Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 79

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1804000000073 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:                     

 Нарийн бичгийн дарга                              Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                Б.Оюунцэцэг

 Шүүгдэгч                                                  Э.Б- нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны.. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, монгол хэл бичиг мэднэ, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эцэг, эх, хүүхдийн хамт .. хороо, .. дугаар гудамж ..тоот хашаанд оршин суудаг, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 3 сарын хугацаагаар баривчлах, 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 3 жил 3 сарын хорих мөн шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 10 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Ш- овгийн Э-ын Б- /РД:СБ84072813/.

Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр:

Шүүгдэгч Э.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнийн 02 цаг 50 минутаас 03 цаг 10 минутын орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хороо “..-” баарны гадна талд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч С.Д-ын нүүрэн тус газар нь гараараа 2 удаа, модоор толгой болон ар нурууны хэсэгт тус тус 3 удаа цохисны улмаас С.Д-ын биед зулайд язарсан шарх, үүдэн шүдний ганхалт, зүүн чихний омог зулгаралт, ар нурууны зүүн доод хэсэгт цус хуралт гэмтлүүдийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 21 цагийн үед найз О-ын хамт МХ- бааранд орж 2 шил пиво уучихаад бүжиглэж байгаад баарнаас гарсан. Гадаа гараад тамхи татаад зогсож байтал 2 залуу ирээд бидний дунд маргаан үүссэн. Би халзан толгойтой хар савхин куртиктэй залуугийн нүүр рүү цохисон тэгтэл тэнд байсан хүмүүс салгаад холдуулсан. Тэгэхээр нь би баарны үүдний довжооноос 1 метр орчим урттай мод салгаж аваад нөгөө залуугийн толгой руу цохиод газар унахаар нь нуруунд нь 2 удаа модоор цохисон. Тэгээд О- намайг салгаад аваад явсан. Би тэндээс шууд гэртээ харьсан. Би тэр залуутай юунаас болж маргалдсан гэдгээ сайн санахгүй байна, согтуу хүмүүс нэг нэгнийхээ үгийг даахгүй маргалдсан байх. Мөн тэр залууг цохисон модийг хаана хаяснаа санахгүй байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Хохирогч С.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 8-ны оройн 20 цагийн үед “МХ-” нэртэй баар руу төрсөн өдрөө тэмдэглэхээр найзуудын хамт орсон. Тэгээд бааранд архи уугаад сууж байтал надтай хамт явсан О- танихгүй залуучуудтай муудалцаад байхаар нь салгахаар очсон. Гэтэл гэнэт толгой эргээд явчихсан, миний толгой руу хэн нэгэн цохьсон, би хэн цохисныг нь мэдээгүй. Тэнд байсан танихгүй залуучууд намайг зодсон байх, би их согтуу байсан болохоор юу болсныг сайн мэдээгүй. Миний толгойн оройн хэсэг хагарсан, зүүн талын чих шалбарсан, зүүн талын ард бөөрний орчим хөхөрсөн байна. Миний хувьд хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

             Гэрч С.О-ын мөрдөн байцаалтын шатанд: “...2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр МХ- нэртэй бааранд Б-той хамт архи ууж байгаад тамхи татах гээд бие засах өрөө рүү явсан. Бие засах өрөөнд намайг ороход халзан толгойтой хар савхин куртиктэй, ахимаг насны залуу надад шоронгийн тухай ярьж байснаа миний уруул хэсэг рүү цохьсон. Би тэр залуутай маргалдаж муудалцаагүй, гэтэл тэр залуу Б-той муудалцсан. Тэгээд Б- газраас авсан модны хугархайгаар тэр залууг зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

           Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд: “...2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр миний найз Д-ын төрсөн өдөр болсон юм. Тэгээд Д- бид хоёр уулзаад төрсөн өдрийг нь тэмдэглэе гээд МХ- баар руу орсон. Тэнд ороод 1 шил архи авч хувааж уусан. Тэгээд гадаа гараад тамхи татаад байж байхад намайг нэг залуу цохиод авсан. Тэгсэн чинь Д- намайг салгасан, тэгээд би баар руу ороод энд бүтэхгүй юм байна явцгаая гэж хамт явсан хүмүүстээ хэлээд гарч иртэл Д-ын толгой хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/

            Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 09шэ/167 дугаартай “...С.Д-ын биед зулайд язарсан шарх, үүдэн 32 болон 42 дугаар шүдний ганхалт, зүүн чихний омог зулгаралт, ар нурууны зүүн доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/

           Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...МХ- баарны гадна үүдний хэсгийг дотроос гадагш чиглэлтэй ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй харуулах камерт үзлэгийг явуулахад хяналтын камерын дээр бичигдсэн бичлэгийн цагаар 2018 оны 4 дүгээр сарын 09-ний 03 цаг 00 минутад баарнаас С.Д- цайвар өнгийн хувцастай эрэгтэйн хамт гарч ирэхэд Э.Б- өөдөөс нь ирж барьж байсан модоороо цайвар өнгийн хувцастай эрэгтэйн цээж рүү нэг удаа цохиж Д-ын толгой руу 2 удаа цохиод эргэж ирж Д-ын толгойн ар хэсэг рүү модоор нэг удаа цохиод, унахад нь нуруу руу нь 3 удаа цохиод хамт явсан О-ын хамт баарны үүд чиглэн явж байгааг хуулбарлан авч үзлэгийг дуусгав...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/

           Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хуудас/

Шүүгдэгч Э.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 25-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

 Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгүүдийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Шүүгдэгч Э.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнийн 02 цаг 50 минутаас 03 цаг 10 минутын орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хороо “МХ-” баарны гадна талд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч С.Д-ын нүүрэн тус газар нь гараараа 2 удаа, модоор толгой болон ар нурууны хэсэгт тус тус 3 удаа цохисны улмаас С.Д-ын биед зулайн дээд хэсэгт 10х3 см язарсан шарх, зүүн талын чихний омогний гадна дээд хэсэгт 3х2 см улаан ягаан өнгийн тав тогтсон зулгаралт, доод талын үүдэн 2 шүд ганхсан, ар нурууны зүүн талын бөөрний ойролцоо 15х4 см улаан өнгийн цус хуралт гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн “…би баарны үүдний довжооноос 1 метр орчим урттай мод салгаж аваад нөгөө залуугийн толгой руу цохиод газар унахаар нь нуруунд нь 2 удаа модоор цохисон. Согтуу байсан тул хэдэн удаа хаана нь  цохисон гэдгээ сайн санахгүй байна…” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…би их согтуу байсан болохоор юу болсныг сайн мэдээгүй. Миний толгойн оройн хэсэг хагарсан, зүүн талын чих шалбарсан, зүүн талын ард бөөрний орчим хөхөрсөн байна…” гэсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэгүүд, шинжээч эмчийн 09шэ/167 дугаартай дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг дээрхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч нь архидан согтуурсан үедээ хохирогчтой хувийн таарамжгүй харилцаа үүсч, улмаар хохирогчийн биед халдсан үйлдэлдээ санаатай ханджээ. Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал шүүгдэгч, хохирогч нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Б- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.

Иймд Э.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч С.Д- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь түүний өгсөн “…гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн мэдүүлэгээр тогтоогджээ.

Шүүх шүүгдэгч Э.Б-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг дээрхи хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Прокуророос яллагдагч С.Б-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан нь прокурорын бичгээр гаргасан санал, шүүгдэгч дээрхи ялыг хүлээн зөвшөөрсөн нь уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Б-ийг прокурорын санал, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр байна.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш- овгийн Э-ын Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш- овгийн Э-ын Б-ийг нэг мянган /1000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая /1.000.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 11-ны өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Э.Б-т мэдэгдсүгэй.
  4. Хохирогч С.Д- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Э.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                А.БЯМБАЖАВ