсон. Тодруулбал, О.А би 2024.11.23-ны өдөр компанийн хувьцааг буцаан шилжүүлэх үүргээ биелүүлсэн. Харин Ц.Ш нь гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл 150,000,000 төгрөгийг төлж барагдуулахгүй байгаа тул 2024.12.31-ний өдрөөс 2025.02.19-ний өдөр хүртэлх нийт 50 хоног, 1 хоногийн алданги 0.5 хувь буюу 750,000 төгрөг, нийт 37,500,000 төгрөгийг төлөх үүрэг үүсч байна. Мөн Төлбөр барагдуулах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1-т Гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор барьцаалж буй барьцаа хөрөнгө, түүгээр үүргийн биелэлт хангахтай холбоотой асуудлыг талууд Барьцааны гэрээ байгуулж зохицуулна. гэж заасныг үндэслэн 2024.11.23-ны өдөр О.А би Б.С-тэй Барьцааны гэрээ байгуулсан. Тус Барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү2206082026, Гэрчилгээний 001154643 дугаартай Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Жаргалантын ам /17091/1677/ **А тоот хаягт байрлах, 168,08 м.кв талбайтай, аялал жуулчлал, АОС зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байдаг. Иймд Ц.Ш-с Төлбөр барагдуулах гэрээ-ний үлдэгдэл төлбөрт 150,000,000 төгрөг, алданги 37,500,000 төгрөг нийт 187,500,000 төгрөгийг гаргуулж, Б.С-н барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Шаарийбуу нь 2023.02.01-нд О.А-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр *** ХХК-н Хан-Уул дүүрэг, Арцатын аманд байрлах 0.23 га газрыг 700,000,000 төгрөгөөр үнэлж, Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд байршсан 120 метр квадрат 4 ширхэг амины орон сууцыг тус бүрийн 175,000,000 төгрөгөөр тооцож худалдан авалт хийсэн. 4 амины орон сууцыг О.Ариунаад худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн. Өнөөдөр бол 3 амины орон сууцны гэрчилгээг шилжүүлж өгсөн. 4 амины орон сууцыг хүлээлгэж өгөх үүргийг биелүүлээгүй. 1 амины орон сууцны төлбөр аваагүй, болзол биелэгдээгүй байгаа гэж үзэж байна. Төлбөр барагдуулах хэлцэл хийгдэх болсон шалтгаан бол аль аль тал гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл учруулсан. Газар эзэмших эрхтэй холбоотой асуудал, төрийн байгууллагын шийдвэр гарахгүй удсан асуудлаас болоод 2024.11.22-ны өдөр хэлцэл хийгдсэн. Өмнө байгуулсан худалдан авах гэрээтэй уялдан, энэ гэрээнээс үүдэж хэлцэл хийгдэж байна. Энэ гэрээний дагуу 100,000,000 төгрөг өгсөн. 150,000,000 төгрөг өгөөгүй дээр маргах зүйл байхгүй. 2024.12.30-ны өдөр бид нар мөнгөө төлнө гэсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй дээр маргах зүйл байхгүй. Алданги яаж тооцоод үнийн дүнг багасгах дээр эргэлзээтэй байна. Б.Соёл-Эрдэнийн хувьд бол барьцааны гэрээний асуудал яригдана. Б.Соёл-Эрдэнэ өөрөө өмч хөрөнгөө барьцаалсан гэж хэлдэг. Б.Соёл-Эрдэнэ, О.А-н өмнө ямар нэгэн байдлаар үүрэг хүлээгээгүй. Үүргийн гүйцэтгэл ямар байдлаар хангана гэж О.А-тай гэрээ хийгдсэн сонирхолтой байна. О.А-тай хийгдсэн гэрээг харахаар үндсэн гэрээ гэдэг зүйл яригдаж байгаа, төлбөр барагдуулах хэлцлийн тухай яригдаагүй. Яг аль гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалсан, барьцаа бүртгүүлсэн тухай асуудал яригдана. Б.С-н хувьд барьцааны бүртгэл хийгдсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс энэ хөрөнгийг, энэ гэрээний, энэ үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалсан баримтыг өгөөгүй. Үндсэн гэрээ, анз, алданги гэдэг яригдаад явсан. Төлбөр барагдуулах хэлцлийн хувьд барьцаалсан эсэх нь тодорхойгүй байна. Төлбөр барагдуулах хэлцэл хийхдээ талууд өмнө байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 2.1.4 дэх заалтыг үндэслэн талууд гэрээнээс татгалзсан. Худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаад, дахиад төлбөр барагдуулах гэрээ хийчихсэн. Төлбөр барагдуулах хэлцэл дээр болзол тавьсан хэлцлийн дагуу Ц.Ш шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгийн тус бүрийн үнэ 250,000,000 төгрөгөөр тооцно. 150,000,000 төгрөг байсныг 250,000,000 төгрөгөөр тооцоод О.А төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ. Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдмагц гэж байгаа. Байгуулагдмагц 100,000,000 төгрөгийг төлнө гэхээр мөнгөө төлж байгаа юм. Худалдах, худалдан авах гэрээ улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 20,000,000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 130,000,000 төгрөг гэж байна. Бид нарын дунд болзлууд болсон. 150,000,000 төгрөг төлөх боломжтой, маргах зүйл байхгүй. Б.С-н барьцаа өмнөх худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа юм. Төлбөр барагдуулах хэлцлийн хувьд барьцаалсан гэж хэлдэг. Яг барьцааны гэрээ О.А-тай гэрээ хийж байгаа, Б.С-н барьцааны гэрээ төлбөр барагдуулах хэлцэл нь хэрэгт харагдахгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.11.22-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, Төлбөр барагдуулах гэрээг нотариатаар гэрчлүүлсэн тэмдэглэл, 2024.11.23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Хан-Уул дүүргийн ** хороо, Жаргалантын ам, 1677/11А тоот хаяг байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.02.01-ний өдрийн Худалдах-Худалдан авах гэрээ, О.А-н иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, 2024.11.23-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ, 2024.11.23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, тус өдрийн итгэмжлэл, *** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл,

4. Хариуцагчаас итгэмжлэл, хариуцагч тайлбар зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагаас 187,500,000 төгрөгийг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч О.А хариуцагч Ц.Ш-д холбогдуулан 187,500,000 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлийг талуудын хооронд байгуулсан 2024.11.22-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээгээр тохирсон 150,000,000 төгрөг, алдангид 37,500,000 төгрөг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч О.А хариуцагч Б.С-д холбогдуулан улсын бүртгэлийн Ү2206082026 дугаартай Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Жаргалантын ам /17091/1677/ 11А тоот хаягт байрлах, 168,08 м.кв талбайтай, аялал жуулчлал, *** зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Ц.Ш нэхэмжлэлийн шаардлагаас 150,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги 37,500,000 төгрөгөөс татгалзахдаа үндсэн гэрээ дээр алдангийн зохицуулалт байхгүй, хэзээнээс тооцсон нь тодорхойгүй гэжээ.

4. Хариуцагч Б.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул барьцаагаар хангах үндэслэлгүй гэжээ.

5. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1. Нэхэмжлэгч О.А болон хариуцагч Ц.Ш нар 2024.11.22-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, гэрээгээр талуудын 2023.02.01-ний өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгож байгаатай холбоотой Ц.Ш 150,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тохирчээ. /хэргийн 6-7 дугаар тал/

5.2. Нэхэмжлэгч О.А болон хариуцагч Б.С нар 2024.11.23-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр О.А болон Б.С нарын 2024.11.22-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний үүргийг хангахаар хариуцагч Б.Соёл-Эрдэнэ нар улсын бүртгэлийн Ү**************** бүртгэлийн дугаартай, гэрчилгээний 001154643 дугаартай Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Жаргалантын ам /17091/ 1677/11А тоот хаягт байрлах, 168,05 метр квадрат талбайтай, аялал жуулчлал, **** зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалахаар тохирчээ. /хэргийн 8-10 дугаар тал/

5.3. О.Ариунаа, А.Амартүвшин, Ц.Шаарийбуу болон Н.Ариунжаргал нар 2024.11.23-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, ***  ХХК-ийн нийт 100%-ийн хувьцааг Н.Ариунжаргалд шилжүүлэхээр тохирчээ. /хэргийн 39-47 дугаар тал/

5.4. Зохигчид Төлбөр барагдуулах гэрээ, Барьцааны гэрээ, Худалдах худалдах авах гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, Төлбөр барагдуулах гэрээний дагуу төлбөл зохих 150,000,000 төгрөгийг Ц.Шаарийбуу төлөөгүй гэх үйл баримтад маргаагүй.

6. Талуудын байр суурь, тогтоогдсон үйл баримтаас алданги тооцох үндэслэлтэй эсэх, барьцаагаар үүргийг хангах эсэх нь маргааны зүйл болжээ.

7. Л.А болон Ц.Ш нар 2024.11.22-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээгээр хүсэл зоригоо илэрхийлж, гол нөхцөлийг тохирсон, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж үзнэ.

Талууд өмнө байгуулсан гэрээг дуусгавар болгосонтой холбоотой үр дагаврыг шийдвэрлэж байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. гэж заасан үүргийн харилцаа, улмаар хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна. гэж заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги хэмээн тодорхойлж, уг анзыг гэрээнд заасан нөхцөлд шаардах эрхтэй байхаар заажээ. Талуудын байгуулсан гэрээний 2.6-д Төлбөр төлөгч нь гэрээний 2.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, тогтоосон хугацаанаас 3 хоногоос илүү хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувиар алданги тооцно гэж заасан нь хуулийн дээрх шаардлагыг хангаж байна.

Алдангийг 1 хоногийн 0,5% буюу 750,000 төгрөгийг 2024.12.31-ний өдрөөс 2025.02.19-ний өдөр хүртэлх 50 хоногт тооцож нийт 37,500,000 шаардсан нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийг 2025.03.13-ны өдөр гаргасан ба алдангийг уг хугацаа хүртэл тооцоогүй учир талуудын зарчмын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдав.

9. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ., 166 дугаар зүйлийн 166.1-д Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. гэж зааснаар О.А , эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг баталгаажуулсан улсын бүртгэгчийн хувийн дугаар бүхий тэмдэг Барьцааны гэрээнд дарагдаагүй тул ийнхүү бүртгэл хийгдсэн гэж үзэж, барьцааны зүйлээр үүргийг хангах үндэслэлгүй.

10. Иймд, хариуцагч Ц.Шаарийбуугаас 187,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.-А-д олгож, хариуцагч Б.С-д холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 166 дугаар зүйлийн 166.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Шаарийбуугаас 187,500,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч О.А-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хариуцагч Б.С-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,165,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ш-с 1,095,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН